Бидэнтэй нэгдэх

Цаг үе

"Онц хилчин" Норд

Огноо:

,

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ

Хилчдийн үнэнч нөхөр болсон нь

Хилчдийн үнэнч нөхөр байсаар ирсэн, байсаар ч байгаа сайн нөхрийнхөө тухай нийтлэл бичье гэж бодсоор уджээ. Улсын хил хамгаалалтад олон бахдам амжилтыг үзүүлсэн Нордын тухай та сонсож байсан биз. Хилийн цэргийн албаны нохойн түүхэнд Хилийн 0243 дугаар ангийн Нордтой эн тэнцүү үүрэг гүйцэтгэсэн нохой ховор. Албаны Норд дуудлагатай Дорнод Европ үүлдрийн нохойг 2012 онд ОХУ-аас 1.2 сая төгрөгөөр Хил хамгаалах байгууллага худалдан авчээ. Норд нэг настайдаа ийнхүү Монголын хилчдийн үнэнч нөхөр болсон байна.

ОХУ-аас ирсэн даруйдаа Баянчандмань дахь Албаны нохойн сургалтын төвийн гурван сарын давтаэн сургалтад хамрагдахдаа 30 гаруй нохойноос амжилтаараа тэргүүлсэн нь тун ирээдүйтэй эрэлч нохой болохыг нь нотолжээ. Нордын онцгой чадвар нь морин дээрээс хүнийг шүүрч унагах эрдмийг гойд эзэмшсэн явдал. Монголын хилийн албаны эрэлч нохойн онцгой ур чадварыг харуулсан чөлөөт үзүүлбэрээрээ Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож, гадаад, дотоодын олон уулзалт, арга хэмжээний үеэр байгууллагын нүүр царай болсон. Түүний байгуулсан хамгийн эрхэм гавьяа бол 18 удаагийн хилийн зөрчлийг эрэлч нохойн үүргээ биелүүлэн илрүүлсэн явдал юм. Гүйцэтгэх албаны чиглэлээр хилийн зөрчил илрүүлэх удаа дараагийн ажиллагаанд оролцсон тоог энд дурдсангүй.

Хил зөрчигчийн халуун мөрөөр

Нордын хамгийн анх илрүүлсэн хэрэг бол 2013 онд Хилийн 0243 дугаар ангийн хилийн дугаар салбарын чиглэлээр согтуугаар нэгэн иргэн улсын хил зөрчин айлын өвөлжөөнд нуугдсан байхад мөрөөр нь илрүүлсэн байна. Харин хамгийн холын зайд эрэл хийж хил зөрчигчийг илрүүлэхдээ тасралтгүй 12 цагийн турш үүрэг гүйцэтгэсэн байдаг. Хоёр хил зөрчигч адуу хулгайлан улмаар айлд бүгснийг мориных нь эмээл болон эрлийн замналын турш цуглуулсан тамхины иш, хайрцаг, дээлийн уранхай өөдөсний тусламжтайгаар нотолсон байдаг. 2013 онд манай улсын тодорхой тооны иргэд ОХУ-ын талаас адуу хулгайлах зорилгоор улсын хил зөрчин буцаж орж ирсэн хоёр удаагийн үйлдлийг Нордыг ашиглан саатуулсан байна.

Арваннэгдүгээр сарын 13-нд хилийн салбарын хариуцсан хэсэг дугаар тэмдэгтийн чиглэлд гадаадаас ОХУ-ын нэг иргэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас төөрч, улсын хил зөрчин орж ирээд хилээс 11 км зайд айлын өвөлжөөнд байсныг албаны нохой ашиглан илрүүлсэн. 2013 оны арваннэгдүгээр сарын 28-нд манай улсын хоёр иргэн ан хийх зорилгоор, зургадугаар сарын 09-нд манай улсын нэг иргэн ар гэрийхэнтэйгээ маргалдсаны улмаас хил давах зорилгоор явж байсныг Нордыг ашиглан саатуулсан байна. Ийнхүү Норд 2013 онд зургаан удаагийн хилийн зөрчлийг амжилттай илрүүлэн мандаж эхлэв. Түүний амжилт үргэлжилсээр 2016 оны тавдугаар сарын 11-нд хилийн салбарын хариуцсан хэсэг хилийн дугаар тэмдэгтийн чиглэлд манай улсын хоёр иргэн дотоодоос хил даван ОХУ-ын талаас адуу хулгайлах зорилгоор гараад буцаж орж ирэн хилээс 12 км зайд айлд нуугдаж байх үед нь Нордыг ашиглан илрүүлж саатуулав. Мөн оны арванхоёрдугаар сарын 04-нд хилийн салбарын хариуцсан хэсэг Баруун моностой гэх газар самар түүж яваад сураггүй алга болсон хоёр иргэнийг эрж хайх, чиглэл тогтоох, илрүүлж олох ажиллагаанд Нордыг нийт зургаан км орчимд мөрдөлт явуулж ашигласан нь тухайн үед ихэд үнэлэгдсэн билээ.

2017 оны нэгдүгээр сарын 16-нд хилийн салбарын хариуцсан хэсгээр манай улсын гурван иргэн ан хийж яваад хил зөрчиж ОХУ-ын талд хилийн манаатай таарч буцаж зугатаан улсын хил даван орж ирээд хилээс 10 км зайд айлд байсныг ул мөрний дагуу Нордоор мөрдүүлж илрүүлсэн. Мөн онд манай улсын болон ОХУ-ын тодорхой тооны иргэд самар түүх зорилгоор улсын хил зөрчсөн хоёр удаагийг үйлдлийг илрүүлэв. 2017 оны долдугаар сарын 17-нд хилийн салбарын хариуцсан хэсэг дугаар тэмдэгтийн чиглэлээр гадаадаас ОХУ-ын хоёр иргэн хил даван орж ирээд хилээс найман км зайд явсан чиглэлийг ул мөрний дагуу Нордыг ашиглан тогтоож илрүүлсэн.

2018 оны долдугаар сарын 05-нд хилийн салбарын хариуцсан хэсэгт хилийн дугаар тэмдэгтийн чиглэлд гадаадаас ОХУ-ын дөрвөн иргэн автомашин уналгатай төөрснийг, арванхоёрдугаар сарын 05-нд хилийн салбарын хариуцсан хэсэгт манай улсын нэг иргэн дотоодоос малаа авах зорилгоор улсын хилийг таван км зөрчин буцаж хил даван хилээс хоёр км зайд байсныг Нордыг ашиглан илрүүлэв. Хилийн Алтанбулагийн боомтоор баримт бичгийн зөрчилтэй хоёр зорчигчийг нутгийн гүнд нуугдсан чиглэлийг тогтооход түүний гүйцэтгэсэн үүрэг их.

2019 оны наймдугаар 16-нд манай улсын долоон иргэн улсын хил зөрчин ОХУ-ын талд ан хийж яваад хилийн манаатай тааран зугтааж улсын хил даван орж ирсэн гэх цагийн байдлын мэдээллийн дагуу чиглэл тогтооход Норд чухал үүрэг гүйцэтгэв.

2019 оны долдугаар сарын 26-ны өдөр. Манай улсын хоёр иргэн ОХУ-ын талаас адуу хулгайлан хил давуулан оруулж ирээд хилийн манаатай тааран тууж явсан адуугаа орхин зугтаасан тул тухайн 30 тооны адууг эрж хайн олох, чиглэл тогтоох эрлийн ажиллагаанд Нордыг ашигласан байна. Тус үүрэг гүйцэтгэлтийн үеэр Нордын ажлын ачаалал даах чадамж буурсан нь илтэд мэдэгджээ. Уулархаг хэсгээр ачаалал өндөртэй үүрэг гүйцэтгүүлсэн учраас нэлээд ядарч байгааг нь нохой сургагч нь анзаарсан байна. Ер нь нохойны мөрдлөг хийн ажиллах чадвар нь зургаан цаг орчим байдаг аж. Хоёр цаг тутамд амраагаад эргээд мөрдүүлдэг байна. Ийнхүү Нордын удаа дараалан илрүүлсэн хилийн зөрчлүүдийг нэрлэвэл олон юм. Норд одоо арван настай. Байгалийн жамаар тэр хөгширч, тэтгэвэртээ гарах цаг нь болжээ. Одоогоор Норд Хилийн 0243 дугаар ангийн хилийн 0295 дугаар салбарт үүргээ гүйцэтгэж байгаа юм. Өнгөрсөн жил анги албаны нохойны хотхоныг тус салбарт байгуулан эрлийн болон харуул хамгаалалт, үржлийн чиглэлээр албаны нохойг өсгөн үржүүлж байгаа аж.

Ширүүн догшин Норд

Норд ширүүн догшин араншинтай. Зан чанарын хувьд хөдөлгөөнтэй, тогтворгүй буюу холерик шинж чанартай. Түүний зан чанарын энэ онцлогт тохируулан багаас нь хөөн барилтын чиглэлээр сургасан аж. Морин дээрээс хил зөрчигчийг саатуулах ажиллагааг сайтар сурч төвөггүйхэн үсрээд морины цаана гарчихна. Мөн эзнийхээ зааварчилгаагаар “морь руу” командаар тэр сайн ажиллаж сурсан. Түүнийг ийнхүү сургахад хамгийн гол нь номхон морь байх шаардлагатай. Ер нь морь, нохой хоёр хоорондоо сайтар дасаж байж энэ үзүүлбэрийг гаргана.

Хоёр сарын турш бэлтгэл сургуулилт хийж Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойгоор тэд дээрх  үзүүлбэрийг амжилттай үзүүлэн үзэгч олныг шуугиулаад авсан юм. Бэлтгэлийн явцад нохой сургагч гараа хугалсан ч манай хоёр зорилгодоо хүрч, үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна. Жилийн дөрвөн улирал, өдөр шөнийн алинд ч бай өгөгдсөн цагийн байдлын дагуу ангийн тусгай томилгоот бүлэг үүрэг гүйцэтгэн бүлгийн даргын өгсөн шийдвэрийн дагуу зөрчлийн газарт очин тухайн газар оронд үзлэг хийх, хил зөрчигчийн мөр, эд зүйлсийн үнэрээр мөрдөн хөөх, нуугдаж байгаа газар орон байр объектоос олж илрүүлэх, саатуулах, хуяглан хүргэх зорилгоор албаны нохой Нордыг ашигласаар ирсэн байна.

Тэр миний амжилт бүтээлийн эхлэл байж чадсан

Нордын талаар ийнхүү ярихад нохой сургагчийг орхиж боломгүй. Хилийн 0243 дугаар ангийн албаны нохой сургагч, ахлах ахлагч Н.Сэлэнгэ. Тус ангид 2002 онд хөгжимчнөөр орж, 13 настайгаасаа хилчин болжээ. Хугацаат цэргийн албыг ангидаа хааж, 2012 оноос нохой сургагчаар ажиллаж эхэлсэн юм. Ер нь нохой сургагч, нохой хоёр биендээ дасаж, байнга хамт байх ёстой. Тэгж нохойны зан байдлыг илүү сайн танин мэднэ. Нордыг хилийн зөрчил илрүүлэх бүрт ахлах ахлагч Н.Сэлэнгийн ажлын үр дүн гарч байгаа учраас тэрбээр ихэд баярладаг гэсэн. Мэдээж хил зөрчигчийг илрүүлэн саатуулах нь хилчдийн эрхэм үүрэг. Нөгөөтэйгүүр түүний ажлын үр дүнгийн илрэл гарч байгаа учраас баярлахгүй байхын арга үгүй юм.

Найман жилийн туршид тасралтгүй нөхөрлөсөн манай хоёрын амжилт ч чамгүй.  Хил хамгаалах байгууллагын бүхий л төрлийн шагнал, урамшууллаар удаа дараагийн хилийн зөрчил илрүүлэхдээ шагнагджээ. Хил хамгаалалтад албаны нохойг хилчид ашиглаж, үр дүнгээ өгч байгаагийн нэгээхэн илэрхийлэл энэ юм. Албаны нохой сургагч багш, ахлах ахлагч Н.Сэлэнгийн хувьд хилийн зөрчлийн үед цагийн байдлыг үнэлэх, бүлгийн даргын шийдвэрийг дагах, нохойгоо ажиглах гээд нарийн нягт ажиллагааг шаардагддагийг ярилаа. Нохой ямар үед, ямар шинж тэмдэг гаргадагийг тэрбээр алдахгүй “унших” үүрэгтэй.

“Hохой гүйгээд л, би хойноос нь гүйгээд л хэн нь түрүүлж ядарч унах вэ гэдгээ үзэх гэж байгаа биш дээ. Нордын хувьд мөр олохдоо улам бүр толгойгоо доошлуулж, мөрнөөс гарахдаа сүүлээ хөдөлгөн, эргээд орохдоо нягт үнэрлэн чигээрээ явдаг зантай. Хилийн манаанд явж байхад нохой аль чиглэлд харж, чимээ чагнаж байгааг нь сайтар анхаарах шаардлагатай. Энэ бүхнийг би гэрэл зургаар баримтжуулан, ажиглалт хийнэ. Нэг ширхэг тамхины иш, сэмэрхий даавууны өөдөс ч тухайн ажиллагаанд эцсийн баримт болох нь бий” гэлээ. Нохойг сургахын тулд хүнээс асар их тэвчээр шаарддаг. Жишээлбэл "суу" командыг ягштал биелүүлдэг болгохын тулд хэдэн зуу, хэдэн мянган удаа давтана. Нордыг сургахдаа тоглоом, хоол хоёрыг ашиглажээ.

Монголчууд нохойг өөрийн халуун ам бүлийн нэгэн гишүүнд тооцдог. Ахлах ахлагч Н.Сэлэнгийнх ам бүл зургуулаа. Тэдний дөрвөн хүүхэд Нордод тун хайртай. Ааваасаа Нордыг байнга аваад ирээч гэж гуйдаг байна. Түүний эхнэр утсан дээр чинь хүүхдүүдийн зурагнаас илүүтэй нохойны зураг байдаг гэж шүүмжилдэг талаар ярьж инээв. Хүүхдүүд нь ч амьтанд хайртай болон өсөж байгаад тэд баярладаг. Норд үүрнээсээ оргон тэдний гэрт хүрээд ирэх нь олонтаа. Нэг хөгтэй явдал болжээ. Нохой жилийн шинийн нэгний өглөө Норд алга болсон тул Сэлэнгэ аймгийн нүүр хуудсаар эрэл хайгуул болон зарлан сандарцгааж л дээ. Норд тэр хооронд гэрт нь оччихсон байж. Нохой жил ч гарч, нохой нь алга болж тэрийгээ аймаг даяар зарлуулсан хэрэгт мань хоёр унаж ангийн удирдлагаас шүүмжлэл хүртээд авсан гэнэ. Сэлэнгэ, Норд хоёр хот руу олон удаагийн арга хэмжээнд оролцсоор сүүлдээ Сэлэнгийнхний хэзээний танил болсон гэнэ. Автобусанд хоёр хүний суудал аваад л хамгийн хойно нь суучихна. Эхлээд гэрэвшиж байснаа сүүлдээ автобусаараа найз болцгоодог гэсэн.

“Онц хилчин” Норд

Норд, Сэлэнгэ хоёрын түүх товчхондоо ийм. Ахлах ахлагч Н.Сэлэнгийн мөрөөдөл нь нохойгоо “Онц хилчин” болгох. “Онц хилчин” гэх эрхэм тэмдгийг Норд эзнийхээ энгэрт 2017 онд зүүж өгсөн гавьяатай. 2016 оны аравдугаар сарын 11-нд хилийн салбарын хариуцсан хэсэг хилийн дугаар тэмдэгтийн чиглэлд манай улсын 11 иргэн дотоодоос ОХУ-ын талд самар түүх зорилгоор гараад буцаж улсын хил зөрчин орж ирээд хилээс зургаан км зайд байрлаж байх үед албаны нохой ашиглан илрүүлсэн тул тэд шагнагджээ. Ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Х.Дамдинсүрэн, “Хил хамгаалах байгууллагын бүхий л шагналыг чи авч чадлаа. Одоо харин нохойгоо хэрхэн шагнах гэж байна даа” гэхэд нь сэтгэлдээ эрхэм бодол тээсээр өдийг хүргэжээ.

Энэ жил Норд арван настай. Тус үүлдрийн нохой ихэвчлэн 14 орчим насладаг аж. Хил хамгаалах байгууллагын түүхэнд нэртэй, зүстэй Нордыг алдаршуулахын тулд Хилийн 0243 дугаар ангийн удирдлагын зүгээс хөшөө барих, ном бүтээх төлөвлөгөө бий гэсэн. Улсын хил хамгаалалтад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн үнэнч сайн анд, хэзээ ч, юунд ч хувираагүй итгэлт нөхөр, хилчин Нордын дууль ийм. Хилийн цэргийн түүхэнд, Хилийн 0243 дугаар ангийн хилчдийн сэтгэлд Норд баатар мэт үлдэж чадсан. Магадгүй тэр үүргээ л гүйцэтгэсэн ч амьтай бүхэн урмаар тэтгэгдэх учиртай. Албаны нохой гэдэг зөвхөн нохой сургагч нар, тухайн чиглэлийн цөөн хэдэн хилчдэд хамааралтай мэт ханддаг энэ асуудлын цаана улсын хил хамгаалалтын үр дүн, хилчдийн нөр их хөдөлмөр шингэсэн байдаг. Хил хамгаалах байгууллагын хувьд Норд тэдний түүчээ нь юм.

Албаны нохдын байгуулсан гавьяа, илрүүлсэн хилийн зөрчлийн тоог энэ мэтээр дурдвал чамгүй урт үргэлжлэх аж. Эрэлч нохой хүн хүч, техник хэрэгсэл, цаг хугацаа хэмнэдэг. Манай улсын хууль хүчний байгууллагууд ч албанд эрлийн нохойг ашиглаж, үр дүнгээ өгсөөр байна. Тухайлбал, гаалийн байгууллага хар тамхи илрүүлсэн нохой хөтлөгчийг хоёр өрөө байраар шагнаж байсан тохиолдол байдаг. ЦЕГ-ын нохой сургалтын төвийн хашаанд Руслан нэртэй нохойн хөшөө бий. Энэ нохой хэрэгтнийг хөөж явахдаа 12 удаа хутгалуулсан ч шархаа үл тоон дайрсаар гэмт этгээдийг барьж чадсан гэдгээрээ алдартай. Мөн Пума нэртэй нохой Ховдод илрэлгүй удаад байсан хүн амины хэргийг илрүүлсэн гээд үнэрч нохдын баатарлаг жишээ олон. 1990 оноос өмнө гавьяа байгуулсан нохойнд манай улсын хууль хүчний байгууллагынхан медаль, шагнал урамшуулал олгодог байсан юм билээ. Цагдаагийн хошууч цолтой нохой хүртэл байсныг энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүс хэлж ярьдаг.

Энэхүү нийтлэлээр албаны нохой сургагч нар болоод хилч нохдыг урамшуулах, алдаршуулах эрхэм зорилгыг шингээлээ. Хилийн ангиудад нохой сургагч нар мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй, ойрхон солигддог, хүн, нохой хоёрын хооронд итгэлт харилцаа үүсэх боломж хомс байдаг талаар хилчид ярьдаг. Тэгвэл хилийн эрлийн ажиллагаа болон хилийн манаанд албаны нохойг цаашид хүч нэмэгдүүлэн оролцуулж, улсын хил хамгаалалтад үр дүнтэй ашигласнаар хилийн эрэлч нохдын улсын хил хамгаалалтад оруулах хувь нэмэр асар их юм. Хүн, нохой хоёр ижил дасал болон хилийн зөрчил илрүүлнэ гэдэг амаргүй хөдөлмөр. Цаг хугацаа ч шаардлагатай. Гэхдээ тэд үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэсээр, хил хамгаалалтад хувь нэмрээ оруулсаар байгаагийн нэгэн жишээ Норд билээ. Тиймээс хилчдийн эрхэм шагналаар Нордыг шагнуулан алдаршуулахыг хүснэ. Түүх үлддэг шүү дээ...

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Автобусны 23 чиглэлд өөрчлөлт оруулна

Огноо:

,

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн 23 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулах болсныг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдэгдлээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Багшийн дээдийн урд талын авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхтэй холбоотойгоор долдугаар сарын 27-ны өдрийн 06:00 цагаас долдугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хаах болжээ. Тиймээс тус замаар зорчдог нийтийн тээврийн 23 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулах юм. Үүнд,

  • М:1 5 шар – Офицеруудын ордон
  • Ч:8 "Хайлааст-МУБИС-Цэцэг төв"
  • Ч:37 "Улаанхуаран – 4 хороолол"
  • Ч:50 "Улаанхуаран – ТЭЦ3"
  • Ч:63 Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр
  • Ч:66 "Зайсан-Цэцэг төв- 11-р хороолол"
  • Ч:71 120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай
  • ШҮ:1 5 шар – Офицеруудын ордон
  • Ч:157 "Улаанчулуут -Их наран – МУИС" / их багтаамж/
  • Ч:57Б "Улаанчулуут -Их наран – МУИС" / их багтаамж/
  • Ч:78 Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай
  • Ч:7 "Нисэх – МУБИС-Ард кино театр"
  • Ч:29Б "Зүүн 4 зам – Сансар – Вокзал"
  • Ч:48 "Зүүн салаа – Чингэлтэй дүүрэг – МУБИС"
  • Ч:48А "Зүүн салаа – Шинэ зам- Чингэлтэй дүүрэг – МУБИС"
  • Ч:61 "Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат-Алтай хотхон-ТЭЦ3"
  • Ч:72 "Богдхан амралт – Ар зайсангийн гудамж – Сүхбаатарын талбай" /дунд овор/
  • Ч:34 Шар хад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3
  • Ч:28 "СЭЛХ – 7 БУУДАЛ – АРД КИНО ТЕАТР"
  • Ч:53 "Яармаг – МУБИС "
  • Ч:55 "Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж"
  • Ч:7 "Нисэх – МУБИС-Ард кино театр"
  • Ч:2 "Шархад – МУБИС – 3,4 -р хороолол"
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 26-27-нд зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул Сэлбэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голуудын усны түвшин улам нэмэгдэхийг иргэд, аялагчдад онцгойлон анхааруулж байна.

2024 оны долоодугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун зүүн хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.


2024 оны долоодугаар сарын 27-ноос 2024 оны долоодугаар сарын 31-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Монгол-Алтай болон Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн, бусад хугацаанд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Санзайн замд 560 метр ус зайлуулах шугам угсарч байна

Огноо:

,

ЧД-ийн 24 дүгээр хороо, Санзайн зам Ар согоотын автобусны буудал орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын хүрээнд долоодугаар сарын 25-ны 00:00-05:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг хааж, 400ф хуванцар хоолой 500ф ган хоолой угсарлаа. Үргэлжлүүлэн тус байршилд 560 метр борооны ус зайлуулах шугам угсарч байна. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох