Улстөр нийгэм
УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын өнөөдрийн (2020.04.29) чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ж.Ганбаатар, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Б.Чойжилсүрэн нараас 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дээрх төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 04 дүгээр сарын 29-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тогтоолын төсөл дэх эмч, эмнэлгийн ажилтан, төрийн албан хаагчид зориулсан ипотекийн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргах тухай заалтыг өргөжүүлж, “төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчийн” гэж өөрчлөх, эдийн засгийг идэвхжүүлэх, хямралын эсрэг тусгай зориулалтын сан байгуулах, Л.Элдэв-очир гишүүн малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор тодорхой арга хэмжээ авах талаар шинэ заалт нэмэх зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар жилийн 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой 250 хүртэлх иргэнийг ажлын байраар хангаж байгаа аж ахуйн нэгжүүдэд онцгой нөхцөлийн, урт хугацаатай 1 хувийн хүүтэй зээл олгох, 1 кг ноолуурыг 100.000 төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах, иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу 1 сая төгрөгтэй тэнцэх үнэт цаас эзэмшигчдийн үнэт цаасыг 2020 оны II улиралд багтаан авах зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Эрдэнэбат, Л.Элдэв-очир нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг “8.Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, банкны эрх хүлээн авагч нартай хамтарсан ажлын хэсэг байгуулж татан буугдсан банкны чанаргүй активыг шуурхай барагдуулах, төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болон улсын орлогод хураагдсан эд хөрөнгөөс олсон орлогыг эдийн засгийн засгийн эргэлтэд оруулж, эмнэлэг сургууль, улсын хэрэгцээнд ашиглах” хэмээн өөрчлөн найруулахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн 97.5 хувь нь дэмжив. Төслийн 2 дугаар зүйлд “11. Эдийн засгийг идэвхжүүлэх, хямралын эсрэг тусгай зорилтот сан байгуулах” гэж нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэн.
Түүнчлэн тогтоолын төсөлд 3 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. Уг заалтад Малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг яаралтай зохион байгуулах, ноолуурыг бүх хилийн боомтоор саадгүй нэвтрүүлэх, холбогдох хураамжуудын хэмжээг тэглэх, ноолуурын килограммын суурь үнэ дээр нэг килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин бүрд олгох, гадаад улсын худалдан авагч нарыг ноолуур бэлтгэх үйл ажиллагаанд татан оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах агуулга бүхий заалт нэмэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 45 гишүүний 43 нь дэмжсэн юм. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Шударга мэдээ2026/05/19
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн га...
-
Улстөр нийгэм2021/08/05
УИХ-ын дарга Г.Занданшатар Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд...
-
Цаг үе2024/03/19
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
-
Улстөр нийгэм2021/11/18
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
