Цаг үе
DDoS халдлагын идэвжил
Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар
Дэлхий дахинд коронавирусын халдварын эсрэг хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа энэ үед хүмүүс цахимаар хувийн ажил болон бизнесээ үргэлжлүүлэх, хичээл сургалтад хамрагдах, хурал зөвлөгөөнд оролцох, мэдээ мэдээлэл авах болсноор интернет орчны хэрэглээ эрс нэмэгдсэн. Гэвч үүнийг дагаад кибер халдлагууд ч идэвхжиж энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 82.5 хувиар нэмэгдсэн байна.
Халдлага үйлдэгчид хувь хүн рүү чиглэсэн халдлагуудад спам, фишинг, сошиал инженеринг буюу хуурамч цахим шуудан илгээх, хуурамч холбоосоор дамжуулан хортой код тарааж хэрэглэгчийн хувийн мэдээлэлд халдах зэрэг аргыг голлон ашиглаж байгаа бол аливаа байгууллага руу халдахдаа DDoS халдлага үйлдэж, улмаар хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх, мэдээллийн сангаа ашиглах боломжгүй болгож, байгууллагын үйл ажиллагаа зогсоход хүргэж байна.
Касперски компанийн 2020 оны эхний улирлын тайланд дурдсанаар DDoS халдлагын тоо хэмжээ 2019 оны мөн үеийнхээс 80 хувиар нэмэгдсэн ба халдлагын хугацаа уртсаж, 2019 оны сүүлийн улиралтай харьцуулахад 2 дахин өссөн байна. Ухаалаг дайралтын хувьд мөн ижил өсөлттэй байгаа бөгөөд энэ нь мэргэжлийн хакер болон сонирхогчдын зүгээс DDoS халдлагыг сонирхох хандлага нэмэгдэж байгааг харуулж байна. Коронавирусын дэгдэлтийн үед ихэвчлэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүргэлийн үйлчилгээ болон боловсролын байгууллагын цахим хуудсууд DDoS халдлагад өртөж байна.
Технологийн хөгжил хурдасч, халдлага үйлдэгчдийн ур чадвар нэмэгдэхийн хирээр DoS буюу Denial-of-Service төрлийн халдлагууд улам бүр нарийн зохион байгуулалттай болж, зөвхөн серверийн ажиллагаа болон бизнесийн үйлчилгээг тасалдуулаад зогсохгүй олон талаар дайралт хийж, сүлжээний эмзэг цэгүүдийг эрэлхийлж байна.

DoS халдлага нь их хэмжээний хэрэглэгчийн хүсэлтийг хост эсвэл сүлжээ рүү илгээснээр уг машин ачааллаа дийлэхгүйд хүрч, хэрэглэгчиддээ хариу өгөх, тэдэнд үйлчилгээ үзүүлэх боломжгүй болдог. Хэрэв сүлжээн дэх цор ганц хоструу нэг халдагчаас чиглэж байвал DoS халдлага гэнэ. Цаашлаад олон тооны хостууд тухайн хохирогч руу дээрх төрлийн их хэмжээний халдлагын шинж чанар бүхий хүсэлтүүдийг илгээж байгаа бол DDoS буюу Distributed-Denial-of-Service халдлага гэнэ. Зураг 1. DDoS халдлага
Халдлага үйлдэгч нь Zombies буюу botnets - тусгай Троян вирусын халдвар авсан компьютерын сүлжээ үүсгэн тухайн компьютеруудын эзэмшигчийн мэдэлгүйгээр алсаас хянан удирдаж, цаашид DDoS халдлага үйлдэхэд шаардагдах өндөр урсгалыг бий болгох зорилгоор тэдгээрийг бэлтгэдэг ба өөрөөр хэлбэл зорилтот сервер, сүлжээ рүү өөрөө шууд дайрахгүй харин zombie компьютеруудаар дамжуулж өөрийгөө халхалдаг. Ингэснээр zombie компьютерууд л ил харагдах бөгөөд жинхэнэ халдагчийг илрүүлэхэд төвөгтэй юм.
Эдгээр botnet сүлжээг спам болгон ашиглагдаж болох бөгөөд зарим нь хортой код татаж авах сайт болох, фишинг залилан болон дээр дурдсан DDoS халдлага үйлдэх зэрэг өөр өөр зорилготой олон гэмт хэрэгтнүүдийн хяналтанд байж болно.
Хэрэв таны сервер компьютер троян вирусээр халдварласан бол халдлага үйлдэгч DDoS комманд өгөх хүртэл удаан хугацаагаар унтаа байх бөгөөд вирус, хортой код илрүүлэх программаар тогтмол шалгаж ботнет болохоос сэргийлэх боломжтой. Халдагчийн тушаалаар ботнетууд нэгэн зэрэг зорилтот сервер буюу сүлжээ рүү халдахад ачаалал үүсч үйлчилгээ хэвийн явагдах боломжгүй болдог. Сүлжээ доторх bot бүр нь халдлагыг далдалдаг тул энэ төрлийн халдлагуудыг тодорхойлоход хэцүү бөгөөд том хэмжээний DDoS халдлага үйлдэх чадамжтай ботнет байгуулахад цаг хугацаа их шаарддаг байна.
DDoS халдлагын төрөл. Гэмт хэрэгтнүүд хэд хэдэн аргыг ашиглан DDoS халдлага үйлддэг ба ихэнх нь зорилтот сервер эсвэл сүлжээнд нэвтрэхэд чиглэдэг боловч ерөнхийдөө гурван төрөлд хувааж болно.
- Аппликейшн дайралт нь тодорхой үйлчилгээ эсвэл програм дээр төвлөрдөг ба ихэвчлэн вэб хуудас бүхий аппликейшнууд руу чиглэдэг. HTTP flood бол энэ төрлийн халдлагуудын нэг бөгөөд олон тооны HTTP хүсэлтийг ашиглан ердийн хэрэглэгчдийг вэб програм руу нэвтрэх боломжгүйд хүргэдэг.
- Багтаамжны дайралт нь зорилтот сүлжээний дамжуулах чадварыг өндөр хүчин чадлаар ачааллуулах зорилготой. Энэ төрлийн халдлагын хэмжээ нь халдлага үйлдэгчээс хамаардаг бөгөөд ихэвчлэн 100Gbps-аас 1 Tbps хүртэл хэлбэлздэг.
Протоколын дайралт нь олон төрлийн протоколын сул талыг ашиглан вэб программын серверүүдийн хүчин чадлыг дээд зэргээр ачааллуулах, галт хана, ачаалал тэнцвэржүүлэгч гэх мэт хамгаалах хэрэгслүүдийн нөөцийг шавхахад төвлөрдөг. SYN flood бол протоколын дайралтын нэг хэлбэр бөгөөд хуурамч IP хаяг ашиглан ердийн синхрончлох – танин баталгаажуулах солилцоог эвдэх замаар зорилтот серверт хуурамч холболтын дараалал бий болгож, үндсэн хэрэглэгчдийн баталгаажуулалтыг их хэмжээний хүлээлтэд оруулдаг байна. Зураг 2. DDoS халдлагын төрлүүд
2020 оны эхний улиралд үйлдэгдсэн нийт DDoS халдлагын 92,6 хувийг SYN flood төрөл эзэлсэн бөгөөд энэ нь өнгөрсөн улирлаас 8 хувиар өссөн байна.
DDoS халдлагын хамгаалалт
DDoS халдлагын үр нөлөө нь халдлагын цар хүрээ, түүнд өртөхөөс сэргийлж авсан арга хэмжээ, бэлэн байдлаас хамаарах ба ерөнхийдөө хамгаалалтын хэрэгслүүдээс гадна интернетийн дэд бүтцийн шийдэлд тулгуурладаг.
- Хязгаарлалт - Нэг үйлчлүүлэгчийн нээж болох холболтын тоог хязгаарласнаар DDoS-ийн халдлагаас урьдчилан сэргийлэх боломжтой. Ердийн хэрэглээнд вэб хөтөч нь нэг вэбсайтад 5-7 TCP холболтыг нээж өгдөг ба DDoS-ийн дайралт нь өндөр ачаалал өгөхийн тулд үүнээс давж гардаг.
- Галт хана - DDoS халдлагаас урьдчилан сэргийлэх өөр нэг арга бол Вэб Аппликейшн Галт хана буюу WAF-ийг тохируулах юм. Урвуу прокси болгон ашиглавал WAF нь серверийг олон төрлийн хортой код, халдлагаас хамгаалахад туслах болно.
- Blackhole буюу хар нүх - DDoS-ийн дайралтыг бууруулах хамгийн энгийн арга бол бүх холболтыг "хар нүх" рүү чиглүүлдэг. Хар нүхний шүүлтүүрийг тодорхой хязгаарлалт шалгуургүйгээр хэрэгжүүлэх тохиолдолд хууль ёсны болон хортой сүлжээний урсгал хоёулаа хар нүх рүү чиглэгдэж, сүлжээнээс хаягддаг. Үүнийг сүлжээний администраторууд түлхүү ашиглах боломжтой бөгөөд ихэвчлэн ISP компаниуд ашигладаг.
- DDoS хамгаалах үйлчилгээ – Аюулгүй байдлыг ханган, халдлагаас хамгаалах бүтээгдэхүүн хөгжүүлж, нэвтрүүлдэг олон компаниуд байдаг ба тэд сүлжээний ачаалал, нууцлалын протокол, хэрэглээний зан төлөв зэрэг олон төрлийн үзүүлэлтийг тогтмол шинжилж шаардлагатай хамгаалалт, зохицуулалтыг автоматаар тохируулдаг учир их хэмжээний халдлагыг хохирол багатай даван туулахад тусалдаг.
"COVID-19” цар тахлын улмаас техник технологийн хөгжил хурдасч байгаа ч мэдээллийн аюулгүй байдлаа хангах, кибер халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудлаа орхигдуулаад байна. Албан байгууллагын хувьд мэдээллийн системийн аюулгүй байдлыг найдвартай хангаж чадахуйц вирусний эсрэг баталгаатай программ хангамж ашиглах, хамгийн сүүлийн үеийн аюулгүй байдлын шинэчлэл тогтмол хийхээс гадна сервер администраторуудын хийх ёстой хамгийн чухал алхам болох стресс тестийг өөрийн сервер дээр туршин, шинжилгээ хийж, DDoS халдлагад өртөхөөс сэргийлэхийг кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд зөвлөсөөр байна.
Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн 80 гаруй хувь нь хувь хүний мэдлэг, хариуцлагаас шалтгаалдаг тул хичнээн өндөр өртөгтэй хамгаалалт, хяналтын систем байгаад ч бүрэн хамгаалж чадахгүй. Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахад иргэдийн мэдээлэл технологи, мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, зөв хэвшил олгох сургалт арга хэмжээ, анхааруулгыг тогтмол зохион байгуулж, хэрэгжүүлэхэд төр болон хувийн хэвшил, иргэдийн оролцоо чухал юм.
Цаг үе
Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Нийслэлийн Улаанбаатар театр үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар хотын соёл, урлагийн түүхэн замнал ба Улаанбаатар театрын хөгжлийн бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2026 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Тус хурал нь нийслэл хотын соёл, урлагийн түүхэн хөгжил, хотын амьдралын хэв маягийн өөрчлөлтийг судлан хэлэлцэх, Улаанбаатар театрын цаашдын хөгжлийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох зорилготой юм.

Хурлыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг чиглүүлэн явуулж, доктор (Ph.D) Пэрэнлэйн Нямлхагва “Өргөө хотоос Нийслэл хүрээ хүртэлх урлагийн хөгжлийн товчоолсон тойм”, доктор (Ph.D) Данзангийн Энхцэцэг “Миний Улаанбаатар баримтат киноны дуу хөгжмийн илэрхийлэл”, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Чойжамцын Буянхишиг, доктор (Ph.D) Дэлгэрхүүгийн Наранцацрал “Орчин үеийн хотын амьдралын хэв маяг ба соёлын өөрчлөлт”, СУИС-ийн багш, магистр Гүргэлсүрэнгийн Төвшинтөр “Улаанбаатар театрын хөгжлийн бодлого” зэрэг нийслэлийн урлагийн түүх, кино урлагийн хөгжим, орчин үеийн хотын соёлын өөрчлөлт болон театрын хөгжлийн бодлогын талаар илтгэл хэлэлцүүлэв.




Эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцсэн илтгэл, дэвшүүлсэн санал, гаргасан дүгнэлтүүд нь нийслэлийн соёл, урлагийн салбарын бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох, театрын уран бүтээлийн хөгжил, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.





Цаг үе
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ
Монголын урлагийн зөвлөл “Бурхдыг гэрэлтүүлж, өв соёлоо хамгаалъя” төслийг санаачилж, “МCS Холдинг” ХХК-ийн санхүүжилтээр 8 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 30-ны хооронд “Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ. Төслийн гүйцэтгэгчээр "Смарт энд симпле" ХХК ажиллаж, 270 орчим гэрлийг шинэчилж, шинээр суурилуулжээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан “Чойжин ламын сүм” музей нь 100 гаруй жилийн түүхтэй, хоёр га талбайд байрладаг, нийслэлчүүд төдийгүй гадаад, дотоодын жуулчдын зорин ирдэг соёлын чухал өв юм. Музейн гадна гэрэлтүүлгийг шинэчилснээр Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, түүхэн барилгын архитектурын онцлог, уран хийц, соёлын давтагдашгүй үнэ цэнийг оройн болон шөнийн цагаар илүү тодотгон харуулах боломж бүрдэж байна. Нийслэлээс түүхэн дурсгалт газар, олон жилийн түүхтэй барилга байгууламжийн өвөрмөц хийц, онцлогийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, Дамбадаржаалин хийдийн сэргээн засварлалтын ажлын зураг төсвийг боловсруулах, Гандан орчмын газрыг чөлөөлж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлууд үргэлжилж байна” гэв.

Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, төслийн удирдагч О.Одгэрэл “Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг Итали улсын iGuzzini брэндийн соёлын өв, түүхэн дурсгалт барилга байгууламжийг гэрэлтүүлэх зориулалттай гэрлээр тохижуулсан. Мөн тус брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Аззурра” ХХК-тай хамтран гэрэлтүүлгийн зураг төсөл, төсвийг нарийвчлан боловсруулж, төслийг хэрэгжүүлсэн” гэлээ.

“Смарт энд Симпле” ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Давхарбаяр “Энэхүү гэрэлтүүлэг нь музейн барилгын архитектурын нарийн хийц, бүтээц бүрийг илүү тодотгож, өмнө нь гэрэлд харагддаггүй байсан хэсгүүдийг ил гаргаж байгаагаараа онцлог. Мөн олон жилийн түүхтэй дурсгалт барилгын өнгө, будганд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар гэрэлтүүлгийн тусгалыг шийдсэн” гэсэн юм.





Цаг үе
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы2026 оны 10 сарын 29-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр нарын 9 гишүүнээс 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулав.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, цахим орчинд хүүхдийн хувийн мэдээлэл болон дүрс бичлэгийг зөвшөөрөлгүй ашиглах, хүүхдийг зохисгүй харилцаанд татан оролцуулах зэрэг эрсдэл нэмэгдсээр байгаа нь хуулийн төсөл боловсруулах үндэслэл болсныг дурдсан юм. Хүүхдийг эрсдэлээс хамгаалахдаа зөвхөн хориг, хязгаарлалт тогтоох бус тэдний эрх, эцэг эхийн үүрэг, нийгмийн сүлжээний болон харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлага, төрийн үүргийг тодорхой болгосон цогц зохицуулалт шаардлагатай гэж үзсэн байна.
Хуулийн төсөлд 13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэж, хэрэглэхийг хориглох, 13-16 насны хүүхдэд зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулах зохицуулалтыг тусгажээ. Мөн эцэг эхийн хяналт тавих боломжийг бүрдүүлэх, хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах, хориотой болон хүүхдэд хортой агуулгаас сэргийлэх технологийн хамгаалалт зэрэг агуулгыг оруулсан байна.
Монгол Улсад оршин суугаа хүүхэд харьяаллаас үл хамааран хамрагдаж, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч этгээд, төрийн байгууллага, эцэг эх асран хамгаалагч, боловсролын байгууллагууд зэрэг хүүхдийн оролцоотой ихэнх байгууллагууд хуулийн үйлчлэлд хамрагдана гэдгийг хууль санаачлагч дурдав.
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулсан байна. /Дэлгэрэнгүйг эндээс/
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.9 хувь, хамт өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 66.7 хувь, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 66.7 хувь, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн теслийг 61.9 хувийн саналаар тус тус үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцлов.
Хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, С.Эрдэнэболд, С.Зулпхар, О.Батнайрамдал, Д.Ганмаа, Ц.Баатархүү, Ч.Лодойсамбуу, М.Нарантуяа-Нара, Г.Лувсанжамц нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд хуулийн төслийн зохицуулалтад хүүхдүүдийн гэр бүл, сургуулийн орчинд нийгмийн сүлжээг хэрэглэх, зохистой ашиглах орчинг бүрдүүлэх асуудлыг тодорхой болгох, эцэг эхийн үүргийг хариуцлагажуулахад чиглэсэн зохицуулалтыг хэрхэн тусгасан талаар илүүтэй лавлаж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр хариултдаа, "Хуулийн төсөлд 13 нас хүртэл нь хүүхдийг нийгмийн сүлжээнд орохыг бүрэн хориглосон. Ялангуяа эцэг, эх хүүхдүүдээ гар утсаар ямар контент үзэж байгааг мэддэг, цахим халдлагын талаар мэдэх шаардлага үүсээд байна. Иймд хүүхдийнхээ ашиглаж буй нийгмийн сүлжээний талаар мэдлэгтэй байх, сургалт, зөвлөгөөг мэргэжлийн байгууллагаас авах гэх зэргээр эцэг, эхийн эрх үүргийн талаар төслийн 8 дугаар зүйлд тодорхой тусгасан. Харин хүүхэд сургуулийн орчинд нийгмийн сүлжээг зохистой хэрэглэх хүрээнд сургалтын үйл ажиллагаа, даалгавар, үнэлгээ, суралцагчтай холбоотой мэдээлэл, солилцоход хуулийн 14.1.3-т зааснаас бусад нийгмийн сүлжээг ашиглахыг хориглох зэргээр төслийн 9 дүгээр зүйлд боловсролын сургалтын байгууллагын чиг үүргийг тодорхой тусгасан" гэж байлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, "Эцэг эхчүүдэд хариуцлага хүлээлгээд хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг бүрэн хянаж чадахгүй. Иймд технологийн шийдлийг хамгийн бие даасан, найдвартай шийдэл гэж үзсэн. Үүрэн телефоны компаниуд тусгай зөвшөөрөл аваад үйлчилгээ эрхэлдэг бөгөөд энэ хүрээнд хүлээсэн үүрэгт нь утасны дугаар олгохдоо иргэний бүртгэл болон насны бүртгэл хийлгэхээр тусгасан. Ингэснээр хууль хэрэгжих боломж бүрдэнэ" гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.
Түүнчлэн гишүүд хуулийн төсөлд 13-16 насны хүүхдэд зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулна гэж тусгахдаа тодорхой судалгаанд үндэслэсэн эсэх, ялангуяа Монгол Улсын нийгмийн сүлжээгээр явуулж буй хортой, хориотой контенттой холбоотой гомдол хүсэлтийг яаралтай шийдвэрлэх, арга хэмжээ авах эсэхийг тодруулсан.
Улсын Их Хурлы гишүүн П.Наранбаяр "Төсөлд хүүхдийн насны хязгаарлалтыг тусгахдаа АНУ-ын сэтгэл зүйн холбооноос гаргасан шинжлэх ухааны судалгаа, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос 2021 онд баталсан зөвлөмж, Олон улсын цахилгаан холбооноос гаргасан хүүхдийг цахим орчинд хамгаалах бодлого боловсруулагчдад зориулсан удирдамж, улс орнуудын харьцуулсан судалгаа зэргийг үндэслэсэн" хэмээв.
"Харилцаа холбооны зохицуулах хороо эрх мэдлийнхээ хүрээнд цахим сүлжээ эрхлэгч болоод харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч нартай харилцаж, хүүхдэд хориотой агуулгатай контентыг найман цагийн дотор арилгах үүрэг хүлээж байна. Мөн хортой агуулга явуулсан тохиолдолд 72 цагийн дотор мэдэгдлээ өгөөд шийдвэрлэнэ гэсэн агуулгыг төсөлд тусгасан. Үүнийг арилгаагүй нөхцөлд Монгол Улсаас үе шаттайгаар тухайн сүлжээрүү хандах хандалтгүй болгох арга хэмжээ авах зохицуулалтыг төсөлд тусгаад байна" хэмээн төсөл санаачлагч гишүүн хариулж байлаа.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, С.Зулпхар, О.Алтангэрэл, М.Нарантуяа-Нара, М.Мандхай, С.Эрдэнэболд нар хуулийн төслийг дэмжсэн, дэмжээгүй талаараа байр сууриа илэрхийлэв. Гишүүд дэлхийн олон улс орнууд өсвөр насны хүүхдүүдийн нийгмийн сүлжээний хэрэглээнд хяналт тавих асуудалд анхаарч байгаа энэ цаг үед хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ анхаарах асуудалд санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, хүүхдийн хувийн мэдээлэл, байршил, бүртгэлийн нууцлалыг анхдагч тохиргоогоор хамгаалах нь зөв. Хүүхэд, эцэг, эх бүр технологийн мэргэжилтэн биш тул хамгаалалтыг өөрсдөө олж тохируулахыг хүлээлгүй үйлчилгээ нь анхнаасаа аюулгүй байх ёстойг тодотгов. Мөн танихгүй хүнээс явуулсан шууд зурвасыг хязгаарлах, хүүхдэд хортой агуулгыг санал болгох алгоритмд шаардлага тавихыг дэмжиж байна гээд хүүхдийг хамгаалахад нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчид бодитоор оролцох хэрэгтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, анхдагч хуулийн төсөл тул олон талын туршлагыг харгалзах, хууль хэрэгжүүлэхтэй холбоотой зохион байгуулалт, хүний нөөц, хөрөнгө, санхүүгийн нөөц зайлшгүй шаардлагатайг хүлээн зөвшөөрч, энэ асуудалд анхаарах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хүүхдийг цахим халдлагаас хамгаалах агуулгад чиглүүлж батлуулах, харин үүнийг цахим орчны цензурын шинэ хэрэгсэл болгох, ямарваа нэг эрх мэдэлтэнд үйлчлэх гарц боломжийг нээж болохгүй гэдгийг онцгой анхааруулж байлаа.
Ингээд Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар шийдвэрлэв.
Дараа нь Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин танилцуулсан.
Энэхүү анхдагч хуулийн төслийг дэлхий нийтэд эрэлт хэрэгцээ нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа өгөгдлийн зах зээл, эдийн засгийн өгөөжийг харгалзан, халдашгүй байдлыг хангах, хөгжлийн баримт бичгүүдэд нийцүүлж, хөрөнгө оруулалтын нээлттэй загварыг бий болгох бодлогыг чухалчилсан гэв.
Хууль санаачлагч илтгэлдээ, өгөгдөл нь зөвхөн архивт хадгалагдах мэдээлэл төдий бус бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, хиймэл оюуны хөгжлийн болон стратегийн чухал нөөц гэдгийг онцоллоо. Олон улсын эрх зүйн чиг хандлага, жишгийн дагуу манай улс дата өгөгдлийн хөрөнгө оруулалтын нээлттэй загварыг бий болгохоор төслийг боловсруулсан хэмээв. Нэн тэргүүнд халдашгүй байдлыг хамгаалах, өгөгдлийн чанар, ангилал, уялдааг томьёолох, дотоодын дата төв, үүлэн дэд бүтцийг тэлэх, Монгол Улсыг гадны технологи хэрэглэгч бус, өгөгдөл боловсруулдаг, хиймэл оюуны тооцооллын хүчин чадал экспортолдог орон болгох зорилт тавьсан гэсэн юм. Тиймээс эрчим хүч, сүлжээ, эрх зүйн бие даасан байдлыг нэгэн зэрэг хангах «Sovereign by Design» бодлогыг хуулийн төсөлд тусгаад байгаа гэлээ.
Өгөгдлийн тухай хуулийн төсөл нь зургаан бүлэг, 25 зүйлтэй, өгөгдлийг үүсгэхээс эхлээд устгах хүртэл 11 үе шат бүрийг эрх зүйн хүрээнд иж бүрэн зохицуулахаар төлөвлөсөн байна. Төрийн анхдагч мэдээллийн санг давхардуулахгүйгээр нэгдсэн каталог, мета өгөгдөл, систем хоорондын холболтод суурилсан төрийн их өгөгдлийн дэд бүтцийг бүрдүүлж, өгөгдөлд хандсан үйлдэл бүрийг бүртгэх зохицуулалтыг тусгажээ. Төрийн их өгөгдлийг “нээлттэй”, “хязгаарлалттай”, “хаалттай”, “нөхцөлт хандалттай” гэж ангилан хандалтын эрх олгох бол өгөгдлийг “нээлттэй”, “судалгааны”, “хязгаарлагдмал”, “арилжааны”, “нийтийн ашиг сонирхлын” хэмээн ангилж, лицензээр ашиглуулах ажээ.
Өгөгдлийн эзэн өөрт хамаарах, өөрийн үйл ажиллагааны явцад үүссэн өгөгдлөө үнэ төлбөргүй авах, хүсэлтээрээ техникийн боломжтой үед өөр үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлэх эрхийг тусгасан. Харин гадаадын этгээдийн дата төвийн дэд бүтцийн хүсэлтийг нэг цонхоор зохион байгуулж, үр ашгаас хуваалцах гэрээ байгуулна. Ногоон дата төвийн сүлжээний холболт, илүүдэл эрчим хүчний худалдан авалт, зээлийн дэмжлэгийг холбогдох хуулиудтай уялдуулна. Өгөгдлийн ашиглалт, чанарын нэгдсэн тайланг жил бүр Улсын Их Хуралд танилцуулж байхаар төсөлд тусгасан тухайгаа сайд Ч.Номин илтгэлээ.
Энэхүү төсөл нь өгөгдөлд суурилсан бизнес, монгол хэлний хиймэл оюуныг хөгжүүлэх, үндэсний тооцооллын чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, уул уурхайгаас бусад салбарын экспортыг нэмэгдүүлэх ач холбогдолтойгэж төсөл санаачлагчид үзжээ.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийсэн байна. /дэлгэрэнгүйг эндээс/
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү танилцуулав. Хууль санаачлагч өгөгдөл нь бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, хиймэл оюуны хөгжлийн стратегийн нөөц болж байгааг харгалзан өгөгдлийг үүсгэх, хадгалах, боловсруулах, солилцох, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Төр, хувийн хэвшилд хуримтлагдсан өгөгдлийн чанар, ангилал, уялдаа холбоо, дахин ашиглалт хангалтгүй, дотоодын дата төв болон үүлэн тооцооллын дэд бүтэц хязгаарлагдмал байгааг үндэслэн өгөгдлийн засаглал, мэдээллийн болон кибер аюулгүй байдал, хувийн мэдээллийн хамгаалалт, дата төвийн үйл ажиллагааны харилцааг цогцоор зохицуулах, төрийн бодлого, үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх, хиймэл оюуны хөгжлийг дэмжих, уул уурхайгаас бусад салбарын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсныг дурдав.

Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт “... Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар ил санал хураалт явуулна …” гэж заасны дагуу санал хураалт явуулахад Өгөгдлийн тухай хуулийн төслийг 87.5 хувиар, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 83.3 хувиар, Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 87.5 хувиар, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 87.5 хувиар, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 87.5 хувиар, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 87.5 хувиар тус тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг танилцуулгадаа онцлов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд, Д.Ганмаа, С.Ганбаатар, Мандхай нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин Хууль тогтоомжийн тухай хуулийн 16.1-т хууль тогтоомжийн төслийг үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулна гэж заасныг дурдаад, үзэл баримтлалдаа тусгасан атлаа хуулийн төсөлд тусгаагүй үлдсэн асуудлыг хэрхэн зохицуулах, улмаар дата төвийн халдашгүй байдлын тусгай дэглэмийг хэрхэн зөвөөр ойлгох талаар лавлаж байлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, хуулийн төслийн үзэл баримтлал нь төрөөс хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, журам дүрмийг тодорхой болгож өгснөөр Монгол Улсад дотоодын болон олон улсын хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн дата төвүүд, өгөгдөл боловсруулдаг төвүүдийг бий болгох зохицуулалтай болгосон. Энэ хүрээнд хувийн хэвшлийнхэн зохион байгуулалт, хөрөнгө оруулалтаа хийхэд зохицуулалт шаардлагатай. Хэрэв үүнтэй холбоотойгоор Засгийн газраас баталгаа гаргах шаардлагатай тохиолдолд л хуулийнхаа дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлнэ хэмээв.
Харин ажлын хэсгээс Хууль тогтоомжийн тухай хуулиар төслийн үзэл баримтлал нь зорилго, зохицуулалтын хүрээг тогтоож, хуулийн төсөл нь түүнийг хэрэгжүүлэх журам, чиг үүргийг нарийвчлан зохицуулж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хоёр баримт бичиг агуулгын хувьд хоорондоо нийцэж байх ёстой гэдэг саналыг хүлээн зөвшөөрч байна гэлээ. Мөн энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалыг 2026 оны зургадугаар сард боловсруулаад, 6, 7 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар оруулж, төсөл өргөн мэдүүлэх зөвшөөрөл авахаар хоёр удаа хэлэлцүүлсэн. Энэ хүрээнд Засгийн газраас тодорхой чиглэл өгсөн тул тэдгээр саналуудыг нэмж тусгасан байдлаар өргөн мэдүүлсэн хэмээн тайлбарласан.
Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбол хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, үндэсний бүтээмэл оюуны тогтолцоог бий болгоход хэрхэн чиглэж буйг лавласан.
Дэлхий дахинд эдийн засгийн бүтээмжийг дүгнэж байгаа гол салбар нь хиймэл оюун ухаан болж, өрсөлдөөн үүнд төвлөрч буйг Ч.Номин сайд тодотгоод, бид өөрсдийнхөө үндэсний үнэт зүйл, мөн чанараа хадгалж үлдэхийн тулд хиймэл оюун ухааны салбарт ямар стратеги барьж, ямар тогтолцоотой явах вэ гэдгээ боловсруулж гаргах нь чухал гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлэв. Мөн Засгийн газраар хиймэл оюуны талаар баримтлах стратегийг хэлэлцүүлсэн. Үүнийг салбарын яам дангаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд үндэсний аюулгүй байдлын түвшинд хэлэлцэх асуудал. Энэ асуудлыг хэлэлцүүлж байгаа гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.
Ингээд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг маргаашийн буюу Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар хойшлуулсан.
Хуралдааны төгсгөлд Ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо уг асуудлыг 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. /дэлгэрэнгүйг эндээс/
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай танилцуулсан. Тайланг хэлэлцээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Усын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 120 дугаар зуйлийн 120.6 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг баримтлан төрөөс олгосон дэмжлэг, урамшууллын талаарх мэдээллийг нийтэд ил тод болгох, дэмжлэг, урамшуулал олгох үндэслэл, шалгуур, буртгэл, мэдээллийн ил тод байдлыг хангах, зарцуулалтад хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгох, буруутай албан тушаалтанд хариулага тооцох, шаардлагатай бол хууль, тогтоомжийн төсөл боловсруулан Усын Их Хуралд өргөн мэдүүлэх зэрэг асуудлаар "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэнийг М.Мандхай гишүүн онцолж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд 349 тэрбум төгрөг олгосон зээлийн дүнгийнх үү, эсвэл зээлийн хүүгийн татаасын зөрүү юу гэдгийг тодруулав.
"Ирүүлсэн материалын хувьд нийт дүнгээр 630 тэрбум төгрөг байгаа. Салбарын яамны танилцуулгад нийт урамшууллын дүн нь 979,9 тэрбум төгрөг гэж дурдсан. Үүнийг задалбал, улаан буудайн урамшуулалд 21 тэрбум, арьс ширний урамшуулалд 17 тэрбум, түүхий сүүний урамшуулалд 8,4 тэрбум, хүнсний ногооны урамшуулалд 0,2, тэмээ, хонь, тэмээн ноосны урамшуулалд 249,2 тэрбум, махны урамшуулалд 53,6 тэрбумын зөрүүтэй байсан. Ноолуурын урамшуулал дээр зөрүү байгаагүй. Ингээд нийтдээ 349 тэрбум төгрөгийн зөрүү үүссэн" гэдгийг ерөнхий хяналтын сонсголын шинжээч тайлбарласан.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат 2008-2025 он хүртэлх хөдөө аж ахуйн салбараас татаас, урамшуулал, зээл олгосон бүх аж ахуйн нэгж, иргэдийн мэдээлэл яаманд байгааг дурдаад, шинжээчид олон тэрбум төгрөгийн зөрүүний асуудлаа сайн нягталж, нухацтай хандах ёстойг анхааруулж байлаа.
Ингээд энэ талаарх санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо. Үүгээр Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Цаг үе2022/10/11
Ж.Батзандан, Г.Аюулгүй нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх ...
-
Улстөр нийгэм2021/12/22
Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
-
Улстөр нийгэм2020/11/12
Монголын сайтын холбоо уриалга гаргалаа
-
Үзэл бодол2021/03/19
А.Амарсайхан: Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой залуусыг бакалаврын хо...
