Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

А.Амарсайхан: Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой залуусыг бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт элсүүлнэ

Огноо:

,

ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль нь бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэдийг “Цагдаагийн ажил-эрх зүй”, “Шинжээч мөрдөгч”, “Цагдаа-урьдчилан сэргийлэх ажил”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”, “Эдийн засгийн мөрдөгч” бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт элсүүлж, мэргэшүүлэн сургадаг билээ. Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой, дээд боловсролтой иргэдэд зориулсан тус хөтөлбөрийн цахим бүртгэл удахгүй эхэлнэ. Энэ талаар Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа А.Амарсайхантай ярилцлаа.

Танд Орчин үеийн Зэвсэгт хүчний 100 жил, Монгол цэргийн өдрийн мэндийг хүргэе. Дээд боловсролтой иргэдэд зориулсан  бакалаврын хоёр жилийн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл хэзээ эхлэх вэ?

-Баярлалаа. Та бүхний энэ өдрийн амрыг эрье. Дотоод хэргийн их сургууль нь 2021-2022 оны хичээлийн жилд бакалаврын 14 хөтөлбөрөөр элсэлт зохион байгуулах тухай Их сургуулийн захирлын 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/69 дугаар тушаал баталсан. Элсэлтийн шалгалтын журамд заасны дагуу бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэдийг хоёр жилийн хөтөлбөрт хамруулж “Цагдаагийн ажил эрх зүй”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”, “Эдийн засгийн мөрдөгч”, “Цагдаа-урьдчилан сэргийлэх ажил”, “Шинжээч мөрдөгч” гэсэн дөрвөн чиглэлээр мэргэшүүлэн сургахаар төлөвлөөд байна. Энэхүү хөтөлбөрийн элсэлтийн цахим бүртгэл 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 08.00 цагаас 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Иймд тухайн хөтөлбөрийг сонирхож буй иргэд  Дотоод хэргийн их сургуулийн  www.uia.gov.mn цахим хуудсанд нэвтэрч, элсэлтийн бүртгэлд хамрагдахыг зөвлөж байна.

Тухайн хөтөлбөрт ямар мэргэжилтэй иргэд хамрагдах боломжтой вэ. Хөтөлбөрийн гол шалгуур нь юу бол?

-Дээрх хөтөлбөрт хамрагдаж, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуульд элсэн суралцах хүсэлтэй иргэдийн хувьд өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын дипломын голч дүнг харгалзана. Тухайлбал, өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын дипломын голч дүн төрийн өмчийн сургууль төгссөн бол 2.5, төрийн бус хувийн өмчийн сургууль төгсөгчийн хувьд 3.0-аас доошгүй байна. Энэхүү хөтөлбөрт эдийн засаг, сэтгэл судлал, нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, даатгал, байгалийн шинжлэх ухаан, математик статистик, мэдээлэл харилцаа холбооны технологи, инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээгч, хөдөө аж ахуй мал эмнэлзүй, эрүүл мэнд, цэрэг, батлан хамгаалах зэрэг бакалаврын аль нэг чиглэлээр боловсрол эзэмшсэн иргэдийг элсүүлнэ.  Эдгээрээс өөр мэргэжлээр төгсөгчийг бүртгэхгүй. (Тухайлбал, эрх зүйн боловсролтой иргэн тухайн чиглэлээр цагдаагийн байгууллагад ажил эрхлэх боломжгүй учраас дахин суралцах шаардлагагүй.) Мөн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, сорви, шивээсгүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрх зөв хөгжилтэй байх нь үндсэн шалгууруудын нэг гэж болно.
Хөтөлбөрийн тусгай шаардлагад эрэгтэй, 17-25 хүртэл насны, 170 см буюу түүнээс өндөр, ял шийтгүүлж байгаагүй, иргэдийг элсүүлдэг талаар сануулах нь зүйтэй болов уу.

Дээрх таны дурдсан мэргэжлийг эзэмшсэн иргэд бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт элсэн суралцах хугацаанд ямар чадварыг эзэмших вэ?

-Алсын хараа  2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Хүний хөгжил гэсэн бүлэгт “…Их сургуулийн сургалтын хөтөлбөрүүдийн ангиллыг элсэлтийн бодлого, ажиллах хүчний тогтолцоотой уялдуулан шинэчлэн үндсэн болон хавсарга мэргэжлээр зэрэг суралцах хөтөлбөрийн системийг бий болгох …”, түүнчлэн “… дээд боловсролын сургалтын байгууллагуудыг олон улсын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх …” талаар, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “… хууль зүйн чиглэлийн дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэх, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлж, эдийн засаг, бизнесийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэнэ.“ хэмээн дурдсан байгаа. Мөн үүнтэй холбоотойгоор Дотоод хэргийн их сургууль нь “Цагдаагийн ажил-эрх зүй” /D103201/ бакалаврын хөтөлбөрийг Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2020 оны 03 дугаар тогтоолоор үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлээд байна.

Дээр дурьдсан бодлогын баримт бичиг болон мөрийн хөтөлбөрийн агуулгад нийцүүлэн мэргэшсэн төрийн тусгай алба хаагчийг захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бэлтгэхэд манай сургуулиас хэрэгжүүлж буй хоёр жилийн бакалаврын хөтөлбөр чухал ач холбогдолтой. Өнөөдөр практикт үндэстэн дамнасан зохион байгуулалттай экологи, эдийн засгийн эсрэг болон цахим гэмт хэрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хүн худалдаалах зэрэг илрүүлэхэд нарийн мэргэжил, мэргэшил  шаардах гэмт хэргүүдтэй тэмцэх мөрдөгчид нийгэмд эрэлттэй байна. Иймд мэргэшсэн мөрдөгчдийг бэлтгэх зорилгоор өмнөх эзэмшсэн боловсролд тулгуурлан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлд богино хугацаанд мэргэшүүлэхээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй иргэдэд зориулан энэхүү хоёр жилийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийг зохион байгуулж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтэй, дээд боловсролтой иргэдийг хэзээнээс мөрдөгчөөр бэлтгэж эхэлсэн бэ?

-Дотоод хэргийн их сургууль нь “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн бус бакалаврын боловсролтой иргэдэд зориулсан “Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэшүүлэх хоёр жилийн хөтөлбөрийг  2016 оноос хэрэгжүүлсэн бөгөөд анхны төгсөлтөө 2019 онд хийсэн. Өдгөө төгсөгчид маань цагдаагийн байгууллагуудад үүргээ нэр, төртэй биелүүлж байгаад баяртай байна. Мэргэшүүлэх бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт хамрагдсан суралцагчид гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, криминалистик болон мөрдөн шалгах ажиллагаа, хэргийн газрын үзлэгийг удирдан явуулах, мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх, шинжилгээ хийх ур чадварыг эзэмшинэ. Гэмт этгээдийг эрэн сурвалжлах, илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, эрх зүйн зөрчилтэй тэмцэнэ. Мөн тухайн хөтөлбөр нь криминалистикийн мэдлэгтэй тодорхой чиглэлээр магадлагаа, дүгнэлт гаргах чадвартай, сэтгэл зүй, ёс зүй, харилцааны ур чадвартай мэргэшсэн алба хаагчийг бэлтгэхэд чиглэгдэх юм.

-Шалгуурт тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, бусад нэмэлт шалгалт өгөх талаар журамд тусгасан байсан. Энэ талаар тодруулна уу?

-Элсэлтийн журамд зааснаар эрүүл мэндийн үзлэгийг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг зохион байгуулна. Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн иргэдийг  хурд, хүч, тэсвэр, авхаалж самбаа, уян хатан гэсэн таван чанараар эрэмбэлнэ. Тус шалгаруулалтаар 100 онооны 50 хувь буюу түүнээс дээш оноо авсан элсэгчид дараагийн нэмэлт шалгалтад хамрагдана. Дараагийн сэтгэлзүйн сорил, ярилцлага хийх шалгалтаар сэтгэцийн эрүүл мэнд болон сэтгэн бодох чадварыг шалгадаг. Ингэхдээ мэргэжлийн сонголт,  сэтгэлзүйн хандлагын түвшингээр тус тус тодорхойлдог.

-Төгсөгчид цагдаагийн дэслэгч цолтойгоор офицер орон тоонд шууд томилогдон ажиллана гэж байсан. Тэгэхээр ажлын байр нь бэлэн гэж ойлгож болох уу?

-“Цагдаагийн ажил-эрх зүй” хөтөлбөрт мэргэшүүлэх хоёр жилийн бакалаврын хөтөлбөрт хамрагдсан төгсөгч нь цагдаагийн дэслэгч цолтойгоор офицер орон тоонд шууд томилогдон ажиллана. Тэд суралцах хугацаандаа цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшдэг. Цагдаагийн ерөнхий газраас онц төгсөгчдийг цагдаагийн ахлах дэслэгч цолоор шагнадаг. Ингэснээр цагдаагийн дэслэгч цолноос цагдаагийн ахлах дэслэгч цол хүртэлх гурван жилийн хугацааг хэмнэх гэх мэт давуу тал үүснэ. Мөн өмнө нь  дээд сургууль төгссөн иргэн суралцах арга барилын хувьд тогтсон байдаг тул давуу тал олонтой гэж болно. Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуульд элсэн суралцахаар төлөвлөж буй дээд боловсролтой иргэд аливаа аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг мэргэшүүлэх чиглэлээр богино хугацаанд цагдаа, мөрдөх албаны эрдэмд шамдана суралцана гэдэгт итгэлтэй байна.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

Б.Одсүрэн: Хязгаарлалт тогтоогоогүй салбарын бүх автомашиныг хөдөлгөөнд оролцуулбал хатуу хөл хорионы утга алдагдана

Огноо:

,

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнтэй ярилцлаа.

-Хатуу хөл хорио тогтоогоод дөрвөн өдөр болж байна. Замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн ачааллыг зохицуулах чиглэлд та бүхэн ямар арга хэмжээ авч, ажиллаж байгаа вэ? 

-Даваа гарагт нийтийн тээврийн үйлчилгээнд 58 чиглэлд 300 гаруй автобус явсан. Үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөлтэй 15 байгууллагын ажилтан, албан хаагчдын судалгаанд тулгуурлан нийтийн тээврийн тооцоог гаргасан юм. Ажлын өдөр эхэлснээр зорчих хөдөлгөөний эрэлт нэмэгдэж байна. Хэдийгээр хатуу хөл хорио тогтоосон ч гэсэн дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд зарим төрлийн ажлаа амжуулах зорилготойгоор хөдөлгөөнд оролцож байна. Мөн нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн 28 хувь нь ахмадууд байна гэсэн судалгаа гарсан. Ахмадууд маань эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр явах, ажилдаа явсан хүүхдүүдийнхээ хүүхдийг харах шалтгаанаар зорчиж байна.

-Нийтийн тээврээр зорчигчдод хэрхэн хяналт тавьж байна вэ. Зарим автобусанд ажлын үнэмлэх шалгаж байгаа ч заримд нь шалгахгүй байгаа мэдээлэл байна?

-Бид өнөөдөр нийтийн тээврийн чиглэлийн тоог 98 болгон нэмэгдүүлж, автобусны тоог 300-гаар нэмсэн. Улаанбаатар хотод нийт 900 гаруй автобусны зогсоол байдгаас 54 нь эцсийн, 870 орчим нь дундын зогсоол. Энэ бүх зогсоол дээр хүн ажиллуулна гэдэг хүндрэлтэй, хүн хүч дутна. Нийтийн тээврийн үйлчилгээний газар 100 гаруй албан хаагчтай. Тооцоо, төлөвлөлт хийж, ихэнх албан хаагчдаа хяналтад гаргаж, тэд тодорхой чиглэлээ хариуцан ажиллаж байна. Мөн автобусны зорчилт хөдөлгөөний хяналт хийдэг “City bus” байгууллагын 160 гаруй ажилтан ажиллаж байгаа. НОБГ болон цагдаагийн албан хаагчид иргэдийн зорчилт хөдөлгөөний зорилгыг асуух, халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулах чиглэлээр ажиллаж байна. Гэхдээ автобусны зогсоол их учир хүн хүч дутагдаж байгаа.

-Автобусны зогсоолуудад шинэчлэл хийх, зогсоолуудыг нэмэх, чиглэлүүдийг өөрчлөх шаардлага бий. Энэ чиглэлд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Нийтийн тээврийн салбар сүүлийн 10 жилд уналтын байдалд орсон. Сүүлийн таван жилд зорчих хөдөлгөөн хоёр дахин буурсан. Энэ нь олон талын шалтгаантай. Нэгдүгээрт, хуучин автобуснууд явж байна. Автобусны насжилтаар олон автобус хасагдаж байгаа. Хоёрдугаарт, Улаанбаатар хот маань сүүлийн таван жилд маш их тэлсэн. Хүн ам ихтэй томоохон хотхонууд нэмэгдсэнээр зогсоолын хүрэлцээ муудах, стандарт алдагдсан асуудал бий. Бид нийтийн тээврийн салбарт томоохон шинэчлэл хийх шаардлагатай гэж үзэн, ажлуудаа хийж байна. Хатуу хөл хорионы үед олон хүнтэй автобусаар үйлчлүүлэхийг огт санал болгохгүй. Халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хүн хоорондын зайгаа барих ёстой. Иргэд маань автобус явж эхэлмэгц эхний автобусанд багтах гэдэг. Дараагийн автобусаа хүлээдэггүй. Дараагийн автобусыг 5-10 минут хүлээж байгаад суух боломж бий.

-Өмнөх хатуу хөл хорионы үеэр QR код, мөн ажлын газрын тодорхойлолт, ПСР шинжилгээг үндэслэн хөдөлгөөнд оролцуулж байсан. Энэ удаад автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж байгаа. Энэ нь хэр оновчтой шийдэл вэ? 

 -Иргэдийн эрхийг хязгаарлах нь хэнд ч таалагдахгүй. Гэвч хатуу хөл хорионы үед захиргааны аргаар шийдэж байгаа нь олон шүүмжлэл дагуулж байгаа. QR код ашиглах нь давуу болон сул талтай. QR кодыг хуурамчаар үйлдэх боломжгүй, код авсан иргэд хөдөлгөөнд шууд оролцох эрхтэй боловч код аваагүй иргэд үүн дээр маш их бухимдал үүсгэсэн. Үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөлтэй чиглэлд хамаарагдаж байгаа байгууллагуудын ажилчид 260 мянга орчим байдаг. Эдгээр иргэний бүх автомашиныг хөдөлгөөнд оролцуулна гэвэл хатуу хөл хорионы утга алдагдана. Мөн бусад иргэн бухимдана. Энэ удаагийн хатуу хөл хорионы үед дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр гарсан. Энэ нь өнөөгийн нөхцөлд хамгийн шударга шийдэл юм. Байгууллагууд маань үүнтэй уялдуулан ажлаа зохицуулах хэрэгтэй. Жишээ нь, ээлжид гарсан хүн ээлжээсээ буухад автомашины дугаар нь тэгш, сондгойгоороо хөдөлгөөнд оролцох боломжгүй байна гэсэн шүүмжлэл их гарч байна. Ачаалал ихсэхээс өмнө тухайн иргэнээ ээлжээс буулгах зэрэг тухайн байгууллага зохицуулалт хийвэл болох асуудал шүү дээ.

Бид хатуу хөл хорионы нөхцөл байдлаа бодох хэрэгтэй. Өнөөдөр гэхэд л коронавирусийн халдвар авсан хүний тоо 800-гаар нэмэгдлээ. Нэг хүн гурван хүнд халдвар тараах эрсдэлтэй гэсэн тооцоо байгаа. Жишээ нь, 800 хүн тус бүр гурван хүнд халдвар тараавал 2400 болно. Үүнийг 14 хоногоор бодвол маш их тоо гарна. Хатуу хөл хорионы үндсэн зорилго нь энэ тоог бууруулах. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ барьж гэртээ байх, зорчих хөдөлгөөн хийхгүй байж, цар тахалтай тэмцэх хэрэгтэйг уриалж Засгийн газар, нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажиллаж байна. Хүний амь нас хамгийн чухал. Эрдэнэт хүний амь нас юугаар ч орлуулашгүй тул бид хамгийн гол зүйл дээрээ анхаарч, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, хатуу хөл хориог даван туулах хэрэгтэй байгаа юм.

-Энэ удаагийн хөл хориогоор иргэдийг гэрийнхээ ойр орчимд агаарлах боломжийг олгосон. Гэтэл иргэд хүн хоорондын зайгаа барихгүй байх зөрчил гаргаж байна гэсэн шүүмжлэл байна?

-Иргэд маш сайн сахилга баттай байгаа. Цөөхөн хэдэн хүн буюу 5-10 хувь нь л ийм нөхцөл байдал үүсгэж байна. Улаанбаатар хотын бүх иргэн хариуцлагагүй биш. Энэ бол иргэдийн цэвэр ухамсрын асуудал юм.

-Хатуу хөл хорио хотын А бүсэд л үйлчилж, захын хэсгүүдэд иргэд чөлөөтэй зорчиж байна гэсэн мэдээлэл бий. Үүн дээр хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Улаанбаатар маань хөгжиж байгаа хот. Нийгэм, эдийн засгийн хамгийн том төвлөрөл нь Их тойруугийн гудамжинд байдаг. Их тойруугийн гудамжинд төр захиргааны байгууллагууд, томоохон худалдааны төвүүд, үзвэр үйлчилгээ, аж ахуйн нэгжүүд төвлөрдөг. Тиймээс төвлөрсөн бүсдээ хатуу хөл хориог баримталж чадвал зорчилт хөдөлгөөнийг барьж чадна гэсэн тооцоо, судалгаа бий. Гэхдээ энэ нь хотын захаар чөлөөтэй зорчиж болно гэсэн үг биш. Бид чадах хэмжээгээрээ хүн, хүч, нөөц, бололцоогоо ашиглан, хяналт тавьж ажиллаж байна. Иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хайртай бүхнээ хамгаалж, хатуу хөл хориог сахилга баттай даван туулахыг уриалж байна.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Х.Булгаа: Нийтийн тээврээр зорчих ёсгүй иргэд зорчиж, ачаалал үүсгэж байна

Огноо:

,

Өнөөдөр нийтийн тээврийн 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байгаа. Гэвч автобус хүрэлцээгүйгээс хүний бөөгнөрөл үүсэж, хүн хоорондын зай барих боломжгүй болсон талаарх мэдээлэл гарсан. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаагаас тодрууллаа.


 

-Нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжгүй байгаа талаарх мэдээлэл гарсан. Яагаад ийм нөхцөл байдал үүссэн бэ?

-Хөл хориотой холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд биш, тусгай чиг үүргийн байгууллагын албан хаагчдад зориулан тусгай тээвэрлэлтийн үйлчилгээг тусгай цагийн хуваарийн дагуу нийтийн тээврийн хэрэгслээр үзүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, 15 чиг үүргийн байгууллагын албан хаагчдад нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлэх зохион байгуулалттай. Энэ хүрээнд бид гол чиглэлүүдийг давхцуулахгүйгээр, автобус хоорондын хугацааг 10-15 минут байхаар төлөвлөж, үйлчилгээнд гаргасан. Өнөөдрийн хувьд ачаалал үүссэн шалтгаан нь өглөөний нийт зорчигчдын 30 гаруй хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байлаа. Энэ нь зорчих ёстой иргэд биш, зорчих ёсгүй иргэд нийтийн тээврээр зорчиж, ачаалал үүсгэж байна гэсэн үг. Үүнээс болж, төлөвлөсний дагуу хүн хоорондын зай барих боломж алдагдсан. Гэхдээ энэ нь бүх чиглэлд ийм байсан гэсэн үг биш. Тодорхой чиглэлд буюу төв замаар явдаг, захын хорооллоос төв рүү явдаг чиглэлд ийм асуудал үүссэн. Үүнтэй холбоотойгоор бид тухай бүрд нь зорчигчын мэдээлэл авч, шуурхай зохион байгуулалт хийж, нэмэлтээр тээврийн хэрэгсэл гаргаж, ачааллыг сийрүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон энэ үед нийтийн тээврийн ариутгал, халдваргүйтгэлийг хэрхэн хийж байна вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хөл хориотой холбоотойгоор бид урьдчилан мэдэгдэл, албан бичиг хүргүүлсэн. Мөн авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон Нийтийн тээврийн үйлчилгээний газрын албан хаагч нар нийтийн тээврийн зогсоол дээр хяналт, шалгалт хийж, ариутгал, халдваргүйтгэл хийж байгаа эсэхийг шалгаж байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд тээврийн хэрэгслээ үйлчилгээнд гаргахын өмнө бариул, сандал гэх мэт иргэдийн хүрэлцдэг хэсэгт ариутгал хийж байгаа. Мөн өдөр болон үдээс хойш үйлчилгээнд яваагүй үед нь бааз дээр болон эцсийн зогсоол дээр ариутгалын бодисоор ариутгал хийж байна. Түүнчлэн орой шугамаас буусан бүх автобусанд иж бүрэн цэвэрлэгээ, угаалга хийж, өглөөний үйлчилгээнд бэлдэж байгаа. Зарим байгууллага мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй газруудаар ариутгал, халдваргүйтгэлийг бааз дээрээ хуваарийн дагуу хийж байна.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон

Огноо:

,

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын ажилтнуудын хувийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөн оролцуулж байгаа. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Энхбатаас энэ талаарх зарим зүйлийг тодрууллаа.

-Тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж байгаа. Өмнөх хөл хориогоор ийм зохицуулалт хийж байгаагүй. Яагаад  энэ удаа ийм зохицуулалт хийхээр болсон бэ?

-Өмнө нь хөл хорио тогтоохдоо ажил, үйлчилгээ гүйцэтгэхийг зөвшөөрсөн 15 салбарын тээврийн хэрэгслийг тухайн байгууллагын хүсэлтийг үндэслэн хөдөлгөөнд QR кодоор оролцуулах байдлаар зохион байгуулсан. Ингэхэд хөл хорионы дэглэмээ сахих, иргэдийн хөдөлгөөнийг 10 хувьд багтаах зорилт биелэхгүй болоод байсан юм. Мөн Тээврийн цагдаагийн албанд QR кодтой холбоотой маш их гомдол ирж байлаа. Үүнээс болж үл ойлголцол үүссэн. Үүнийг хөнгөн байдлаар шийдэх, иргэдэд чирэгдэл учруулахгүй байх, хөл хорионы дэглэмийг нарийн баримтлахын тулд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон. Зөвхөн хөдөлгөөнд оролцох боломжтой иргэдийн машин гэхэд л 51 мянга байна. Үүн дээр түгээлт нэмэгдэхээр маш олон тээврийн хэрэгсэл болж байгаа.

-Тэгш, сондгойгоор явуулж эхэлснээр замын хөдөлгөөний ачаалал өмнөх хөл хорионоос хэдэн хувиар буурсан бэ?

-17:00 цагийн мэдээг харахад 33 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Энэ нь нийт эрчимтэй хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн найман хувь гэсэн үг. Өмнөх QR кодоор зорчуулж байсан үеэс цөөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөл хорионы дэглэмийг сайн сахиж байна.

-Иргэд тэгш, сондгойгоор зорчихтой холбоотой санал, хүсэлт гаргаж байна уу?

-Манай алба хаагчдад ямар нэгэн гомдол, санал ирээгүй. Иргэдийн хувьд гаргасан шийдвэрийг дагаж, ажил үйлчилгээгээ явуулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм6 цаг 18 минут

МАН-ын Удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргалаа

Улстөр нийгэм11 цаг 21 минут

Цэцийн шийдвэрээр дахин нэр дэвших эрхгүй болсондоо боож үхээд МАН-ы...

Улстөр нийгэм14 цаг 20 минут

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар автомашин жолоодож, ноцтой осол...

Улстөр нийгэм20 цагын өмнө

Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовтой уулз...

Улстөр нийгэм20 цаг 5 минут

Энэ 7 хоногт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Чөлөөт цаг20 цаг 10 минут

Автобусны буудлуудыг тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөө...

Чөлөөт цаг20 цаг 15 минут

КОВИД-19: Гэр бүлийн орчинд халдвар хамгааллыг хэрхэн мөрдөх зөвлөмж...

Чөлөөт цаг20 цаг 18 минут

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэрэмжлүүлж байна!

Чөлөөт цаг20 цаг 21 минут

COVID-19 ERSDEL систем хэрхэн ажилладаг вэ?

Улстөр нийгэм20 цаг 27 минут

“Цаасан дарга” О.Цогтгэрэлийг батламжлах их хуралд Увс а...

Санал болгох