Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.Бямбадорж: Хүүхдүүдэд аав ээж, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр вакцин тарина

Огноо:

,

Нийслэлд коронавирусний халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгааг холбогдох байгууллагаас анхааруулж байгаа. Сүүлийн үед дэлгэрээд буй “Омикрон ВА.4: ВА.5” хувилбарын хувьд халдварлах нууц хугацаа богино /2.5 хоног/, халдвар тараах чадвар өндөртэй, өвчний эмнэлзүйн шинж тэмдэг харьцангуй хөнгөн ч эрсдэлт бүлгийн хүн ам олноороо зэрэг өвдөх эрсдэлтэй байгаа аж. Коронавируст халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээ болоод эрүүл мэндийн байгууллагуудын зохион байгуулалтын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа.

-Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын нөхцөл байдал ямар байна вэ?

-“Ковид 19”-ийн халдварын нөхцөл байдал долоодугаар сарын эхний долоо хоногоос хойш огцом нэмэгдэж байна. “Омикрон ВА.4: ВА.5” гэх хувилбар шинээр оношлогдсон. Тус хувилбар нь халдварлах чадвар өндөр, нууц хугацаа богино тул иргэдийн дунд тархалт өндөр байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албанаас мэдээлж байгаа. Нийслэлийн хувьд коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээг тасралтгүй авсаар ирсэн. Өрх, дүүргийн эрүүл мэндийн төв, тандалтын баг, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ, вакцинжуулалт зэргийг өвчлөл буурсан хугацаанд ч тогтмол зохион байгуулсан. Эмнэлгийн салбарын ачаалал өндөр байна. Иргэдийн дунд ч өвчлөл өндөр байна. Бид  түргэвчилсэн шинжилгээ, шүлсний шинжилгээ, хувь хүнд илэрч буй шинж тэмдэг, зовуурь, PCR шинжилгээ зэрэг бүхий л төрлөөр оношилгоо хийж, батлагдсан тохиолдол илэрвэл хариу арга хэмжээг авч ажилладаг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод гэрийн хяналтад 6000 орчим хүн байгаа.  Эмнэлэгт хэвтэх хүсэлтэй иргэд ч нэмэгдэж байна.

Хэвтэн эмчлүүлэгсдийн дунд уушгины хатгаатай хүмүүс байгаа хэдий ч эрчимт эмчилгээний заалттай хүмүүс харьцангуй бага байна. Нийслэлийн хэмжээнд иргэдийн 72.1 хувь нь бүрэн тунгийн вакцинжуулалтад хамрагдсан бол нэмэлт тунгийн вакцинжуулалт 35 хувь, IV тунгийн вакцинжуулалт таван хувьтай байна. Вакцины суурьтай иргэдэд омикроны шинэ хувилбарууд харьцангуй хөнгөн илэрч байгаа. Хүндрэл бага байгаа хэдий ч олон хүн зэрэг өвчилснөөр эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдэж байна. Эрсдэлт бүлэг буюу 0-5 насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, ахмад настнуудын тухайд өндөр халуурах, хатгаа тусах зэргээр шинж тэмдэг хүндэрч байгаа.  Нэмэлт тунгийн вакцинжуулалтад хамрагдах иргэдийн идэвх муу байгаа нь халдварын тархалт ихсэх, эмнэлгийн ачаалал нэмэгдэхэд нөлөөлж байна.

-“Омикрон ВА.4: ВА.5” гэх хувилбар халдварлах чадвар өндөр ч хүндрэл багатай байна гэж ойлгож болох уу?

-Хүндрэл багатай гэж ойлгож болохгүй. Нийтээр нь бодож, олон талаас нь харах хэрэгтэй. Эмнэлэгт олон хүн хэвтэнэ гэдэг нь улсын  эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэсэн үг.  Эмнэлэгт хэвтэхгүйгээр сэргийлэх боломж бий.  Маскаа зүүгээд, хүн хоорондын зайгаа бариад, олон хүн цугларсан газраар явахгүй, вакцинжуулалтдаа хамрагдаад халдвараас сэргийлэх боломжтой. Гэтэл хөнгөн тусах юм чинь гээд тоохгүй орхисноор эрсдэлт бүлгийн иргэд олноороо халдвар авч байгаа юм. Үүнийг дагаад эмнэлэгт хэвтэх хүний тоо ихсэж, эмчилгээний зардал нэмэгдэнэ.

-Орны хүрэлцээ хэр байгаа вэ. Эрсдэлт бүлгийнхэнд ор хүрэлцэж байна уу?

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 14 эрүүл мэндийн байгууллагад 1600 ор дэлгэсэн байгаа. Ачаалал ихтэй байгаа тул нэмж 500 ор дэлгэхээр ажиллаж байна. Эмнэлэгт хэвтэж буй иргэдийн дунд эрчимт эмчилгээнд орж, хүчилтөрөгчийн хэрэгцээ нэн шаардлагатай болсон хүний тоо харьцангуй бага байгаа.  Хүндрээгүй юм чинь гээд тоохгүй орхиж болохгүй. Олон дахин халдвар авах тусам уушгинд үүсэх эмгэг процесс их байдаг.

-“Ковид 19”-ийн халдвар манай улсад анх бүртгэгдсэнээс хойш хүчилтөрөгчийн аппаратын тоог нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарав?

-“Ковид 19”-ийн эмчилгээний үед Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын зүгээс шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг цаг тухайд нь гаргаж, хүчилтөрөгчийн бага оврын үйлдвэрүүдийг эмнэлгүүд дээр байрлуулсан. Энэ ажил одоогоор 80 хувьтай үргэлжилж байна. Нэмж суурилуулахаар төлөвлөсөн хоёр үйлдвэр гааль дээр ирсэн байна. Түүнчлэн хүчилтөрөгч өтгөрүүлэгч машиныг эрүүл мэндийн байгууллагуудад хангалттай хэмжээнд хуваарилсан. Мөн хананаасаа шууд хүчилтөрөгчөө авч хэрэглэх боломжтой шугамын тоог нэмэгдүүлэх, эрчимт эмчилгээний амьсгалын аппаратын тоог нэмэх зэрэгт анхааран ажиллаж байна. Яг өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний орны ачаалал харьцангуй бага, хүчилтөрөгчийн өндөр хэрэгцээтэй эмчлүүлэгч цөөн байгаа тул энэ тал дээр дутагдаж буй тоног төхөөрөмж байхгүй. Өмнөх давалгаануудын үеэр эмчилгээний бэлтгэл ажлаа ханган, бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөлт хийн, тухай бүрд нь арга хэмжээ авч ажилласаар байна.

-Халдвараас хэрхэн сэргийлэх вэ, халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар л ярилцдаг. Гэтэл олон дахин халдвар авсан иргэддээ ковидын дараах эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа нь чухал. Иргэд уушгины зураг авхуулахдаа заавал хувийн эмнэлэг зорихгүй улсын эмнэлэгтээ хандах боломж хэр байна вэ?

-ХӨСҮТ дээр ковидын амбулатори ажиллаж байгаа. Харин нийслэлийн хэмжээнд найман ковидын амбулатори ажиллаж байна. Дээрх амбулаториуд бүгд рентгений аппараттай бөгөөд шинжилгээ, эмчилгээ зэргийг хийн, мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч байгаа. Ковидын ор дэлгэсэн зургаан эмнэлэгт амбулатори нэмж ажиллуулахаар зохион байгуулалтаа хийж байна. Түүнчлэн иргэдэд “Ковид 19”-ийн дараах шинж тэмдгээс хэрхэн сэргийлэх тухай эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр анхаарч байгаа. Төрийн болоод хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд дээр сэргээн засах уламжлалт эмчилгээг хийж байна.

-Эмч, эмнэлгийн байгууллагын ачаалал хэр байна. Хүний нөөцийн тухайд хүрэлцэж байна уу?

-Тавдугаар давалгааны онцлогоос шалтгаалж эрүүл мэндийн байгууллагуудад хүний нөөцийн дутагдал үүсэж байна. Эхний давалгаануудын үеэр бид зөвхөн ковидтой тэмцэж байсан. Одоо үүн дээр томуу, томуу төст өвчний давалгаа нэмэгдсэн. Томуугийн идэвхжил буурахгүй байсаар омикроны шинэ хувилбартай зэрэгцчихсэн. Үүнээс үүдэн эрүүл мэндийн байгууллагууд ковидын тасаг болон томуугийн тасгийг тусад нь байгуулаад байна. Мөн “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ оношилгоо” улс орон даяар өрнөж буйтай холбогдуулан мэргэжлийн эмч, сувилагчдын хүрэлцээ муу байна. Тиймээс бид “Үйлчлүүлэгчийн дэмжлэгтэй эмнэлгийн тусламж” гэх зохион байгуулалтад орсон байгаа. Өөрөөр хэлбэл, эрчимт эмчилгээнд ороогүй, хүндрээгүй эмчлүүлэгч өөрөө өөртөө үйлчлэх байдлаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ авна. Эмнэлгийн коридорт байрлуулсан автомат даралтын аппаратаар өөрөө даралтаа үзэх, хүчил төрөгчийн цусан хангамжаа өөрөө шалган, халуунаа өөрөө хэмжих зэрэг бололцоог нь хангаж өгөхөөр зорьж байна. Ингэснээр сувилагч нарт ирэх ачаалал тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байгаа.

-5-11 насны хүүхдүүдийг өчигдрөөс эхлэн сайн дурын үндсэн дээр вакцинжуулж эхэлсэн. Энэ тал дээр ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ?

-5-11 насны хүүхдүүдийн вакцинжуулалт эхэлсэнтэй холбогдуулан вакцин хийсний дараа үүсэх хариу урвалаас сэргийлэх, бие хямарсан тохиолдолд тусламж үйлчилгээг зөв үзүүлэх чиглэлээр мэдлэг сэргээх сургалтуудыг эмч, сувилагч нарын дунд зохион байгуулж байгаа. Бүх өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрх вакцины цэгээр дамжуулан хүүхдүүдэд вакцинжуулалт хийж байна. Хүүхдүүд заавал аав ээж, асран хамгаалагчтайгаа хамт ирэх шаардлагатай. Ингэснээр эцэг эх, асран хамгаалагч нарт вакцины танилцуулга хийж, анкет бөглүүлэн, зөвшөөрөл авсны үндсэн дээр вакцинжуулалт хийх юм. Тухайн вакцин хийж буй өрөө болоод эмчийн үзлэгийн өрөөнд камер суурилуулж байгаа. Энэ нь вакцинжуулалт болон үзлэгийг стандартын дагуу хийж байгаа эсэхийг хянах, баримтжуулах зорилготой.

-Хугацаа нь дууссан вакцин хийж байна гэх хардлага иргэдийн дунд байдаг. Вакцины хадгалалт, нөөц ямар байгаа вэ?

-5-11 насны хүүхдүүдэд хийх вакцин яг хүүхдийн тунгаар байгаа. Өчигдрөөс эхлээд бүх эрүүл мэндийн байгууллагууд руу хуваарилалт хийсэн. Хүйтэн хэлхээний систем буюу электрон термометр нь цахим хэлбэрээр 24 цагийн турш мэдээллээ цуглуулдаг. Тус мэдээллийг өдөр тутам ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба руу илгээдэг. Ингэснээр термометрийн заалт ямар байгааг тогтмол хянадаг гэсэн үг.

-Ковид бол одоо шинэ өвчин биш гэж үзэх болжээ. Энэ тал дээр мэргэжлийн хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Иргэдийн дунд маш буруу ойлголт байгаад байна. Мэдээж ковид удаан хугацаанд үргэлжилж буй нь яваандаа улирлын томуу шиг болох хандлага байгаа. Гэхдээ нэг дор олноороо халдвар аваад байгаа нь маш том асуудал шүү дээ. Анх халдвар дэгдэж байсан үетэй харьцуулахад шинж тэмдэг хөнгөн, вакцины суурьтай иргэд 70 гаруй хувийг эзэлж байгаа ч олноороо зэрэг өвчилж байгаа нь эрүүл мэндийн байгууллагуудад нэмэлт ачаалал өгч, өвчилж буй хүний уушгинд үүсэх эмгэг нэмэгдэж байна. Мөн улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлнө шүү дээ. Сэргийлж болох өвчнийг үл тоож, хайхрамжгүй хандаж болохгүй. Тиймээс иргэд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гараа тогтмол халдваргүйжүүлэх зэрэг энгийн үйлдлээрээ халдвараас сэргийлэх хэрэгтэй байна. Энэ бол нэг саяас дээш хүн амтай хотод амьдарч буй иргэн таны бусдын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм шүү.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Антонио Гутерреш наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреший 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тантай Бээжин-2022 Өвлийн Олимпын наадмаас хойш Монгол Улсад дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд НҮБ цар тахлын үед КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “AstraZeneca”, “Pfizer” вакциныг цаг алдалгүй нийлүүлснээр манай улс хүн амаа вакцинжуулж, энгийн амьдралын хэмнэлдээ бүрэн шилжсэн Ази-Номхон далайн бүсийн анхны орнуудын нэг болж чадсан гэдгийг дурдлаа.

Мөн тэрбээр “Тантай Бээжингийн Олимпийн үеэр манай улсын анхны усан цахилгаан станцын чухал төсөл болох Эгийн голын усан цахилгаан станцын талаар ярилцаж байсан. Энэ төслийг 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд  гомдол гаргаснаар ажил саатсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаагаар энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн манай улс олон улсын тендер зарлаж, Франц Улсын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж байна. Эдгээр судалгааны дүнг ирэх оны ЮНЕСКО-гийн  Дэлхийн өвийн хорооны хурлаар оруулж шийдвэр гарвал Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх боломж бүрдэнэ” гээд Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх энэ төслийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Түүнчлэн “Ковид-19”, олон улсын хямрал, Их гүрнүүдийн зөрчил, бодлогын тулгалт зэрэг нь хөгжиж буй орнуудын эдийн засагт хүндээр тусаж байгаа, дэлхийн санхүүгийн байгууллагуудын уян хатан бодлого, хөнгөлөлтийн гарц юу байж болох талаар ирэх аравдугаар сард болох G-20 уулзалтын үеэр хөндөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон тэмдэглэлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутерреш найрсаг дотноор хүлээн авч уулзсанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд талархал илэрхийлээд хөгжиж буй орнууд эрчим хүчний хараат байдалд байж болохгүй. Тиймээс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 46 дугаар чуулганаар судалгааны үр дүнтэй танилцаад, НҮБ энэ тал дээр бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн Монгол Улсын Засгийн газар авлигын индексийг бууруулахын тулд төрийн үйлчилгээгээ цахимжуулж, цахим засаглалд ахиц гаргаж буйг сайшаав.

Монгол Улсын Засгийн газар 2024 он гэхэд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг "Цахим Монгол" нэгдсэн платформд оруулан, “Дижитал үндэстэн” болох зорилт дэвшүүлээд байгаа юм.

Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын хүн амын төвлөрлийг сааруулах, орон нутгийг хөгжүүлэх, тэнд ажлын байр олноор бий болгох бодлого баримталж буй. Энэ хүрээнд НҮБ хот, хөдөөгийн төвлөрлийн үнэлгээ хийж өгөхөөр талууд уулзалтын төгсгөлд тохиролцлоо.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулна

Огноо:

,

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээний нээлт 2022 оны 8 дугаар сарын 6-ны өдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид,

Хүндэт зочид оо,

Монгол үндэстний бахархал, дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Эзэн Богд Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Тэртээ 860 жилийн өмнө Эзэн Богд Чингис хаан хүмүүн заяаг олон мэндэлж, тархай бутархай овог аймгуудыг нэгэн тугийн доор нэгтгэн, нүүдэлчийн соёл иргэншлийг цогцлоож, дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг эзэнт гүрний нэгийг байгуулсан түүхтэй билээ.

Чингис хааны баримталж байсан үзэл санаа, өрнүүлж байсан үйл хэрэг нь хүн төрөлхтний хөгжлийг сааруулж байсан зөрчил тэмцэл, дайн тулааныг эцэслэж, өрнө дорныг төвшитгөн “Монголын их амар амгалан”-г тогтоож, дэлхийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан билээ.

Монгол судлалын үе үеийн эрдэмтэн судлаачид Та бүхний нөр их хөдөлмөр бүтээлийн үр дүнд, Эзэн Богд Чингис хаан болон түүний залгамжлагчид соёл иргэншлийг байгуулагчид, соён гэгээрлийг түгээгчид, амар амгаланг тогтоогчид, хөгжил дэвшлийг түүчээлэгчид байсан гэдэг нь улам бүр тодорхой болсоор байна.

Энэхүү үйл хэрэгт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн эрдэмтэн мэргэд Та бүхэн Монголын түүх, соёлыг тал бүрээс нь сурвалжлан судалж, дэлхий нийтэд үнэн бодитоор сурталчлан таниулж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.

Монгол төрийн бодлогын цөмд Монгол судлал чухал байр суурь эзэлж ирсэн билээ. Монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон Чингис хаан судлалыг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд, Монгол Улсын төрөөс Чингис хааны өв соёлын бие даасан судалгааны хүрээлэн байгуулсан бөгөөд Чингис хаан музей тун удахгүй үүд хаалгаа нээхэд бэлэн болоод байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Чингис хаан судлалын олон улсын холбоо” байгуулж, дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг идэвхжүүлэн дэмжих, олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах, ном бүтээл хэвлэн нийтлүүлэх, Чингис хааны өв соёлыг сурталчлан таниулах үйл хэргийг дэмжин ажиллахаар тусгасан юм.

Ийм учраас энэхүү хурлаар Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулж, “Чингис хаан судлалын олон улсын хурал”-ыг гурван жил тутамд нэг удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахыг санал болгож байна.

Түүнчлэн, цаашид дэлхийн улс орнуудын номын сан, музей, архив, хувь хүмүүсийн цуглуулгад буй Чингис хаан болон түүний залгамжлагчдын түүхэнд холбогдох эд өлгийн болон оюуны соёлын зүйлсийг сурвалжлан цуглуулах, судлан шинжлэх, сурталчлан таниулах, хамтын бүтээл туурвих, чухал ном бүтээлийг орчуулах зэрэг ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж,  Та бүхэнтэй нягт хамтран ажиллахаа илэрхийлж байна.

Чингис хаан бол дэлхийн түүхэнд монгол хүн, монгол үндэстнийг мөнхлөн дархалж, тусгаар Монгол Улсын оршихуйг тамгалсан гавьяатан билээ.

Бидний монголчууд, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчид Эзэн богд Чингис хааныхаа суу алдар, түүх намтар, үзэл санаа, үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлэх, монголчуудын төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх бодлогыг баримталж ирсний дагуу, сүүлийн жилүүдэд их хааны шүтээн Бурхан Халдун хайрхныг дэлхийн соёлын өвд бүртгүүлж, Төрийн ордон, төрийн болон орон нутгийн бүх шатны байгууллага, хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, сургалтын байгууллага, монгол хүн, айл өрх бүр Чингис хааны эш хөргийг дээдлэн залах Ерөнхийлөгчийн зарлиг гарч, хэрэгжиж эхэлсэн бөгөөд их хааны төрсөн нутагт аялал жуулчлалын томоохон төв байгуулахаар төлөвлөж байна.

Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд ээ,

Чингис хаан болон түүний үйл хэргийг хэдий чинээ олон улсын эрдэмтэн судлаачид сонирхон судална, төдий чинээ монголчууд бидний түүх дэлхий дахинаа танигдан тодрох учиртай.

Эзэн Богд Чингис хааны дэлхий дахинд үлдээсэн агуу их өв, олон зуун жил дамжин үргэлжилсэн түүхэн үйл хэргийн талаарх судалгааг нэгэн шатаар ахиулахад энэ удаагийн олон улсын хурал үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

Чингис хааны суу алдрыг мөнхжүүлж, Монгол судлалыг дэлхий нийтэд хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Та бүхний эрдэм судлалын ажилд амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!

Эрхэм хүндэт Та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Эзэн Чингис хааны суу алдар, сүр хүч үеийн үед даян дэлхийд мандан дуурсагдах болтугай.”

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Боловсролын салбар дахь авлигын асуудлаар гомдол, мэдээллээ 110 тусгай дугаарын утсаар ирүүлнэ үү

Огноо:

,

Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаар боловсролын салбар дахь авлигатай тэмцэх, түүнийг таслан зогсоох үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ.

Авлигатай тэмцэх газар боловсролын салбар дахь авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр 2019 оноос иргэдийн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр нийслэлийн төрийн өмчийн зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллан, улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг журамлах тухай Зөвлөмж хүргүүлэх зэргээр нөлөөллийн арга хэмжээ авсаар ирсэн. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд аливаа дарамт шахалт, зохимжгүй нөлөөллөөс сэргийлж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийг мөрдөж ажиллах, нөгөө талаас албан тушаалтны дээр дурдсан үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.6-д заасны дагуу шууд хориглох зөрчилд тооцогдон хариуцлага хүлээхээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйн нөхцөл шинжийг хангаж болзошгүй байгааг уг Зөвлөмжөөр анхааруулж байсан билээ.

Засгийн газраас боловсролын салбар дахь авлигатай тэмцэх, түүнийг таслан зогсоох, түүнд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж, үүнтэй холбоотой гомдол, мэдээллийг 11-11 төвд өргөтгөсөн байдлаар хүлээн авахаар шийдвэрлэсэн бөгөөд уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Авлигатай тэмцэх газрын төлөөлөл орж ажиллах юм.

2022-2023 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар хамран сургах тойргийн бус харьяаллын хүүхдүүдийг хувийн ашиг сонирхлын үндсэн дээр элсүүлэн авдаг явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил, тэгш түвшинд хүргэх шаардлагатай. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар авлигатай тэмцэх Засгийн газрын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй албан тушаалтнууд. Доод, дунд шатанд байгаа авлигыг таслан зогсоох цаг тулж ирсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлжээ.

Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарын утсаар сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой авлигын асуудлаар гомдол, мэдээллээ ирүүлэхийг иргэдэд уриалж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох