Цаг үе
Нийслэлийн хэмжээнд улирал бүр халдваргүйжүүлэлтийг хийнэ
Коронавируснмй халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 951 сая метр квадрат талбайг халдваргүйжүүлжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжтэй хамтран гурван төрлийн бодисоор халдваргүйжүүлэлт хийж байгаа бөгөөд цаашид нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлтийг улирал бүр хийж байхаар тогтжээ. Мөн гэр хорооллын 220 мянган айл өрхүүдийн модон жорлонг ирэх 5 дугаар сарын 01-нээс өмнө стандартын дагуу ариутгалын бодисоор халдваргүйжүүлэлтийг хийж дуусгах юм байна. Хотын Захирагч С.Амарсайхан “Иргэд аж ахуй нэгжүүд ойр орчмын газартаа өөрсдөө ариутгал халдваргүйжүүлэлтээ хийх хэрэгтэй байна. Бүх зүйлийг хотоос хийх боломжгүй. Өмнө нь энэ мэтчилэн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг Улаанбаатар хотод хийж байгаагүй. Иймээс цаашид улирал бүр тэр тусмаа хаврын цагт ариутгал халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээнд хийнэ” хэмээлээ.
Хотын Захирагч мэдээллийн цагаараа Яармагт баригдаж буй 300 ортой 880 өрөөтэй нийслэлийн Эх хүүхдийн Эрүүл мэндийн төвийн барилгын ажил 95 хувьтай байгааг дуулгаад тун удахгүй ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар товч мэдээллээ. Мөн Улсын онцгой комиссын 8 дугаар тогтоолоор нийслэлийн хэмжээнд 1-р ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасныг уламжилав.

Ийнхүү нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан мэдээллийнхээ төгсгөлд иргэдээс ирүүлсэн асуултад хариуллаа. Иргэд, сэтгүүлчдийн зүгээс автомашины дугаарын хязгаарлалтыг тэгш сондгойгоор зорчуулах, хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг асуултыг асуулаа. Хотын Захирагч С.Амарсайхан “Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ирүүлсэн санал чиглэлийг үндэслэж автомашины дугаарын хязгаарлалтыг судлаж байна. Хотын удирдлагууд олон хүмүүсийг цуглуулахгүй байх шийдвэрийн хүрээнд нэг дор олноор нийтийн тээврээр зорчуулах, дугаарын хязгаарлалтыг тэгш сондгойгоор зорчуулах асуудлын эсрэг байгаа. Онцгой нөхцөл шаардлага гарсан тохиолдолд дугаарын хязгаарлалт хийх, орон нутгийн замыг хаах зэрэг шийдвэр гарч болно” хэмээсэн юм.
Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын талаар хотын Захирагч С.Амарсайхан ийнхүү долоо хоног бүр цахимаар мэдээлэл хүргэхээр болж байгаа юм. Мэдээллийг фэйсбүүк дэх “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар шууд дамжуулах бөгөөд тухайн цагт сэтгүүлчид болон иргэд Хотын даргатай шууд холбогдож сонирхсон асуултандаа хариулт авч болно.
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.
Цаг үе
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
-
Улстөр нийгэм2022/04/18
Төрийн банк: Монгол орон даяар 6000 га газар цэвэрлэлээ
-
Урлаг спорт2022/07/21
Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгын их засварын ажил үргэлжилж байна
-
Улстөр нийгэм2021/08/17
Аймгийн Засаг дарга нартай цахим уулзалт хийв
-
Улстөр нийгэм2024/12/10
ЭЗБХ: Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, хууль, тогтоолын төслүүдийн ...

