Урлаг спорт
“Нандин нас” хүүхдийн киног гаргаж буй “Боловсрол суваг ТВ”-дээ баярлалаа
“Боловсрол суваг ТВ” бол байгуулагдсан цагаасаа эхлээд хүүхдэд зориулсан, тэдний хүмүүжил, боловсрол руу чиглэсэн олон контент нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэж, хүүхдийн гэсэн уран бүтээл болгоныг дэмжиж ирсэн. Энэ утгаараа ч хаана , хэн хүүхдэд зориулсан бүтээл туурвина, түүнийг дэмжиж байдаг билээ. Саяханаас тус телевиз “Төгс хөгжил” пропакшингийн бүтээл болох “Нандин нас” олон ангит кино гаргаж эхэлсэн. Энэхүү кино нь өсвөр насны хүүхдүүдийн амьдралыг бодитоор харуулсан бөгөөд 04 сарын 22 нд гарсан 8-р анги дээр хүүхдүүд үнсэх шийтгэлтэй тоглоом тоглодог хэсэг гарсан нь эцэг эхчүүдийн эгдүүцэл дургүйг хүргэж сошиал орчинд олон шүүмжлэл дагуулаад байна. Энэ байдлаас болж “Нандин нас” киноны зохиолч, найруулагч Ж.Буянтөгс өөрийн фэйсбүүк хуудаснаа дараах тайлбарыг оруулсан байна. Та бүхэнд энэхүү тайлбарыг бүрэн эхээр хүргэж байна.
Ж.Буянтөгс: Хүүхдүүд үнсэлцэж болохгүй гэдгийг тэд ашгүй анзаарч харж эхэллээ.
ЭМЯ-ны судалгаанаас харахад жилд дундажаар 1500-1600 өсвөр насны хүүхэд жирэмсэн болдог, үр хөндүүлдэг гэсэн тоо баримт байгаа нь сэтгэл өвтгөж байна.
Бид хүүхдээ ийм байдалд хүргэхгүйн тулд анхаарал тавих шаардлагатай байна.
Энэ кино гарсанаар эцэг эхчүүд хүүхдүүдээ хаана юу хийж, хэнтэй нөхөрлөж байгааг анзаарах, анхааруулах зорилго маань биелэлээ олсоор байна.
Кинонд маань хүүхэд хамгаалал, хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон мессэж хүрэх болно. Бид өөрсдийн туулж өнгөрөөсөн өсвөр үе шигээ өнөөгийн хүүхдийн ертөнцийг үнэлж болохгүй ээ. Таны хүүхэд үнсэлцдэггүй байж болно, гэхдээ томчууд бидний анзаарангуй, хараа хяналт сул байгаагийн уршигаар амьдралд хөл алдаж, жирэмслэж байгаа нэгэн дэргэд нь тун ойр байгаа гэдгийг та мэдэж байгаа. Харин ч “Боловсрол суваг ТВ” ээж аавуудын нүдийг нээж, хүчтэй дуугархад минь хүч нэмж бидний уран бүтээлийг телевизийн сувагаараа гаргаж, олон хүнд хүргэж өгч байгаад талархаж байна. Яг үнэндээ бол ажил, ажил гээд үр хүүхэддээ зав, цаг маш бага гаргадаг аав ээжүүд гэнэт сэрлээ...
Тэд одоо өсвөр насны хүүхэдтэй гэдгээ ухаарлаа... Хүүхдүүдээ ангийн найз нөхөд, хэн нэгэнтэй амралт, зугаалгаар явуулахдаа хамт явж байгаа хүмүүс нь, нөхөрлөж байгаа найзууд нь ямар хүмүүс байгааг анзаарах ёстойг, үр хүүхэдтэйгээ ярилцах ёстойг ойлголоо.Энэ мэтчилэн өсвөр насны хүүхдэд учирч болох олон хүнд асуудал байдгийг Өсвөрийн клиник, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс бүгд дуу хоолойгоо нэгтгэн ажиллаж эхэллээ. Хүүхдэд зориулсан кино уран бүтээлийг хүүхэд л үздэг гэсэн ойлголтоосоо салах цаг ирсээн аав, ээжүүдээ. Хүүхдийн киног аав ээ, ах эгч, эмээ өвөө, сурган хүмүүжүүлэгч багш нар та бүгд үзэж байж хүүхдийн хүмүүжлийн талаар илүү ойлголт, мэдээлэлтэй болох юм. Энэ л уран бүтээлчид бидний зорилго, та бүхэнд хүргэх гэсэн утга санаа билээ. Хүүхэддээ цаг зав гаргацгаая, таны хүүхэд хэнтэй нөхөрлөж, хаагуур явж, юу хийж байгааг мэддэг байцгаая. Гол нь хүүхэдтэйгээ маш сайн ярилцлагч, дотны анд нь байгаарай аав, ээжүүдээ. Гэр бүл болгон аз жаргалтай, хүүхэд бүр инээд хөөртэй, айдасгүй орчинд, айдасгүй нийгэмд эрүүл энх өсөж торинох болтугай.
Урлаг спорт
Чингис хаан үзэсгэлэн ирэх онд Берлинд нээгдэнэ
Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун ХБНГУ-ын Берлиний Улсын Музейн бүрэлдэхүүн дэх Пруссийн Соёлын Өвийн Сангийн харьяа Өвөг ба Эртний Түүхийн музейн захирал Др.Проф. Маттиас Вемхофф,тус музейн эрдэм шинжилгээний ажилтан Доктор Антон Гасс нартай өчигдөр албан уулзалт хийжээ.
Уулзалтын үеэр Берлинд ирэх онд зохион байгуулагдах үзэсгэлэнгийн бэлтгэл ажил болоод музей хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх гэрээ, каталог, дагалдах хөтөлбөр, реклам зар сурталчилгаа бусад асуудлаар ярилцаж тохиролцов.

Дашрамд мэдээлэхэд, Чингис хаан Үндэсний музей нь гадаад харилцаа хамтын ажиллагаандаа ихээхэн анхаарч ажилласнаар одоогийн байдлаар 2023 онд Франц улсын Нантын түүхийн музейд Чингис хааны тухай олон улсын үзэсгэлэн, 2024 онд Европийн улс орнуудад хадгалагдаж байгаа.
Монголын эзэнт улстай холбоотой ховор нандин дурсгалууд багтсан “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг эх орондоо дэлгэж, 2025 онд Чех Улсын Прага хотноо “Чингис хаан” үзэсгэлэн, Япоын Осака хотноо “World expo2025” үзэсгэлэнд Монголын эзэнт гүрний түүхийг харуулсан үзмэрүүдээрээ оролцсон бол, хэдхэн хоногийн өмнө Швейцарын Холбооны улсын Цюрих хотын хамгийн том урлагийн музей болох Ритбергийн музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнг дэлгэж Европчуудад Монголын түүх, соёлыг сурталчан хүргэж байна.
Урлаг спорт
Нүүдэлчдийн түүхийг орчин цагтай холбон цаг хугацаагаар аялуулж эхэллээ
Чингис хаан Үндэсний музей нь Швейцарын Ритберг музейтэй хамтран “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэнгээ Цюрих хотноо (2025.10.23) дэлгэж нээлтээ хийжээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын талаас ССАЖЗЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Даваацэрэн, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн газрын дарга С.Дэлгэрмаа, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Рэгзэн, Хархорум музейн захирал Т.Баяраа, Швейцарын Холбооны Улс дахь Байнгын төлөөлөгч бөгөөд Элчин сайд Д.Гэрэлмаа болон эрдэмтэн судлаачид, Швейцарын талаас Цюрих хотын захирагч Коринне Маух, Ритбергийн музейн захирал Aннетт Бхагват болон бусад төлөөлөл 200 гаруй үзэгчид оролцлоо.

Их эзэн Чингис хааныхаа суу алдрыг дэлхийн дахинд түгээх, нүүдлийн иргэншилт Монголчуудын өв соёлыг сурталчлан таниулах, Чингис хаан болон Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүхэн үнэнийг ирээдүй хойч үед зөв танин мэдүүлэх зорилгоор Чингис хаан Үндэсний музей, Хархорум музей ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэн хамтран 162 дэсийн 235 үзмэр, эд өлгийн зүйлсээр баяжуулан дэглэсэн үзэсгэлэн нь ирэх оны хоёрдугаар сарын 22-ны өдрийг хүртэл дэлгэгдэнэ.
Уг үзэсгэлэн Монгол орны талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөхийн зэрэгцээ орчин үеийн урлагийг Монголын түүхтэй холбон гаргаж үндсэн гурван хэсгээс бүрдэж буй юм. Хүннү гүрнээс Монголын эзэн гүрэн хүртэлх 1-14 зуунд ЕвроАзийн соёл, техник бараа бүтээгдэхүүний солилцоонд Монголчууд эртний соёлын бүс нутаг байсныг маш сонирхолтой байдлаар дүрслэн үзүүлж байна.

Үзэсгэлэнг нээж ССАЖЗЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Даваацэрэн хэлэхдээ “Энэхүү үзэсгэлэн нь эртний нүүдэлчдийн мянганаар хэмжигдэх өв уламжлал,үндэсний сэтгэлгээний цөмийг орчин цагийн хүмүүнд хүргэх онцгой завшаан болоод Монголын ард түмний түүхийн замнал, урлагийн өв, оюун санааны гүн гүнзгий илэрхийлэл юм. Соёл нь улс орнуудыг холбодог хамгийн хүчирхэг хэл, үзэсгэлэн нь тэр гайхамшигт хэлний тод жишээ юм” гэдгийг тодотгов.

Тэрбээр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун “ Монгол орон: Цаг хугацааны аялал үзэсгэлэн нь Монголын нүүдэлчдийн түүхийг бүрэн хэмжээнд харуулахын зэрэгцээ нүүдлийн ертөнцөд биднийг хөтлөн хүргэж илүү гайхамшиг, илүү өндөр технологи, ур чадварыг мэдрүүлэх болно. Ирээдүй болгон гайхамшиг биш, харин өнгөрсөн нь түүнээс ч дутуугүй бишрүүлнэ. Зөвхөн цаг хугацаагаар аялах төдий зүйл биш шинэ мэдлэгийг өнгөрснөөс олж, ирээдүйд илгээх зурвас юу болохыг энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан мэдрэх болно” хэмээн онцлон хэллээ. Ритбергийн музей нь Монгол болон Дорно дахины өв соёлын цуглуулгаараа гайхамшигтай Швейцар улсын хамгиийн том урлагийн музей бөгөөд Монголын соёлын өвийг дэлхийн дахинд сурталчлан таниулах үйлсэд бидэнтэй үргэлж хамтран ажилладагт талархлаа илэрхийлье гэв.
Чингис хаан Үндэсний музей нь энэ жил Чех Улсын Прага хотноо “Чингис хаан” үзэсгэлэн, Япоын Осака хотноо “World expo2025” үзэсгэлэнд Монголын эзэнт гүрний түүхийг харуулсан үзмэрүүдээрээ оролцсон бол, Швейцарын Цюрих хотноо анхны үзэсгэлэнгээ дэлгэж Европийн үзэгчдэд хүргэж байна.

Тус үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейн куратор Л.Есөнтэй, Үзмэрийн бүртгэл хариуцсан бүртгэл мэдээллийн санч С.Буянжаргал нар Монголоос үзмэрүүдийг хариуцан авчирч Ритбергийн музейд хүлээлгэн өгч, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг ханган танхимуудад дэглэлтийн ажлыг бүрэн гүйцэтгэв.


Эх сурвалж: Чингис хаан Үндэсний музей
Урлаг спорт
“Бахрейн 2025”: Монголын муайтай спортын тамирчин М.Бямбацогт хүрэл медаль хүртлээ
Азийн залуучуудын наадмын муайтай спортын төрөлд Спортын мастер М.Бямбацогт 54 кг-ийн жинд Хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүллээ.
Түүний жинд 19 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин Палестин, Туркменистаны тамирчдыг ялж, улмаар мөнгөн медаль хүртсэн Камбожийн тамирчин Чонг Висалд ялагдсанаар ийнхүү хүрэл медаль хүртлээ. Алтан медалийг Узбекистаны тамирчин Нурхужаев Мукаффар хүртсэн байна.
Монгол Улсаа төлөөлөн муайтай спортын төрөлд тамирчин М. Бямбацогт, Ч.Есүй, М. Энх-Учрал, Б. Бадам, С. Бямбажав нарын таван тамирчин дасгалжуулагч багш Э. Мөнхбаатар, Н.Идэрмөрөн нарын удирдлага дор амжилттай оролцож ийнхүү тэмцээнээ өндөрлүүллээ.
-
Цаг үе2023/03/13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2020/11/20
Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг түр х...
-
Улстөр нийгэм2024/08/09
Иргэний шилжилт хөдөлгөөнийг даваа гарагт зогсооно
-
Улстөр нийгэм2022/08/15
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэр хорооллыг хөгжүүлэх концепцийг дахин төлөвлөх үүр...
