Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Огноо:

,

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцууллаа.

Энэ оны 06 дугаар сард УИХ-ын эмэгтэй гишүүд Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн хамтаар Засгийн газраас агуулга дээрхтэй агуулга, үзэл баримтлалын хувьд ойролцоо хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бол 10 дугаар сарын 01-ний өдөр дахин Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав өргөн мэдүүлсэн байна. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар төслийг хэлэлцүүлгийн аль ч шатанд буцаан татах боломжтой байдаг бол Хууль тогтоомжийн тухай хуулиар үзэл баримтлал зөрчилдөөгүй тохиолдолд төслийн нэрийг өөрчлөх боломж бий гэдгийг тэрбээр илтгэлийнхээ эхэнд дурдсан.

УИХ-ын эмэгтэй гишүүд тойргийн иргэд, сонгогчдоос гаргасан саналд үндэслэн хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлсэн байна. 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр батлагдан, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Тэтгэврийн хуулиар

   -  төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн 15-аас доошгүй жил ажилласан, 50 насанд хүрсэн эмэгтэй,
   -  төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн, 20-иос доошгүй жил ажилласан эмэгтэй,
   -  27-оос дээш жил ажилласан, эмэгтэй нас харгалзахгүйгээр,
    - 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн эрэгтэйг хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоосон байна.

Тухайн үед хөнгөлөлттэй нөхцөлөөр 132.4 мянган хүн наснаасаа эрт тэтгэвэр тогтоолгосны дотор 83,3 мянган хүн буюу 62,9 хувь нь эмэгтэйчүүд байсан байна. Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор УИХ-ын 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн “Хүн амын нийгмийн хамгааллын талаар авах арга хэмжээний тухай” 5 дугаар тогтоолоор 1995 оноос өмнө 1990 оны БНМАУ-ын Тэтгэврийн хуулиар насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэврийн насны болзол, нөхцлийг хангаагүй 44,4 мянган иргэдийн тэтгэврийг түдгэлзүүлж, авч байгаа тэтгэвэр, нөхвөрийн нийлбэрийн хэмжээтэй тэнцэх “нөхөн олговор”-ыг тэдний өндөр насны тэтгэврийн эрх үүсэх хүртэлх хугацаанд хөдөлмөр зохицуулалтын албадаар дамжуулан сар бүр олгох шийдвэрийг гаргасан юм.

Үүнээс хойш 2017 он гэхэд дээр дурдсан 44,4 мянган иргэн өндөр насны тэтгэврийн насанд хүрснээр нийгмийн даатгалын тэтгэвэрт бүрэн шилжиж дуусчээ.

Эдгээр иргэдээс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 21,2 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бөгөөд эдгээрээс 14.5 мянга буюу 68.4 хувь нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, 3.8 мянга буюу 17.9 хувь нь 27 жил ажиллан нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд, 2.9 мянга буюу 13.7 хувь нь 32 жил ажиллан 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд байна. 

1997 оны 02 дугаар сараас өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс  өнөөдрийн байдлаар 17.0 мянга нь буюу 80.2 хувь нь 2018 оны улсын дундаж тэтгэвэр (374.8 мян.төг)-ээс бага тэтгэвэр авч байгаа юм.

Зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл нь 3 зүйлээс бүрдэж байгаа ба хуулийн төслөөр олон нийтийн хэлэлцүүлэг хийх үед 1997 оны 02 дугаар сарын 01-нээс өмнө буюу нийгмийн даатгалын багц хуулийн төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө олон хүүхдийн болзлоор тэтгэвэрт гарсан, одоо тэтгэврийн хэмжээ нь улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байгаа иргэдээс санал гарсныг харгалзан хуулийн төсөлд хөнгөлөлттэй нөхцөл (4 төрөл)-өөр тэтгэвэр тогтоолгосон нийт иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр тусгасан болохыг төсөл санаачлагч танилцууллаа.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаагаар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний байдлаар дээрх нөхцөлүүдээр тэтгэвэр тогтоолгон, тэтгэвэр авч байгаа 21.2 мянган иргэний 85.8 хувь нь буюу 18.2 мянган нь эмэгтэйчүүд, 14.2 хувь буюу 3 орчим мянга нь эрэгтэйчүүд байдаг аж. Тэдгээрийн 80.2 хувь нь буюу 17 мянга нь улсын дундаж тэтгэвэр (374,8 мян.төг)-ээс доогуур буюу хэт бага тэтгэвэр авч байгаа гэлээ. Иймээс эдгээр иргэдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцэх тул энэхүү хуулийн төслийг УИХ-ын эмэгтэй гишүүд санаачилжээ.

Холбогдох судалгаа, тооцооноос үзэхэд хуулийн төслийн зохицуулалтад хамрагдах 21.2 мянган хүний тэтгэврийг 50.000 төгрөгөөр нэмэгдүүлэх бөгөөд тэтгэврийн нэмэгдэлд 2020 онд 12.7 тэрбум төгрөг, цаашид энэ хэмжээ жил бүр 5 орчим хувиар буурах бөгөөд эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлэх юм байна. Хууль хэрэгжүүлэхэд зарцуулагдах хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатайг харгалзан даган мөрдөх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр тусгажээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг, Д.Оюунхорол нар зарим зүйлийг тодруулж, төсөл санаачлагч, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт авсан. Гишүүд төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. “Хувь тэнцүүлсэн тэтгэвэр” хэмээх ангиллаар тэтгэвэр тогтоолгон, бүрэн тэтгэврийн доод хэмжээнээс багаар буюу хувь тэнцүүлж олгодог тэтгэвэр бөгөөд Засгийн газраас тэтгэвэрийн зөрүүг арилгах нэг удаагийн арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн шийдвэрлэж ирэх оны улсын төсвийн төсөлд шаардлагатай санхүүжилтийг тусгаад байгаа гэлээ. Төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг хэлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор боллоо

Огноо:

,

Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох” журамд өөрчлөлт орууллаа. 

Өмнөх журмын хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг багш, ажилтны тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохгүй гэсэн заалт нь бусад ижил төрлийн нийгмийн салбарт олгогдож буй тэтгэмжийн шалгууртай нийцэхгүй, эрх зүйн ялгавартай байдал үүсгэсэн, хүүхдээ асрах чөлөө авсан албан хаагчийн эрх ашиг зөрчигдөж байна гэх гомдол удаа дараа гарч байсан.  

Тиймээс 104 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 2.3.7 дахь заалтыг “жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацаа, хүүхдээ асрах чөлөөтэй байсан эхний нэг жил /12 сар/ хүртэлх хугацаа” гэж өөрчлөн найруулахаар тогтов. 

Салбарын хэмжээнд нийт 92,000 орчим албан хаагч ажиллаж байгаагаас нэг жилд дунджаар 1,300 орчим албан хаагч хүүхдээ асрах чөлөө авч байна. Журам өөрчлөгдсөнөөр Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын 2024 оны төсөвт нөлөө үзүүлэхгүй бөгөөд бусад нийгмийн салбарт ажиллагсадтай ижил, тэгш боломжийг бүрдүүллээ гэж БШУЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Мягмар, Пүрэв, Бямба, Ням гарагт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

Энэ долоо хоногийн Мягмар, Пүрэв, Бямба, Ням гарагт 9 дүүргийн 35 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

2024 оны гуравугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махныг худалдаалж байсан бол нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчлэн засварлана

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа хоёрдугаар хэсгийн ажлыг үргэлжлүүлэн хийж эхлэх юм.

Хоёрдугаар хэсэгт /Төмөр замын гармаас Улиастайн гүүр/ хүртэлх авто замыг тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох