Улстөр нийгэм
“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын газар шорооны ажил 93 хувьтай байна

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүс Өмнөговь аймагт ажиллах үеэрээ "Монголын төмөр зам" ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Долдугаар сарын 20-ны байдлаар төмөр замын газар шорооны ажил 93, шугам хоолойн ажил 85 гаруй хувьтай, гүүрийн ажил 37 хувьтай үргэлжилж байна. “Монголын төмөр зам” ТӨХК захиалагчаар, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб төмөр замын доод бүтцийн ажлын, “УБТЗ” ХНН төмөр замын дээд бүтцийн ажлын гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байгаа аж. Эл төмөр замын урт 416.1 км үргэлжлэх бөгөөд 1 өртөө, 6 зөрлөгтэй, төмөр замын голын даац нь 25 тн, царигийн хэмжээ 1520 мм-ээр баригдаж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар эхлээд “Зүүнбаян” өртөөний ажилтай танилцлаа. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Батсүх “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын эхний 50 километрийг гүйцэтгэж дууссан. Коронавирусийн цар тахлын улмаас цементийн хомсдол үүссэн тул төлөвлөгөөт ажил 10-14 хоногийн хоцрогдолтой байна” гэлээ. Гэхдээ хоцрогдлоо арилгах тусгай төлөвлөгөө гарган ажиллаж буйгаа танилцууллаа.
Дараа нь Зэвсэгт хүчний 7781, 7782 дугаар ангийн дайчдын гүйцэтгэж буй VI зөрлөгийн барилгатай танилцав. Тус хэсэг төмөр замын далан болон хоолойн ажлуудыг гүйцэтгэж дуусчээ. Энэ хэсэг 600 гаруй алба хаагчидтай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус ангийн бие бүрэлдэхүүний 63 хувь нь офицер, ахлагч нар, 20 хувь нь гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчид, 9 хувь нь цэргийн ангид ажиллаж байгаа хүмүүс, 8 хувь нь бүтээн байгуулалтад оролцох хүсэлт гаргасан сайн дурын иргэд байгаа гэдгийг бригадын генерал Л.Гансэлэм онцоллоо.
Зэвсэгт хүчний 7782 дугаар ангийнхан бетон зуурмагийн үйлдвэрлэлийг хариуцан ажиллаж байна. Тэд замын доод бүтцийн бүтээн байгуулалтын ажлын 1.7 сая шоо метр газар шорооны ажлыг гүйцэтгэж, 60 гаруй төмөр бетон хоолойг цутгажээ. Өнөөдрийн байдлаар тус ангийн хариуцсан 4 хэсэг газрын ажил бүрэн дуусаж, хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Нийт газар шорооны ажил 93 хувьтай байна.
Үүний дараа Зэвсэгт хүчний Жанжин штабын бутлуурын үйлдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар үзэж сонирхлоо. Уг үйлдвэр нь 1000-1200 шоо метр бластер үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар 262 хоолойн барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж дуусчээ. Монголын төмөр замтай хийсэн гэрээ ёсоор тус үйлдвэр 110 мянган бластер үйлдвэрлэхээс 103 мянгыг үйлдвэрлээд байгаа талаар бригадын генерал Х.Гансэлэм танилцууллаа.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд гэхэд 37 байна. Тухайлбал, Тавантолгойн нүүрсний, Цагаан суваргын зэсийн, Хармагтайн зэс, алтны, Манлайн нүүрсний, Хараат уул, Төхөм, Дадын хар уул, Дулаан уул, Оюут улаан, Өндөр жавхлан, Зөөвч овоо, Хашаатын говийн нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байгаа бөгөөд нийтдээ 6.0 орчим тэрбум тоннын нөөц баялаг байгаа юм. Энэхүү төмөр замаар жилдээ 15.0 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцоолж байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсноор баялгийн экспорт, тээвэрлэлтийн хэмжээ далайц нэмэгдэж, улсын төсвийн орлого, эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулна гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.
Тэрбээр үндэсний төмөр замын шинэ түүхийг бичиж буй “Монголын төмөр зам” ТӨХК, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, “УБТЗ” ХНН-ийн хамт олонд талархал илэрхийлж, баяр хүргэлээ.
Улстөр нийгэм
Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа
Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Британи Улсад ажлын айлчлал хийж буй Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Британи Улсын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Уулзалтаар Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс Гуравдагч хөршийн бодлогынхоо хүрээнд Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгч, худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд чиглэсэн Британи Улсын аливаа санаачилгыг дэмжин ажиллахад бэлэн байгаагаа хэллээ. Британи Улсын зүгээс Хөгжиж буй орнуудад зориулсан Худалдааны шинэ схем гаргаж, түүний Өргөтгөсөн хөтөлбөрт манай улсыг хамруулах шийдвэр гаргасанд талархал илэрхийлсэн юм.
Цаашид Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх урт хугацааны бодлого, тэр дундаа Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, энэ хүрээнд “Ухаалаг хот” байгуулах төслийг хэрэгжүүлэхэд Британи Улсаас санхүүжилт авах хүсэлт тавив. Мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, Британи Улсыг хамруулсан 34 улсын иргэдийг визний шаардлагаас чөлөөлсөн болохыг дурдаад монгол иргэд Британи Улсад зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх, түүний тулд юуны өмнө дипломат паспорттой иргэдийг визний шаардлагаас чөлөөлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Энэ үеэр Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Рааб Британи Улсын Засгийн газар Энэтхэг-Номхон далайн бүс нутагт чиглэсэн бодлого (Indo-Pacific Tilt)-ынхоо хүрээнд Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгойлон анхаарч буйг дурдаад, Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа нь сайн жишээ болох боломжтой гэж харж буйгаа хэлэв. Тийм ч учраас Британи Улс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа онцгойлон анхаарал хандуулж буй бөгөөд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах, Агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэх, экспортын санхүүжилтийн асуудлаар санамж бичиг байгуулахыг бүрэн дэмжиж хамтран ажиллаж байна. Цаашид Британийн бизнес эрхлэгчдийн Монгол Улсын зах зээлд нэвтрэх сонирхлыг нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг татах, Британи Улсын туршлага дээр үндэслэн Монгол Улсын чадавхийг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн Шадар сайд С.Амарсайханы танилцуулсан “Ухаалаг хот” байгуулах төсөл нь Оюу Толгой төслийн адилаар бодит үр дүнгээ өгөх жишиг төсөл байж болохыг дурдаад, энэ чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар холбогдох бусад байгууллагуудтай ярилцана гэдгээ мэдэгдэв. Тэрээр мөн боломж гарвал Монгол Улсад айлчлах сонирхолтой байгаагаа уламжиллаа.
Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба
Улстөр нийгэм
Эрдэнэт-Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн галт тэрэгний бүрэлдэхүүнд Люкс вагон аялж эхэллээ

Улстөр нийгэм
Олборлох үйлдвэрлэлийн салбар 32.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна
Алтны хилийн дундаж үнэ 2022 оны арванхоёрдугаар сард өмнөх сараас килограмм тутамд 3.3 доллароор, нүүрсний хилийн дундаж үнэ 8 доллароор тус тус өсжээ. Харин боловсруулаагүй газрын тосны хилийн дундаж үнэ баррель тутамд 11.4 доллароор буурсан үзүүлэлттэй байна.
Эдийн засгийг хөдөлгөгч хүч болсон уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2022 онд 17 их наяд төгрөг болж өмнөх оноос 4.1 /32.1%/ их наяд төгрөгөөр нэмэгджээ.Чулуун болон хүрэн нүүрсний олборлолт 3.4 /2.1 дахин/ их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 576 /6.5%/ тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Сэтгэгдэл