Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Ө.Гантөр: Төрийн банк зээлийн хүүг үе шаттайгаар бууруулан ажиллаж байна

Огноо:

,

Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
  • Та Төрийн банкны Гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байна. Та ажлаа юунаас эхлүүлсэн талаар яриагаа эхэлье.
  • Миний бие 2018 оноос хойш Төрийн банкныхаа Удирдлагын багт ажилласан бөгөөд Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн шийдвэрээр Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Ийм учраас өмнөх Гүйцэтгэх захирал болон Удирдлагын багийнхаа хийж хэрэгжүүлж байсан ажлуудыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ харилцагч, хадгаламж эзэмшигчиддээ банкны үйлчилгээг эрсдэлгүй, шуурхай хүргэх, мөн Монгол улсын Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд банкны зүгээс авч хэрэгжүүлж болох бүхий л ажилд анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал, зээлийн хүүг бууруулах боломжийг судалж, шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байна.
 
  • Та зээлийн хүүг бууруулах чиглэлд ажиллаж байна гэлээ. Энэ талаар дэлгэрүүлж яривал?
  • Зээлийн хүүг бууруулах асуудал бол дан ганц банкуудын хийж хэрэгжүүлэх ажил биш. Зээлийн хүүг бууруулахын тулд эдийн засаг, санхүү, хууль, эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх замаар буюу зах зээлийн зарчмаар бууруулах нь зохистой. Өөрөөр хэлбэл, хүү буурах макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэх, банкны салбараас гадна бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, санхүүгийн шинэ хэрэгсэл, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, банкны салбарын засаглал, зээлийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах, үйл ажиллагааны зардлыг бууруулах зэргээр цогц арга хэмжээг системтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ талаар төр засгаас ч мөн анхаарч, зээлийн хүү бууруулах талаар баримтлах бодлого, стратегийг боловсруулж батлах асуудлыг УИХ-ын түвшинд хүртэл анхаараад эхэлсэн. Арилжааны банкуудын тухайд гэвэл, банк өөрөө итгэлцэл дээр тогтдог байгууллага. Харилцагчийн чөлөөт эх үүсвэрийг хүү төлж татан төвлөрүүлэн түүгээрээ зээл олгох, хөрөнгө оруулалт хийх замаар санхүүгийн зуучлалын бизнес эрхэлдэг. Банкуудын зээлийн хүү хэрхэн тодорхойлогдох вэ гэхээр бусдаас татсан эх үүсвэрийн хүүгийн зардал зээлийн хүүний 60 орчим хувийг, банкны өөрийн үйл ажиллагааны зардал 15 орчим хувийг, зээлийн эрсдэлийн зардал 10 орчим хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр эдгээр зардлуудыг бууруулах боломжийг судалж хэрэгжүүлэх тал дээр юуны түрүүнд анхаарч эхлээд байна. Дотоодоос эх үүсвэр татах зардал буюу хадгаламжийн хүү өндөр байгаа учраас бид гадаад зах зээлээс эх үүсвэр татах боломжийг илүү анхаарч, өнгөрсөн жилээс гадаадын санхүүгийн байгууллагуудаас хямд зардалтай эх үүсвэр татах ажлыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Энэ жил ч мөн харилцаагаа өргөжүүлж, шинэ хэлцлүүдийг хэрэгжүүлээд явж байна. Мөн үйл ажиллагааны зардлыг бууруулах чиглэлд байнга анхаарч, банкны бүтээгдэхүүн үйлчилгээнд техник технологийн дэвшлийг ашиглах, үйлчилгээг аль болох цахимжуулах чиглэлд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна. Үүний үр дүнд, бид энэ оны 5 дугаар сард 11 төрлийн зээлийн бүтээгдэхүүнийхээ хүүг бууруулсан бол энэ сард Тэтгэврийн зээлийн хүүг 1.3 хувь болгон буурууллаа. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж, сарын 1.3 хувийн хүүтэй шинэ бүтээгдэхүүнийг гаргалаа.
 
  • Тэгвэл дээрх ажлуудын талаар шат дараатай ярилцъя гэж бодлоо. Юуны өмнө Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зээл энгийн бизнесийн зээлээс юугаараа ялгаатай вэ?
  • Монголын өнөөгийн нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, оруулж буй хувь нэмэр өндөр байдаг. Эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхэддээ анхаарал халамж тавих, тэднийхээ ирээдүйд анхаарах, үүний тулд санхүүгийн хувьд бие даасан, хараат бус байх, бизнес эрхэлж ашиг орлоготой байх асуудал чухал байдаг. Нөгөөтэйгүүр, дэлхий нийтийг хамраад буй “КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр олон өрхийн орлого тасалдах, жижиг дунд бизнесүүдийн үйл ажиллагаа хумигдах зэргээр санхүүгийн хүндрэлд өртөж байна. Иймд бид энэхүү хүндрэлийг даван туулахад нь харилцагч нартаа дэмжлэг үзүүлэх, нөгөө талаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжих зорилгоор энгийн бизнесийн зээлтэй харьцуулахад харьцангуй бага хүүтэй буюу сарын 1.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ санал болгож байна.
  
  • Тун сайхан санаачлага байна. Тэгвэл эдгээр зээлийг санхүүжүүлэх хямд эх үүсвэрийг хэрхэн олсон талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?
  • Бид өнгөрсөн жилээс эхлэн гадаадын санхүүгийн байгууллагуудаас хямд зардалтай эх үүсвэр татах ажлыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ жил Нидерландын Вант улсын “Frontclear” олон улсын санхүүгийн байгууллагаас 2 дахь удаагийн Репо хэлцлээр 23 сая ам.доллар буюу ойролцоогоор 65 тэрбум төгрөгийн эх үүсвэр татаж чадсан. Энэхүү хэлцэл маань Засгийн газар болон Монголбанкнаас зээлийн хүү бууруулах талаар явуулж буй бодлогод нийцсэн, цагаа олсон оновчтой хэлцэл болсон. Банкны хувьд бага хүүтэй шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргахад чухал ач холбогдол үзүүлсэн. Бид цаашид ч зээлийн хүүгээ бууруулах бусад боломж нөхцөлүүдийг судалж, шинэ санал санаачлага гарган ажиллах болно.
 
  • Сүүлийн өдрүүдэд сошиал болон хэвлэлээр зарим банкууд дампуурах эрсдэлтэй болсон гэж шуугилаа. Төрийн банкны үзүүлэлт ямар байгаа вэ?
  • Төрийн банк 2019 оны жилийн эцсээр 20.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2020 оны II улирлын байдлаар банкны нийт актив хөрөнгө 3.2 их наяд төгрөгт хүрч, 21.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Монголбанкнаас арилжааны банкуудад тавьдаг “Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд”-ийг байнга хангаж ажиллаж байгаагийн зэрэгцээ санхүүгийн тайлангаа улирал бүр банкны цахим хуудаснаа нийтэлж, олон нийт болон харилцагч нартаа санхүүгийн болон эрсдэл даах чадварынхаа талаар ил тод тайлагнан ажиллаж байгаа. Банкны эрсдэл даах чадвар, төлбөрийн чадварыг илэрхийлдэг зарим үзүүлэлтүүдээс дурьдвал, Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 20 хувиас доошгүй байхаас Төрийн банк 35.9 хувь, Өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа 12 хувиас доошгүй байхаас Төрийн банк 15.1 хувь байгаа нь банкны эрсдэлгүй, найдвартай байдлыг илтгэж байгаа юм.
 
  • Тэгвэл манай уншигчид санаа зовох хэрэггүй юм байна.КОВИД-19 цар тахлын нөлөө банкинд хэр сөргөөр тусч байна? Та бүхэн энэхүү нөхцөл байдлыг даван туулахын тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
  • “КОВИД-19” цар тахал дэлхий нийтэд хэрхэн нөлөөлж байгааг бид бүхэн харж байгаа. Цар тахлын нөлөөгөөр иргэд, аж ахуйн нэгж байгуулагуудын үйл ажиллагаа хумигдаж, зээл төлөх чадвар муудаж, орлого тасарсантай холбогдуулан Төрийн банк нийгмийн хариуцлагын хүрээнд, оны эхний хагаст нийт 24,728 зээлдэгчийн 440.6 тэрбум төгрөгийн зээлийн хугацааг сунгах, үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүний төлбөрийг хойшлуулах, хугацаа хэтэрсний торгууль, шимтгэлээс чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч ажилласан бөгөөд одоо ч мөн адил зохицуулагч байгууллагуудаас явуулж буй бодлого зохицуулалтад нийцүүлэн энэ арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Харилцагчдыг банкны салбар нэгжид олноор бөөгнөрүүлэхгүй байх, банкны үйлчилгээг зайнаас хүргэх зорилгоор банкны бүтээгдэхүүн үйлчилгээг цахимжуулах, цахим үйлчилгээний бүртгэлийн хураамж, зарим төрлийн шимтгэлүүдийг тэглэх, бууруулах зэргээр дэмжин ажиллалаа. Мөн банк өөрийн ашигт ажиллагааг хангах, онцгой нөхцөл байдлын үед дотоод үйл ажиллагааг тасралтгүй явуулах, ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангах чиглэлд тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, онцгой нөхцөл байдлын үед банкны үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор ажилтнуудыг зайнаас ажиллуулах нөхцөлийг бүрдүүлж, хөл хорионы дэглэмийн үед ажиллах төлөвлөгөөг боловсруулж, 2 удаа туршлаа. Мөн ажлын байрны эрүүл ахуйн нөхцлийг хангах чиглэлээр ажилтнуудад амны хаалт олгох, банкинд нэвтрэх үед халууныг хэмжих, гар ариутгах бодисоор хангах зэргээр байнгын анхаарал тавин ажиллаж байна.  
 
  • 21-р зууныг технологийн эрин үе гэдэг. Үүнтэй холбоотойгоор финтек салбарын хөгжил нилээн хурдацтай өсч байна. Танай банк энэхүү хөгжилтэй хэрхэн хөл нийлүүлэн ажиллаж байгаа талаар хуваалцаач?
  • Манай банк санхүүгийн цогц, хүртээмжтэй үйлчилгээгээр ард иргэдийн сайн сайхан амьдрал, улс орны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж, байгаль экологийг хамгаалах, хариуцлагатай хэрэглээг дэмжих бизнесийн дэвшилтэт шийдэл бүхий үйл ажиллагаа явуулна гэж эрхэм зорилгоо тодорхойлсон. Энэхүү зорилгынхоо хүрээнд бид цахим банкны үйлчилгээг хөгжүүлж харилцагчдаа  банкинд ирэхгүйгээр банкны үйлчилгээг авдаг байх бүхий л нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Манай банкны хувьд нэг онцлог зүйл бий. Тэр нь Төрийн банк Монгол улсын бүх аймаг, сум, суурин газарт өөрийн салбар нэгжтэй бөгөөд бид нийт тэтгэвэр авагчдын 40 орчим хувьд, халамж авагчдын 90 орчим хувьд үйлчилгээ үзүүлдэг. Тэтгэвэр, халамжийн мөнгө олгогдох үеэр банкны салбар нэгж дээр дараалал үүсэх нь бий. Тэгвэл бидний зүгээс тэтгэвэр, халамж авагч харилцагч нарыг картжуулах, картын хэрэглээг нь идэвхжүүлэх чиглэлд Нийгмийн даатгалын байгууллагатай хамтран ажиллаж, картыг хураамжгүй олгох, гэрээр хүргэх үйлчилгээг үзүүлж байна. Цаашид ч мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харъяа байгууллагуудтай энэ чиглэлээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөж байна. Мөн манай банкаар хэрэглээний төлбөрийн 90 гаруй хувь нь хийгддэг бөгөөд цахим сувгуудаар маань хэрэглээний төлбөрөө хялбар, ойлгомжтой, шуурхай хийх боломж бүрэн бүрдсэн байгаа. Ахмад настай үйлчлүүлэгч нарын маань хувьд цахим үйлчилгээг ашиглаж сурах, хэвших тал дээр бага зэрэг асуудал байдаг, гэхдээ тэд маань картаар үйлчлүүлж, цахимаар төлбөрөө төлдөг болж л байна. Саяхан бид “ККТТ” компанитай хамтран “QPAY Wallet” үйлчилгээнд Төрийн банкны төлбөрийн картыг холболоо. Ингэснээр манай харилцагчид өөрсдийн төлбөрийн картыг цахим хэлбэрт шилжүүлэн ашиглах боломжтой болсон. Мөн тун удахгүй Гялс зээл буюу цахим зээлийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Иймд “КОВИД-19” цар тахлын үед харилцагч нартаа цахим банкаа ашиглан банкны үйлчилгээгээ авч эрүүл мэндээ хамгаалахыг уриалж байна.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох