Улстөр нийгэм
Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоног буюу арваннэгдүгээр сарын 17-ноос эрс нэмэгдээд байна. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ вирус судлалын шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээгээр орчилд томуугийн А хүрээний вирус илэрчээ.
Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцоож “Нийслэлийн эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагуудад өнөөдрийн байдлаар 1200 гаруй орыг нэмэлтээр дэлгээд байна. Цаашид томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил ачааллын үед орны тоог 1500-аас дээш нэмэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн шөнийн байдлаар 2420 хүн үйлчлүүлсэн нь өмнөх өдрөөс 200 тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байна. Мөн нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу 103-т өнгөрсөн шөнө 2787 дуудлага ирж, гэрийн үзлэгийг хийсэн. Энэ нь өмнөх өдрөөс 23 хувийн өсөлттэй байна. Энгийн үед ирсэн дуудлагын 30 хувийг хүүхэд, 70 хувийг насанд хүрэгч эзэлдэг бол өнөөдрийн байдлаар энэ харьцаа 50:50 болж өөрчлөгдсөн. Иймээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн дүүргүүдийг бүсчилж, бүс тус бүрд ӨЭМТ болон хүүхдийн кабинетыг уртасгасан цагаар ажиллуулахаар бэлтгэл хангаж байна” гэв.
Уртасгасан цагийн хуваарь:
- Ажлын өдөр: 08:30-20:00 цаг
- Амралтын өдөр: 11:00–18:00 цаг
- Бүх нийтийн амралтын өдөр: 11:00–17:00 цаг хүртэл ажиллана.
Мөн Засгийн газраас хүүхэд нь томуу, томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан. Иймд хүүхэд халуурах, ханиад хүрэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа ӨЭМТ-д үзүүлж, эмчийн хуудсыг үндэслэн цалинтай чөлөө авах боломжтой юм.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
