Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Шинэ коронавирус (COVID-19)-т халдвартай холбоотой олон улсын нөхцөл байдал

Огноо:

,

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

Дэлхийн хэмжээнд 35 лаборатори шинэ төрлийн коронавирусний эсрэг вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа ч уг ажилд хамгийн багадаа 1 жилийн хугацаа шаардлагатай хэмээн ДЭМБ үзэж байна. Тухайлбал, ОХУ вакцины клиник туршилтаа 5-6 сарын дараа эхлүүлэх бол Австри Улс сүрьеэгийн эсрэг вакциныг “Covid-19”-ийн үед ашиглахаар туршиж байна. Өнөөгийн байдлаар улс орнуудад “Covid-19” вирусний эсрэг 39 төрлийн вакцин, 65 төрлийн эм туршиж байна.

Шинэ төрлийн коронавирусний үед илрэх шинж тэмдгүүдийн нэг нь нүд үрэвсэж улайх, загатнах, нулимс гарах зэрэг болохыг тогтоосон байна. Үүнээс өмнө тус вирус нүдээр дамжиж халдварлах боломжтой хэмээн эмч мэргэжилтнүүд анхааруулж байсан юм. Түүнчлэн АНУ-ын “Covid-19” өвчинтэй тэмцэх багийг тэргүүлж буй мэргэжилтэн Э.Фаучи шинэ төрлийн коронавирус нь улирлын чанартай байх магадлал өндөр байна. Учир нь өвлийн улирал эхэлж буй Өмнөд Африкт уг вирус дэгдэх хандлагатай байгаа нь үүний илрэл гэжээ.

Олон улсын валютын сан “Covid-19”-ийг 2008 оны олон улсын эдийн засгийн хямралаас дутахгүй хохирол учруулна гэж тооцжээ. Тус санд 80 улс санхүүгийн яаралтай тусламж авахаар хандаад байна. Харин Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага үүнээс илүү муу таамаг дэвшүүлж байна. НҮБ-ын шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд 2 хувиас хэтрэхгүй бөгөөд өвчин дэлхийн эдийн засагт 1 их наяд ам.долларын хохирол учруулна гэж үзжээ.

“Их-7”-н удирдагчид цахим хурал хийж “Covid-19” өвчинтэй хамтран тэмцэхээр санал нэгдэв. Талууд халдварт өвчний талаарх мэдээллээ солилцож нэгдсэн судалгаа хийхээр тохиролцсон бол эдийн засгийн хохирлыг бууруулах хамтарсан арга хэмжээ авахаар болов. Энэ хүрээнд гишүүн орны Эрүүл мэнд болон Сангийн сайд нарын дунд 7 хоног тутам цахим хурлаар мэдээлэл солилцож байхаар боллоо. Түүнчлэн Токиогийн зуны олимпын наадмыг хойшлуулах шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Цахим орчинд хувь хүний мэдээлэл хулгайлах, хуурамч хандивын аян өрнүүлэх, хуурамч эм, бэлдмэл зарна гэсэн мэдээ тарааж олон нийтийг эмх замбараагүй байдалд турхирах зэрэг гэмт үйлдэл олширч байна. Үүнтэй тэмцэх зорилгоор 40 гаруй улсын цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүд нэгдэж “Covid-19 CTI League” гэх цахим аюулгүй байдлын баг бүрдүүлжээ. Тэд 4 үндсэн зорилт дэвшүүлж, эхний ээлжинд улс орнуудын эрүүл мэндийн байгууллага руу чиглэсэн цахим халдлагатай тэмцэх аж. Түүнчлэн харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах юм байна.

АНУ-ын Засаг захиргаанаас эдийн засгийн савлагааг тогтворжуулахад чиглэсэн 2 их наяд ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд жижиг, дунд болон том аж ахуйн нэгжүүдэд зээл олгох, орлогын албан татварыг бууруулах, шалгуур хангасан хүмүүст 1200 ам.долларын чек олгох зэрэг асуудал багтжээ. Тодруулбал, жилд 75 мянга хүртэлх ам.долларын орлоготой иргэдэд 1200 ам.доллар, 75-99 мянган ам.долларын цалинтай иргэдэд үүнээс багыг, харин 99 мянган ам.доллараас дээш цалинтайд тэтгэмж олгохгүй аж. Түүнчлэн 850 тэрбум ам.долларын зээлийг аж ахуйн нэгж, муж болон хотуудад олгож эдийн засгийн хохирлыг бууруулахаар төлөвлөж байна. АНУ-д “Covid-19” өвчний улмаас ажилгүйдэл нэмэгдэж, 1982 оноос хойш байгаагүй өндөр хэмжээнд хүрч, одоогийн байдлаар 3.28 сая иргэн ажилгүйдлийн тэтгэлэг авах хүсэлтээ гаргасан байна.

АНУ-ын Хууль зүйн яам хөл хорионы болон бусад үед шинэ төрлийн коронавирусийг санаатайгаар тараасан этгээдийг терроризмын зүйл ангиар ял ногдуулахыг анхааруулав. Түүнчлэн цахим халдлага, залилантай хатуу тэмцэхээ илэрхийлж, бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүй нэмэхгүй байхыг бизнесийн байгууллагуудад сануулжээ.

Цар тахлын голомт болоод буй Нью-Йорк, Нью-Орлеанс мужид эмнэлгийн ачаалал хэтэрч, амьсгалын аппарат зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжийн нөөц шавхагдаж эхэлсэн байна. Мөн 5000 орчим цэргийн алба хаагч бүхий нисэх онгоц тээгч “USS Theodore Roosevelt” хөлөг онгоцны багийн 25 гишүүн “Covid-19”-ийн халдвар авсан нь тогтоогджээ. Иймд Пентагоны тэргүүн М.Эспер гадаад улсад үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдын томилолтыг хойшлуулж, хилийн чанадад байгаа цэргийн алба хаагч, тэдний гэр бүлийн хөдөлгөөнийг 60 хоног зогсоох тушаал гаргав.

Канад Улс “Covid-19” вирусний тархалтын улмаас Онтарио, Квебек мужуудад нэн шаардлагатайгаас бусад байгууллагуудын үйл ажиллагааг 03 дугаар сарын 24-нөөс эхлэн зогсоох шийдвэр гаргасан бол Торонто мужид онц байдал зарлаад байна. Тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо өнгөрөгч амралтын өдрүүдээр хийсэн мэдэгдэлдээ улсын хэмжээний онц байдал зарлах нөхцөл байдал хараахан үүсээгүй, онц байдал зарлах, хөл хорио тогтоох эсэх шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргана хэмээн мэдэгдэж, иргэдээ шаардлагагүй бол гадуур гарахгүй, гэртээ байхыг уриалав.

ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Борис Жонсон орон даяар 3 долоо хоног хөл хорио тогтоож, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ (хоол хүргэлт, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, ШТС, унадаг дугуй, гэр ахуйн бараа, хими цэвэрлэгээ, гараж, машин түрээс, амьтны дэлгүүр, ном сонины мухлаг, шуудан, банк)-ний газруудыг нээлттэй үлдээж, сүм хийд, мөргөлийн газруудыг цогцос чандарлах зорилгоор ажиллахыг зөвшөөрсөн байна. Иргэд дурдсан бараа, үйлчилгээ авах, өдөрт нэг удаа дасгал хөдөлгөөн хийх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, ажилд явах зэрэг зорилгоор гэрээс гарахыг зөвшөөрсөн бол 2-оос дээш хүний бөөгнөрөл үүсгэсэн нөхцөлд 30 фунтын торгууль ногдуулахаар болжээ. Ийнхүү хөл хорионы хатуу дэглэм тогтоосон нь үр дүнгээ өгч байгаа тул 6 сарын хугацаанд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах нь зүйтэй хэмээн үзэж байна. Хөл хорионы журам зөрчсөн иргэнийг цагдаагийн байгууллагаас баривчлах болсон бөгөөд уг ажилд сайн дураараа туслах хүсэлтээ 750 мянган иргэн гаргажээ.

Засгийн газар эдийн засагт учраад буй дарамтыг бууруулах үүднээс 50 мянган паундаас доош орлоготой хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 03 дугаар сарын үйл ажиллагааны алдагдлыг нөхөн төлбөр болгож сарын дундаж ашгийнх нь 80 хувьтай тэнцэх хэмжээний дэмжлэг буюу 2500 хүртэлх паунд олгохоор болов. Мөн коронавирусний эсрэг вакцин бүтээх олон улсын эвсэлд 210 сая паунд хандивласан байна.

Шинэ Зеланд Улс 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд онц байдал зарлаад байна. Ард иргэдийг гэртээ байхыг сануулж байгаа бөгөөд нийтийн тээврийн хэрэгслийн тоог цөөрүүлж, орон нутгийн нислэгийг зогсоов.

Бельгийн Вант Улсын Төсвийн сайд Дэвид Клашивалын “Covid-19”-ийн эсрэг авах арга хэмжээний хүрээнд төсөвт нийт 8-10 тэрбум еврогийн ачаалал ирж байгаа талаар мэдэгдэв. Тус улсын Засгийн газраас “Covid-19”-ийн улмаас гарч буй эдийн засгийн хүндрэлийн эсрэг дараах арга хэмжээг авахаар шийдвэрлээд байна.

- Онцгой нөхцөл байдал /форс мажор/-ын улмаас ажиллах боломжгүй  байгаа ажилтнуудыг “түр ажилгүйдэл”-д тооцох шийдвэрийг 03 дугаар сарын 06-нд гаргаж. Аж ахуйн нэгжийн ажилчдад олгох түр ажилгүйдлийн тэтгэмжийн хувийг 3 сарын турш  65-70 хувь болгон нэмэгдүүлж олгох болов.

- Ажил олгогч ажилтнуудынхаа 2020 оны 1, 2 дугаар улирлын нийгмийн даатгалын хураамжуудыг хугацаанд нь төлөх боломжгүй болсон тохиолдолд төлбөрийг хойшлуулах боломжийг олгож байна.

- Хувиараа хөдөлмөр эрхлэгчид төрөл бүрийн татвар болон тэдгээрийн хэмжээг бууруулах, төлбөр хийх хугацааг хойшлуулах зэрэг хүсэлтээ Сангийн яаманд гаргах боломжтой болсон. Түүнчлэн хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалын 2020 оны эхний хоёр улирлын хураамжаас чөлөөлөгдөх, төлбөрийг хойшлуулах, нэг жилийн хугацаанд торгуульгүйгээр төлж барагдуулах зэрэг хөнгөлөлт эдлэх болсон байна.

- Хувиараа хөдөлмөр эрхлэгч 1 долоо хоногоос дээш хугацаагаар үйл ажиллагаа нь тасалдсан бол түүнд сарын 1266.37 евро /ганц бие бол/, 1582.46 евро /гэр бүлтэй бол/-ийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон.

БНФУ-ын Ерөнхийлөгч Э.Макрон Европын холбооны орнууд “Covid-19 вирустэй тэмцэх ажилд хүчээ нэгтгэж, нэгдмэл байдлаа бэхжүүлэхгүй бол тус холбоо задрах эрсдэл байна хэмээн анхаарууллаа. Тус улсад цар тахлыг тогтоон барихад зориулж эмнэлгүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх, “Opеration resilience” гэх цэргийн ажиллагааны хүрээнд  дотоодод ар тал хангалт, олон нийтийн эрүүл мэнд, хамгаалалт аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсноо тус улсын Ерөнхийлөгч Э.Макрон мэдэгдэв. Мөн 03 дугаар сарын 25-ны өдрөөс халдвартай өвчтөнийг эмнэлэгт хүргэж өгөх “эмнэлгийн орчин, тоног төхөөрөмж” бүхий галт тэрэг ажиллуулж эхлэв. Түүнчлэн хөл хорионы дэглэмийг чангатгаж, 03 дугаар сарын 24-нөөс өдөрт нэг удаа ганцаар эсвэл хүүхдийн хамт дасгал хийхээр 1 цагаас ихгүй, оршин суугаа хаягаас 1 км-ээс холгүй зайд гарахыг зөвшөөрч, ил задгай худалдааг хаав.

ХБНГУ-ын парламентын доод танхим коронавирусний эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах 750 тэрбум еврогийн тусламжийн багцыг 03 дугаар сарын 25-нд батлав. Үүний өмнө Европын бусад орнууд, тухайлбал, БНФУ 45 тэрбум еврогийн тусламжийн багц, Их Британи 362 тэрбум еврогийн зээл, 22 тэрбум еврогийн бусад тусламжийн багц баталсан.

Германы Канцлер Ангела Меркель, холбооны улсын 16 муж улсын тэргүүнтэй цахим хурал хийж ойрын 2 долоо хоногийн хугацаанд 2-оос дээш хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, олон нийтийн газарт иргэд хоорондоо 1.5 метрийн зай барих, хоолны хүргэлтийг зөвшөөрөх зэрэг арга хэмжээг мөрдөж ажиллахыг хүсэв.

ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд Й.Шпан “Иргэдийн эрх чөлөөг сүүлийн 70 жилийн турш байгаагүйгээр хязгаарлаад байгаа ч цаашид юу болохыг хэн ч мэдэхгүй. Эмнэлгийн мэргэжилтнүүд хамгийн муу хувилбарт бэлтгэж байна” гэжээ.

Тайландын Хаант Улсад халдвар авсан хүний тоо 7 хоногийн хугацаанд 4 дахин нэмэгдээд байгаа учир тархалтыг намжаах зорилгоор 03 дугаар сарын 26-ны өдрөөс улсын хэмжээнд онц байдал зарлах болсноо тус улсын Ерөнхий сайд мэдэгдэв.  Төсвөөс нийт 117 тэрбум батт буюу 3.56 тэрбум ам.долларыг коронавирусээс үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулах зорилгоор зарцуулахаар болсон. Үүний 45 тэрбум батт-ыг нийгмийн халамжид хамрагдаж чадахгүй байгаа 3 сая хүнд бэлэн мөнгө тараах байдлаар олгох бол 60 тэрбум батт-ыг бага хүүтэй зээл байдлаар олгоно гэв.

БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 03 дугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагаас эхлэн улс даяар 21 хоног хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа. Энэ үеэр олон нийтийн тээврийн хэрэгсэл, галт тэрэг, дотоодын нислэгүүд бүрэн зогсох аж. Тус улс руу ирэх олон улсын нислэгийг 03 дугаар сарын 22-ны өдрөөс зогсоосон. Эрүүл мэндийн байгууллагын чадавхийг дээшлүүлэх зорилгоор 150 тэрбум рупи буюу 2 тэрбум ам.долларыг төсвөөс гаргаад байна.

Япон Улс дахь коронавирусний тархалттай холбогдуулан Токиогийн зуны олимпын наадмыг нэг жилээр хойшлуулав. Давагдашгүй хүчин зүйлээс үүссэн дээрх шийдвэр Япон Улсын эдийн засагт хүнд цохилт болохыг судлаачид анхааруулж байна.

БНСУ-д өвчний тархалтыг бууруулах зорилгоор 03 дугаар сарын 22-ноос эхлэн хорио цээрийн дэглэмийг чангатгав. Тодруулбал, иргэдийг зайлшгүй шаардлагатайгаас бусад нөхцөлд гэрээс гарахгүй байх, шашны цуглаанд очихгүй байхыг анхааруулж, үзвэр үйлчилгээний газруудад хязгаарлалт тогтоов. БНСУ-д хилийн чанадаас халдвар тээж ирсэн иргэд нэмэгдэж байгаагаас Европоос ирж буй иргэдийг өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамаарч 14 хоног тусгаарлах шийдвэр гараад байна.

БНАСАУ-ын Родон сонинд “Шинэ төрлийн коронавирусний халдвараас өөрсдийгөө хамгаалцгаая–Халдварт өвчний талаарх сэтгэл санааны өөрчлөлт, түүнийг хэрхэн удирдах арга зам” гэсэн гарчиг бүхий нийтлэл гарчээ. Уг нийтлэлд вирусний талаар цуу ярианаас үүдэн хүний сэтгэл санаа айдаст автаж, улмаар биед гарсан аливаа өөрчлөлтийг өвчний шинж тэмдэг мэтээр эндүүрч, нойргүйдэж ядрах, дархлаагаа муутгах, хоолны дуршил буурч, уур уцаар нэмэгдэх зэрэг явдал эмнэлгийн ажиглалтад орсон эрүүл хүмүүст гарч байгаа талаар дурджээ. Нийтлэлийн төгсгөлд сэтгэл санааны байдлыг дээшлүүлэх амьсгал, сунгалтын дасгал, айдас түгшүүрээ дарах аргын талаар заасан байна.

БНКазУ-д “Covid-19” вирусний халдварын 124 тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас бараад байгаа ч тус улсын мэргэжилтнүүд халдварын оргил үе эхлэх болоогүй тул өвчлөл цаашид нэмэгдэнэ хэмээн үзэж байна. Иймд Нур-Султан, Алмата зэрэг хотуудад онц байдал зарлаад байгаа бөгөөд 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ажил болон хүнсний дэлгүүр, эмийн сан явахаас бусад тохиолдолд гэрээс гарах, гудамж талбайд 3-аас дээш тооны хүн цуглахыг хориглохоор болов.

БНКирУ-ын Засгийн газар Бишкек, Ош хот болон 3 мужийн хэмжээнд 03 дугаар сарын 25-ны өдрийн 08:00 цагаас 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00 цаг хүртэл хугацаанд онц байдал зарлахаар шийдвэрлэв. Онц байдлын үед гадаад улсын иргэдийг 03 дугаар сарын 22-ний өдрийн 00:00 цагаас Киргиз Улсын хилээр нэвтрүүлэхгүй бөгөөд Киргизийн иргэний гэр бүлийн гишүүн эсвэл тус улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс, түүний хамаатан садан мөн хамаарах ажээ.

ОХУ-ын Москва хотод өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул хотын захирагч С.Собянины захирамжаар 65-аас дээш настай болон архаг хууч өвчтэй иргэдийг 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл гэрээсээ гарахгүй байхыг уриалав. Эдгээр иргэд нь нэн шаардлагатай тохиолдолд эмийн сан, хүнсний дэлгүүр орж болох аж. Москвагийн эрүүл мэндийн байгууллагууд “Covid-19” вирусний халдвар илэрсэн иргэдийн оношийг баталгаажуулахаар Новосибирск рүү хүргүүлдэг байсныг өөрчилж, анхны оношийг үнэн зөв гэж үзэхээр боллоо. ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин өвчний тархалтаас сэргийлэхийн тулд Москва хотын туршлагыг хэрэгжүүлэхийг орон нутгийн удирдлагад уриаллаа.

Өвчлөл хоногт 20 гаруй хувиар нэмэгдэж байгаа тул нөхцөл байдал ойрын хоногуудад эрс муудаж, өвчний оргил үе ирэх долоо хоногийн дунд болон эцсээр эхэлнэ хэмээн ОХУ-ын мэргэжилтнүүд тооцож байгаа бөгөөд Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагууд цар тахлын оргил үед хэрэгжүүлэх арга хэмжээний хувилбар, онцгой нөхцөлд ашиглах хангалттай нөөц бүрдүүлсэн гэж мэдэгдэж байна. Засгийн газар 03 дугаар сарын 26-ны өдрөөс өвчлөл тархахаас сэргийлэх арга хэмжээг чангатгаж, хорио цээрийн дэглэм зөрчсөн тохиолдолд 2 сая рубль хүртэл торгууль оногдуулах, уг хэргийн улмаас бусдад өвчин халдварласан бол Эрүүгийн хуульд заасан терроризмын гэмт хэрэгтэй адилтган зүйлчлэх санал Төрийн Думд хүргүүлээд байна. Мөн 03 дугаар сарын 27-ны өдрөөс гадаад улс руу хийх бүх нислэгийг зогсоолоо.

Засгийн газраас өвчний тархалтыг зогсоох үүднээс орон нутагт үйл ажиллагаа явуулж буй кино театр, шөнийн клуб, бүх төрлийн цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоох чиглэл өгөв. Мөн амралт сувилал, нөхөн сэргээх газруудын үйл ажиллагааг зогсоох талаар хэлэлцэж байгаа аж.

Буриадын БНУ-д "Covid-19" вирусний халдвар авсан 2 тохиолдол гарсан нь шинжилгээгээр баталгаажсан байна. Өвчтөнүүдийг Халдвар судлалын үндэсний эмнэлэгт тусгаарласан бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж.

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Ерөнхий вирус судлаач Н.Брико, улирал солигдох үеэр буюу 4-5 дугаар сард коронавирусний эрчимт байдал огцом буурах болно. Гэвч уг вирус нь улирлын шинжтэй болох магадлалтай байгаа ч дэлхийн нийт хүн амын 1/3 нь халдвар авна гэж мэдэгдлээ. Тус улсын Эмнэлэг-биологийн холбооны агентлаг “Covid-19” вирусний эсрэг вакцин бүтээх эхний шатны ажлыг амжилттай хэрэгжүүлж, амьтан дээр хийх туршилтыг эхлүүлэхээр бэлтгэж байна. Туршилт амжилттай болбол 11 сарын дараа вакцин бэлэн болох аж.   

Халдвар авсан өвчтөн 38.5 хэмээс доош халуунтай, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ 93 хувиас дээш, амьсгал чөлөөтэй бол Лопинавир эмийг 12 цагийн зайтай 400 мг, Ритонавир эмийг 12 цагийн зайтай 100 мг-аар 14 хоногийн турш хэрэглэж гэрээр эмчлэх аж. Мөн ус их уух, халуун бууруулахын тулд парацетамол хэрэглэхийг зөвлөж байна. ОХУ-ын Хорио цээрийн албаны захирал А.Попова “Covid-19”-ийн халдвар авч бүрэн эдгэрсэн хүнд уг вирусний эсрэг дархлаа тогтож байгааг тогтоосон гэж мэдээллээ.

Өвчний тархалттай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 03 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэл хийж, дараах арга хэмжээг авах болсноо танилцуулав. Үүнд:

•   Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар 04 дүгээр сарын 22-нд хийхээр төлөвлөсөн ард нийтийн санал хураалтыг тохиромжтой нөхцөл байдал бүрдтэл хойшлуулах; 

•   03 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал цалинтай амралтын өдөр болгох;

•   Бүх төрлийн нийгмийн халамж, хөнгөлөлт авдаг иргэдийн халамж, хөнгөлөлтийг 6 сарын турш ямар нэг баримт бичиг шаардахгүйгээр сунгах;

•   Хүүхдийн мөнгө авч буй 0-3 насны хүүхэд бүрт 3 сарын турш сар бүр 5 мянган рубль нэмж олгох;

•   Эмчийн магадлагаатай иргэдийг ажилгүй байх хугацаанд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулах /12130 рубль/;

•   Сарын орлого нь 30 болон түүнээс дээш хувиар буурсан иргэдэд зээлийн “амралт” олгож, бүх төрлийн зээлийн эргэн төлөлтийг нь хойшлуулах;

•   Одоогоор 8000 рубль байгаа ажилгүйдлийн тэтгэмжийг 12130 рубль болгож нэмэгдүүлэх;

•   Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ноогдуулах НӨАТ-аас бусад татварыг 6 сараар хойшлуулах. Бичил үйлдвэрлэл эрхлэгчдийг даатгалын хураамжаас түр чөлөөлөх. Хүнд байдалд орсон жижиг дунд болон бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийг 6 сараар хойшлуулах;

•   Нэг сая рублиэс дээш хэмжээний банкны хадгаламж болон үнэт цаасны зах зээлд оруулсан хөрөнгөөс 13 хувийн орлогын татвар авах;

•   Гадаадын оффшор бүс руу шилжүүлж буй бүх төрлийн хөрөнгөөс 15 хувийн татвар авах;

• Коронавирусний улмаас хохирол хүлээсэн аж ахуйн нэгжийн дампуурлаа зарлах тухай өргөдлийг 6 сарын хугацаанд хүлээн авахгүй байх;

•   ЖДҮ эрхлэгчдийн 30 хувиар төлж буй даатгалын хураамжийг 15 хувь хүртэл бууруулах зэрэг болно.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян “гаднаас орж ирэх халдвараас сэргийлэх, дотооддоо гарч буй халдварын тохиолдлыг арилгахын тулд урьдчилан сэргийлэх, хяналтын арга хэмжээг урт хугацаанд сахин хэрэгжүүлэх шаардлагатай” гэв. “Covid-19” вирус зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа тул ГХЯ-наас 03 дугаар сарын 28-ны өдрийн 00:00 цагаас эхлэн гадаадын иргэдийг хүлээж авахгүй, виз болон түр оршин суух зөвшөөрөл бүхий гадаадын иргэдийн хилээр нэвтрэх эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх болсон тухайгаа мэдэгдлээ.

БНХАУ-д үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос, Хубэй болон бусад бие даасан мужуудыг эс тооцвол улс даяар аж үйлдвэрийн сэргэлт 90 хувиас давсан байна. Тодруулбал, Жөжян, Жянсу, Шанхай, Шандун, Гуанши, Чунчинд аж үйлдвэрлэлт 100 хувь сэргэжээ. Мөн 03 дугаар сарын 24-ний өдөр Хубэй мужийн Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс тус мужийн орох, гарах хөдөлгөөнийг нээх, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргаж 03 дугаар сарын 25-наас эхлэн Ухань хотын автобусны хөдөлгөөнийг сэргээж, 28-ны өдрөөс төмөр замын хөдөлгөөнийг эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ы боловсролын байгууллагын хичээлийг эхлүүлэхээр болов. ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдын хичээл 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлнэ. Тус улсын Худалдааны яамны мэдээллээр, улсын хэмжээнд өргөн хэрэгцээт бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэж, өдөр тутмын хэрэглээний зах зээл хэвийн горимд орж, үнэ тогтворжсон байна.

Хятадын эрдэмтэн судлаачдын хийсэн судалгааны талаар

Хятадын эрдэмтэд “Covid-19”-ийн шинж тэмдэг илрээгүй “халдвар чимээгүй тээгчид” эрсдэл дагуулж болзошгүйг анхаарч, халдвартай хүнтэй харилцаанд орсон хүмүүсийг нэг бүрчлэн шалгаж, хөл хорио тогтоох хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Учир нь Хубэй мужийн Ухань, Шянян зэрэг хотод хэд хэдэн “Covid-19”-ийн халдвартай боловч шинж тэмдэг илрээгүй хүмүүс тогтоогдсон байна. Шинж тэмдэггүй халдвар тээгчдийн тоо халдварын оргил үед олон байдаг бөгөөд халдварын тохиолдол илрээгүй удах тусам ийм тохиолдлын тоо буурах ёстой хэмээн Шанхай хотын Хуашань эмнэлгийн Халдварт өвчин судлалын тасгийн дарга Жан Вэньхун хэлсэн байна.

Тус улсын мэргэжилтнүүд 416 өвчтөнд ажиглалт хийсний дүнд зүрх судасны өвчлөл нь шинэ төрлийн коронавирусний улмаас нас барах эрсдэлийг 4.5 дахин нэмэгдүүлж байгааг тогтоов. Мөн нийт халдварын 80 орчим хувийг “шинж тэмдэггүй” өвчтөнүүд тараадаг болохыг тогтоосон байна. Ухань хотын өвчтөнүүдийн дунд хийсэн судалгаагаар халдвар авсан иргэдийн 1/3-т шинжилгээ хийх хүртэл ямар нэг шинж тэмдэг илрээгүй байсан аж.

Хонконгийн судлаачид “Covid-19”-ийн халдвартай хүн өвчний шинж тэмдэг илэрсэн эхний 7 хоногт хамгийн ихээр халдвар тараах эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг  хийсэн байна. Судалгаанд хамрагдсан 35-75 насны хүмүүсийн шүлсэнд хийсэн судалгаагаар шинж тэмдэг илэрсэн эхний 7 хоногт шүлсэнд агуулагдах вирусний хэмжээ өндөр байсан бол түүнээс цааш аажим багасаж байжээ. Энэ нь өвчний шинж тэмдэг илэрсэн хүн эмнэлэгт тусгаарлагдах хүртэлх хугацаанд халдварыг хамгийн ихээр тараах эрсдэлтэйг харуулж байна хэмээн судлаачид дүгнэсэн байна.

БНХАУ-ын эрдэмтэд “Covid-19”-ийн улмаас нас барсан 29 хүний цогцост задлан шинжилгээ хийхэд уушгинд нь вирус идэвхтэй байсаар байгааг илрүүлсэн байна. Түүнчлэн уг вирус хүний дархлааны тогтолцоог ноцтой гэмтээдэг нь шинжилгээгээр тогтоогдсон хэмээн Бээжингийн Нэгдүгээр эмнэлгийн амьсгалын замын өвчин судлалын тасгийн шинжээч Ван Гүйчян мэдэгджээ. Мөн уг вирус нарийн хоолойд шүүрэл үүсгэн амьсгалахад хүндрэл учруулдаг байна.

“Covid-19”-ийн улмаас эмэгтэйчүүдээс илүү эрчүүд нас барж байгаа нь нэн тэргүүнд тэдний архи уух, тамхи татах зэрэг буруу зуршлаас гадна дархлааны хариу урвалд үзүүлэх дааврын нөлөөтэй холбоотой хэмээн судлаачид дүгнэсэн байна. Италийн судлаачдын хийсэн ажиглалтаар өвчтэй хүмүүсийн 58 хувь, нас барагсдын 72 хувийг эрчүүд эзэлж байгаа аж. Тэдний тайлбарлаж байгаагаар хүний дархлааны эс нь эстроген болон тестостерон дааварт харилцан адилгүй хариу үзүүлдэг. Тодруулбал, зарим вирусний үед эмэгтэй хүний эд эс өндөр хэмжээний “интерферон” ялгаруулдаг нь дархлааны системийг дэмжиж өгдөг бөгөөд “интерферон”-ы ялгарлыг эмэгтэй даавар буюу эстроген дэмжиж өгдөг байна.

Хонконгод илэрсэн “Covid-19”-ийн халдвартай хэмээн бүртгэгдсэн 2 нохойд өвчний шинж тэмдэг илрээгүй байна. Эрдэмтдийн хийж буй дүгнэлтээр амьтад өвчтэй хүнтэй маш ойр байснаар халдвар авах боломжтой аж. Халдвар авсан болох нь тогтоогдсон немц овчаркнаас давтан авсан шинжилгээний хариу “сөрөг” гарсан байна. Одоогоор Хонконгод нийт 18 гэрийн тэжээвэр амьтныг тусгаарлаад байгаа бөгөөд 16-ийнх нь хариу “сөрөг” гарч, 2 муураас авсан шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Огноо:

,

Өчигдөр  /2020.05.27/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүй газарт барилгын ажил хийгдэж байснаас үүдэлтэй  усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж байв. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн үр дүнгээ тавдугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан юм.  Шалгалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн учраас тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг.

Нийслэлийн Засаг даргын зүгээс болон НЗДТГ-аас, мэргэжлийн байгууллагуудын зүгээс  удаа дараа хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох албан шаардлагуудыг хүргүүлэн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгсөн байтал өчигдөрийг хүртэл  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан  “Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй  зэрэг үндэслэлээр  Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

Дашрамд дурдахад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг 2014 оны 6 сард тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл гаргаж байсан бөгөөд үүний дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас наран шарлагын цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд зориулалтаар “Хан Талст” компанид 3.3 га газрыг  ашиглуулахаар шийдвэрлэж байжээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар шагнал гардуулав

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.05.28) Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх үйлсэд ур чадвар, мэдлэг туршлагаа дайчлан ажилласан хүмүүст шагнал гардууллаа.

Хорь гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин идэвхтэй өрнөсөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл хэргийг Монголын ард түмний сонголтоор байгуулагдсан 7 дахь удаагийн Улсын Их Хурал амжилттай хэрэгжүүлж, баталсан нь төрийн түүхэнд тэмдэглэгдэх үйл хэрэг гэдгийг Монгол Улсын Их Хурлын дарга шагнал гардуулахын өмнө онцлов. Тэрбээр “Энэ дөрвөн жилд шударга ёсыг тогтоох, төрөө тэгшлэх, эрх зүйн хувьсгал хийх, парламентаа шинэчлэх том үйл хэргийг эхлүүлсэн. Үндсэн хуулиа дагасан олон хуулийг өөрчлөн шинэчлэх ёстой. Эхний хуулиудын шинэчлэлийг хийсэн” хэмээгээд хамт олноо манлайлан, идэвх зүтгэлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг шагнаж буйгаа хэллээ.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын "Хүндэт өргөмжлөл"-өөр шагнах тухай Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 82, 83 дугаар захирамжийг Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Нямжаргал уншиж танилцуулав. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл, “Монгол Улсын Их Хурлын тухай”, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хурлаар хэлэлцэн батлуулах, нэр хүндтэй үйлсэд оюун ухаан, мэдлэг туршлагаа дайчлан ажиллаж, онцгой хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавьяат багш Дондовын Ламжав, Монгол Улсын гавьяат хуульч Намсрайжавын Лувсанжав, Монгол Улсын гавьяат багш Равдангийн Хатанбаатар, Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн асан Цэдэвийн Товуусүрэн нарыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнав.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Дэд ажлын хэсгийн гишүүдийг төлөөлж Монгол Улсын гавьяат багш Дондовын Ламжав үг хэлсэн юм. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл, “Монгол Улсын Их Хурлын тухай”, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай" хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хурлаар хэлэлцэн батлуулах хариуцлагатай ажлыг манлайлан удирдан зохион байгуулж, үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Лувсандоржийн Өлзийсайхан, Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд шуурхай хүргэж, мэдээллийн ил тод байдлыг хангахад идэвх зүтгэлтэй ажилласан Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Содномдаржаагийн Батбаатар нарыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагналаа.

Түүнчлэн дээрх түүхэн үйл хэрэгт мэргэжил арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, эрдэм ухаан, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын нэр бүхий 31 ажилтанд Монгол Улсын Их Хурлын даргын “Өргөмжлөл” гардуулав.

Энэхүү арга хэмжээний төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах түүхэн үйл хэрэг, Үндсэн хууль дагасан олон хуулийг өөрчлөн шинэчлэх ажлын найдвартай ар тал, Тамгын газрын хамт олноо манлайлан ажилласан Та бүхний хуулийн засаглал тогтоох, төрөө түшин түмнээ манлайлах үйлст өндөр амжилт хүсье гэлээ. 

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”, Монгол Улсын Их Хурлын даргын “Өргөмжлөл” гардуулах арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Нямжаргал, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг нар оролцсон.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Протез, ортопед болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг шинэчлэн тогтоов

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 5 дугаар сарын 27-ны Лхагва гарагт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг шинэчлэн батлав.

Протез, ортопед болон тусгай хэрэгслийн жагсаалтыг шинэчилж, 9 төрлийн протезийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр тусгаж өгөв. Жишиг үнийг инфляцийн өсөлт, зах зээлийн бодит үнэ ханш, үйлдвэрүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн холбогдох тооцоо судалгаа хийж, одоогийнхоос 20-50 хувиар нэмэгдүүллээ.

Нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг 2013 онд батлагдснаар өнөөдрийг хүртэл мөрдөж байсан нь хэрэглэгчид, үйлдвэрлэгчдэд аль алинд нь бэрхшээл учруулсаар иржээ. Тодруулвал 2013 онд валютын ханш юань 221 төгрөг байсан бол 2020 онд 394 төгрөг, 1 ам.доллар 1410 төгрөг байсан бол 2788 төгрөг болж тус тус өссөн нь түүхий эд бараа материалын үнэ хэд дахин өсөхөд хүргэжээ. Гэтэл жишиг үнэ хэвээр байгаа нь үйлдвэрлэгчид хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгч, хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй иргэдийн гар дээр чанаргүй бараа бүтээгдэхүүн очиход хүргэж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асран хамгаалагчдыг багагүй бухимдуулж байсан юм.

Протез, ортопед, тусгай хэрэгслийн хөнгөлөлтөд 2017-2019 онд дунджаар 63,500 ахмад хамрагдаж 9,5 тэрбум төгрөг, 17,553 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдаж 3,1 тэрбум төгрөгийг халамжийн сангаас зарцуулсан байна.

Сүүлийн гурван жилийн дүнгээс үзэхэд ахмад настнуудын хувьд хиймэл шүдний хөнгөлөлт, нийт зардлын 30 гаруй хувийг эзэлж жилд 3,1 тэрбум төгрөг, хиймэл түнхний үе , өвдөгний үе, нүдний болор, шилбэний түгжээт хадаас зэрэг мэс заслын аргаар хийдэг өндөр өртөгтэй протезийн хөнгөлөлтөд 3,4 тэрбум төгрөг бусад зардлын ихэнхи хэсгийг тэргэнцэр сонсголын аппарат, нурууны төрлийн хамгаалалт зэрэгт зарцуулсан байна. Иймд тогтоол шинэчлэгдснээр үййлчилгээ үзүүлэх байгууллагууд төрөлжиж, нийлүүлэх хэрэгслийн нэр төрөл тодорхой болж, чанар, стандартын шаардлага хангасан протез, ортопед, тусгай хэрэгсэл иргэдэд олгох үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, халамжийн сангийн хөрөнгийг үр ашигтай, оновчтой зарцуулах боломж бүрдэх юм.

Тогтоолыг хэрэгжүүлэхэд 2021 оны төсвийн ахмад настны болон хөгжлийн бэрхшээлтэй хүний хөнгөлөлт тусламжийн зардалд нийт 3,3 тэрбум төгрөг нэмж тусгах шаардлагатай болох юм. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох