Цаг үе
Улсын хэмжээнд хаврын тариалалт 73,4 хувьтай байна
Эх сурвалж: ХХААХҮЯ
- Хаврын тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой -
Энэ онд улсын хэмжээгээр 384.2 мянган га-д үр тариа, үүнээс 356.8 мянган га-д улаанбуудай, 38.2 мянган га-д малын тэжээл, 41.0 мянган га-д тосны ургамал, 14.9 мянган га-д төмс, 9.2 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийнэ.
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд аж ахуйн нэгж, иргэд 36.0 мянган тонн, дотоодоосоо ХААДС болон Улсын нөөцийн салбарт 7.5 мянган тонн, импортоор ХААДС-н 5.0 мянган тонн, тариалан эрхэлдэг 5 аж ахуйн нэгж 735 тонн үр оруулж ирснээр дотоодоос 43.5 мянган тонн, импортоор 5.7 мянган тонн, нийтдээ 49.2 мянган тонн буудайн үрийн нөөц бүрдүүлж 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгож хаврын тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэв.
Тариалангийн үйлдвэрлэлд нийтдээ 19.5 мянган тонн шатахуун шаардагдахаас зөвхөн хаврын тариалалтыг хэвийн явуулахад 5.8 мянган тонн шатахуун шаардагдах тооцоо гарсан. Тиймээс технологийн ажилбаруудыг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулах, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг хөнгөлөх зорилгоор тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд зориулан 11.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 7.5 сая литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, зээлээр олгохоор шийдвэрлэн хэрэгжилтийг зохион байгуулж байна.
06 дугаар сарын 02-ний байдлаар улсын хэмжээгээр 321.0 мянган га-д үр тариа, үүнээс 313.3 мянган га-д улаанбуудай, 13.0 мянган га-д төмс, 5.2 мянган га-д хүнсний ногоо, 7.7 мянган га-д малын тэжээл, 16.39 мянган га-д тосны ургамал, нийтдээ 363.4 мянган га-д тариалалт хийгээд байна.
Улсын хэмжээн үр тариа 83.6 хувь үүнээс улаанбуудай 87.8 хувь, төмс 87.4 хувь, хүнсний ногоо 56.7 хувь, малын тэжээл 20.1 хувь, тосны ургамал 39.5 хувьтай тус тус байна.
Тариалалтад бүх төрлийн трактор 4533, үр тарианы үрлүүр 2200, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 547 ажиллах техникийн парк ашиглалтыг 80-85 хувиар тооцоход хаврын тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломж бүрдээд байна.
Засгийн газрын 138 дугаар тогтоолын дагуу БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн трактор, хөдөө аж ахуйн техник, усалгааны тоног төхөөрөмжийн үнийг 50 хувь хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох ажлыг зохион байгуулж байна.
Мөн 06 дугаар сарын 02-ний өдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум дахь салбарт 21.0 тонн, Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь салбарт 69.0 тонн, Увс аймгийн Баруунтуруун сум дахь дахь салбарт 10 тонн нийтдээ 110.0 тонн улаанбуудайн үрийн үлдэгдэлтэй байна.
Цаг агаарын урьдчил¬сан мэдээ: 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 4-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 5,6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Цаг үе
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Цаг үе
Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс 2026.10.09 хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав.
ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусын тус тус хоёр тохиолдол илэрсэн. Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв.

Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.
Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ. Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Цаг үе
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв.
Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо
Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


