Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Агаарын нээлттэй орон зайн тухай гэрээнээс гарах АНУ-ын санаархал

Огноо:

,

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

Төсөөлөгдөн буй болон бодит үр дагавар

Агаарын нээллтэй орон зайн тухай гэрээнээс гарах тухай АНУ-ын шийдвэр болон Стратегийн давшилтын зэвсгийг хязгаарлах тухай гэрээг тойрсон тодорхойгүй нөхцөл байдал нь ОХУ-АНУ-ын харилцаан дахь сөргөлдөх уур амьсгалыг гүнзгийрүүлж байгаа ба хоёр улсын улс төрийн харилцааны цаашдын хандлагыг тодорхойлох төлөвтэй болов.

Америкийн улс төрийн баруун жигүүрийн (эрх баригч БНН-ын) үзэл суртлыг илэрхийлдэг The National Interest сэтгүүлийн 6 дугаар сарын 6-ны өдрийн дугаарт Д.Саймс бичихдээ, коронавирусын цар тахалтай тэмцэх чиглэлээр Москва, Вашингтон харилцан бие биедээ дэмжлэг үзүүлэх зэрэг нааштай хандлага ажиглагдаж байгаа хэдий ч, стратегийн (зөвхөн улс төрийн бус) асуудлаарх байр суурь нь улам холдсоор байна гэж дүгнэжээ. Түүнийхээр, зэвсэглэлд хяналт тавих асуудлаарх АНУ, ОХУ-ын зөрөлдөөний огтлолцлын цэг нь БНХАУ болж байгаа ба Москва өнөөг хүртэл Бээжинтэй илүү ойртохоос “болгоомжилж” ирсэн бол одоо цэргийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх алхам хийж эхэлнэ гэж Д.Саймс таамагласан байна.   

Орос, Америкийн стратегийн харилцаанд дахин нэг ан цав гарч байгаа нь  Агаарын нээллтэй орон зайн тухай гэрээнээс зургаан сарын дараа дангаар гарах шийдвэрийн тухай Цагаан ордны мэдэгдэл байв. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн департаментаас энэ тухай мэдэгдэхдээ, уг гэрээг “ОХУ байнга, ноцтой зөрчиж ирсэн” гэсэн үндэслэл дурдлаа. Чингэхдээ, “хэрвээ ОХУ уг гэрээг чанд сахин биелүүлж эхэлбэл энэ шийдвэрийг эргэн харж болно” хэмээн Америкийн тал нэмж дурдав.

1992 онд байгуулсан Агаарын нээллтэй орон зайн тухай гэрээний дагуу нэгдэн орсон 35 оролцогч улс, түүний дотор ОХУ, АНУ ч бие биеийн нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэх эрхтэй болсон. Гэрээний заалтуудыг ОХУ зөрчиж байна гэсэн Вашингтоны  шүүмжлэлийг Москва няцааж, АНУ өөрөө “аюултай, урьдчилан таамаглагдашгүй” үйлдэл гаргаж байна хэмээн буруутгав. Уг хэрээг ОХУ цаашид ч хэлбэрэлтгүй сахин мөрдөх болно гэж Москва мэдэгдлээ.

Оросын цэргийн “Арсенал Отечества” сэтгүүлийн эрхлэгч, ОХУ-ын Цэрэг-аж үйлдвэрийн зөвлөлийн шинжээчдийн зөвлөлийн гишүүн В.Мураховскийн үзэж буйгаар, Д.Трампын засаг захиргаа Агаарын нээлттэй орон зайн тухай гэрээнээс гарах тухай шийдвэрлэсэн нь Оросын хувьд тийм ч том гарз хохирол биш агаад ОХУ ч, АНУ ч орон зайн тагнуулын өгөгдөл цуглуулах ажлынхаа ихэнхийг хиймэл дагуулаас хийдэг тул АНУ-ын агаарын орон зайг хянах Оросын чадавхид бараг нөлөөлөхгүй гэжээ. Тэрээр “АНУ-ын энэ шийдвэрээс болж үүдэн гарах цэргийн үр дагавар гэж юм бараг байхгүй, гагцхүү итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэсэн бас нэгэн гэрээ нуран унаж байгаагаараа улс төрийн үр дагавартай гэж үзвэл зохино” гэж дүгнэв.

«Зэвсэглэлд хяналт тавих асуудлаарх АНУ, ОХУ-ын зөрөлдөөний огтлолцлын цэг нь БНХАУ болж байна.»

Д.Саймс

Харин Москвагийн хувьд Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээний цаашдын хувь заяа илүү анхаарал татсан асуудал болж байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд хоёр улс хадгалалтад болон байлдааны жижүүрлэлтэд байгаа стратегийн цөмийн зэвсгээ хязгаарлах үүрэг авсан. АНУ-ын тагнуулын албад БНХАУ ойрын арван жилд цөмийн цэнэгт хошууныхаа тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр зэхэж байна хэмээн үзсэн тул  Трампын засаг захиргаа уг хэлэлцээрт Хятадыг оруулах замаар дахин болосруулах шаардлагатай гэж үзэж буй.

Харин Бээжин зэвсэглэлд хяналт тавих гурван талт хэлэлцээр байгуулах тухай Трампын засаг захиргааны уриалгыг нэг бус удаа няцааж, Хятадын цөмийн зэвсгийн нөөц нь гурван зуу хүрэхгүй цэнэгт хошуунаас бүрдэх бөгөөд тус бүр нь зургаан мянган цэнэгт хошуу бүхий АНУ, Оросын нөөцийн хаана нь ч хүрэхгүй гэж үзэж байна.

Стратегийн давшилтын зэвсгийг хязгаарлах тухай гэрээний ирээдүй ийнхүү тодорхойгүй байгаа нөхцөлд ОХУ, АНУ-ын цөмийн хурцадмал байдал даамжирсаар байна. Энэ оны хоёрдугаар сарын эхээр Пентагон бага хүчин чадлын цөмийн пуужинг шумбагч онгоцон дээр байрлуулж эхлэхээ зарласан. Үүний хариуд ОХУ-ын ГХЯ мэдэгдэл гаргаж, Оросын эсрэг ийм төрлийн пуужинг хэрэглэсэн тохиолдолд хариу цөмийн цохилт өгөх болно хэмээн зарласан. Дараахан нь Пентагон өөрийн мэдэгдэлд цэргийн сургуулилтын үеэр Оросын эсрэг хязгаарлагдмал цөмийн цохилт өгөх дадлага хийсэн гэж мэдэгдэв. Үүнийг ОХУ-ын ГХЯ нэн даруй буруушааж, Вашингтон “туйлын аюултай тоглоомоор наадаж байна” хэмээн мэдэгдэхэд хүргэсэн.

Энэ оны дөрөвдүгээр сард Д.Трамп зэвсэглэлд хяналт тавих тусгай төлөөлөгчөөр өмнө нь АНУ-ын Сангийн яамны терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал эрхэлсэн орлогч сайдаар ажиллаж байсан М.Биллингслиг томилсон. Тэрээр томилогдсон даруйдаа зэвсэглэлээр хөөцөлдөх явдал даамжрах аваас АНУ “Орос, Хятадыг дампууруулахад бэлэн” гэх эрс хатуу мэдэгдэл хийсэн байна.

ОХУ батлан хамгаалах зардлын өсөлтөөрөө АНУ-ыг гүйцэж хараахан чадахгүй боловч шинэ стрстегийн тэнцвэрээ алдахгүйн тулд пуужингийн тоог нэмэх бус, харин шинэ зэвсэг бүтээх, зэвсэглэлд нэвтрүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна.

“ЗХУ-ыг дампууруулж сөхрүүлсэн шиг тийм маягаар зэвсэглэлээр хөөцөлдөхгүй, гэхдээ илүү оновчтой, ойлгомжтой зорилготойгоор хариуг нь барина хэмээн В.Путин удаа дараа мэдэгдсэн” талаар Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн профессор, ерөнхийлөгчид зөвлөх эрдэмтдийн багг ордог А.Мигранян өгүүлж байна. Тэрээр “АНУ-ын батлан хамгаалахын жилийн төсөв 700 тэрбум ам.доллар хол давж байна. Харин манай улс тийм хэмжээний мөнгө гаргах бололцоо байхгүй, харин америкийн зүгээс учруулж байгаа эрсдэлд дорвитой хариу өгч тогтоох барих хүчин чадал бүхий дуунаас хэт хурдан пуужин болон бусад төрлийн зэвсгийг хямд өртгөөр боловсруулж, үйлдвэрлээд зогсохгүй зэвсэглэлд амжилттай нэвтрүүлсэн” хэмээн дурдав.

«Зэвсэглэлээр хөөцөлдөх явдал даамжрах аваас АНУ Орос, Хятад хоёрыг дампууруулахад бэлэн.»

М.Биллингсли

А.Мигранян цааш нь “Москвагийн хувьд 2020 оны АНУ бол 1980-ынхтай харьцуулахад тийм ноцтой аюул учруулж чадахгүй. Вашингтон өнөөдрийн байдлаар өөр бусад улстай сөргөлдөхөд хүч, анхаарлаа ихээхэн зарцуулж байгаа учир Орост тоймтой дарамт үзүүлж хүчрэхгүй. Тэр байтугай Д.Трампын засаг захиргаа худалдаа, цэргийн зардал гэх мэт асуудлаар уламжлалт холбоотнуудтайгаа ч түнжин хагараад байгаа тул Орос, Хятадын алинд нь ч бодитой эрсдэл учруулж дөнгөхгүй. Трамп боломжит өрсөлдөгч бүхэнтэйгээ нэгэн зэрэг сөргөлдөхийн сацуу боломжит холбоотон бүхэнтэйгээ эвдрэлцээд байвал дэлхий даяарын шинжтэй сөргөлдөөнд яавч өөртөө давуу тал бий болгохгүй” гэж дүгнэсэн байна.

Харин Америкийн албаны хүмүүс энэ талаар арай өөр бодолтой байгаа бололтой. Д.Трампын тусгай төлөөлөгч М.Биллингсли Хятадын зэвсэглэлд хяналт тавих нь Цагаан ордны эн тэргүүний зорилт байх бөгөөд үүнд Москватай ямар нэг хэмжээгээр хамтран ажиллах хэрэгтэй болно гэж тооцож, тэр байтугай ОХУ-ын дэмжлэгийг авч чадна гэж найдаж байна. Гэхдээ арга хэрэгслийн хувьд мөнөөх л хориг арга хэмжээ, өөрөөр хэлбэл дарамт шахалтыг илүүд үзэж байгаагаа ч нуусангүй. The Washington Times сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр “Москва хятадуудыг хэлэлцээний ширээний ард авчрах байх. Учир нь Хятадын цэргийн хүчин чадлын хэт хурдан өсөлтийг хязгаарлах нь юуны түрүүнд Орост өөрт нь ашигтай” гэж дурджээ.

НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Й.Столтенберг ч энэ санааг баяжуулан 6 дугаар сарын 10-ны өдөр BBC агентлагийн радиогоор “Бид БНХАУ-ын ийн хүчирхэгжиж байгааг үл тоож хэрхэвч болохгүй. Хятад тун удахгүй дэлхийн хамгийн том эдийн засагтай болох нь. Одоогийн байдлаар тэд аль хэдийн дэлхийн хамгийн их батлан хамгаалахын төсөвтэй хоёр дахь орон болсон байна” хэмээн анхааруулжээ.

Ийнхүү Орос, Хятадын хооронд “яс хаях” гэсэн оролдлогыг ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд С.Рябков эрс няцааж, Москва ямар ч тохиолдолд Бээжингийн талаар Вашингтоны байр суурийг дэмжихгүй хэмээн мэдэгдэв. “БНХАУ-тай тогтоосон стратегийн түншлэлийн харилцаагаа бид өндөр үнэлдэг. Харин АНУ гэдэг бол өнөөдрийн нөхцөлд гэрээгээр хүлээсэн үүргээ сахидаггүй, итгэл даадаггүй түнш болоод байна. Зэвсэглэлд хяналт тавих тогтолцоог бүхэлд нь нурааж байгаа этгээд бол АНУ. Ийм нөхцөлд бид яахаараа туйлын эргэлзээтэй ямар нэгэн ашиг хонжоо эрэлхийлж, түр зуурын явуулгад оролцох ёстой гэж?” хэмээн тэрээр өнгөрөгч долоо хоногт оросын “Коммерсантъ” сонинд өгсөн ярилцлагадаа дээрх байр сууриа үндэслэж тайлбарлалаа.

«АНУ нь хүлээсэн үүргээ сахидаггүй, итгэл даадаггүй түнш, зэвсэглэлд хяналт тавих тогтолцоог нурааж байгаа этгээд болоод байна.»

С.Рябков

Пуужингийн довтолгоолноос хамгаалах чиглэлд Орос, Хятадын хамтын ажиллагаа Д.Трампын засаг захиргаа Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээнээс гарах талаар мэдэгдэхээс ч өмнө хэлбэржиж эхэлсэн байдаг.  Тухайлбал, хоёр улс 2016 оноос хойш жил бүр пуужингийн довтолгоолноос хамгаалах хамтарсан сургуулийг компьютерийн симуляц ашиглан явуулж байна. Түүгээр зогсохгүй, одоогоор зөвхөн ОХУ, АНУ хоёрт байгаа пуужингийн довтолгоог эрт илрүүлэх системтэй болоход нь БНХАУ-д тусална гэж В.Путин өнгөрсөн оны 10 дугаар сард мэдэгдсэн.

“Ийм байдлаар зэвсэглэлд хяналт тавих чиглэлд АНУ-ын дураар авирлах байдал нэмэгдсээр байх аваас харин ч Вашингтоны хүссэнээс тэс өөр, эсрэг хувилбар биеллээ олж, Орос, Хятад пуужингийн пуужингийн довтолгоог эрт илрүүлэх системийн мэдээллээ харилцан солилцож, эцсийн дүндээ өөр өөрсдийн аюулгүй байдлыг бэхжүүлэх эрх ашгийн төлөөх хоёр улсын хамтын ажиллагаа улам илүү итгэлцэлтэйгээр идэвхжинэ” хэмээн В.Мураховский дүгнэлээ. Энэ хамтын ажиллагаа ирээдүйтэй бөгөөд Хятадын улам бүр хүчин чадал нь өсөн нэмэгдэж буй тэнгисийн цэргийн хүчин, түүнээс үүдэх далай тэнгис дэх эрт илрүүлэлтийн боломж, Оросын агаарын довтолгооноос болон пуужингийн довтолгооноос хамгаалах орчин үеийн шилдэг системийн хоршил үүсэж ч болзошгүй талаар тэрээр мөн анхааруулав.  

Хэдийгээр цэвэр цэрэг-стратегийн талаасаа Агаарын нээллтэй орон зайн тухай гэрээ, Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээг аль алийг нь АНУ нурааж буй үйлдэл “аюултай үр дагавар авчрахгүй” гэдэгт Орос, Америкийн шинжээчид өөр өөрийн байр суурь, өнцгөөс ерөнхийдөө санал нэгдэх хандлагатай байгаа бол үүний цэрэг-улс төрийн, геополитикийн үр дагавар нь илүү ноцтой юм. А.Миграняны үзэж буйгаар, “Орос, Хятад хоёр цэрэг-улс төрийн холбоотон болох тухай өөрсдөө ч төсөөлж, төлөвлөж байгаагүй атал Америкийн зүгээс хоёуланд нь шахалт үзүүлэх гэсэн оролдлого тийм санаа сэдлийг ч төрүүлж болзошгүй, өөрөөр хэлбэл өөр сонголт үлдээхгүй нөхцөл рүү ч хөтөлж мэдэх” аж.

“Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн Мэдээлэл”-ийн энэ оны 6-7 дугаарт нийтэлсэн “Европт дахин зэвсэглэлээр хөөцөлдөхөөс хэрхэн сэргийлэх вэ?” өгүүлэлд зохиогч, ХБНГУ-ын шинжээч В.Рихтерийн дүгнэж хэлсэн “Зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ өрсөлдөөнд ялна гэсэн тооцоотой байгаа талуудад үүнийхээ хор хохирлыг ойлгоход шаардагдах яаралтай, ноцтой дохио сануулга хараахан очоогүй байгаа ч байж магад” гэсэн таамаглал их гүрнүүдийн албаны хүмүүс, эрх мэдэлд ойр шинжээч мэргэжилтнүүдийн сүүлийн хоёр долоо хоногийн мэдэгдлүүлээр ийнхүү дахин нотлогдож байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох