Улстөр нийгэм
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхэлснийг мэдээллээ
УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт энэ сарын 25-ны өдрийн 12.00 цагт буюу XVII жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны өдрийн морин цагаас эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэллээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын дэд хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамц, Ажлын дэд хэсгийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, Д.Ламжав, Улсын бага хурал, УИХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн нарын зэрэг хүмүүс оролцов.

Хэвлэлийн бага хурлын эхэнд УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Монголын ард түмний төртэйгөө байгуулсан нийгмийн гэрээ болох Үндсэн хууль бүрэн бүтэн болж улс орон даяар хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.
1992 оны 01 дүгээр сарын 13-нд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хууль мөн оныхоо 02 дугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагаас эхлэн хүчин төгөлдөр болж байсан түүхтэй.
Тэгвэл, бидний 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт маань ийнхүү хүчин төгөлдөр болж байна.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр өнгөрсөн жилүүдийн алдаа оноог цэгцэлж, Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал, үнэт зүйлийг баяжуулан тодотгосны үндсэн дээр төрийн эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангасан зохицуулалт хийснээр улс орныг өнөөдрөөс эхлэн дараагийн хорь, гучин жилд яаж удирдан зохион байгуулж явахав, хүний эрх, эрх чөлөөг яаж бодитой хангахав, улс орноо яаж хөгжүүлэхэв, ирээдүйнхээ аж амьдралыг хэрхэн дээшлүүлэхэв гэдгийг тогтоож чадлаа.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хийснээр:
- Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийг засч залрууллаа;
- Байгалийн баялаг ашигласны үр өгөөж ард түмэнд очих нөхцөл боломжийг нээж өглөө;
- Парламентын ардчиллыг зөв гольдролд оруулж, ард түмний засаглах эрхийг ханган УИХ-ын хяналт, хариуцлагыг дээшлүүлж, төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийг оновчтой болголоо;
- Урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, тогтвортой Засгийн газар ажиллах нөхцөлийг бүрдүүллээ;
- Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа байх ёстой шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахад чиглэсэн зарчмын шинжтэй өөрчлөлт орууллаа;
- Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн өөрчлөлт хийлээ.
Ирэх дөрвөн жил засаглалын реформ, эрх зүйн хувьсгалын он жилүүд болно. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан гарах 40 гаруй хууль ард түмний хүсч байгаа шударга ёс, төрийн эрх барих байгууллагын хариуцлага, төсвийн ил тод хяналттай байх нөхцөлийг амьдрал дээр биежүүлэн буулгах ёстой юм.
Органик хуулиуддаа энэхүү нэмэлт, өөрчлөлтийн гол зарчмуудыг нэг бүрчлэн нарийвчлан суулгаж чадахгүй бол засаглалын хямрал засагдах ажил удаашрах болно.
Иймд шинэ дэвшилтэт үзэл санаа, үйл хэрэг аль болох зөв хэрэгжиж, ач тусаа улс орны хөгжилд аль болох хурдан үзүүлэхийн төлөө дараагийн төр, засаг хичээн ажиллах үүрэг хүлээж байгааг ухамсарлан ойлгох хэрэгтэй.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бүрэн дүүрэн хэрэгжиж, Монгол төрийн сүлд ивээх болтугай” гэв.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
2019 оны зургаадугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн ба уг төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанаар 36 удаа 105.9 цаг хэлэлцэж, 2019 оны 11 дүгээр сарын 14-нд эцэслэн баталсан юм.
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.11.14/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
· Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/ · Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/ · Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, тав дахь хэлэлцүүлэг/ |
10.00 |
“Их хуралдай” |
|
Улстөр нийгэм
Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хороог 2025 оны долдугаар сарын 2-ны өдөр байгуулсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Хянан шалгах түр хороо 12 хуралдаж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулахаар товлосныг тус Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал мэдээллийнхээ эхэнд дурдав.
Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд 300 гэрчийг оролцуулахаар Хянан шалгах түр хороо шийдвэрлэсэн байна.
“Жавхлант” (MV-15225), "Шивээ толгой" (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийх; "Оюу толгой" ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах тусгай шалгалтын хүрээ хязгаар бүхий хянан шалгах түр хороо 2006 оноос хойш буюу 20 жилийн хугацаанд Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлаар ямар нэг шийдвэр гаргасан, ажлын хэсэгт ажилласан албан тушаалтан, холбогдох байгууллагуудын төлөөллийг гэрчээр дуудаж байгааг О.Батнайрамдал гишүүн мэдээлэлдээ онцоллоо. Сонсголын гэрчийн нэрсийн жагсаалтад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гурван хүн, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан долоон хүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан 25 хүн, Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан 39 хүний нэрс багтсан байгааг тэрбээр танилцуулсан. Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчны яам, Гадаад хэргийн яам, Гаалийн ерөнхий газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан тушаалтнууд, “Рио Тинто” групп болон “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үе үеийн дарга, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүмүүс багтсаныг О.Батнайрамдал гишүүн энэ үеэр мэдээллээ.
Тэрбээр, Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны сонсгол нь хэн нэгнийг цоллох биш, тусгай шалгалтын хүрээнд хянан шалгах үйл ажиллагаа явуулж, нотлох баримтуудыг цуглуулан, судлан шинжилж, олон нийтийн мэдэх эрхийг хангах үйл ажиллагаа гэдгийг онцлоод сонсголд дуудагдаж буй гэрчүүдийг иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэн Хянан шалгах түр хорооны сонсголд идэвхтэй оролцохыг хүсэв.
“Оюу толгой” төслөөс Монголын ард түмэн нийт үр өгөөжийн 50-иас дээш хувийг хүртэх хүлээлттэй байсан хэдий ч өнгөрсөн хугацаанд 25 орчим хувийн үр ашиг хүртэж байгаа талаарх мэдээллийг П.Ганзориг гишүүн хэлээд “Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр гаргаж байсан Улсын Их Хурлын үе үеийн шийдвэрүүд хэрэгжихгүй байгаа. Аль түвшиндээ, ямар шалтгаанаар хэрэгжилт нь хангагдахгүй байсныг Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчид тогтоохоор 60000 гаруй хуудас материалыг судлан, шинжилж байна. Сонсголоор Монголын ард түмэнд бодитой мэдээллүүдийг хүргэж, шалтгаан нөхцөлийг тодруулж ажиллана” гэв. Нотлох баримтыг цуглуулах хүрээнд цуглуулсан 60000 гаруй хуудас баримтын тэн хагас нь “Онтрэ” ХХК-тай холбоотой, нууцын тамга бүхий баримтууд байгаа учраас шинжээчид, хянан шалгагч нар ажиллах хэдий ч олон нийтэд холбогдох мэдээллийг хүргэх боломжгүй, нотлох баримт болгон ашиглах боломжгүй болоод байгааг дурдсан. Иймд эдгээр баримтыг нууцын ангиллаас гаргуулах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлээд байгааг хэвлэлийн бага хурлын үеэр П.Ганзориг гишүүн мэдээлсэн.
Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын 30 жилийн хугацаатай гэрээг 2009 онд байгуулсан бөгөөд өдгөө 16 жил болж байгааг Б.Жаргалан гишүүн тэмдэглээд “Энэ цаг мөчид монголчууд энэхүү гэрээтэй холбоотой асуудлуудаар нэгдсэн ойлголтод хүрэх нь нийгэмд итгэлцэл бий болох ач холбогдолтой. Гэрээ хэрэгжсэн 16 жилийн хугацаанд ямар алдаа гарав, түүнээс ямар сургамж авсан гэдгээ дүгнэх цаг болсон гэж үзэж байгаа. Үүнээс суралцсан сайн туршлагаа дараа дараагийн гэрээнүүдэд тусгах, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, уул уурхайн салбараас Монголын талд ногдох өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг сайжруулахад нөлөө үзүүлнэ гэж итгэж байна. Ийм ч учраас хянан шалгах түр хороо энэ хугацаатай давхцан байгуулагдаж, ажиллаж буйд их олзуурхаж байгаа” гэлээ. Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон Рио Тинто группийн эрх бүхий ажлын хэсгийн “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувийн зохистой байдлыг хянан үзэх албан ёсны хэлэлцээтэй Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны сонсгол давхцаж байгааг Б.Жаргалан гишүүн хэлсэн. Сонсголын нотлох баримтууд, холбогдох үйл явц нь гэрээний нөхцөлийг сайжруулах, Монголын талын хүртэх өгөөжийг зохих хувьд хүргэхэд эерэг үр нөлөө үзүүлэх боломжтой хэмээн үзэж байгаагаа дурдсан.
Б.Бат-Эрдэнэ гишүүн сонсголд гэрчээр оролцсон хүмүүсийг буруутгахгүй байхыг хүссэн. Гэрчээр оролцох хүмүүс нь тухайн үеийнхээ нөхцөл байдалд хийх ёстой ажлаа боломжийнхоо хэрээр гүйцэтгэж ажилласан гэдгийг ойлгож, дараа дараагийн Засгийн газар илүү сайжруулахад анхаарах шаардлагатай гэдгийг онцоллоо. Сонсголын дараа нотлох баримтаар цуглуулсан 60000 гаруй хуудас материалыг судалсан хянан шалгагч, шинжээчдийн дүгнэлтээр шаардлагатай хэсэг нь хууль хяналтын байгууллагад шилжих ёстой гэдэг байр суурийг Б.Бат-Эрдэнэ гишүүн хэлээд энэ гэрээ Монгол Улсад ашигтай, Монгол Улсын иргэн бүрд өгөөжтэй байх ёстой төсөл хэмээсэн.
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хороо таван сар гаруй хугацаанд ажилласныг С.Зулпхар гишүүн тэмдэглэв. Энэ хугацаанд зохих үр дүнгүүд гарсан болохыг тэрбээр хэвлэлийн бага хурлын мэдээллийнхээ үеэр онцоллоо. Тухайлбал, гэрээний талаарх хэлэлцээ эхэлсэн бөгөөд үүнд Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа хөшүүрэг болж, нөлөө үзүүлсэн гэв. Хэлэлцээний дүнд зээлийн хүүг бууруулах, цаашлаад менежментийн зардлыг бууруулах боломжтой хэмээгээд “Эрх тэгш байх, харилцан ашигтай байх зарчмын хүрээнд асуудлыг шийдвэрлэх байр суурийг баримталж байна. Үүний зэрэгцээ “Онтрэ” ХХК-ийн асуудал хөндөгдөж байгаа. Тодорхойгүй энэ нөхцөл байдлын талаар Монгол Улсын Засгийн газар хэлэлцээрийн явцад тодорхой байр суурийг илэрхийлсэн, Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо адил. Стратегийн ач холбогдолтой орд, Монголын ард түмний баялаг учраас тусдаа хэлэлцээ хийж, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчимд нийцсэн тухайлсан гэрээ байгуулагдах ёстой” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр “Оюу толгой” төсөл нь Монгол Улс дахь хамгийн том төсөл, хөрөнгө оруулалт бөгөөд Монгол Улсын хууль тогтоомж, төрийн аливаа шийдвэрүүд хэрэгждэг байхыг чухалчилж буйгаа илэрхийлсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
ЗГ: Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд 3 удаа үе шаттай нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх саналыг танилцуулав
Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны эрүүл мэндийн салбарын ажилтны үндсэн цалинг нэмэгдүүлэх шаардлагын талаар хэлэлцэж, тус салбарын ажилтны цалинг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэн нэмэгдүүлэх” тухай нэмэлт хэлэлцээрийн төслийг ирүүлсний дагуу уг төслийг хэлэлцэх хамтын хэлэлцээг 2025 оны 10 дугаар сарын 26-нд эхлүүлж, нэмэлт хэлэлцээрийн төслийг хэлэлцэж эхэлсэн.
Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй энэ сарын 11-нд буюу өчигдөр уулзалт хийж, эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс 30 хувь, мөн оны аравдугаар сарын 01-нээс 20 хувь, 12 дугаар сарын 01-нээс 25 хувиар тус тус нэмэгдүүлэх саналыг танилцуулжээ.
Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттай нэмж, 2026 оны 12 дугаар сарын 1 гэхэд одоогийн цалингаас 75 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Энэ саналыг өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоонд танилцуулна. Монгол Улсын Засгийн газар 2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жилээр зарласан. Энэ онд тус салбарын ажилтны үндсэн цалинг 3,5 саяд хүргэхээр болжээ.
