Улстөр нийгэм
Б.Анура: “Монгол газар” компани байгаль орчинд 53.9 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байсан 11 компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн жил Засгийн газар цуцалсан. Гэвч тэдгээр аж ахуйн нэгжүүд хуульд заасан нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлэхгүй байна. Үүний нэг нь тус суманд 60 гаруй га талбайг эвдэн сүйтгэж, байгальд 53.9 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа “Монгол газар” компани. Нөхөн сэргээлт хийгээгүй энэ компанид эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ажээ.
Нөхөн сэргээлт хийхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба хамтран явуулж байгаа ажээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар экологид хэдий хэмжээний хохирол учруулсан, хэдий хэмжээний олборлолт хийсэн зэргийг тогтоох юм.
Зөвхөн Орхон багийн нутаг дэвсгэрт 360 гаруй га талбайг сүйтгэсэн бөгөөд сүйдсэн газрыг нөхөн сэргээхэд 11.3 тэрбум төгрөг шаардлагатай юм. Харин экологи эдийн засгийн үндэслэлийг нь хохиролтой нь тооцвол 307 тэрбум төгрөг болж байгаа ажээ.
Энэ талаар ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэлт, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Анурагаас тодруулахад: "Компаниуд нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг төрийн санд байршуулдаг. Гэтэл нэг компани 20, 30 лиценз эзэмшдэг атал компанийн дансан дахь мөнгөн дүнгээр тооцож барьцаа хөрөнгө байршуулдаг байсныг зогсоосон. Тухайлбал, "Монгол газар" компани л гэхэд байгаль орчинд 53.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан атлаа ердөө 210 сая төгрөгийн барьцаа байршуулсан байна. Мөн энэ мөнгөн дүнг нөхөн гаргуулж тухайлсан газруудад өөр мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэхээр болсон. Цаашид лиценз бүр дээр нөхөн сэргээлттэй тэнцэх хэмжээний барьцааг байршуулахыг шаардаж байгаа.
Байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн газарт шинжилгээ явуулахад байгаль орчны хохирлын үнэлгээг тооцох эрх бүхий хувийн хэвшлийн байгууллагыг шинжээчээр томилж, 1-5 сая төгрөгийн хөлс төлдөг. Хэргийн газрын үзлэгээр авагдсан хэмжилтүүд гаднын хүчин зүйлийн үйлчлэлээр өөрчлөгдөж хохирлыг бодитой тооцоход хүндрэл үүсгэдэг. Одоогийн мөрдөж байгаа Зөрчлийн тухай хуулиар зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан бол зөрчилд тооцож, өөр газарт хууль бусаар олборлолт явуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож байна. Энэ хоёр үйлдэл нь ашиг олох зорилготой газрын хэвлийд халдаж байгаа хууль бус үйлдэл юм" гэлээ.
Уул уурхайн олборлолтоос үүдэн Монгол Улсад 27 мянган га газар эвдэрч сүйдсэн бөгөөд үүний 8000 га-д нөхөн сэргээлт хийх шаардлагатай ч хариуцлага хүлээх эзэн нь тодорхойгүй байгаа юм.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
