Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Т.Батцогт: Улаанбаатар хот хөрсний бохирдлыг бууруулах бодлоготой болно

Огноо:

,

Нийслэл хотод тулгамдаж буй хамгийн том асуудал нь орчны бохирдол. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой зэрэгцээд Улаанбаатар хотын хөрсний бохирдлын асуудал хөндөгдөх болсон. Тэгвэл хотын удирдлага хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлэх нь. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой энэ талаар ярилцлаа.

-Нийслэлийн ИТХ-ын чуулганаар Та хөрсний бохирдлын талаар олонтаа ярьж, тодорхой санаачилга гаргасан. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Улаанбаатар хотын Хөрсний бохирдлын хэмжээ жил ирэх бүр нэмэгдэж байгаа нь эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудын судалгаанаас харагдана. Үүнтэй холбоотой 2017 онд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоол баталж, жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Нийслэлийн хөрс хамгаалах өдөр” болгон зарласан байдаг. Миний хувьд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноосоо хойш уг асуудалд анхаарал хандуулж, мэргэжлийн байгууллага, эрдэмтэд судлаачидтай хамтран Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах, хөрс хамгаалах чиглэлээр үе шаттай ажлуудыг санаачлан ажиллаж байна. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын “Хөрсний бохирдлыг бууруулах, хамгаалах” зорилго бүхий нэгдсэн нэг бодлогын баримт бичигтэй болгохыг зорьж байна, Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уг асуудлыг хөндөн ажиллаж байхад хотод нэгдсэн бодлого, асуудал хариуцсан нэгж байхгүйгээс ажил урагшгүй, тодорхойгүй байдаг нь ажиглагдсан юм. Тиймээс нийслэлийн хэмжээнд Хөрсний бохирдлын асуудал хариуцсан цомхон, мэргэжлийн баг, нэгж бий болгох асуудлаар хотын удирдлагуудад удаа дараа хандсан. Гэвч одоогоор шийдэгдээгүй байна.  

-Ер нь нийслэлийн хөрс гэлтгүй агаар, орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн тухай ҮАБЗ-өөс зарласан. Тэгэхээр энэ мэт гамшгийн хэмжээнд хүрсэн агаар болоод хөрсний бохирдлыг бууруулахад хийслэл жилд хэдэн төгрөг төсөвлөдөг юм бол?

-Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлын төсөв гэж огт баталж байгаагүй. Харин 2019 оны төсөвт анх удаа 150 сая орчим төгрөг суулгасан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд санаачилсан, ярьсан ажлын үр дүн гарч байна гэж харж байгаа. Энэ төсвийг бид аль болох үр дүнтэй зарцуулахаар нийслэлийн ИТХ, ЗДТГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулж, зургаан чиглэлийн ажил хийхээр төлөвлөөд байна. Дээр би дурдсан, хотод хөрс хамгааллын чиглэлээр баримтлах нэгдсэн бодлого, баримт бичиг байдаггүй гэж. Тиймээс бид энэ удаа нэгдсэн бодлого, хөтөлбөрийн боловсруулж батлуулахаар зорьж байна. Ингэхдээ хэдхэн мэргэжилтэн, судлаачид оролцсон нэг талын үзэл баримтлалтай ажил хийх бус, салбарын эрдэмтэн, судлаачдын саналыг тусгахаар “Шийдэлд хамтдаа” уриан дор “Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл” төсөл, бүтээлийн уралдаан болон иргэд, олон нийтэд орчны хөрсний бохирдлоо бууруулах, хөрсөө хамгаалах хандлагыг бий болгох зорилгоор “Хөрс ба Амьдрал” гэрэл зургийн уралдаан зарласан. Мөн нийслэлийн БОГ буюу мэргэжлийн чиг үүргийн байгууллагын зүгээс Хан-Уул дүүргийн арьс, ширний үйлдвэрийн орчмын бохирдлыг бууруулах зорилгоор ургамал тарьж хөрсний бохирдлыг бууруулах аргыг туршиж байна.

-Эдгээр уралдаануудаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Мэдээж аливаа санаачилсан ажлуудаа гүйцэтгэл өндөртэй, бодит үр дүн гаргахыг зорьдог. Эдгээр уралдаан, туршилтын ажлуудаас нэгд, хот “Хөрс хамгаалах” нэгдсэн бодлого, эрх зүйн баримт бичигтэй болох, хоёрт, үйлдвэржилтээс үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах арга, технологитой болох, гуравт, иргэн бүр орчны хөрсөө хамгаалах хандлага, мэдлэгтэй болох гэсэн үндсэн бодит үр дүнгүүдийг хүлээж байна.


өрсийг хамгийн ихээр бохирдуулагч нь нүхэн жорлон гэдэг. Энэ талаар судалгаа байдаг уу?

-Улаанбаатар хотын хөрс хоёр хэлбэрээр бохирдсон байдаг. Эхнийх нь нянгийн бохирдол. Нүхэн жорлон болон хог хаягдлаас үүдэлтэй гэсэн үг. Дараах нт металлын бохирдол. Автомашины засвар, үйлчилгээнээс үүдэлтэй. Эдгээр бохирдлыг бууруулахад чиглэсэн салангид хууль, журмууд бий. Тухайлбал, “Нүхэн жорлонгийн стандарт”-ыг 2015 онд баталж, 2017 онд Хог хаягдлын тухай хууль шинэчлэгдэн найруулаад аюултай хог хаягдлын ангилал, бүртгэл зэрэг асуудлыг хуульд тодорхой тусгаж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Иймээс нэгдсэн нэг бодлого, бодлого хэрэгжүүлэх эзэн хэрэгтэй байгаа.

-Цаашид хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр ямар ажил хийхээс төлөвлөсэн бэ?

-Бохирдлыг бууруулахад бүх нийтийг хамруулан, хамтарч ажиллахыг зорьж байна. Хамгийн түрүүнд нийслэлийн иргэдийг хөрсний бохирдлын талаар маш сайн ойлголттой мэдээлэлтэй, хэрхэн эрүүл хөрсөө хадгалах, хамгаалах тухай мэдлэгтэй болох хэрэгтэй.  Хүйтний улирал эхлэх үед хүн бүр эрүүл мэндээ хамгаалж маск зүүдэг шүү дээ. Үүнтэй адил хөрсний нянгийн бохирдол ундны усны эх үүсвэр болохоос өмнө бид нийтээрээ стандартын нүхэн жорлонтой болох хэрэгтэй бөгөөд нөгөө талаас төр, төрийн байгууллагууд нэгдсэн нэг бодлоготой болох шаардлага бий болж байна. Өнгөрсөн хугацаанд хэлж, ярьж, хийж байгаа ажлууд энэ бүгдийн дөнгөж эхлэл гэж хэлж болно. Мөн дээр хэлсэнчилэн хууль эрх зүйн биелэлт маш хангалтгүй байгаа учир энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах санаачилгыг дэвшүүлэн ажиллахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох