Цаг үе
Б.Отгонсүх: Нийтийн тээвэрт явах хоёр давхар автобус 70 хүний суудалтай, 100 гаруй хүний багтаамжтай
Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгө үзэмжгүй, стандартын бус хашаа хайсыг буулгах ажил хэр үр дүнтэй явж байгаа вэ?
- Нийслэлийн Засаг даргаас иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулах, стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах нэг сарын хугацаатай үүргийг орлогч нар, харьяа газрын удирдлагуудад үүрэг болгосон.
Энэ ажлын хүрээнд барилгын түр хашаануудыг стандартын дагуу сайжруулах, шинэчлэх мөн зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн хашаалсан аж ахуйн нэгж, байгууллагуудын судалгаа, тоон мэдээллийг гарган нэн даруй цуцлах, тухайн талбайг нийтийн зориулалтаар ашиглах зохион байгуулалт бүхий ажлын хэсгүүдийг дүүрэг болгонд гаргасан. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд стандартын шаардлага хангаагүй барилга угсралтын талбайн түр хашаа, хайсын 441 байршил байна гэсэн судалгаа тооцооллыг гаргасан. Үүнээс 252 хашаа, хайсыг шинэчлэх арга хэмжээ авч, эзэн холбогдогч нь тодорхойгүй, хүний эрүүл мэндэд хортой нийт 56 хашааг албадан татан буулгаж зориулалтынх нь дагуу чөлөөлөлт хийсэн. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн орц гарцыг чөлөөлж 72 гаражийг албадан буулгаад байна. Нийслэлийн хэмжээнд ажлын биелэлт 57,2 хувьтай явж байна.
Түүнчлэн Улаанбаатар хотод тав болон түүнээс дээш жил болсон ухсан нүхтэй 49 газар байна. Энэ нь зундаа борооны усаар дүүрч, хог хаягдал овоорч, тухай орчинд сөрөг нөлөөтэй, иргэд унаад осолдох эрсдэл үүсгэдэг. Тиймээс бид өндөр эрсдэлтэй 49 байршилд ухсан нүхийг булуулах ажил хийж байна. Үүнээс одоогийн байдлаар нийт зургаан байршлыг стандартын дагуу болгон засаж сайжруулсан. Хог хаягдал ихтэй, зориулалтаар нь ашиглаагүй нүхнүүдийн газрын эрхийг цуцлан хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зогсоол болгон ашиглах юм.
Таны хувьд нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Тус дүүргийн хэмжээнд ажлын явц хэр өрнөж байна вэ?
Нийслэлийн Баянгол дүүргийн хэмжээнд газрын зөвшөөрлөө буруу ашигласан, эрсдэлтэй орчин үүсгээд буй 89 байршилд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ан ахуйн нэгж байгууллагуудын судалгаа эхний ээлжинд гарсан. Тэдгээрээс 69 нь хашаа, хайсны шаардлага хангаагүй зөрчилтэй байсан. Одоогийн байдлаар үүнээс 45-г нь шинэчлүүлэх арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн хэмжээнд стандартын шаардлага хангаагүй хашаа, хайсыг буулгах, шинэчлэх ажлын биелэлт 65 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Мөн орц, гарц хаасан, яаралтай түргэн тусламж, онцгой байдлын машин нэвтрэх боломжгүй нөхцөл байдал үүссэн 2 гараажийг буулгасан. Түүнчлэн дүүргийн хэмжээнд хог хаягдал овоолж, ухсан ашиглагдаагүй хашаалсан 7 газар байснаас зургаан газрыг цуцлуулах саналыг ажлын хэсгээс нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн. Тус байгууллагууд бүгд дүгнэлтээ гаргаад нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цуцлах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цуцалсан газруудыг нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижуулж, ашиглах юм.
- Нэг сарын хугацаатай уг эрчимжүүлсэн арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх үү?
-Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар нэг сарын хугацаатай үүрэг даалгавар авч ажилласан. Бид сарын хугацаанд маш эрчимтэй ажилласан боловч барилгын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын тоо их, тухайн газрын аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх шат дамжлага, хугацаа их орох учраас бид нэг сарын хугацаатай тус арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар сунгасан. Иргэдийн аюулгүй орчинг бүрэн хангасны дараагаар дуусгавар болох нь зөв хэмээн үзэж сунгах шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд бид барилгын орчинг зөвхөн хашаа гэлтгүйгээр үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж буй аж ахуйн нэгж байгуулагуудын өнгө үзэмж, чанар стандартыг сайжруулах, нэгж талбараасаа илүү гарсан тохиолдолд тухайн нэгж талбар нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, 2020 онд хийгдэж буй тохижилт бүтээн байгуулалтын ажлуудын стандарт шаардлагыг хангуулах, нэгдсэн үзлэг шалгалтыг хийж, шаардлага хүргүүлэх ажлыг шат дараалалтайгаар зохион байгуулан ажиллаж байна.
Мөн инженерийн байгууллагын цэвэрлэгээ, үйлчилгээ, үерийн далан сувгийн цэвэрлэгээ, лаг шаврыг цэвэрлүүлэх, гудамж талбайд байдаг гэрэлтүүлэг, цахилгаан кабелийн утас ил задгай унжсан зэрэг зөрчлүүдийг цэгцлэх, инженерийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, траншений нүхийг битүүлэн таглах ажлыг мөн хийж ажиллаж байна. Нэг сарын хугацаанд ажиллахдаа нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн лагийг цэвэрлэх ажлыг зургаан байршилд 3,370 метр квадратад цэвэрлүүлсэн. Түүнчлэн хамгаалалтын хайс, хашлага суурилуулах ажлыг 9 байршилд 1865 метрт суурилуулсан. Зар сурталчилгааны самбаруудын зөрчлийг дүүрэг болгонд илрүүлж зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажилласнаас 297 зөвшөөрөлгүй, зөрчилтэй, өнгө үзэмжгүй, аюулгүй байдал нь алдагдсан зар сурталчилгааны самбарууд байснаас 206 нь уг ажлын хүрээнд буулган аюулгүй байдлыг нь хангасан байна.
Энэ ондоо багтан 300 автобусаар нийтийн тээвэр парк шинэчлэлт хийнэ гэж байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
Улаанбаатар хотын нийтийн тээвэр бол том салбар. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 949 автобус ажлын өдрүүдэд 400 мянган гаруй зорчигчид үйлчилж байна. Коронавирусийн цар тахлын үе болон зуны улирал эхэлсэнтэй холбоотой зорчигчийн урсгал, хөдөлгөөн өмнөхөөсөө буурсан. Сүүлийн 10 жил энэ салбарт парк шинэчлэл дорвитой хийгдээгүй, хүрэлцээ, үйлчилгээ муу талаар иргэдээс гомдол, санал их ирдэг. Тиймээс нийслэлээс энэ ондоо багтаан 300 автобусаар парк шинэчлэлт хийхээр ажиллаж байна. Үүнээс энэ зургаадугаар сардаа багтаан 10 ширхэг хоёр давхар автобус, 36 энгийн цахилгаан автобус оруулж ирэхээр ажиллаж байна. Мөн энэ зундаа багтан 200 хүүхдийн сургуулийн автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн өвөл бид цахилгаан автобусыг анх удаагаа нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулж эхэлсэн. Манайх шиг эрс, тэс уур амьсгалтай орнуудад нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан буюу дотоод энерги хуримтлуулж ажилладаг батериат автобусыг мөн туршиж байна. Туршилтаар элдэв сөрөг нөлөө гараагүй учраас цаашид эко автобусуудыг олон талаас нь харгалзан үзэж сонгож байна. Нөгөөтэйгүүр цахилгаан автобус нь эдийн засагт хэмнэлттэй, байгаль экологид ээлтэй зэрэг олон талын давуу талтай.
Хоёр давхар автобус нийтийн тээврийн үйлчилгээнд удахгүй гарна. Одоо нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа энгийн автобусууд нь 70 гаруй хүний багтаамжтай 20 гаруй хүний суудалтай бол хоёр давхар автобус 70 хүний суудалтай 100 гаруй хүний багтаамжтай юм. Өөрөөр хэлбэл нэг дор олон зорчигчдод үйлчлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
-Хоёр давхар автобус болон хүүхдийн автобусны хувьд хэдэн төгрөгийн төсвөөр орж ирж байгаа вэ?
-Энэ жил коронавирусийн халдвар тархсанаас үүдэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хүндрэлтэй байгаа. Гэвч бид дотоод нөөц бололцоогоо дайчлан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдээ зогсоолгүй цаг хугацаандаа хийгээд явж байна. Улсын эдийн засаг хүнд байгаа энэ үед дээрх бүтээн байгуулалтын ажил нь улсын болон нийслэлийн төсвөөр яагаад ч хийх бололцоо байхгүй. Иймд бид хөрөнгө оруулалтаа төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж байна. Хоёр давхар болон бусад цахилгаан автобусуудаа БНХАУ-ын хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр авч байгаа. Тодруулбал, урьдчилгаа 20 хувийг нийслэлийн төсвөөр, 80 хувийг нь МУХБ-ны DBM Leasing болон БНХАУ-ын хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрээр авч байна. Цахилгаан автобусны нэг бүрийг 200 мянган ам.доллараар, сургуулийн автобусыг 130 мянган ам.доллаар худалдан авч байна.
-Замын зохион байгуулалт, гүүр болоод агаарт байдаг цахилгааны утас зэргээс хамаараад хоёр давхар автобус явахад хэр тохиромжтой гэж үзэж байгаа вэ?
-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил дээр бид хоёр үндсэн зарчим баримтлан ажиллаж байгаа. Нэгдүгээрт сургуулийн автобус нь олон улсын чанар стандартад нийцсэн аюулгүй байдлыг хангасан байх. Хоёрдугаарт цаг уурын эрс дэс уур амьсгалтай газарт зохицсон техникийн нөхцөлийг хангасан байх ёстой гэсэн гол зарчим дээр тулгуурлан ажиллаж байна. Хоёр давхар автобусны тухайд бид бүх тооцоо судалгааг гаргасан. Боломжтой замын чиглэлүүдээр явна. Чиглэлийг тухайн үед танилцуулна. Эхний ээлжинд 10 хоёр давхар автобус туршилтаар явна. Хоёр давхар автобусны хувьд 4.2 метр өндөртэй, дотор нь нийт 70 хүн зорчих боломжтой. Хоёр давхар автобус 4.2 метр өндөртэй гэдэг нь одоо үйлчилгээнд явж байгаа автобуснуудаас 1.14 метрээр л өндөр гэсэн үг. Улаанбаатар хотын төв замаар байрладаг троллейбусны шугам нь 5.6 метрээс дээш өндөрт байдаг учир хоёр давхар автобусыг троллейбус газруудаар ч үйлчилгээнд явуулах бүрэн боломжтой.
Туршилтын хугацаанд гэмтэл саатал гарахгүй байвал цаашдаа үйлчилгээнд явуулна. Иргэдэд үйлчлэх төлбөр, мөнгөний хувьд өөрчлөлт орохгүй 500 төгрөгөөр зорчино.
Сургуулийн автобус маш үр дүнтэй ажил болсонтой иргэд санал нийлэх байх. Ирэх хичээлийн жилд 200 сургуулийн автобус үйлчилнэ гэсэн үг үү?
Улаанбаатар хотод төрийн өмчийн сургуулиудад 292 мянга гаруй хүүхэд сурдаг. Эдгээр сурагчдын талаас илүү хувь буюу 100 мянга гаруй хүүхдийг эцэг эхчүүд нь сургуульд хүргэж өгч, авдаг гэсэн судалгаа гарсан. Тиймээс сурагчдын аюулгүй байдал, эцэг эхчүүдийн цагийг хэмнэх, ажлаа хийх боломжоор нь хангах, үүнээс үүдсэн авто замын түгжрэлийг бууруулахаар “School bus буюу сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. 2019 оны аравдугаар сараас арван хоёрдугаар сарын хооронд нийт 40 автобусаар 29 сургуулийн 33 чиглэлд 115 мянган хүүхэд зорчсон байдаг. Туршилтаар явуулахад үр дүнгээ өгсөн учраас 2020 оны хичээлийн шинэ жилээс эхлэн 292 мянган хүүхдэд зориулан 200 сургуулийн шинэ автобусаар үйлчлэхээр төлөвлөөд байна. Энэ нь авто замын ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулаад зогсохгүй хүүхдийн аюулгүй байдал, эцэг эхчүүдийн ажилд ихээхэн тус нэмэр болно хэмээн үзэж байна. Бид ч мөн хүүхдийн зам тээврийн ослыг 0 болгох ёстой хэмээн ажлаа уялдуулж ажиллахыг зорьж байна.
-Түгжрэлийг бууруулах зорилгоор агаарын дүүжин зам барина гэж байгаа. Дүүжин зам барих ажил хэзээнээс эхлэх вэ?
- Бидний барьж буй бодлого бол нийтийн тээврийн олон хувилбарт системийг нэвтрүүлэх. Ганцхан автобус, троллейбус биш агаарын дүүжин зам, такси үйлчилгээ, дугуйн зам зэрэг бүх төрлийн тээврийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай. Нийтийн тээвэрт богино, дунд хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Улаанбаатар хотод агаарын дүүжин гүүрийг барих боломжтой нь судалгаагаар тогтоогдсон. Ажлыг удахгүй эхлүүлэхээр ажиллаж байна. Зорилтот төсөл, хөтөлбөрүүд хэрэгжсэнээр 2025 он гэхэд Улаанбаатар хотын замын түгжрэл 50 гаруй хувиар буурна гэж үзэж байгаа.
-Такси үйлчилгээг шинэчилнэ гэж байгаа. Такси үйлчилгээг шинэчилснээр үнэд өөрчлөлт орох уу?
-Нийтийн тээврийн нэг гол тулгуур нь такси үйлчилгээ. Нийслэл хотод одоогоор 598 бүртгэлтэй такси байна. Олон улсад мөрдөгддөг нэг хүнд ногдох такси үйлчилгээ нь Улаанбаатар хоттой харьцуулахад 3000-4000 такси үйлчилгээнд явах шаардлагатай байгаа юм. Бүртгэлгүй такси их, зорчигчийн аюулгүй байдал, чанар өнгө үзэмж гэх зэрэг маш олон алдаа дутагдлууд гарч байгаа. Тэгэхээр үүнийг 2020 ондоо багтаан шийдвэрлэж 1000 орчим такси шинээр оруулж ирж парк шинэчлэлтийн ажлыг хийнэ.
Нийтийн тээврийн ариутгал, цэвэрлэгээ өмнө нь байгаагүйгээр сайжирсантай иргэд маргахгүй биз. Автобус цэвэрхэн болоод зогсохгүй автобусны буудлуудыг хүртэл угаах ажил иргэдэд их хүрсэн. Цаашид энэ ажил тогтмол хийгдэх үү?
Нийтийн тээврийн үйлчилгээ, соёлтой холбоотой гомдлууд олон жил гарсаар ирсэн. Тиймээс парк шинэчлэлт хийхийг хүлээлгүйгээр ядаж цэвэрлэгээ, үйлчилгээгээ сайжруулья, зорчигчид эрсдэлгүй орчинд зорчоосой хэмээн зорьж их цэвэрлэгээ, ариутгалын ажлыг эрчимжүүлсэн. Нийслэлээс тусгай ажлын хэсэг томилогдон гарч нийтийн тээвэрт зорчиж буй 946 автобус, троллебусыг хуваарийн дагуу их цэвэрлэгээ хийлгэж, мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж байна.
Түүнчлэн Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх автобусанд гар ариутгагч тогтмол байршиж, жолооч нар амны хаалтыг тогтмол зүүж үйлчилж байна. Нийслэлээс зөрчил дутагдлыг цаг алдалгүй шийдвэрлэж, нийтийн тээврийн 21 улсын байцаагч хуваарийн дагуу хяналт тавин ажиллаж байна. Их цэвэрлэгээг тогтмолжуулах үүднээс “цэвэрлэгээний үзүүлэх сургалт”-ыг нийт тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад хийж, тогтсон стандартыг мөрдүүлэхийг зорьж байна. Одоо бол цэвэрлэгээ, ариутгал дээр нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүд ч гэсэн идэвх санаачилгаатай, хамтран ажилладаг болсон. Нийслэлчүүдээ өдөр бүр цэвэрхэн автобусаар зорчоосой хэмээн зорьж, тогтмолжуулахын төлөө ажлын хэсэг ажиллаж байна.
НЗДТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудыг ариутган цэвэрлэх ажлыг явууллаа. Энэ хүрээнд нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрладаг автобусны буудлын сандал, хогийн сав, ТҮЦ-үүдийн өнцөг булан бүрийг ариутгал, халдваргүйжүүлэх тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж цэвэрлэх ажлууд гурван мэргэжлийн аж ахуйн нэгжтэй хамтран хуваарийн дагуу явууллаа. Үр дүнгээ өгсөн ажил болсон. Цаашид тодорхой төсөв тавиад тогтмолжуулах төлөвлөгөөтэй байна.
-Нийслэлд хийгдэж буй автозамын бүтээн байгуулалт болон зам, засварын ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
- Улаанбаатар хотод нийтдээ 52.8 км авто зам шинээр хийгдэхээр төлөвлөсөн. Мөн уулзваруудыг өргөтгөн шинэчилэх 17.8 км авто замын ажил хийгдэнэ. Түүнчлэн гэр хороолол тэлсэн учраас нийтийн тээврийн зогсоолыг нэн шаардлагатай 9 байршилд хийнэ. Энэ жил Улаанбаатар хотод 50.2 км дугуйн зам хийгдэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд төвийн найман байршилд дугуйн замыг төлөвлөж ерөнхий төлөвлөгөөний загварыг гаргасан. Түүнчлэн Налайхаас Яармагийн гүүр хүртэл 16 км дугуйн зам төлөвлөсөн. Тус дугуйн замыг тавьснаар дугуйн спортоор хичээллэх иргэдийн бэлтгэл болон иргэдийн амралтыг зөв боловсон өнгөрүүлэх шинэ орчинг бүрдүүлж буйгаараа онцлогтой. Дугуйн замыг хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд зорчих хэсэг нь дугуй замаасаа тусгаарлах төмөр бетонон хаалтыг хийж өгч байна.
Мөн 2020 онд нийслэлийн авто замын хөгжлийн газарт ТАВАН эх үүсвэрээр төсөл арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнээс хоёр улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Баянзүрхийн гүүр, Олимпийн гүүрэн гарц, Сонсголын гүүр, Яармагийн гүүр гэсэн бүтээн байгуулалтын томоохон ажил дуусах шатандаа орж байна. Улсын төсөв, нийслэлийн төсөв, замын сангийн хөрөнгөөр энэ онд 114 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн. Энэ жилийн төсөл нь гэр хорооллын бүсүүд рүү чиглэсэн авто замуудыг тавих юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын төвийн авто замын сүлжээ хангалттай бий болсон учраас гэр хороолол руу түлхүү авто зам, бүтээн байгуулалтыг хийхийг зорьж байна.
Гэр хорооллын замуудад явган зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах төвийн шугамтай хэсгүүдийг цогцоор нь сэргээн засварлах, мөн зөвшөөрлөө хэтрүүлэн хашаа барьсан иргэн ААНБ-ын орц гарцыг хаасан хашааг буулган, холбоос замуудыг хийхээр төлөвлөсөн. Холбоос замын ач холбогдол нь тухайн замын түгжрэл буурах, тухайн орон сууц, гэр хорооллуудын шуурхай авто машинууд болох яаралтай түргэн тусламжийн машин, галын машинууд орж гарахад чөлөөтэй зорчих боломж бүрдэж байгаа юм.
Эх сурвалж: Ulaanbaatar.mn
Цаг үе
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы2026 оны 10 сарын 29-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр нарын 9 гишүүнээс 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулав.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, цахим орчинд хүүхдийн хувийн мэдээлэл болон дүрс бичлэгийг зөвшөөрөлгүй ашиглах, хүүхдийг зохисгүй харилцаанд татан оролцуулах зэрэг эрсдэл нэмэгдсээр байгаа нь хуулийн төсөл боловсруулах үндэслэл болсныг дурдсан юм. Хүүхдийг эрсдэлээс хамгаалахдаа зөвхөн хориг, хязгаарлалт тогтоох бус тэдний эрх, эцэг эхийн үүрэг, нийгмийн сүлжээний болон харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлага, төрийн үүргийг тодорхой болгосон цогц зохицуулалт шаардлагатай гэж үзсэн байна.
Хуулийн төсөлд 13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэж, хэрэглэхийг хориглох, 13-16 насны хүүхдэд зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулах зохицуулалтыг тусгажээ. Мөн эцэг эхийн хяналт тавих боломжийг бүрдүүлэх, хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах, хориотой болон хүүхдэд хортой агуулгаас сэргийлэх технологийн хамгаалалт зэрэг агуулгыг оруулсан байна.
Монгол Улсад оршин суугаа хүүхэд харьяаллаас үл хамааран хамрагдаж, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч этгээд, төрийн байгууллага, эцэг эх асран хамгаалагч, боловсролын байгууллагууд зэрэг хүүхдийн оролцоотой ихэнх байгууллагууд хуулийн үйлчлэлд хамрагдана гэдгийг хууль санаачлагч дурдав.
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулсан байна. /Дэлгэрэнгүйг эндээс/
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.9 хувь, хамт өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 66.7 хувь, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 66.7 хувь, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн теслийг 61.9 хувийн саналаар тус тус үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцлов.
Хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, С.Эрдэнэболд, С.Зулпхар, О.Батнайрамдал, Д.Ганмаа, Ц.Баатархүү, Ч.Лодойсамбуу, М.Нарантуяа-Нара, Г.Лувсанжамц нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд хуулийн төслийн зохицуулалтад хүүхдүүдийн гэр бүл, сургуулийн орчинд нийгмийн сүлжээг хэрэглэх, зохистой ашиглах орчинг бүрдүүлэх асуудлыг тодорхой болгох, эцэг эхийн үүргийг хариуцлагажуулахад чиглэсэн зохицуулалтыг хэрхэн тусгасан талаар илүүтэй лавлаж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр хариултдаа, "Хуулийн төсөлд 13 нас хүртэл нь хүүхдийг нийгмийн сүлжээнд орохыг бүрэн хориглосон. Ялангуяа эцэг, эх хүүхдүүдээ гар утсаар ямар контент үзэж байгааг мэддэг, цахим халдлагын талаар мэдэх шаардлага үүсээд байна. Иймд хүүхдийнхээ ашиглаж буй нийгмийн сүлжээний талаар мэдлэгтэй байх, сургалт, зөвлөгөөг мэргэжлийн байгууллагаас авах гэх зэргээр эцэг, эхийн эрх үүргийн талаар төслийн 8 дугаар зүйлд тодорхой тусгасан. Харин хүүхэд сургуулийн орчинд нийгмийн сүлжээг зохистой хэрэглэх хүрээнд сургалтын үйл ажиллагаа, даалгавар, үнэлгээ, суралцагчтай холбоотой мэдээлэл, солилцоход хуулийн 14.1.3-т зааснаас бусад нийгмийн сүлжээг ашиглахыг хориглох зэргээр төслийн 9 дүгээр зүйлд боловсролын сургалтын байгууллагын чиг үүргийг тодорхой тусгасан" гэж байлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, "Эцэг эхчүүдэд хариуцлага хүлээлгээд хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг бүрэн хянаж чадахгүй. Иймд технологийн шийдлийг хамгийн бие даасан, найдвартай шийдэл гэж үзсэн. Үүрэн телефоны компаниуд тусгай зөвшөөрөл аваад үйлчилгээ эрхэлдэг бөгөөд энэ хүрээнд хүлээсэн үүрэгт нь утасны дугаар олгохдоо иргэний бүртгэл болон насны бүртгэл хийлгэхээр тусгасан. Ингэснээр хууль хэрэгжих боломж бүрдэнэ" гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.
Түүнчлэн гишүүд хуулийн төсөлд 13-16 насны хүүхдэд зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулна гэж тусгахдаа тодорхой судалгаанд үндэслэсэн эсэх, ялангуяа Монгол Улсын нийгмийн сүлжээгээр явуулж буй хортой, хориотой контенттой холбоотой гомдол хүсэлтийг яаралтай шийдвэрлэх, арга хэмжээ авах эсэхийг тодруулсан.
Улсын Их Хурлы гишүүн П.Наранбаяр "Төсөлд хүүхдийн насны хязгаарлалтыг тусгахдаа АНУ-ын сэтгэл зүйн холбооноос гаргасан шинжлэх ухааны судалгаа, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос 2021 онд баталсан зөвлөмж, Олон улсын цахилгаан холбооноос гаргасан хүүхдийг цахим орчинд хамгаалах бодлого боловсруулагчдад зориулсан удирдамж, улс орнуудын харьцуулсан судалгаа зэргийг үндэслэсэн" хэмээв.
"Харилцаа холбооны зохицуулах хороо эрх мэдлийнхээ хүрээнд цахим сүлжээ эрхлэгч болоод харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч нартай харилцаж, хүүхдэд хориотой агуулгатай контентыг найман цагийн дотор арилгах үүрэг хүлээж байна. Мөн хортой агуулга явуулсан тохиолдолд 72 цагийн дотор мэдэгдлээ өгөөд шийдвэрлэнэ гэсэн агуулгыг төсөлд тусгасан. Үүнийг арилгаагүй нөхцөлд Монгол Улсаас үе шаттайгаар тухайн сүлжээрүү хандах хандалтгүй болгох арга хэмжээ авах зохицуулалтыг төсөлд тусгаад байна" хэмээн төсөл санаачлагч гишүүн хариулж байлаа.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, С.Зулпхар, О.Алтангэрэл, М.Нарантуяа-Нара, М.Мандхай, С.Эрдэнэболд нар хуулийн төслийг дэмжсэн, дэмжээгүй талаараа байр сууриа илэрхийлэв. Гишүүд дэлхийн олон улс орнууд өсвөр насны хүүхдүүдийн нийгмийн сүлжээний хэрэглээнд хяналт тавих асуудалд анхаарч байгаа энэ цаг үед хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ анхаарах асуудалд санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, хүүхдийн хувийн мэдээлэл, байршил, бүртгэлийн нууцлалыг анхдагч тохиргоогоор хамгаалах нь зөв. Хүүхэд, эцэг, эх бүр технологийн мэргэжилтэн биш тул хамгаалалтыг өөрсдөө олж тохируулахыг хүлээлгүй үйлчилгээ нь анхнаасаа аюулгүй байх ёстойг тодотгов. Мөн танихгүй хүнээс явуулсан шууд зурвасыг хязгаарлах, хүүхдэд хортой агуулгыг санал болгох алгоритмд шаардлага тавихыг дэмжиж байна гээд хүүхдийг хамгаалахад нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчид бодитоор оролцох хэрэгтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, анхдагч хуулийн төсөл тул олон талын туршлагыг харгалзах, хууль хэрэгжүүлэхтэй холбоотой зохион байгуулалт, хүний нөөц, хөрөнгө, санхүүгийн нөөц зайлшгүй шаардлагатайг хүлээн зөвшөөрч, энэ асуудалд анхаарах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хүүхдийг цахим халдлагаас хамгаалах агуулгад чиглүүлж батлуулах, харин үүнийг цахим орчны цензурын шинэ хэрэгсэл болгох, ямарваа нэг эрх мэдэлтэнд үйлчлэх гарц боломжийг нээж болохгүй гэдгийг онцгой анхааруулж байлаа.
Ингээд Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар шийдвэрлэв.
Дараа нь Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин танилцуулсан.
Энэхүү анхдагч хуулийн төслийг дэлхий нийтэд эрэлт хэрэгцээ нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа өгөгдлийн зах зээл, эдийн засгийн өгөөжийг харгалзан, халдашгүй байдлыг хангах, хөгжлийн баримт бичгүүдэд нийцүүлж, хөрөнгө оруулалтын нээлттэй загварыг бий болгох бодлогыг чухалчилсан гэв.
Хууль санаачлагч илтгэлдээ, өгөгдөл нь зөвхөн архивт хадгалагдах мэдээлэл төдий бус бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, хиймэл оюуны хөгжлийн болон стратегийн чухал нөөц гэдгийг онцоллоо. Олон улсын эрх зүйн чиг хандлага, жишгийн дагуу манай улс дата өгөгдлийн хөрөнгө оруулалтын нээлттэй загварыг бий болгохоор төслийг боловсруулсан хэмээв. Нэн тэргүүнд халдашгүй байдлыг хамгаалах, өгөгдлийн чанар, ангилал, уялдааг томьёолох, дотоодын дата төв, үүлэн дэд бүтцийг тэлэх, Монгол Улсыг гадны технологи хэрэглэгч бус, өгөгдөл боловсруулдаг, хиймэл оюуны тооцооллын хүчин чадал экспортолдог орон болгох зорилт тавьсан гэсэн юм. Тиймээс эрчим хүч, сүлжээ, эрх зүйн бие даасан байдлыг нэгэн зэрэг хангах «Sovereign by Design» бодлогыг хуулийн төсөлд тусгаад байгаа гэлээ.
Өгөгдлийн тухай хуулийн төсөл нь зургаан бүлэг, 25 зүйлтэй, өгөгдлийг үүсгэхээс эхлээд устгах хүртэл 11 үе шат бүрийг эрх зүйн хүрээнд иж бүрэн зохицуулахаар төлөвлөсөн байна. Төрийн анхдагч мэдээллийн санг давхардуулахгүйгээр нэгдсэн каталог, мета өгөгдөл, систем хоорондын холболтод суурилсан төрийн их өгөгдлийн дэд бүтцийг бүрдүүлж, өгөгдөлд хандсан үйлдэл бүрийг бүртгэх зохицуулалтыг тусгажээ. Төрийн их өгөгдлийг “нээлттэй”, “хязгаарлалттай”, “хаалттай”, “нөхцөлт хандалттай” гэж ангилан хандалтын эрх олгох бол өгөгдлийг “нээлттэй”, “судалгааны”, “хязгаарлагдмал”, “арилжааны”, “нийтийн ашиг сонирхлын” хэмээн ангилж, лицензээр ашиглуулах ажээ.
Өгөгдлийн эзэн өөрт хамаарах, өөрийн үйл ажиллагааны явцад үүссэн өгөгдлөө үнэ төлбөргүй авах, хүсэлтээрээ техникийн боломжтой үед өөр үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлэх эрхийг тусгасан. Харин гадаадын этгээдийн дата төвийн дэд бүтцийн хүсэлтийг нэг цонхоор зохион байгуулж, үр ашгаас хуваалцах гэрээ байгуулна. Ногоон дата төвийн сүлжээний холболт, илүүдэл эрчим хүчний худалдан авалт, зээлийн дэмжлэгийг холбогдох хуулиудтай уялдуулна. Өгөгдлийн ашиглалт, чанарын нэгдсэн тайланг жил бүр Улсын Их Хуралд танилцуулж байхаар төсөлд тусгасан тухайгаа сайд Ч.Номин илтгэлээ.
Энэхүү төсөл нь өгөгдөлд суурилсан бизнес, монгол хэлний хиймэл оюуныг хөгжүүлэх, үндэсний тооцооллын чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, уул уурхайгаас бусад салбарын экспортыг нэмэгдүүлэх ач холбогдолтойгэж төсөл санаачлагчид үзжээ.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийсэн байна. /дэлгэрэнгүйг эндээс/
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү танилцуулав. Хууль санаачлагч өгөгдөл нь бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, хиймэл оюуны хөгжлийн стратегийн нөөц болж байгааг харгалзан өгөгдлийг үүсгэх, хадгалах, боловсруулах, солилцох, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Төр, хувийн хэвшилд хуримтлагдсан өгөгдлийн чанар, ангилал, уялдаа холбоо, дахин ашиглалт хангалтгүй, дотоодын дата төв болон үүлэн тооцооллын дэд бүтэц хязгаарлагдмал байгааг үндэслэн өгөгдлийн засаглал, мэдээллийн болон кибер аюулгүй байдал, хувийн мэдээллийн хамгаалалт, дата төвийн үйл ажиллагааны харилцааг цогцоор зохицуулах, төрийн бодлого, үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх, хиймэл оюуны хөгжлийг дэмжих, уул уурхайгаас бусад салбарын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсныг дурдав.

Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт “... Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар ил санал хураалт явуулна …” гэж заасны дагуу санал хураалт явуулахад Өгөгдлийн тухай хуулийн төслийг 87.5 хувиар, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 83.3 хувиар, Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 87.5 хувиар, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 87.5 хувиар, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 87.5 хувиар, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 87.5 хувиар тус тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг танилцуулгадаа онцлов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд, Д.Ганмаа, С.Ганбаатар, Мандхай нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин Хууль тогтоомжийн тухай хуулийн 16.1-т хууль тогтоомжийн төслийг үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулна гэж заасныг дурдаад, үзэл баримтлалдаа тусгасан атлаа хуулийн төсөлд тусгаагүй үлдсэн асуудлыг хэрхэн зохицуулах, улмаар дата төвийн халдашгүй байдлын тусгай дэглэмийг хэрхэн зөвөөр ойлгох талаар лавлаж байлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, хуулийн төслийн үзэл баримтлал нь төрөөс хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, журам дүрмийг тодорхой болгож өгснөөр Монгол Улсад дотоодын болон олон улсын хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн дата төвүүд, өгөгдөл боловсруулдаг төвүүдийг бий болгох зохицуулалтай болгосон. Энэ хүрээнд хувийн хэвшлийнхэн зохион байгуулалт, хөрөнгө оруулалтаа хийхэд зохицуулалт шаардлагатай. Хэрэв үүнтэй холбоотойгоор Засгийн газраас баталгаа гаргах шаардлагатай тохиолдолд л хуулийнхаа дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлнэ хэмээв.
Харин ажлын хэсгээс Хууль тогтоомжийн тухай хуулиар төслийн үзэл баримтлал нь зорилго, зохицуулалтын хүрээг тогтоож, хуулийн төсөл нь түүнийг хэрэгжүүлэх журам, чиг үүргийг нарийвчлан зохицуулж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хоёр баримт бичиг агуулгын хувьд хоорондоо нийцэж байх ёстой гэдэг саналыг хүлээн зөвшөөрч байна гэлээ. Мөн энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалыг 2026 оны зургадугаар сард боловсруулаад, 6, 7 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар оруулж, төсөл өргөн мэдүүлэх зөвшөөрөл авахаар хоёр удаа хэлэлцүүлсэн. Энэ хүрээнд Засгийн газраас тодорхой чиглэл өгсөн тул тэдгээр саналуудыг нэмж тусгасан байдлаар өргөн мэдүүлсэн хэмээн тайлбарласан.
Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбол хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, үндэсний бүтээмэл оюуны тогтолцоог бий болгоход хэрхэн чиглэж буйг лавласан.
Дэлхий дахинд эдийн засгийн бүтээмжийг дүгнэж байгаа гол салбар нь хиймэл оюун ухаан болж, өрсөлдөөн үүнд төвлөрч буйг Ч.Номин сайд тодотгоод, бид өөрсдийнхөө үндэсний үнэт зүйл, мөн чанараа хадгалж үлдэхийн тулд хиймэл оюун ухааны салбарт ямар стратеги барьж, ямар тогтолцоотой явах вэ гэдгээ боловсруулж гаргах нь чухал гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлэв. Мөн Засгийн газраар хиймэл оюуны талаар баримтлах стратегийг хэлэлцүүлсэн. Үүнийг салбарын яам дангаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд үндэсний аюулгүй байдлын түвшинд хэлэлцэх асуудал. Энэ асуудлыг хэлэлцүүлж байгаа гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.
Ингээд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг маргаашийн буюу Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар хойшлуулсан.
Хуралдааны төгсгөлд Ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо уг асуудлыг 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. /дэлгэрэнгүйг эндээс/
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай танилцуулсан. Тайланг хэлэлцээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Усын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 120 дугаар зуйлийн 120.6 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг баримтлан төрөөс олгосон дэмжлэг, урамшууллын талаарх мэдээллийг нийтэд ил тод болгох, дэмжлэг, урамшуулал олгох үндэслэл, шалгуур, буртгэл, мэдээллийн ил тод байдлыг хангах, зарцуулалтад хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгох, буруутай албан тушаалтанд хариулага тооцох, шаардлагатай бол хууль, тогтоомжийн төсөл боловсруулан Усын Их Хуралд өргөн мэдүүлэх зэрэг асуудлаар "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэнийг М.Мандхай гишүүн онцолж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд 349 тэрбум төгрөг олгосон зээлийн дүнгийнх үү, эсвэл зээлийн хүүгийн татаасын зөрүү юу гэдгийг тодруулав.
"Ирүүлсэн материалын хувьд нийт дүнгээр 630 тэрбум төгрөг байгаа. Салбарын яамны танилцуулгад нийт урамшууллын дүн нь 979,9 тэрбум төгрөг гэж дурдсан. Үүнийг задалбал, улаан буудайн урамшуулалд 21 тэрбум, арьс ширний урамшуулалд 17 тэрбум, түүхий сүүний урамшуулалд 8,4 тэрбум, хүнсний ногооны урамшуулалд 0,2, тэмээ, хонь, тэмээн ноосны урамшуулалд 249,2 тэрбум, махны урамшуулалд 53,6 тэрбумын зөрүүтэй байсан. Ноолуурын урамшуулал дээр зөрүү байгаагүй. Ингээд нийтдээ 349 тэрбум төгрөгийн зөрүү үүссэн" гэдгийг ерөнхий хяналтын сонсголын шинжээч тайлбарласан.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат 2008-2025 он хүртэлх хөдөө аж ахуйн салбараас татаас, урамшуулал, зээл олгосон бүх аж ахуйн нэгж, иргэдийн мэдээлэл яаманд байгааг дурдаад, шинжээчид олон тэрбум төгрөгийн зөрүүний асуудлаа сайн нягталж, нухацтай хандах ёстойг анхааруулж байлаа.
Ингээд энэ талаарх санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо. Үүгээр Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Цаг үе
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нүүрсний хэрэглээг халж, шингэрүүлсэн хийгээр халаалтыг нь шийдлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал боловсролын салбар дахь ногоон шилжилтийн сайн жишээг онцолж өнөөдөр /2026.10.28/ тус сургуульд ажиллалаа. Нэг сургуулийг уурын зуухаас чөлөөлөхөд 100 гаруй айлын яндан буулгасантай тэнцэх үр дүн гарч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд сургуулийн хамт олон болон төсөл хэрэгжүүлэгчдэд баяр хүргэж, амжилт хүслээ.
Нийслэлийн 149 дүгээр сургууль хоёр зуух галлаж, жилд дунджаар 420 тонн нүүрс түлдэг байжээ. Шингэрүүлсэн хийн зуух ашигласнаар агаарын бохирдол буурахад нэмэр болох төдийгүй хүүхэд эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдэж байна.
Төсөл хэрэгжүүлэхэд төсвөөс мөнгө зарцуулаагүй, Засгийн газраас хэрэгжүүлж буй татварын хөнгөлөлтийн бодлогоор санхүүжилтийг шийджээ.

Төслийн өртөг 860 сая төгрөг. Энэ зардлыг “Саусгоби сэндс” ХХК аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтийн хүрээнд санхүүжүүлсэн бол гүйцэтгэгчээр “Газком” ХХК ажиллажээ. Тоног төхөөрөмж угсарч, хийн зуухыг ашиглалтад оруулахад хоёр сарын хугацаа зарцуулсан байна.
“Газком” компани Чингэлтэй дүүргийн 117, Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургуулийн уурын зуухыг шингэрүүлсэн хийн түлшний технологид шилжүүлсэн бөгөөд 2018 оноос хойш 50 гаруй байршилд уурын зуух буулгаж хийн түлш нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлжээ.
2025 онд нийслэлийн 13 байршилд 27 уурын зуухыг шингэрүүлсэн хийн халаагуурт шилжүүлж 6300 тонн нүүрсний хэрэглээг халсан. Энэ нь 1,400 гаруй айлын яндантай дүйцэх хэмжээний бохирдлын эх үүсвэрийг арилгасан үзүүлэлт гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.




Цаг үе
АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээхийг уриалав
Крипто хөрөнгө холигч үйлчилгээ (crypto mixer буюу Convertible Virtual Currency mixing service) нь криптовалютын гүйлгээний эх үүсвэр, хүлээн авагч болон гүйлгээний дүнг нуун далдлахад ашиглагддаг үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг ransomware буюу барьцаалагч програм ашигладаг кибер гэмт хэргийн бүлэглэлүүд, олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийгчид, авлигад автсан албан тушаалтнууд болон мансууруулах бодисын хууль бус наймаачид өргөнөөр ашиглаж байна.
АНУ-ын хууль тогтоомжийн дагуу харилцагчийн хөрөнгийг хяналтдаа авч үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний алба (FinCEN)-нд бүртгүүлж, харилцагчийн мэдээллийг баталгаажуулах зэрэг үүрэг хүлээдэг. Эдгээр шаардлага нь гүйлгээний эх үүсвэр болон оролцогчдыг нуун далдлах зорилготой крипто хөрөнгө холигч үйлчилгээний үндсэн шинж чанартай шууд зөрчилддөг байна. Үүний улмаас АНУ-д ийм төрлийн үйлчилгээг нууцаар эрхэлсэн этгээдүүдийг мөнгө угаах болон холбооны бусад гэмт хэрэгт буруутган, эрүүгийн хариуцлагад татсаар иржээ.
Хэдийгээр олон улс орон крипто холигч үйлчилгээнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоож байгаа боловч эрх зүйн зохицуулалт нь дэлхий даяар ижил түвшинд байж чадахгүй байна. Үүний улмаас АНУ-ын иргэд гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг холигч үйлчилгээг ашиглан криптовалютын гүйлгээнийхээ эх үүсвэр, чиглэлийг нуун далдлах боломж нээлттэй хэвээр байна.
Байдены засаг захиргааны үед FinCEN-ээс хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг крипто хөрөнгө холигч үйлчилгээг ашигласан байж болзошгүй гүйлгээнд хяналт тавих дүрмийн төсөл боловсруулжээ. Уг төсөлд АНУ-ын санхүүгийн байгууллагууд гадаадын ийм үйлчилгээтэй холбоотой сэжигтэй гүйлгээг илрүүлснээс хойш 30 хоногийн дотор мэдээлэх үүрэг хүлээхээр тусгасан байв. Гэвч 2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Трампын засаг захиргаа уг дүрмийн төслийг албан ёсоор татан авчээ. Үүний зэрэгцээ 2020 оноос хэлэлцэгдэж ирсэн, хэрэглэгч өөрөө хянадаг крипто хэтэвч (self-hosted wallet)-ээр хийгдэх гүйлгээг тайлагнаж, мэдээлэхтэй холбогдуулан өөр нэг дүрмийн төслийг мөн ийнхүү цуцалсан байна.
Үүнтэй холбогдуулан “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын АНУ дахь салбараас 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр FinCEN-д албан бичиг хүргүүлж, цуцлагдсан хоёр дүрмийн төслийг сэргээх, мөн дижитал хөрөнгийг хууль бус зорилгоор ашиглахтай тэмцэх аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авахыг уриалжээ.
-
Улстөр нийгэм2020/10/09
Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчөөр Б.Оюу-Эрдэнэ сонгогдлоо
-
Үзэл бодол2022/08/03
Б.Бямбадорж: Хүүхдүүдэд аав ээж, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр вакцин тарина
-
Урлаг спорт2021/01/26
“Алтан бүрээ” цэргийн хөгжмийн их наадам зохион байгуулагдана
-
Улстөр нийгэм2021/07/09
Нөөцийн мах бэлтгэх хүсэлтийг авч эхэллээ
