Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

“Жи-Тайм”-ын хохирогчдын хохирлыг шүүгдэгчээс хураасан хөрөнгөөс барагдуулна

Огноо:

,

“Жи-Тайм” сүлжээний гэгдэх хэрэг буюу шүүгчдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Шүүхийн шийдвэрийн талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэгээс тодрууллаа.

-“Жи-Тайм” сүлжээний гэгдэх хэргийг анхан шатны шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. Чухам ямар шийдвэр гаргасан бэ?

-Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Э.Оюунчимэгт  холбогдох  хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцсэн. Уг хэргийн хохирогчийн тоо 11 мянга гаруй. Хохирогчид шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй учраас шүүхийн ил, тод нээлттэй байдлыг хангах үүднээс  шүүх хуралдааныг www.zindaa.mn сайттай хамтран live хэлбэрээр шууд дамжуулан үзүүлсэн.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

-Хохирогчдын хохирлыг хэрхэн барагдуулах вэ?

-Шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 сая 503 мянга 841 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, 906 иргэний хариуцагчаас 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, мөн Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588 мянга 699 төгрөгийг хохирогч нарт  хувь тэнцүүлэн олгуулах, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж,  шүүхийн захирамжийн  дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн 6 автомашиныг худалдан борлуулж, борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн.

-Хохирогчдын нэрсийн жагсаалтыг хаанаас үзэх боломжтой вэ?

-Уг хэрэг шүүхэд шилжиж ирсэний дараа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын http://www.bkhs-criminalcourt.gov.mn/ вэб сайтад байршуулсан. Мөн шүүх хуралдаантай холбоотой цаг үеийн мэдээллийг “Шүүхийн мэдээ” пэйж хуудсаар тухай бүр хүргэж байгаа.

-906 иргэний хариуцагч гэдгийг тодруулаач?

-906 иргэний хариуцагчийн тухайд “Жи тайм” сүлжээний хөтөлбөрт хамрагдаж  сүлжээнд оруулсан мөнгө болон урамшуулал авсан хүмүүсийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өгсөн мөнгөнөөсөө илүү урамшуулал авсан хүмүүсээс 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлээд байна.

-Шүүхийн шийдвэр хэзээ хүчин төгөлдөр болж, хохирогчид хохирлоо барагдуулах бол?

-Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоол  бичгийн хэлбэрээр гарч хэргийн оролцогчид болох  улсын яллагч, өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч, иргэнийн нэхэмжлэгч, хариуцагч нарт гардуулдаг. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл  гаргахгүй бол тогтоол хүчин төгөлдөр болж тус шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдэж Нийслэлийн шүүхийн шйидвэр гүйцэтгэх газарт хүргэгдсэнээр хохирол  гаргуулах ажиллагааг тус байгуулага гүйцэтгэнэ.

-Хэрэв аль нэг тал гомдол гаргасан тохиолдолд яах вэ?

-Шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах /хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч/ нар болон улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байдаг. Хэрэв гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тухайн шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл Баянгол дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын биелэлтийг түр түдгэлзүүлдэг. Энэ тохиолдолд хохирол гаргуулах, гүйцэтгэх хуудас бичигдэх ажиллагаа мөн хугацаагаар хойшлогдоно гэсэн үг юм.

-Хохирогчид шийтгэх тогтоол албажсаныг хэрхэн мэдэх вэ?

-Шийтгэх тогтоолыг хэргийн оролцогч нарт гардуулах ажлыг тус шүүхийн тамгын газраас зохион байгуулан ажиллах бөгөөд үүнтэй холбоотой мэдээллийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн facebоok  хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэргийн оролцогч нарт хүргэх болно.   

-Баярлалаа.

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллах үеэр А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын иргэд амьдарч байгаа хотынхоо газарт нутагт зорчихдоо авто замын хураамж 5000 төгрөг төлж байна. Мөн энэ хэсэг аялал жуулчлалын бүс хэдий ч замын хураамж төлөх гэж түгжрэл ихээр үүсгэдэг. Тиймээс Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэхийг Зам, тээврийн яамд уламжилж, шийднэ. Налайх дүүрэг хотын аялал жуулчлалын бүс. Барилгажилт ихсэхээс өмнө замын трассууд, амрах талбайгаа чөлөөлөх хэрэгтэй. Налайх, Багануур, Багахангай дүүргийг эдийн засгийн тусгай бүс болгож, аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхэд зорилт тавин ажиллаж байгаа” гэлээ.

Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр “НИТХ-аар Налайхын Цэргийн ангийн урдуур явж байгаа замыг дөрвөн эгнээ болгохоор шийдсэн. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилд ойролцоогоор дотоод, гадаадын нэг сая жуулчин ирдэг гэсэн судалгаа байдаг. Тус замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэхэд Улаанбаатар хотоос Тэрэлж рүү зорчих жуулчдын тоо нэмэгдэж, иргэд ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 16-нд болж, “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын зардалд шаардагдах  248 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Айчи-Нагоя-2026 Азийн XX наадамд Монгол Улсаас 31 спортын төрөлд 298 тамирчин, Азийн пара V наадамд спортын 10 төрөлд 43 тамирчин 19 дасгалжуулагч оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

Огноо:

,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.

Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа. 

150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох