Цаг үе
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ. Нийт 12.800 урт метр хүчитгэсэн төмөрбетон гүүр, “Exit” 2 түвшний огтлолцол найман байршилд, долоон байршилд 369 урт метр туннел, долоон орц гарцтай байна. Өнөөдөр Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр “Туулын хурдны зам нь олон улсад хотыг хөндлөн холбосон express way, давхар замын ангилалд хамаарах 32 км урт, зургаан эгнээ зам болж баригдана. Уг төслийн кемпүүд байгуулах, түр зам барих, түгээмэл тархацтай орд газар, хөрөнгө оруулалт, техникийн нөхцөлүүд, зураг төслийг бэлтгэх, газар чөлөөлөх ажлуудыг жил гаруйн хугацаанд хийж, өнөөдөр Туулын хурдны замын барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд бэлэн боллоо. Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн төслүүдээс хамгийн том төсөл болох Туулын хурдны зам нь хотын төвдөө 13 орчим км урт гүүрэн байгууламжтай баригдана. Дөрөвдүгээр сарын 15-нд газар чөлөөлөлт дуусна. Инженерийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан. Туулын хурдны зам төслөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 30 хувиар бууруулна. 2027 оны долоодугаар сарын 10-ны өдөр зорчих хэсгийг нээх шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Инженер, техникийн ажилтнууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, техникийн нөхцөлүүдийг чанд мөрдөж ажиллахыг хүсье.
Туулын хурдны замын төсөлд Монгол Улсад үйлдвэрлэсэн төмөр бетон эдлэл, цемент ашиглана. Дотоодын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулна. Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг дуустал хөдөлгөөн зохион байгуулалтад соёлтой оролцохыг хотын иргэдээсээ хүсье. Энэхүү төсөлтэй уялдах нэг, хоёрдугаар тойрог зам төслийн бүтээн байгуулалтыг энэ жил эхлүүлнэ. Дулааны тавдугаар цахилгаан станцын газар чөлөөлөлт дууссан. Талбай чөлөөлөх ажил хийгдэж байна. Дөрөвдүгээр сарын 15-нд барилга угсралтын ажил жигдэрнэ. Улаанбаатар хот нийтийн тээвэрт анх удаа трамвай нэвтрүүлэхээр гүйцэтгэгч шалгаруулах тендерээ нээсэн. Улаанбаатар хотыг агаарын бохирдолгүй, авто замын түгжрэлгүй, эрчим хүч, дулаан хангамжийн дутагдалгүй хот болгохын төлөө бүх төсөл хөтөлбөрөө урагшлуулж, чармайн ажиллаж байна. Ийнхүү 2027-2028 онд эхнээсээ бүтээн байгуулалтууд ашиглалтад ороод явна” гэдгийг онцоллоо.

Туулын хурдны замыг барих ерөнхий гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарсан бөгөөд тус компани инженер, худалдаа, логистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам зэрэг олон салбарыг хамарсан олон улсын төрөлжсөн групп компани юм. Африк, Европ, Ази, Ойрх Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай. Олон улсын инженерийн салбарт төлөвлөлт, зураг төсөл, барилгын ажлын болон төслийн удирдлагын тэргүүлэх чадвартай. Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонгконгт дэд бүтцийн тэр дундаа хурдны зам барилгын томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай. Зөвхөн дэд бүтцийн салбарт гэхэд олон улсын хэмжээнд 1000 гаруй км төмөр зам, 1500 гаруй км авто замыг амжилттай барьж, ашиглалтад оруулжээ.

“ХаоЮань групп” ХХК-ийн зүгээс “Туулын хурдны замын бүтээн байгуулалтад аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, чанарыг эрхэмлэж, байгаль орчныг хамгаалах зарчмыг чанд мөрдөж, захиалагч болон иргэдийн хүсэн хүлээсэн чанартай бүтээн байгуулалтыг хүлээлгэн өгөх болно” гэдгээ илэрхийлсэн юм.

Туулын хурдны замыг барьснаар хотын төвийн авто замын ачааллыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, мөн орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой. Туулын хурдны зам төсөл нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 3, 4, 5, 6, 7, 8, 9, 11, 20 дугаар хороо, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 10, 11, 23, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарсан Улаанбаатар хотыг хөндлөн чиглэлд холбосон хот доторх анхны хурдны зам болох юм.







НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн үйл ажиллагааг танилцууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна. Энэ хүрээнд ГБХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлэг шинэ байрны нээлтээ албан ёсоор хийж, үйл ажиллагаагаа танилцуулах өдөрлөг зохион байгууллаа.

2024 онд үйлдвэрлэлийн ослын тоо өмнөх оноос 2 дахин, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол 43 хувиар өссөн. Эдийн засгийн идэвхжил нэмэгдэхийн хэрээр эрсдэлтэй ажлын байранд ажиллагсдын тоо 2035 он гэхэд 35 хувиар нэмэгдэх төлөвийг судлаачид гаргаад буй.
Улсын төсвийн хөрөнгөөр стандартын шаардлага хангасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 8 давхар, 4800 м² талбай бүхий шинэ барилгыг бариулж, 2025 оны 11 дүгээр сард ашиглалтад хүлээн авсан юм. Мөн 2025 онд мэргэжлээс шалтгаалсан өвчний оношилгоо, сэргээн засах эмчилгээ, хөдөлмөрийн нөхцөлийг судлахад нэн шаардлагатай 99 төрлийн 298 ширхэг багаж, тоног төхөөрөмжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авч, хүлээлгэн өгсөн.
Тус эмнэлэг хиймэл оюунаар тоноглогдсон уушги тоосжих өвчний оношилгоо хийх суурин болон дижитал рентген, шуугианы гаралтай сонсгол алдагдлыг оношлох аудиометр багаж, хэвийн бус нөхцөлд ажиллагчдад угаарын хий, хүнд металлын хордлогыг тодорхойлох шинжилгээ, хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, судалгааны багаж, төхөөрөмжийг ашиглаж эхлээд байна.

Барилга шинээр ашиглалтад орсноор тус төвд “Мэргэжлээс шалтгаалсан өвчний оношилгоо, хяналтын тасаг”, “Сэргээн засах, уламжлалт эмчилгээний тасаг”, “Хөдөлмөрийн эрүүл ахуйн лаборатори”, “Ажлын хувцас хамгаалах, хэрэгслийн сорилт туршилтын лаборатори” зэрэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд нэн шаардлагатай мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх тасаг, нэгжүүдийг шинээр байгуулж, үйлчилгээ үзүүлж эхлээд байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд төвийн барилга, тоног төхөөрөмжийн чадавхыг бэхжүүлэх цогц арга хэмжээний үр дүнд иргэд, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн урьдчилан сэргийлэлт болон хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, үйлчилгээний чанарт бодиттой ахиц гарчээ.
Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улсын Засгийн газрын 2025–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний тогтолцоог бэхжүүлэх зорилтын бодит хэрэгжилт юм.
Цаг үе
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр энэ сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд нутгийн баруун хэсгээр дунджаас бага, зүүн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох байх төлөвтэй байна.
Цаг агаарын муудах үеүүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар эрс сэрүүсэж, дуу цахилгаантай аадар бороо орох магадлал өндөр байна. Иймд мал бэлчээрлүүлэх, үрсэлгээ хамгаалах болон хол замд гарахдаа анхаарал болгоомжтой байж, богино хугацааны нарийвчилсан урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.

Хоёрдугаар арав хоног буюу наадмын баярын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төвөлтөй байгаа хэдий ч нутгийн зүүн хэсгээр зарих хугацаанд сэрүүн, хур тунадас ахиу орон магадлалтай байгаа бол гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох магадлал нэмэгдэх тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Баянхонгорын нутаг, Завхан, Говь–Алтайн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүл үеэр олон жилийн дунджаас бага буюу сэрүүн байх бол нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Хур тунадас хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд нутгийн зарим хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхний хоногуудад харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэс эхлэн сэрүүсэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°C-аар бага буюу сэрүүн байх бол хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас их буюу дулаан байхаар байна. Хур тунадас хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх хугацаанд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага буюу сэрүүн, хур тунадасны хувьд Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд сэрүүн, ялангуяа эхэн үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3–5°C–аар бага байхаар байна. Цашлаад хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеэр олон жилийн дунджаас бага буюу сэрүүн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх нөхцөл бүрдэж болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас их буюу дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр олон жилийн дунджаас бага буюу сэрүүн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас их буюу дулаан байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх магадлалтай байна.

Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар халж, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.
2026 оны зургаадугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 хэм дулаан байна.
2026 оны долоодугаар сарын 01-нээс
2026 оны долоодугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Долоодугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 02-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 04-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 35-40 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна
-
Цаг үе2024/09/05
ЭХЭМҮТ-ийн авто замыг хааж, шинэчилнэ
-
Үзэл бодол2019/10/21
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль хүн бүхэнд хамаатай
-
Улстөр нийгэм2022/07/22
ШӨХТГ: Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буухад манайд буух ёстой гэдэг байр с...
-
Цаг үе2021/07/05
Өнөөдөр 65-аас дээш насны иргэдэд Спутник V вакцины давтан тун хийж эхэлнэ
