Улстөр нийгэм
Мэндчилгээ
Монгол Улсын төмөр замын хөгжлийн түүхийг бүтээлцсэн Эрхэм хүндэт ахмадууд, сэтгэл оюун, хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажиллаж буй төмөр замчид, тус чиглэлээр суралцаж буй оюутан залуус Та бүхэндээ Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний 82 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье!
Далайд гарцгүй Монгол Улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүнийг хоёр хөршийн төмөр замыг ашиглан гуравдагч орны зах зээлд хүргэж эдийн засгийн өргөн боломжийг бий болгох, дотоодын нэгдсэн төмөр замын сүлжээ байгуулах ач холбогдлын дор 2010 онд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан билээ.
Энэхүү бүтээн байгуулалтын бааз суурь болж 2008 онд төрийн бодлогоор “Монголын төмөр зам” хэмээх айлын галыг асааж, өрхийг татсанаар даруй 12жилийн хугацааг үдэж, эдүгээ Улаанбаатар хот дахь төв, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум дахь Төмөртэй өртөө, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Бүс нутгийн логистикийн төв”, Дорноговь аймгийн Зүүнбаян өртөө дэх Шуурхай удирдлагын төв бүхий үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.
2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Засгийн газрын 135 дугаар тогтоол батлагдан “Шинэ төмөр зам” төслийн эхний үе шатанд барьж байгуулах “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгч төслийн ажлыг эхлүүлснээр тус чиглэлийн төмөр замыг барьж байгуулах ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК нь Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб, “УБТЗ” ХНН-тэй хамтран хэрэгжүүлэх эрхэм үүргийг хүлээнта бид Түүхэн бүтээн байгуулалтын нэгэн гэрч болж, авьяас билэг, хүч хөдөлмөрөө дайчлах эрхэм зорилго дор нэгдэж буйг онцлон дурдахад таатай байна. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад нэгдэж буй туслан гүйцэтгэгч нийт 87 компанийн хамт олон та бүхэнд талархал илэрхийлье!
Олон олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх их хариуцлага, үүрэг бидэнд ногдохын хэрээр Монгол хүн хийж чадна, бүтээж чадна гэдгийг нотлохоор гар нэгдэн зүтгэж буй төмөр замчдын халуун сэтгэлд талархал илэрхийлье.
Хийж бүтээх хүсэл эрмэлзлээр жигүүрлэн сурсан мэдсэнээ эх орныхоо хөгжил дэвшилд зориулж буй залуус, төмөр замчид та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр их амжилтыг хүсэн ерөөж, олон олон галт тэрэг аялуулж, олз омогтой байхын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүльe!
Хүндэтгэн мэндчилсэн,
МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ ТӨХК-ИЙН
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Р.БАТСҮХ
Улстөр нийгэм
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
Улстөр нийгэм
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
Улстөр нийгэм
Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.
Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.
Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:
- БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
- "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
- Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
- Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
- Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
- Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
- Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.
Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
-
Улстөр нийгэм2022/03/01
Нэр бүхий 35 хувьцаат компани ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ
-
Цаг үе2023/03/10
Сэрэмжлүүлэг
-
Улстөр нийгэм2025/10/07
Гурвалжингийн гүүр орчимд байсан том оврын машин техникийг нүүлгэн шилжүүлнэ
-
Улстөр нийгэм2020/09/07
У.Хүрэлсүх: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон ч авто...
