Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Хироко Хирахара: Монгол цэргүүд байгаагүй бол маш олон хүний амь нас эрсдэх байсан

Огноо:

,

Эх сурвалж: ЗХЖШ

БНӨСУ-д явагдаж байгаа “UNMISS” ажиллагааны Юнити мужийн зохицуулагч хатагтай Хироко Хирахараг ярилцлагынхаа зочноор урилаа. Өдгөөгөөс бараг 20 жилийн өмнө буюу 2001 оноос НҮБ-тай ажил, амьдралаа холбосон түүнийг манай цэнхэр дуулгат дайчид, тэр тусмаа 2012 оноос хойш Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн хэн бүхэн андахгүй. Бүсгүй хүнд ахадмаар асар их хариуцлагатай бөгөөд өндөр албан тушаалыг хашиж, монгол цэргүүдийг удирдлагаар ханган хамтран ажилладаг НҮБ-ын элч төлөөлөгч, арлын орны энэ бүсгүйн дотоод ертөнцийг бага ч атугай нээж, ажил амьдралынх нь замнал, алсдаа хэрхэх хүсэл мөрөөдөл, монголын тухай ойлголт, манай энхийг сахиулагчдыг хэрхэн үнэлж дүгнэдэг талаар ярилцсанаа уншигч Танаа хүргэе.

- Таны бага насны дурсамжаар ярилцлагаа эхэлье ...

- Би Япон улсын Осака хотод төрсөн. Айлын том охин. Бага насандаа маш сониуч, аливаа шинэ, содон зүйлсийг эрж хайн, нээж илрүүлэхийг эрмэлздэг охин байсан. Ялангуяа, гаднын улс орнуудын соёл, зан заншил, өв уламжлал, амьдралын хэв маяг ямар байдаг бол гэдэг талаар асар их сонирхдог, тэр ч утгаараа дэлхийн бүхий л улс орнуудад очиж үзэхийг хүсэж, мөрөөддөг байлаа. Япондоо ахлах сургуулиа дүүргээд дараагийн шатны сургуульд АНУ-д суралцсан, цаашлаад НҮБ-аар овоглогдон нэлээдгүй улс оронд ажиллаж яваа маань миний хүсэл мөрөөдлийн биелэл гэж боддог. Нөгөө талаасаа хүсэл мөрөөдөл маань надад энэ бүх боломж, гарцыг нээж олгосон гэж бас болох юм.

- АНУ-д ямар мэргэжил эзэмшсэн болон ажлын гараагаа хэрхэн эхлүүлж байсан бэ?

- АНУ-ын Олон нийтийн сургуулийг байгаль, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр 1997 онд төгссөн. Сургуулиа дүүргээд Токиод байрлах АНУ-ын цэргийн баазаас ажлын гараагаа эхэлж, тэнд мэргэжлээрээ 3-4 жил ажилласан. Мэдээж энэ хугацаанд ажлын дадлага, туршлага хуримтлагдсан, мөн мастераа хамгаалснаар өөртөө итгэх итгэл маань ч нэмэгдэж гадагшаа гарч ажиллах тухай бодож эхэлсэн. Тэгээд л НҮБ-д ажиллах хүсэлтээ өгсөн. Хамгийн гол нь энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд би өөрөө бэлтгэгдсэн байж НҮБ-ын сорилт, шалгууруудыг давах ёстой. Тийм ч учраас маш их хичээл зүтгэл гарган өөрийгөө олон талаар дайчилж, үүнийхээ үр дүнд чамгүй хүнд сорилтуудыг даван НҮБ хэмээх их айлтай ажил, амьдралаа холбосон шүү.

- Хэзээнээс НҮБ-аар овоглогдох болов. Түүнчлэн НҮБ-ын анхны томилолт таныг хааш нь хөтөлсөн бэ? 

- НҮБ-д ажиллах гараагаа 2001 онд эхлүүлсэн. Тодруулбал, 2001-2003 онд Женев дэх НҮБ-ын Байгал орчны хөтөлбөрийг хэрэгжүүлэх оффист, 2003-2004 онд “UNICEF”-д НҮБ-ын Олон улсын хүүхдийн төлөө сангийн удирдах байгууллагад, 2004-2008 онд Либерь дэх НҮБ-ын мандаттай ажиллагаанд Байгаль орчны зөвлөхөөр, 2008-2011 онд Хойд Судан улс дахь НҮБ-ын мандаттай “UNAMID” ажиллагаанд энгийн иргэдийн асуудал эрхэлсэн ажилтнаар, 2011-2012 онд Кипр улс дахь НҮБ-ын мандаттай ажиллагаанд энгийн иргэдийн асуудал эрхэлсэн хэлтсийн орлогч даргаар, 2012-2016 онд БНӨСУ дах “UNMISS” ажиллагааны  Зүүн секторын Торит мужийн зохицуулагчаар, 2016 оны хоёрдугаар сараас одоог хүртэл “UNMISS” ажиллагааны Юнити мужийн зохицуулагчаар ажиллаж байна. 

- Тэгэхээр НҮБ хэмээх энэ их айлын сүүлийн 20 жилийн түүхийг та бүтээлцсэн байна шүү дээ. Бахархалтай биш гэж үү?

- Тийм ээ. 20 жил гэдэг тийм ч богино хугацаа биш. Энэ хугацаанд НҮБ-аас надад өгсөн үүрэг, даалгаврыг амжилттай гүйцэтгэж, итгэлийг нь дааж яваадаа сэтгэл өндөр байдаг. Гэхдээ энэ ганцхан миний сайных биш, надад тусалдаг, намайг ойлгож дэмждэг олон хүний хүч, хөдөлмөр, сэтгэл зүрх энд бий. Тэр тусмаа монгол цэргүүдийг илүү онцлохыг хүсэж байна.

- Баярлалаа. Монгол цэргүүдийн талаар тусгайлан ярилцах учраас энэ тухай түр хойш тавья. Харин та ажилдаа баримталдаг гол зарчмаасаа бидэнтэй хуваалцаач?

- Ажлын талбарт үдэж өнгөрүүлсэн цаг хугацааны маань дийлэх нь буюу 80, 90-ээд хувь нь НҮБ-тай салшгүй холбоотой. Тийм учраас тус байгууллагынхаа үнэт зүйлсийг баримталж, жанжин шугамаа болгон дагаж, мөрдөж ажилладаг. Үнэт зүйлс гэдэгт тухайн хүн хэн ч бай арьс өнгө, нийгмийн гарлаар ялгаварлахгүйгээр тэгш хүндэтгэх, хүний эрхийг дээдлэх зэрэг харилцааны соёлоос эхлээд бүхий л зүйл багтдаг. Мэдээж дараа нь “UNMISS” ажиллагааны мандатыг баримталдаг. Үүнээс гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай төлөөлөгчийн гаргасан чиглэл зааварчилгааны дагуу ажилладаг даа. 

- Таныг маш амжилттай яваа эмэгтэй гэж бид ойлгодог. Зоримог, шийдэмгий, хүчирхэг гэх зэрэг олон үгийг танд зориулж бахархалтайгаар хэлэх байна. Үүний зэрэгцээ энэ хүртэл ажиллахад тань багагүй хүндрэл бэрхшээлүүд тулгарсан нь гарцаагүй, тэдгээрийг хэрхэн даван туулж байсан талаар тодруулмаар байна...

- Бурам мэт урмын үгсийг надад зориулж хэлсэнд маш их баярлалаа. Миний хувьд энд Засгийн газар түүний эсрэг хүчин, бүх хот, тосгодын удирдлагууд, энгийн болон цэрэг, цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамтарч ажилладаг. Тэр хэрээрээ маш олон асуудалтай тулгардаг. Тухайлбал, миний удирдлагад ажилладаг хүмүүсийн ар гэрт ямар нэгэн асуудал гарна, хоорондоо үл ойлголцож, маргаан үүсгээд л орж ирдэг. Сая л гэхэд миний утас дуугарлаа шүү дээ, Маяом сууринд халдлага болж байгаа тухай мэдээ сонсогдож байна. Ингээд л бодохоор миний ажил маш хэцүү. Өдөр бүр л энэ мэтчилэн хүндрэлүүдтэй тулгарч байдаг. Ямар нэгэн бэрхшээл тулгараад бүр цагийн байдал хүндэрвэл бурхандаа залбирдаг.

Үүнээс гадна аль болох ажлаасаа жаахан ч гэсэн зай аваад найз нөхөд, хамтарч ажиллаж байсан ойр дотнынхонтойгоо утсаар ярих, чат бичих, эсвэл сайхан нам унтахыг хичээдэг. Тэгээд маргааш өглөө нь босоод маш сэргэгээр асуудлуудаа тунгааж зөв шийдвэрлэхийг эрхэмлэдэг. Аливаа бэрхшээлд шантрахгүй, өөрийгөө бас хүчилж зовоохгүй, стресстэхгүй давж гардаг арга энэ юм даа.

- Та бол “МОНБАТТ”-ын хэд хэдэн ээлжийг удирдлагаар хангаж, хамтран ажилласан хүн. Тэр ч утгаараа манайхныг сайн мэдэх байх. Ер нь монгол цэргүүдийг хэрхэн үнэлж дүгнэдэг юм бэ? 

- Тэгэлгүй яах вэ. Монгол цэргүүдийг би маш сайн мэднэ. Энэ тухай ярихаас өмнө эндэхийн нөхцөл байдлын талаар товчхон дурдъя. Өмнөд Судан улсын хувьд цагийн байдал тийм ч таатай бус. Том хүн, хүүхэд гэлтгүй бараг бүгд зэвсэг хэрэглэдэг. Ямар нэгэн байдлаар үл ойлголцол, хулгай, дээрэм гарвал шууд буудалцахад бэлэн ийм л хүмүүс. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр, ямар нэгэн байдлаар цагийн байдал хүндрэхэд монгол цэргүүд мандатад заагдсаны дагуу энгийн иргэдийг хамгаалах үүргээ гүйцэтгэхдээ маш зөв арга барилаар ажилладаг. Үүнийг би нүдээрээ харж байсан. Монгол цэргүүд үнэхээр зөв тактиктай, асар богино хугацаанд зөв шийдвэрийг гаргаж чаддагаараа бусад орны энхийг сахиулагчдаас ялгардаг. Мэдээж хүн л юм чинь айдаг байж таарна, гэсэн хэдий ч энгийн иргэдэд аюул учирсан тохиолдолд монгол цэргүүд ямар ч эргэлзээгүйгээр мандатад заасан үүргээ биелүүлэхээр явдаг нь надад үнэхээр бахархууштай санагддаг. Үүнээс гадна тэд юманд баригдахгүйгээр чөлөөтэй сэтгэж, олон ажлыг зэрэг амжуулдаг. Тухайлбал, зөвхөн эргүүлийн үүрэг гүйцэтгээд л болчихдоггүй, иргэн-цэргийн харилцааны чиглэлээр хүмүүнлэгийн үйлсийг өрнүүлэх зэргээр чин сэтгэлээсээ ажилладаг. Тийм учраас би Монголын цэргүүдэд маш их баярладаг, тэдэнд бүрэн дүүрэн итгэдэг.

- Монгол цэргүүдийн бусдаас ялгардаг онцлогийн талаар тодорхой жишээ дурдвал?

- Би энд нэг зүйлийг онцолъё. Ямар азаар “UNMISS” ажиллагаанд монголын эрэлхэг зоригтой, дайчин цэргүүд үүрэг гүйцэтгэж байна вэ гэж бодогддог. Хэрвээ энэ ажиллагаанд Монголын энхийг сахиулагчид байгаагүй бол асар олон хүний амь нас эрсдэх байсныг онцгойлон хэлэхийг хүсэж байна. Хамгийн сүүлийн тод жишээ л гэхэд өнгөрсөн 4 дүгээр сарын 11-ний өдрийн үйл явдал шүү дээ. Зэвсэглэсэн этгээдүүд олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилтныг хулгайлах оролдлого хийснийг монгол цэргүүд буун дуу гаргалгүй эрэлхгээр таслан зогсоож бусад орны энхийг сахиулагчдад үлгэр дуурайлал болохуйц гавьяа байгуулж мандатад заагдсан үүргээ биелүүлсэн. Цөөнгүй жил монгол цэргүүдтэй хамтран ажилласан хүний хувьд энэ мэт олон жишээг гэрчилж чадна.

- Монгол орны талаар та хэр мэдэх вэ?

- Надад талын монгол орон, тал шигээ уужим сэтгэлтэй монголчууд маш дотно санагддаг. Монголчуудыг дэлхий даяар Чингисийн монгол гэдгээр нь сайн мэднэ, миний хувьд ч ялгаагүй энэхүү тодотголоор нь мэднэ. Дээрээс нь би монголчуудыг сумогийн их аваргуудаар нь төлөөлүүлж мэднэ. Ёкузона, Асашёрюү, Харумафүжи, Хакухо гээд бүх сумочдыг сайн мэднэ. Харин монгол цэргүүдтэй мөр зэрэгцэн алба хааж эхэлснээсээ хойш монгол орны болоод монголчуудын тухай илүү сайн мэддэг болсон. Хэрвээ монголыг мэдэхгүй өөр нэгэн гадаадын хүн надаас “Чи монголыг мэдэх үү?” гэж асуувал би “Маш сайн мэднэ” гэж хариулна. Гэхдээ би монголд очиж байгаагүй, япон хүн шүү дээ. Дахиад нэг зүйл тодруулж хэлэхэд, манай хоёр орны ард түмэн маш ойролцоо, ижил чанартай гэж боддог. Яагаад гэвэл монгол хүүхдүүд хөх толботой төрдөг бол япончууд ч хөх толботой төрдөг. Тэгэхээр Япон, Монгол хүмүүс ойролцоо хүмүүс гэж хардаг.

- Хүчирхэг хүний ард хүчирхэг гэр бүл байдаг гэж ойлгодог. Таны хувьд гэр бүлийнхэнтэйгээ хамт байх цаг хугацаа тун ховор байдаг болов уу?

- Тийм ээ. Үнэхээр гэр бүлдээ зарцуулах цаг хугацаа тун ховор. АНУ-д суралцаж байх явцдаа мөн гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдрах боломжтой газруудаар ажиллаж явахад бол надад мэдрэгддэггүй байсан. Харин НҮБ-ын “UNAMID”, “UNMISS” ажиллагаанд ажиллаж эхлэх үедээ л гэр бүлээсээ хол байхын хэцүүг мэдэрсэн. Яагаад гэхээр зөвхөн утсаар л ярьдаг байсан. Одоогийнх шиг ийм хурдтай интернэт байсангүй, нүүр нүүрээ хараад ярьчих боломж ч байсангүй шүү дээ. Одоо бол арай өөр болсон. Миний хувьд хэдийгээр амжилттай ажиллаж яваа ч нэг л зүйлд харамсдаг. Тэр нь юу вэ гэхээр, манай гэр бүлийн настай хүмүүс нь өтөлж байна, хүүхдүүд нь маш хурдтайгаар өсч байна. Энэ бүгдийг хамт байж, харахгүйгээр өнгөрөөж байна гэдэг бол нэг бодлын надад харамсалтай санагддаг.

- Ярилцлагынхаа эхэнд та айлын том охин гэдгээ дурдсан шүү дээ. Хэдэн дүүгийн эгч вэ? Түүнчлэн хэдэн хүүхдийн ээж вэ?

- Би гэр бүл зохиож, ээж болж амжаагүй яваа. Нэг эрэгтэй дүүтэй, тэр маань хүнтэй гэрлэчихсэн, гурван хүүхэдтэй. Миний хувьд аав, ээж, дүү нартаа буюу гэр бүлтэйгээ маш ойр дотно байдаг. Энэ хүмүүс бол миний хамгийн эрхэм хүмүүс дээ.

- Залуу хойч үеийнхэнд та юуг эрхэмлэн захиж сургадаг вэ?

- Хүн бол өөрөө нийгмийн асар олон харилцаан дунд оршиж байдаг. Тэр хэмжээгээрээ цаг завгүй байх нь олонтоо. Хэдий тийм ч гэр бүлээ нэгдүгээрт тавьж, тэдэндээ цаг, зав гаргаж байгаарай, хамгийн эрхэм хүмүүс бол гэр бүл шүү гэж залууст хэлмээр байна. Нэлээд олон жил гэрээсээ хол хөндий явсан хүний хувьд үүнийг хамгийн түрүүнд хэлмээр байна. Дараа нь хүүхэд, залуус гар утсыг хэт их ашиглаж, хэтэрхий цахим орчинд байдаг болсон байна. Ингэснээр гэр бүлийн халуун дотно уур амьсгал, амьд харилцаа алдагдах дүр зураг харагдаж байгааг анхаарах хэрэгтэй. Үүнээс улбаалаад Монголын үндэсний гэрийг дурдахыг хүслээ, би монгол гэрийг маш сайн мэднэ. Гэр бүлээрээ халуун дотно уур амьсгалыг бий болгож, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн хамгийн шилдэг сууц юм шүү.

- Амралт чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлэх дуртай вэ? Таны сонирхол хобби юу вэ?

- Миний хобби ном унших. Гэсэн хэдий ч яг энэ цаг мөчүүдэд ном унших зав үнэхээр гарахгүй байна. Яг үнэнийг хэлэхэд нэг сайхан ном уншаад тайван суумаар л байна. Мөн дуулах дуртай.

- Таны дуулахыг сонссон. Үнэхээр сайхан дуулаг юм билээ ...

- Үнэн гэж үү? /Инээв/ баярлалаа. Гэхдээ та бүхэн шиг сайхан дуулж чадахгүй байх аа. Монголчууд үнэхээр дууч ард түмэн гэдгийг би сайн мэднэ.

- Таны цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл юу вэ?

- Хэрвээ би цэргийн хүн байсан бол магадгүй хурандаа, генерал болоод цаашид илүү өндөр албан тушаалд дэвших тухай бодож болох байсан байх. Гэхдээ энэ албан тушаал бол миний хувьд хамгийн оргил бөгөөд сайн хийж чадах ажил гэж бодож энэ ажлаар карьераа дуусгавар болгоно. Тэтгэвэртээ гараад гэр бүлтэйгээ төрөлх япон орондоо амар тайван амьдрахыг хүсэж байна. Япон улсад жуулчид их ирдэг, мөн адил гадаадын хүмүүс олноор очиж ажиллаж, амьдардаг. Тэр хүмүүст япончууд тийм ч ойр дотно байж, аливаа учрыг тайлбарлаж, хэлж ярьж чаддаггүй. Би тийм хүмүүст туслахыг маш их хүсдэг. Магадгүй би тэтгэвэртээ гарсныхаа дараа гаднаас ирсэн, хөлөө олж амжаагүй байгаа хүмүүст өөрийнхөө туршлага, сургамжаас хуваалцаж, туслах болно. Давуу тал маань гэвэл би англиар ярьдаг. Тийм учраас ямар ч хүндрэл гарахгүй байх. Би өнгөрсөн хугацаанд ажлын хүнд хэцүү, амьдралын хатуу хүтүү зүйлсийн талаар маш их туршлага хуримтлуулсан. Үүнийг зөвхөн өөртөө хадгалах биш бусдад түгээхийг хүсэж байна. Магадгүй хаана хэрэгтэй байна, намайг хэн дуудна, тэнд очиж ажиллахад бэлэн. 

- Ярилцлагынхаа төгсгөлд та манай сонины уншигч энхийг сахиулагчдад хандан юу хэлэх вэ?

- Үнэхээр монгол цэргүүдэд маш их баярлалаа гэдэг үг ч багадах гээд байна. Би монгол цэргүүдээр маш их бахархдаг. Хэрэв та бүхэн өөрсдөөрөө бахархдаг бол бид та бүхнээс ч илүү та нараар бахархдаг шүү гэдгийг НҮБ-ын нэрийн өмнөөс дахин дахин хэлмээр байна. Монгол цэргүүдээ Та нар энд маш их хэрэгтэй шүү, Та бүхнийг энд байгаа хүмүүс харж байдаг шүү, итгэж найддаг шүү гэдгийг бахархалтайгаар онцлоод цэнхэр дуулгат монгол цэргүүддээ Олон улсын энхийг сахиулагчдын өдрийн халуун мэндийг дэвшүүлж, амжилт хүсье. Тэр тусмаа өнгөрсөн таван жилийн хугацаанд надтай хамтран үүрэг гүйцэтгэсэн бүх хүмүүсээр бахархаж байна. Бүгдээрээ буцаад ирээч ээ, хамтран ажиллая гэж хэлмээр байна.

- Цаг зав гарган ярилцсан танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд улам их амжилтыг хүсэн ерөөе ...

- Олон улсын энхийг сахиулагчдын өдөр удахгүй тохиох гэж байна. Харамсалтай нь бид коронавирусийн тархалтын улмаас өмнөх жилүүдийнх шиг өргөн цар хүрээнд тэмдэглэж чадахгүй болсон. Гэсэн хэдий намайг Зэвсэгт хүчнийхээ хэвлэлээр дамжуулж энхийг сахиулагч монгол цэргүүдтэй уулзуулсанд туйлын баяртай байна. Ярилцлагынхаа төгсгөлд “UNMISS” ажиллагаанд монголын энхийг сахиулагчид байгаагүй бол маш олон хүний амь нас эрсдэх байсныг дахин хэлэхийг хүсэж байна.

Ахмад Д.МЭНДБАЯР

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

Мэндчилгээ

Огноо:

,

Эрхэм хүндэт Нийслэлчүүд Та бүхэндээ Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг хүндэтгэн дэвшүүлье.

Төрт ёсны их баяр цэнгэл наадам бол монгол түмний оюун сэтгэхүй, түүх соёл, үндэсний ижилслийн гол дархлааг хадгалсаар ирсэн.

Хүн төрөлхтний биет бус соёлын үнэт өвд бүртгэгдсэн дэлхийд ганц Монгол наадмаараа монголчууд бид үндэстний эв нэгдэл, бахархал, омогшил, баяр цэнгэл, төрт ёсны хүндэтгэл, түмэн олны бишрэл бүгдийг нэгэн дор цогцлоон нааддаг билээ.

Энэ жилийн хувьд дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахалтай холбогдуулан Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу нэг дор олон хүн цугларуулахгүйн тулд баяр наадмын үйл ажиллагааг телевизийн сувгууд болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан орон даяар наадамчин олондоо хүргэж байгаа юм.

Хэдийгээр цаг үе амаргүй, эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч нийслэл хотын зүгээс урин дулааны улиралд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа шуурхай хийж хэрэгжүүлэхээр шат шатандаа  ажиллаж байна.
Бороо хур элбэг, үер усны аюул байгаа тул Онцгой, Цагдаа тэргүүтэй нийслэлийн холбогдох байгууллагууд бэлэн байдлын зэрэгт  ажиллаж  байна.

Баяр  наадмын амралтын өдрүүдээр нийслэлчүүд маань агаар салхинд гарах, амрах зугаалахдаа өөрийгөө болон гэр бүлээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг хүсч байна.

Төрт ёсны уламжлалт их баяр цэнгүүн Улсын баяр наадамдаа зодоглосон бөхчүүд нь иртэй бяртай,  уясан хүлэг нь хурдан шандастай, унасан хүүхэд нь авхаалж самбаатай, эрхий мэргэн харваачид нь онч цэцтэй байх болтугай.

Хотол түмнээрээ сайхан наадаарай.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Я.Содбаатар: Цар тахлын хоёрдугаар давалгаа биднийг бэлтгэл, бэлэн байдлаа улам чангатгаж ажиллахыг шаардаж байна

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар энэ сарын 09-ний өдөр НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нарыг хүлээн авч уулзлаа. Тэрээр Монгол Улсын Шадар сайдаар томилогдсоны даруйд уулзаж, танилцаж байгаадаа талархал илэрхийллээ. Уулзалтын үеэр НҮБ, ДЭМБ-ын зүгээс Улсын Онцгой комисст КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийг дэмжлэг болгон хандивласан юм.

Монгол Улсын Шадар сайд энэ үеэр “Манай улсад нийт өвчилсөн хүний тоо 227 хүрсэн нь бүгд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бөгөөд 195 хүн эдгэрсэн нь биднийг нэг талаасаа баярлуулж байгаа боловч, нөгөөтэйгүүр сонор сэрэмжээ алдахгүй байхыг дахин дахин сануулж байна. Зарим орон цар тахлын хоёрдугаар давалгаа болж байна гэж дүгнэж болохоор нөхцөл байдал үүсч байгаа нь бид бүгдийг бэлтгэл, бэлэн байдлаа улам чангатгаж ажиллахыг шаардаж байна. Аюулт халдварын цар тахалтай тэмцэхэд Монгол Улсын Засгийн газар бүх нөөц, боломжоо дайчлан ажиллаж байна. Аюулт сорилттой тэмцэж буй энэ цагт НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ДЭМБ болон НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагуудаас эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, хувийн хамгаалах хувцас, хэрэглэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис зэргийг хандивлаж дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ. 

Дашрамд дурдахад, НҮБ болон ДЭМБ КОВИД-19 цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжсээр ирсэн юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Э.Энхболд: Наадмын үеэр орон нутгийн замыг хаах шийдвэр гараагүй

Огноо:

,

Улсын баяр наадмын үеэр замын хөдөлгөөний зохицуулалтыг хэрхэн хийх талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа.

-Иргэдийн дунд наадмын үеэр орон нутгийн зам хаана гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Цагдаагийн байгууллагаас иргэд “Наадмын үеэр орон нутгийн замыг хаах уу” гэж маш их лавлаж байна. Ер нь орон нутгийн болон аймгуудын замыг хаах шийдвэр Зам тээврийн хөгжлийн яам, мөн тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар гардаг. Өнөөдрийн байдлаар буюу баяр наадмын өдрүүдэд нийслэлээс гарах, орох болон орон нутгийн замыг хаах эсэх талаар албан ёсны шийдвэр, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй. Гэхдээ коронавирустэй холбоотойгоор долдугаар сарын 15-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгасан.

Тийм учраас гэнэтийн байдлаар өвчин эмгэгтэй холбоотой шийдвэр гарахыг үгүйсгэхгүй. Бусад шалтгаанаар замын хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргаагүй. Тиймээс иргэд хөдөө, орон нутагт зорчихдоо аюулгүй байдлаа хангаарай. Түүнээс биш, “Зам хаана, хаахгүй” гэсэн баталгаагүй мэдээлэлд эргэлзэх хэрэггүй. Иргэд энэ талаарх шуурхай мэдээллийг холбогдох төрийн байгууллагын вэб сайт болон Тээврийн цагдаагийн алба гэсэн пэйж хуудсаар тухай бүрт нь авч болно.

-Ямар нэг байдлаар зам хаах эрсдэл үүслээ гэхэд хэсэгчилж хаах уу?

-УОК-оос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу онцгой байдлын үед зам хаана. Гэнэтийн тохиолдолд хэсэгчлэн зам хааж байгааг анзаарсан байх. Тухайлбал, Ховд аймагт тарваган тахал илэрсэнтэй холбоотойгоор Цэцэг, Жаргалант сумаас гарах, орох хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлалаа. Мөн Баян-Өлгий аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хаасан. Түүнээс улсын хэмжээнд зам хаахгүй.

-Энэ жилийн Улсын наадам онлайнаар болно. Бөхийн барилдаан XIII зуун цогцолборт, хурдан морины уралдаан Хүй долоон худагт болно. Эдгээр чиглэлд хүмүүсийн бөөгнөрөл үүсэхээс сэргийлж зам хаах уу?

-Коронавирустэй холбоотойгоор улсын баяр наадмыг үзэгчгүй, онлайнаар зохион байгуулж, хэвлэл мэдээллийн өргөн сувгаар нэвтрүүлэх ажлыг наадам зохион байгуулах комиссынхон хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор Төв аймгийн Эрдэнэ сум, төв замаасаа XIII зуун цогцолбор хүртэлх чиглэлд хөдөлгөөнийг бүсчлэн хаана. Баяр наадмын үйл ажиллагаа болох тухайн хэсгүүдийг бүсчилж хаана. Иргэдийг тийш нь оруулахгүй байхаар хөдөлгөөний хамгаалалт хийх төлөвлөгөө гарч, бэлтгэл ажлыг хангасан. Мөн Төв аймгийн Хүй долоон худаг буюу Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн цаад талын Лүн чиглэлийн төв замаар хөдөлгөөн саадгүй зорчино. Харин хурдан морины бариа бүхий Хүй долоон худгийн Монгол наадам цогцолбор руу оруулахгүй.

Наадмын өдрүүдэд 24 цагийн турш харуул хамгаалалттай байна. Иргэд очиж, гуйж морь, бөх, шагайн болон сур харваа үзчихнэ гэж бодож болохгүй. Тухайн хэсэг рүү хэнийг ч нэвтрүүлэхгүй. Зөвхөн наадам зохион байгуулах комиссынхон, бөхчүүд, уяачид тодорхой шалгуураар орно. Тэгэхээр XIII зуун цогцолбор, Хүй долоон худгийн чиглэлд хөдөлгөөн нэмэгдэх магадлалтай тул тусгай хамгаалалтын цуваа зорчих үед хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахыг үгүйсгэхгүй. Тиймээс морин уралдаан, бөхийн барилдаан эхлэх үед иргэд баруун тийш Лүн, зүүн тийш XIII зуун цогцолбор руу аль болох хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэй.

-Улсын баяр наадмын өдрүүдэд нийслэлд дугаарын хязгаарлалт үйлчлэх үү?
-Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд долдугаар сарын 11-15-ны хооронд болно. Энэ өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Жолооч бүр хөдөлгөөнд оролцох боломжтой.

-Хэдийгээр улсын баяр наадмыг цахимаар зохион байгуулах ч орон нутгийн наадам нээлттэй болно. Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас ямар сэрэмжлүүлэг өгөх вэ?

-Энэ жил “Яараад яах вэ дээ” аяныг долдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 15-ны хооронд зохион байгуулж байна. Хөдөө орон нутагт дээд тал нь 80, хотод 60 километр цагийн хурдтай явах боломжтой. Энэ хязгаарыг хэтрүүлж болохгүйг иргэддээ захья. Харамсалтай ослууд гардаг. Тухайлбал, аяллаар явж байхдаа майханд байсан хүүхдүүдээ дайрч, амийг нь хөнөөсөн тохиолдол гарсан. Тиймээс архидан согтуурсан үедээ машин жолоодхгүй байх, архи уусан нэгэндээ машины түлхүүр өгөхгүй байхыг анхаараарай.

Саяхан нийслэлд ачааны машины жолооч согтуу үедээ жолоо барьж байгаад, хашлага мөргөх үед тэвшин дээр нь сууж явсан хүн шидэгдэж, амиа алдсан. Хамгаалах бүсээ зүүж, аюулгүй хурдаар зорчоорой. Машин тэрэгнийхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, аль болох шөнө оройн цагаар холын замд битгий гараарай. Жолооч хоёр цаг тутамд машинаасаа бууж, 15 минут амарч биеийн чилээгээ гаргавал ядрахгүй, нозоорохгүй.

-Хотод дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн. Тэгвэл тодорхой хэсэгт зам хаах уу?

-Одоогийн байдлаар шугам засварын ажилтай холбоотой зарим газарт зам хаасан. Мөн түр зуур, хүчтэй орсон аадар борооны улмаас эвдэрсэн замуудыг хөдөлгөөн сийрсэн 23:00-06:00 цагийн хооронд засаж, тодорхой гудамж талбайн замыг, хэсэг хугацаанд хаана. Тиймээс “Энэ зам өдрийн цагаар чөлөөтэй байдаг” гээд хөдөлгөөн сийрсэн оройн цагаар хурд хэтрүүлж, хашлага мөргөх тохиолдол гардаг. Иймд зам засварын ажлыг шөнийн цагаар хийж байгаа тул дэргэдүүр нь болгоомжтой өнгөрөх, сонор сэрэмжтэй хөдөлгөөнд оролцох хэрэгтэйг иргэддээ хэлье. Мөн хөдөө, орон нутгаас үер борооноос үүдэн эвдэрсэн замын байршлын мэдээллийг зургаар авсан.

-Ховд аймгийн замыг одоогоор нээчихсэн байгаа. Баяр наадмын үеэр ч нээлттэй байх уу?

-Тухайн аймгийн Онцгой комисс, Засаг даргын шийдвэрээр зам хаах эсэхийг шийднэ. Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрвэл зам хааж магадгүй. Тиймээс хууль бусаар ан хийхгүй, тарвага болон бусад амьтны мах идэхгүй байхыг анхааруулъя.

-Орон нутгийн замд гардаг ослын гол шалтгаан хурд хэтрүүлэх. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бусад улс оронд нэг цэгээс нөгөө цэг хүртэл, хоёр хотын хоорондох зайг цагаар тооцдог. Энэ нь замыг аюулгүй туулах, дүрэм зөрчихгүй байх боломжийг бүрдүүлдэг байна. Харин манайд эсрэгээрээ “Дархан хүртэл 200 км” гэж ярьдаг. Тэгэхээр 100 км/цагийн хурдтай явахад хоёр цагийн дараа оччихно гэж ойлгодог. Энэ үед жолоочийн сэтгэхүйд хоёр цагт амжих тухай бодол төрж, хурд хэтрүүлж, өөрийгөө ч ядраадаг.

Гэтэл Дархан хүртэл зарим хэсэгт 80 км/цаг, эргэлт, тойруутай хэсэгт 50 км/цаг буюу тогтмол биш хурдаар явна. Харин үүнийг засмал замаар, аюулгүй, дундаж 70 км/цаг хурдтай туулна гэвэл гурван цаг явна. Энэ нь аюулгүй зорчих боломжит хугацаа болно. Иргэдэд аль аймаг руу хэдэн цаг явахыг тооцож, хүргэж байна. Энэ тооцоог Монголд анх удаа гаргасан.

Эх сурвалж: ТЦА


Дэлгэрэнгүй унших

Санал болгох