Цаг үе
Windows үйлдлийн системийн шинэчлэлт
Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар
Microsoft компаниас программ хангамжийн аюулгүй байдлын шинэчлэлтийн багцыг өнгөрөгч 6 сард гаргажээ. Энэ нь дэлхийд Ковид-19-ийн дэгдэлт эхэлснээс хойшхи гурав дахь шинэчлэлт бөгөөд хөл хорионы үеэр аюулгүй байдлын багууд эмзэг байдал, цоорхой гаргахгүйн үүднээс шинэчлэлтүүдийг хийсээр байна.
Энэхүү багц нь Windows үйлдлийн систем болон түүнтэй холбоотой бүтээгдэхүүнд шинээр илрүүлсэн 129 эмзэг байдлыг залруулах бөгөөд тэдгээрийн 11 нь алсаас код эвдэх дайралтад хүргэдэг онц чухал эмзэг байдал, 118 нь давуу эрхээр нэвтрэх болон залилан мэхлэх төрлийн халдлага үйлдэх боломжтой өндөр түвшний эмзэг байдал байна.
Дээрх 11 онц чухал эмзэг байдлын нэг нь Shortcut (.LNK) файлууд Windows үйлдлийн системийг удирдах, халдагчид систем рүү алсаас хандан кодыг дур мэдэн өөрчлөх боломжийг олгож, улмаар хохирогчид компьютерын хяналтгүй болох, нууц мэдээллээ алдахад хүрдэг. Мөн нэг онцлох эмзэг байдал бол сервер мессеж блок (SMBv3) протокол дахь мэдээллийн нээлттэй байдал бөгөөд судлаачдын багийн мэдээлж байгаагаар уг эмзэг байдлыг алсаас код эвдэх халдлагатай хослуулан ашиглах боломжтой байна. Үүнээс гадна Windows системийн Adobe Flash Player-т нөлөөлж алсаас код эвдэх эмзэг байдлыг залруулах шинэчлэлт уг багцад багтжээ.
Mircrosoft компани халдагчдын өмнө нь ашиглаж байсан цоорхой, дутагдлуудтай ижил төстэй шинж чанар бүхий дээрх 118 эмзэг байдлыг "Ашиглах магадлал өндөр" гэж үзэн, нэн тэргүүнд залруулах шинэчлэлтийг гаргасан байна. Иймд Windows үйлдлийн систем хэрэглэгчид компьютерыг алсаас удирдах вирус, хортой кодоос урьдчилан сэргийлэхийн тулд сүүлийн үеийн аюулгүй байдлын шинэчлэлтийг хийхийг зөвлөж байна.

Эх сурвалж: https://thehackernews.com
Цаг үе
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 29,444 хэрэгт хяналт тавьжээ
Прокурорын байгууллага 2026 оны долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 29,444 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ.
Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 853 гомдол, мэдээлэл шинээр бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн 676 хэрэг шинээр нээсэн байна. Мөн 51 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдийг төрлөөр нь авч үзвэл хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 32, өмчлөх эрхийн эсрэг 14 хэрэг байна. Мөн авлигын эсрэг, хүний амьд явах эрхийн эсрэг, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, хүүхдийн эсрэг болон эдийн засгийн эсрэг тус бүр нэг хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн авлигын хэргүүдээс дурдвал, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, заал болон зогсоолын төлбөртэй холбоотойгоор бусдад давуу байдал бий болгосон, мөн сургуульд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Түүнчлэн бүртгэлийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлтэй холбоотойгоор бусдад давуу байдал бий болгох зорилгоор улсын бүртгэгчид мөнгө шилжүүлсэн гэх хахууль өгөх хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ.
Бусад хэргүүдээс дурдвал, Дорноговь аймагт үнэт эдлэлийн дэлгүүрээс их хэмжээний эд зүйл хулгайлсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой, хууль бусаар эм худалдах, хүн худалдаалах болон хүүхдийн эсрэг гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, холбогдох шүүхүүдэд шилжүүлсэн байна.
Цаг үе
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй. Үүнд:
• Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл,
• Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,
• Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй,
• Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг,
• Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх,
• Нийтийн тээврийн
• Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
• Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,
• Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй.

Цаг үе
Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

-
Цаг үе2020/05/22
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
-
Үзэл бодол2019/12/02
Иргэд авлигад дасах нь авлигаасаа илүү хортой
-
Цаг үе2019/05/31
“Эверестэд амиа алдагсдын тоо нэмэгдсэн нь уулчдын үүсгэсэн түгжрэлтэй хол...
-
Улстөр нийгэм2026/06/18
“Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээний үндэсний төлөвлөгөөг бат...
