Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө

Огноо:

,

Улсын Их Хурал 2020 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Пүрвээгийн Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Даваанямын Даваа-Очирыг, гишүүнээр Жамсрангийн Болд, Эрдэнийн Түвшинжаргал нарыг томилсон тогтоолыг баталсан билээ. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2020 оны наймдугаар сарын 31-ний өдөр Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан удирдав. Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурлаа.

Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүний үнэмлэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан гардуулаад, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийн хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөсөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдэд баяр хүргэе. Сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо ба гишүүд нь Үндсэн хуулиар баталгаажуулсан “…Иргэдийн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох…” эрхийг гардан хэрэгжүүлэгч билээ. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангаж, хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт итгэж байна. Ардчилсан чөлөөт сонгуулийн алтан дэнс, ард түмний засаглах эрхийн мөнхийн манаа болсон Та бүхний ажилд амжилт хүсье” гэлээ.

Ёслолын ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Баяндүүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Бямбадулам, зөвлөх Б.Хатантуул болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Сайд А.Бямбацогт элчин сайд Алексей Николаевич Евсивковтай уулзаж, санал солилцлоо

Огноо:

,

Зам, тээврийн хөгжлийн сайд А.Бямбацогт элчин сайд Алексей Николаевич Евсивковтай уулзаж, санал солилцлоо. Уулзалтын эхэнд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевичид сайдаар томилогдсонд баяр хүргээд, хоёр улсын тээврийн салбарын түүхэн харилцааг өргөжүүлж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
 
Талууд энэ удаагийн уулзалтаар авто зам, төмөр зам, агаарын тээвэр, авто тээвэр, Богд хаант төмөр зам болон манай хоёр улсын зам, тээврийн салбарт найрамдлын бэлэг тэмдэг болсон Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор зэрэг өргөн сэдвээр ярилцаж, санал солилцлоо.
ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич хэлэхдээ,
 
Сүүлийн жилүүдэд дэлхийн геополитик хүчтэй өөрчлөлтүүд явагдаж, үүнийг дагаад манай хөрш орнуудын гео эдийн засгийн бодлогод өөрчлөлт ажиглагдах болсон. ОХУ, БНХАУ-н хоорондох эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж, хоёр орны худалдаа 200 орчим тэрбум долларт хүрээд байгааг онцлоод, Монгол Улсын хувьд газар зүйн маш чухал байрлалд оршиж байгааг хэллээ.
 
Түүнээс гадна өргөн уудам газар нутагтай Монгол орны хувьд авто зам барих асуудал хамгийн чухал төдийгүй энэ төрлийн бүтээн байгуулалтад тус улсын компаниуд оролцох сонирхолтой байгааг илэрхийлж байв.
 
Уулзалтын төгсгөлд талууд УБ-Москва чиглэлийн шууд нислэг болон Баруун, Зүүн босоо төмөр замын бүтээн байгуулалт, түүний эдийн засгийн үр өгөөжийн талаар санал солилцоод, дээрх чиглэлд шинээр баригдах төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг шуурхай эхлүүлэхээр ажлаа эрчимжүүлж байна гэж ЗТХ-ийн сайд С.Бямбацогт хэллээ.
 
Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн зүүн босоо буюу Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөл, бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжсэнээр төмөр замаар нэвтрэх ачаа тээврийн эргэлт, хүчин чадал, экспорт, импортын урсгал нэмэгдэж, далайд гарцгүй Монгол орны хувьд эдийн засгаа өсгөх боломж гэдгийг онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: ЗТХЯ
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын хаант улсад айлчилна

Огноо:

,

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд-ын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд болон албаны бусад хүмүүстэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов.

Монгол, Францын харилцаа эртнээс эхлэлтэй бөгөөд Францын хаан IX Луи хааны элч Гиём дэ Рубрук Монголын эзэнт гүрнийг дэлхийд таниулсан түүхтэй.

Францын Үндэсний номын санд эх хувь нь хадгалагдаж буй Марко Пологийн тэмдэглэл гар бичмэл, Каталоны атлас ном зэргийн хуулбар “Чингис хаан” музейн сан хөмрөгт байдаг юм.

2023 оны 10 дугаар сард Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” үзэсгэлэнг нийтэд толилуулахаар төлөвлөсөн.

Энэ үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжихээс гадна Монгол Улс болон бусад улсад дэлгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоод байна.

Талууд ирэх жилүүдэд соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлж, түүний дотор кино урлагийн салбарт хамтарсан уран бүтээл туурвих, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг байгуулах болсон юм.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох