Шударга мэдээ
Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг албадан буулгалаа

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 5 сарын 15-ны өдрийн 12 дугаар хурлаас стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа газар болон барилга угсралтын талбайн хашаануудад хяналт тавьж засаж сайжруулах үүрэг даалгавар өгөгдсөн. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, дүүргүүдийн Засаг даргын тамгын газраас хамтран дээрх чиглэлээр хяналт шалгалтыг газар дээр нь зохион байгуулав.
Өнөөдөр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаварын хүрээнд Баянзүрх дүүргийн 5, 19 хороодод авто зам хаасан, барилгын зөвшөөрөлгүй газар барилга барьсан, орчны аюултай байдал үүсгэсэн 2 барилгын хашааг албадан буулгалаа.
Нийслэлийн хэмжээнд энэхүү чиглэлээр газар дээр нь үзлэг шалгалт хийж 150 байршилд 420 обьектэд зөрчил илрүүлэн мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд үүний дагуу зөрчлөө арилгаагүй иргэн, ААНБ-ын барилга, газрын хашааг албадан буулгах ажил үргэлжилнэ.
Шударга мэдээ
БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн албан захидалдаа илэрхийлсэн байна.
БНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайд М.П.Сингх Ерөнхий сайдад бараалхаж Ерөнхий сайд Нарендра Модигийн хариу захидлыг танилцууллаа. Ерөнхий сайд Нарендра Моди цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхээр шийдвэрлэснээ захидалдаа тэмдэглэсэн байна. Мөн БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл амжилттай урагшилж буйд баяртай байгаагаа онцгойлон илэрхийлжээ.
Талууд вакцин нийлүүлэх хүрээнд өнөөдрөөс буюу 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 150 монгол эмчийг цахим сургалтад хамруулж эхэллээ. Тээвэрлэлт, хадгалалт, вакцинжуулах ажил бэлэн болсон бөгөөд вакцины тоо хэмжээ, нийлүүлэх хуваарийг дипломат шугамаар тохиролцох юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн стратегийн түнш, гуравдагч хөрш БНЭУ-ын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Шударга мэдээ
Имарт “Хөх шошго” хөтөлбөр эхлүүллээ
Манай улсад ч гэсэн мөн адил дотоодын бизнес эрхлэгчдийн хувьд энэ цаг үе нь хүндхэн сорилтыг бий болгоод байна. Харин энэ хүнд цаг үеийг Монголчууд бид хүчээ нэгтгэн, хамтын хүчээр даван туулах нь чухал болоод байна. Тиймээс Имартын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд “Хөх шошго” хөтөлбөрийг санаачлан эхлүүллээ.
Энэхүү хөтөлбөр нь дотоодын баялаг бүтээгчдээ дэмжин, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ялган таниулах, сурталчлах зорилготой бөгөөд хэрэглэгч та Имартын салбар дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ Монголдоо үйлдвэрлэгдсэн 6500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдааны лангуун дээр өрөөтэй байгаа олон нэр төрлийн импортын бүтээгдэхүүн дундаас “Хөх шошго”-н тусламжтайгаар хялбар сонголт хийх боломжтой боллоо. Аливаа улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь үндэсний үйлдвэрлэл байдаг.
Энэ амаргүй, хүнд үед өөрийн хэрэглэгчиддээ Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриалж буй Имартын хамт олонд үйлдвэрлэгчид талархалтай хандаж байгаагаа илэрхийлсээр байна.







Шударга мэдээ
QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээх үүрэг өглөө
Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Сүхбаатар дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төв, рестораны QR платформын хэрэглээнд ээлжилт шалгалтаа хийлээ.
Шалгалтад Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаад байрлах “Миний сүлжээ”, тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах Сансар 32 салбар дэлгүүр болон Их тойрууд байрлах Chinese рестораныг хамруулсан юм. Хяналт шалгалтын явцад дээрх байгууллагууд QR бүртгэлийг хийхгүй байх, үйлчлүүлэгчдээ бүрэн хамруулаагүй зөрчил илэрлээ. Тухайлбал, Миний сүлжээ дэлгүүрийн үүсгэсэн QR уншигдахгүй байх, Сансар сүлжээ дэлгүүрийн QR код уншуулсан бүртгэл 200 гаруй байсан бол кассын гүйлгээгээр 1000 гаруй хүнд үйлчилсэн зөрчил илэрсэн байна. Харин Chinese ресторан кассын гүйлгээн дээр 200 гаруй хүнд үйлчлүүлсэн мэдээлэлтэй бол QR бүртгэлийг ердөө нэг хүнд хийсэн зөрчил илрэв.
Тиймээс дээрх үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хааж, маргааш өглөө зөрчлийг нь арилгуулсны дараа нээх үүргийг холбогдох албаныханд өглөө.
Нийслэлийн зүгээс өргөтгөсөн шалгалтыгцаашид ч эрчимжүүлэх бөгөөд иргэдийн QR бүртгэл хангалтгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм. Иргэд QR бүртгэлийг хариуцлагатайгаар тогтмол ашиглах, ААН-үүд үүнд шаардлага тавьж үйлчилж хэвших нь цар тахлаас үүдэлтэй бэлэн байдлын үед бүх нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд үнэтэй хувь нэмрээ оруулж буй явдал юм.
Иймд хамтдаа хариуцлагатай байж, QR бүртгэлийг хэвшил болгохыг ААН, иргэдэд хандан уриалж байна.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс