Цаг үе
Хиймэл оюун ба ирээдүйн дайн

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хиймэл оюунтай хамаарал бүхий Квант тооцоолол, Үлэмж өгөгдөл (Big Data), Юмсын интернет (IoT-Internet of things), Жижигрүүлэх технологи (miniaturisation), Өөрийгөө удирдах систем (robotics and autonomy) зэрэг технологиуд таамаглаж байснаас хурдтай хөгжиж шинэ шатанд гарч байна.
Жишээлбэл: 2014 онд го даамны хамгийн сайн хиймэл оюуныг зохион бүтээсэн экспертүүд 10 жилийн дараа гэхэд компьютер хүнийг хождог болно гэж таамаглаж байв. Гэтэл түүнээс ердөө нэг жилийн дараа буюу 2015 онд Гүүглийн Deep Mind хиймэл оюун, Европын Го даамын аварга Ван Хуйг 5:0 харьцаагаар хожжээ. Хиймэл оюуны энэхүү үсрэнгүй хөгжилд хүргэсэн дараах гол шалтгаануудыг нэрлэж болох юм.
Үүнд:
- Компьютерийн тооцооллын хурд огцом өсч байна.
- Мэдээллийн баазын хэмжээ хурдтай өсч байна.
- Машин суралцах арга ажиллагаа, алгоритмын хэрэгжүүлэлт шинэ шатанд гарч байна. Ялангуяа гүн мэдрэлийн сүлжээ (deep neural system)-ний салбарт энэ дэвшил улам бүр мэдрэгдэж байна.
- ХУ-нд хийж буй хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн.
Дэлхийн 2-р дайнаас хойш өөрийгөө бүрэн удирддаггүй системүүд цэргийн салбарт хэрэглэгдэж ирсэн бол өнөөдөр хиймэл оюуны хөгжил цэргийн салбарын технологийг үндсээр нь хувиргаж, хүчний тэнцвэрийг ч өөрчлөх боломж олгож байна. АНУ ба БНХАУ-ын хоорондын геополитикийн өрсөлдөөнд хиймэл оюуныг хөгжүүлэх уралдаан маргаангүй нөлөөлөх боллоо.
Дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн удирдагчид хиймэл оюун нь ҮАБ-ын нэн чухал бүрэлдэхүүн болж буй энэхүү өөрчлөлтийг соргогоор анзаарч эхэллээ.
АНУ-ын БХЯ 2016 онд “Хиймэл оюуны судалгаа хөгжүүлэлтийн стратеги төлөвлөгөө” баталж, хиймэл оюуныг АНУ-ын цэргийн салбар дахь манлайллыг хадгалах нэг хэрэгсэл гэж үзсэн байна. АНУ-ын БХЯ мөн Пентагон Цахиурын хөндий хоорондын нягт хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүрэг бүхий Батлан хамгаалахын инновацийн төвийг байгуулав. Үүнтэй зэрэгцээд шинжлэх ухаан технологийн тэргүүлэх орон болох эрмэлзлэлтэйгээр БНХАУ, АНУ-ын шинжлэх ухаан технологийн инновацийн хөтөлбөр болох DARPA-ын хятад хувилбар болох Хиймэл оюуны үндэсний хөтөлбөрийг баталсан байна. ОХУ 2025 он гэхэд цэргийн төсвийн 30 хувийг робот зэвсэгт зарцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ерөнхийд нь дүгнэхэд томоохон улс гүрнүүдийн үндэсний хэмжээний зорилт, санаачлага нь хиймэл оюуны хувирч буй боломж (цэргийн техникийн хувьсгал ч гэж хэлж болно)-ийг ашиглан үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэгдэж байна.
Хиймэл оюуныг цэргийн салбарт өргөнөөр ашиглах болсон нь хүчирхэг гүрнүүдийн стратегийн өрсөлдөөнийг ихэсгэж тогтворгүй байдлын гол эх сурвалж болж байна. Үүнийг батлах зорилгоор хоорондоо холбоо бүхий дараах гурван аргументийг авч үзье. Үүнд:
- Хиймэл оюун өнөөгийн хөгжлийн шатандаа дангаараа кибер орон зай, өөрийгөө удирддаг систем болон робот, удирдлагатай пуужин зэрэг өндөр технологийн зэвсгийн үйлдвэрлэлийг идэвхжүүлэх, хурдасгах стратегийн нөлөө үзүүлэх гол эх сурвалж болж байна.
- Давхар хэрэглээ бүхий хйимэл оюуны технологийн тархалтын тодорхой бус байдал, эрсдэл нь олон улсын аюулгүй байдлыг сулруулах дараах нөхцөлийг үүсгэж байна. Үүнд:
- одоо байгаа аюулыг улам хурцатгах
- эдгээр аюул заналын мөн чанар, шинж чанарыг өөрчлөх
- санамсаргүй, аюултай шинэ аюул занал үүсгэх
- Хиймэл оюуны технологийг дэлхийн хүчирхэг гүрнүүдийн (ялангуяа АНУ, Хятад) Батлан хамгаалахын салбарт хөгжөөд ирвэл стратегийн өрсөлдөөн, үл итгэх байдлыг нэмэгдүүлэх нэмэлт хөшүүргийг бий болгох бөгөөд энэ нь олон улсын аюулгүй байдалд хүчтэй нөлөөлөх болно.
Стратегийн тогвортой байдалд кибер орон зай хэрхэн нөлөөлж буй талаарх судалгааны ажлууд ихээр байдаг бол хиймэл оюуныг ирээдүйн дайнд ашиглах боломжийн талаар тийм ч их судалгаа байдаггүй. Сүүлийн жилүүдэд хууль эрх зүйн, ёс зүйн, хэм хэмжээний, эдийн засгийн, техникийн гэх мэт "хиймэл оюуны асуудлуудтай" холбоотой олон улсын харилцааны судалгаа улам бүр нэмэгдэж, олон талын маргаан дагуулж байна.
ХИЙМЭЛ ОЮУН олон улсын аюулгүй байдалд нөлөөлөх нь
Цэргийн чадварыг өргөн хүрээгээр идэвхжүүлэгч, хүчирхэг болгогч гэдэг утгаараа Хиймэл оюун нь цэргийн зэвсэг гэхээсээ илүү цахилгаан эрчим хүч, радио, радиолокацын систем, C4ISR систем зэрэгтэй илүү төстэй. Шинэ, хүчтэй ангиллын технологийн хувьд хиймэл оюун нь цэргийн технологийн төлөв байдлыг өөрчлөх, эргэн харахад урьдчилан таамаглах аргагүй, маш тогтворгүй, стратегийн нөлөө үзүүлэх боломжтой. Хэдийгээр хиймэл оюунд тулгуурласан зэвсэг, систем нь дайны талбарт хүнээс илүү шийдвэр гаргах хараахан болоогүй ч, хиймэл оюун ашигласан цэрэг нь дайны талбарт, зөвхөн хүний шийдвэрээс хамааралтай цэргээс илүү үр ашигтай байх нь ойлгомжтой. Тухайлбал, алсын зайн мэдрэгч, нөхцөл байдлын ойлголт, тулааны талбайн маневр зэрэгт хиймэл оюуны технологиудыг ашигласнаар бусдаас илүү, давуу болно.
Стратегийн түвшний шийдвэр гаргах үед хиймэл оюунд суурилсан удирдлага-хяналтын систем нь хүнээс хамааралтай...
шийдвэр гаргалтын ихэнхи алдааг зассан байна. АНУ-ын Тагнуулын нийгэмлэг жишээлбэл, “хүний хүчин зүйлийн дарамт”-ыг бууруулах, цэргийн тагнуулын үйл ажиллагааг эрчимжүүлэх, цэрэг дайны шийдвэр гаргалтыг сайжруулах, ҮАБ-ын шинэ аюул занал, шинэ халдлагын чиглэлээр олон нийтэд нээлттэй судалгааны ажлууд хийхээр хөөцөлдөж байна.
Хиймэл оюунд суурилсан технологийн аюулгүй байдлын шинэ заналхийллийг үндсэнд нь 3 төрөл болгон авч үздэг. Үүнд:
- Тоон аюулгүй байдал (жад-фишинг, яриа синтез, дүр эсгэх, автомат хакердах, мэдээллийг хордуулах г.м)
- Биет аюулгүй байдал (дайралтын үеийн микро дрон г.м)
- Улс төрийн аюулгүй байдал (тандалт – ажиглалт, хууран мэхлэлт, албадлага г.м)
РОБОТ ба бөөн технологи (swarming technology[1])
Өөрийгөө удирддаг зэвсэг, робот нь дарь, цөмийн зэвсгийн адил үнэлэгдэж “дайны гурав дахь хувьсгал” эсвэл “аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал” хэмээн нэрлэгдэж байна.
Зарим судлаачдын баталж буйгаар хиймэл оюуныг хэрэгжүүлж эхлэх эргэлтийн цэг дээр иржээ. Тэдний нотолж буйгаар хууль эрх зүйн болон ёс зүйн хувьд боломжтой эсэхийг үл харгалзан бие даасан, зэвсэглэсэн, нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгсэл (autonomous armed-unmanned aerial vehicles)-ийг хэдхэн жилийн дараа байлдааны талбарт харах болох нь. Энэ нь өөрийгөө удирддаг энэхүү системийн өвөрмөц шинж чанарууд батлан хамгаалах, аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулагчдыг өнөөгийн арга барилаа дахин нягтлахыг удахгүй шаардаж эхэлнэ гэсэн үг.
АНУ-ын Үндэсний Тагнуулын газрын захирал Даниел Коутс энэ чиг хандлагын стратегийн чадавхийг онцолж хэлэхдээ, хиймэл оюуны дэвшил нь "дайснууд, ялангуяа Хятад, Оросын хувьд шинэ цэргийн хүчин чадлыг бий болгоно" гэж мэдэгдэв. Эдгээр өөрийгөө удирддаг системүүд нь онолын хувьд харааны мэдрэмж, хэл яриа, нүүр царайг таних зэрэг олон төрлийн (агаар, газар, далайн) үйл ажиллагааг гүйцэтгэх шийдвэр гаргах хэрэгслийг багтаасан, хүний оролцоо, хяналтаас хараат бус хиймэл оюуны технологийг агуулдаг. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар хүний оролцоогүйгээр байг сонгоод устгаж чадах хэдхэн зэвсгийн систем л байна.
Тухайлбал, Хүлээж халдлага үйлдэгч зэвсэг (LAM[2]) нь дайсны радарын систем, хөлөг онгоц, танк гэх мэт байг байж болох газар нь хүлээж байгаад урьдчилан программчилсан шалгуур үзүүлэлтүүд дээр үндэслэн, мэдрэгч нь дайсны агаараас хамгаалах радарыг олж илрүүлмэгц байгаа устгадаг. LAM нь ирж буй сумыг хүн оператороос илүү хурдан буудахын тулд хиймэл оюуны технологийг ашигладаг бөгөөд илүү урт хугацаанд нисэх боломжтой байдаг.
Израилийн Harop (Harpy II ч гэж нэрлэдэг) радарын эсрэг LAM систем нь 6 цагийн турш нисэх чадвартай, хүний удирдлагагүйгээр шумбаж бөмбөг хаях боломжтой, тулалдааны талбарт хүний амь эрсдэлд оруулдаггүй цор ганц систем болоод байна. Мөн Хятад, Энэтхэг, Герман, Өмнөд Солонгос, Орос, Англи зэрэг улс орнууд бүтэн өөрийгөө удирддаг зэвсгийн системийг хэрэглэхэд бэлэн болоод байна. Тухайлбал ОХУ Уран-9, Вехар зэрэг алсаас удирддаг танкийг нэвтрүүлсэн бол, БНХАУ хиймэл дагуулаар дамжуулан дроноос удирддаг пуужинг 2016 онд анх удаа туршсан байна.
Тагнуулын чиглэлээр болон цэргийн цохилт өгөх зэрэг төрөл бүрийн даалгаварт илүү ухаалаг, хиймэл оюунаар өргөжүүлсэн, хүний оролцоогүй зэвсгийн системүүд ойрын жилүүдэд батлан хамгаалахын салбарт нэвтэрч эхлэх нь тодорхой болоод байна. Том оврын хүний удирдлагагүй усан доогуурх тээврийн хэрэгсэл (UUV-Unmanned Underwater Vehicle) нь хямд өртөгтэй пуужингийн платформ болох боломжтой болно. Ухаалаг, Хиймэл оюунаар өргөжүүлсэн, хүний оролцоогүй зэвсгийн системийг ашиглаж болох тодорхой ажиллагааг тоочвол: мина цэвэрлэгээ ба минажүүлэх ажиллагаа; далай доорхи шумбагч онгоцны эсрэг мэдрэгчийн сүлжээнээс мэдээлэл цуглуулах, тараах; дуу авианы идэвхтэй локатор; тагнуул, тандалт, эрэн сурвалжлах; цахим дайн; пуужинг шумбагч онгоцонд эргүүлэн байршуулах; терроризм, хил хамгаалалт гэх мэт байлдааны бус ажиллагаа; хэт холд чиглэсэн пуужинг удирдлагаар дэмжих гэх мэт.
Нарийн төвөгтэй мэдрэлийн сүлжээнд холбогдсон, Хятадын агаарын болон далайн дронууд, жишээлбэл, Өмнөд Хятадын тэнгисийг бүхэлд нь хянаж байгаа нь АНУ-ын ирээдүйн тэнгисийн навигацын үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй юм. 2018 оны эхээр Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийг дайны болон энхийн цагийн үед хянахад зориулан нисгэгчгүй нисэх онгоцны дэлхийн хамгийн том туршилтын полигоныг барьж эхлэв.
Хиймэл оюуны технологи нь онолын хувьд өөрийгөө удирддаг нисгэгчгүй нисэх төхөөрөмжид ганцаарчилсан нисгэгчтэй онгоцтой харьцуулбал хамаагүй илүү олон төрлийн даалгаврыг биелүүлэх боломж олгодог. Тухайлбал, тулалдаж буй агаарын орон зайд амьдрах чадвараар илүү байхаас гадна эдгээр дэвшилтэд технологийг хэрэглэж байгаа улс орнуудад хэрэглээгүйгээсээ давуу байдал олгох болно. Үүний үр дүнд нь дайснуудын хямд өртөгтэй, түрэмгий, бие даасан довтолгооноос зөвхөн ижилхэн хурд, бие даасан байдалтай, ухаалаг системүүд л хамгаалж чадна.
Цахим дайнд хиймэл оюуны технологийг ашиглан цэргийн GPS эсвэл харилцаа холбооны хиймэл дагуулын дохионд дайснууд хөндлөнгөөс оролцохоос сэргийлж чадна. Жишээлбэл, жижиг, хөдөлгөөнт цахилгаан соронзон долгион сарниулагчийг дайсны довтолгооны мэдрэгч, харилцаа холбоонд нөлөөлөхөд ашиглаж болох бөгөөд энэ нь кибер халдлагатай хамтарч дайсны хамгаалалтыг төөрөлдүүлж, даван туулахад ашиглагддаг. Оросын арми Сири болон Зүүн Украины байлдааны бүсэд GPS-ээр удирддаг нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслийн ажиллагааг тасалдуулах ажиллагаагаа баттай байлгахын тулд долгион сарниулагчдыг байрлуулсан гэж мэдэгдэж байсан.
Эцэст нь хэлэхэд дэлхийн томоохон гүрнүүд аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын дэвшилтэт технологиудыг цэрэг, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хэрэглээд эхэлсэн төдийгүй энэ чиглэлд давуу байдал олж авах өрсөлдөөнд хэдийн оржээ. Ирээдүйн дайн цэрэггүй болох нь тодорхой.
Өвч зэвсэглэсэн, өөрийгөө бүрэн удирдаж, бусадтайгаа холбогдсон, жолоочгүй дрон, танк, нисэх онгоц, усан онгоцны тулаан болно. Хэдийн үйлдвэрлэгдсэн зэвсгийг өөрийгөө удирддаг, бусадтай холбогддог болгоход нүсэр дэд бүтэц бүхий том үйлдвэр шаардлагагүй. Манай улсын хувьд ойрын ирээдүйд байлдааны усан онгоц, нисэх онгоц, танк үйлдвэрлэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ бидэнд цэрэг, батлан хамгаалахын үйлдвэрлэлийн салбарт амжилт олох боломжийг өнөөгийн технологийн хувьсгал олгож байгааг алдаж боломгүй. Учир нь аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын технологиуд улс гүрнүүдийг, аж ахуйн нэгжүүдийг нэг гараанаас эхлэх боломжийг олгож байна. Монголын нэр бүхий компани блокчэйн технологиор дэлхийд тэргүүлэх байр суурьтай, амжилттай ажиллаж байна. Энэ боломжийг алдахгүйн тулд бид дараах ажлуудыг хийх шаардлагатай байна. Үүнд:
- Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн болон бусад технологийн сургуулиуд, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хамтарсан төслүүд хэрэгжүүлэх;
- Бидэнд байгаа дэлхийн хэмжээний мэдээллийн технологийн инженерүүдийг дээрх төслүүдэд татан оролцуулах;
- Төрөөс дээрх чиглэлийн судалгаа, эрдэм шинжилгээний төсвийг нэмэгдүүлэх зэрэг болно.
[1] Swarming technology –хэд хэдэн өөрийгөө удирддаг системийг хооронд нь холбож байлдааны ажиллагаанд нэгдсэн зорилгын төлөө уялдуулан зохицуулдаг технологийн дэвшлийг хэлнэ.
[2] Loitering attack munitions – Бай байрлах хэсэгт хэд хэдэн өөрийгөө удирдах зэвсэг илгээж хүлээж байгаад байг олмогц халдлага үйлдэж устгадаг зэвсгийн систем. Амиа хорлогч дрон, камикадзе дрон ч гэж нэрлэдэг.
Цаг үе
Хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Бодлогын баримт бичиг болон хууль, тогтоол, шийдвэр, шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг сайтар хангаж, удаашраалтай байгаа ажлуудаа эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах.
- Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч ажиллах.
- Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн засвар, орчны тохижилт болон инженерийн шугам сүлжээний ажлуудыг эрчимжүүлж дуусгах, Улсын комисст хүлээлгэж өгөх ажлуудаа шуурхай зохион байгуулах.
- Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах.
- Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ /RFID TAG/-г суурилуулахтай холбоотой ажлыг эрчимжүүлэх.
- Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгч ажиллах.
- Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулж, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах.
- Мэргэжлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа агентлаг болон дүүргүүд төрийн хяналт шалгалтын ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд нь НЗДТГ хяналт тавьж ажиллах.
- Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид, хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулж, эрчимжүүлж ажиллах.
- Орон сууцны болон гэр хорооллын хог тээвэрлэлтийг нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг өгөв.
Цаг үе
Сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газрын хөрснөөс дээж авчээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудыг эрүүл ахуй, чанар, стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсээр хангах, хүнсний аюулгүй байдалд хийж байгаа хяналт шалгалтын талаар холбогдох албаныхнаас тодруулав.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин:
-Сургалтын байгууллагын гадна болон дотор орчинд хяналт шалгалт хийсэн. Гурван байгууллага хамтран сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалд шалгалт хийж байна. Цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийг дөрвөн компани хариуцаж байгаа.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:
-81 байгууллагын уснаас 105 дээж авсан. Мөн сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газрын хөрснөөс 27 дээж авлаа. Эдгээр дээжийг лабораторид хүргүүлж, 56 дүгнэлт гарсан. Шалгалтад хамрагдсан сургуулиас 49 нь хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ явуулж байгаа. Үүнээс түрээсийн гал тогоотой 18, зориулалтын гал тогоогүй 31 сургууль бий. Сургуулиудад боловсон хүчин болон тоног төхөөрөмж дутагдалтай дүгнэлт гарсан. Энэ онд 6381 хүүхдийн хүчин чадалтай 19 сургууль, цэцэрлэг, сургалтын төв ашиглалтад ороод байна хэмээлээ.
Цаг үе
“Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн есдүгээр сарын 28-нд эхэлнэ
НЗДТГ, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран "Улаанбаатар түншлэл-2023" олон улсын үзэсгэлэн яармагийг есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-ний хооронд “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна. 48 дахь жилдээ болох гэж буй тус үзэсгэлэн яармагийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга:
-Үзэсгэлэнд Бүгд Найрамдах Беларус Улсаас долоо, ОХУ-аас 20 гаруй, БНХАУ-ын Ляонинь мужийн 30 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Мөн дотоодын томоохон 30 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Онцлох аж ахуйн нэгжээс дурдвал, Беларус Улсын Минск хотын сүүний шилдэг үйлдвэр, ОХУ-ын хүнсний шилдэг үйлдвэр Окинск зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд хүрэлцэн ирэх юм. Мөн аравдугаар сарын 2-ны өдөр МҮХАҮТ-д Беларус- Монголын бизнес уулзалтыг зохион байгуулна.
Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын Эдийн засаг, бизнес хөгжлийн хэлтсийн дарга Б.Баясгалан:
-Манай байгууллага төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэн бизнес инновацыг дэмжих төсөл хөтөлбөр, олон улсын арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ хүрээнд нийслэлийн инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчлах "Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи - 2022", "Улаанбаатар түншлэл” зэрэг арга хэмжээг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулдаг. Мөн өнгөрсөн жилийн "Улаанбаатар түншлэл” үзэсгэлэнгийн үеэр нийт 1134 бизнес уулзалт болсноос 305 нь хөрөнгө оруулалтын гэрээ хийн, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн.
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
-Тус үзэсгэлэн яармагийн үеэр бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна ижил төрлийн бизнес эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдээс харилцан туршлага судлах, бизнесээ өргөжүүлэх, хамтын ажиллагаа тэлэх боломжтой. Мөн бидний үйл ажиллагаа, үйлдвэрлэл хөгжлийн ямар шатандаа явж байгаа, олон улсын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид бизнестээ ямар инновацыг шингээж буй талаар сайн туршлага судлах боломж бий хэмээсэн юм.
Үзэсгэлэнд хүрэлцэн ирж буй 60 гаруй олон улсын аж ахуйн нэгжүүд нь
- Хөдөө аж ахуй: Био бордоо, органик хог хаягдлыг боловсруулах бэлдмэл, ургац хураагч комбайнууд, бүх төрлийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, ачааны, зорчигч тээврийн, чиргүүлийн, тусгай техник, микроавтобус, электробус
- Барилга: Барилгын материал, гипс хавтан, фанер, хөөс, дамжуулах хоолойн эд анги, LED гэрэлтүүлгийн үйлдвэрлэл
- Хүнс: Жимс, жимсгэнэ, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, зөгийн үйлдвэрлэл, зэрлэг ойн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, тосны ургамлын үр тариа (маалинга, рапс)-ны бүтээгдэхүүн, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслаг, цөцгийн тос, мах, махан хагас боловсруулсан бүтээгдэхүүн, чихэр
- Хөнгөн үйлдвэр: Бугын үслэг эдлэлээр хийсэн гутал, халуун хадгалах сав, гэр ахуйн хэрэгсэл
- Эрүүл мэнд: Мал эмнэлгийн эмийн сангийн сүлжээ, байгаль нуурын давирхай гэх мэт бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.
-
Үзэл бодол2022/03/17
З.Мэндсайхан: Хүнсний ногоочдыг дэмжсэн чухал шийдвэрүүдийг Засгийн газрын хурал...
-
Урлаг спорт2020/01/07
“Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-д өөрчлөлт орууллаа
-
Цаг үе2021/08/03
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүд
-
Цаг үе2020/09/18
Б.Агваанцэрэн: Банканд дугаарлах цаг заваа хэмнээд бас урамшуулал авах боломж ол...
Сэтгэгдэл