Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймгийн Халхгол суманд ажиллав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорнод аймгийн Халхгол суманд ажиллаж, тус суманд хэрэгжсэн “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалттай танилцлаа. Түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоц бүхий Халхгол сумын төвийг шинэчлэх төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулж, улмаар ОХУ-ын “Роснефть” нийгэмлэгийн зүгээс төслийн бүтээн байгуулалтад зориулж 8 сая евро хандивласнаар “Шинэ сум” төслийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн билээ.

Ингээд “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр эхлүүлж, Зэвсэгт хүчний оролцоотойгоор жил хүрэхгүй хугацааны дараа дуусгасан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн айлчлалыг тохиолдуулан нийгмийн салбарын байгууллагуудын дараах барилга, байгууламжуудыг цогцоор нь хүлээлгэн өгсөн юм.

  • Халхгол сумын Засаг даргын Тамгын газар;
  • 300 хүний суудалтай Соёлын төв;
  • 20 ортой сум дундын эмнэлэг;
  • 650 хүүхдийн багтаамжтай 3 байгууламжаас бүрдэх Ерөнхий боловсролын сургуулийн цогцолбор барилга. Үүнд: 180 хүүхдийн дотуур байр, урлагийн заал /дотроо цайны газартай/, спорт заал, хичээлийн байр,
  • 150 хүүхдийн 6 бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2019 оны наймдугаар сарын 5-ны өдөр төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсанаас хойш өнөөдөр анх удаа тус суманд хүрэлцэн ирсэн юм.

Халхгол сумын хүн ам сүүлийн жилүүдэд тогтмол өсөх хандлагатай байгаа бөгөөд 2019 оны жилийн эцсийн байдлаар 945 өрхийн 3333 иргэн тоологдсон нь урьд оны байдалтай харьцуулахад өрх 3.5 хувь, хүн ам 4.5 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг сумын удирдлага Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Тус сумын албан байгууллагууд шинэ барилга байгууламжиндаа үйл ажиллагаагаа явуулж эхлүүлснээр төрийн албан хаагчид нь тав тухтай тохилог, дулаахан орчинд ажиллаж хөдөлмөрлөх, хүүхэд багачууд, өсвөр үе, залуучууд сурч, хөгжих таатай байдал үүссэн гэлээ.

Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоо энэ хичээлийн жилд нэмэгдэн 400 хүрч, есөн шинэ багшийг ажилд авсны гурав нь баруун бүсийн Ховд аймгаас ирж, тус сумын сургуульд багшлахаар болсон гэдгийг сургуулийн удирдлага дуулгаж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол орон өргөн уудам нутагтай учир алслагдмал сумдын хөгжлийг орхигдуулалгүй авч явах нь чухал гэдгийг энэ үеэр онцолж, Халхгол суманд бүтээн байгуулалтын төсөл амжилттай хэрэгжиж, сумын хөгжлийг бодитоор дэмжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Халхгол суманд амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг нь биечлэн гардуулж, баяр хүргэлээ. Тодруулбал, Халхгол сумаас нэг ээжид “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одон, есөн ээжид “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одон гардуулав.

Дорнод аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мөн өнөөдөр Дорнод аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.

Дорнод аймаг 80 гаруй мянган хүнтэй бөгөөд тус аймаг 2018 онд 80 мянга дахь иргэнээ угтан авчээ. Дорнод аймгаас энэ жил нийт 308 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 21, Хоёрдугаар зэргийн одонг 387 ээжид тус тус хүртээв.

Түүнчлэн Дорнод аймагт амьдардаг алдарт эхчүүдийн дотор “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонгоо гардан авч буй Баянтүмэн сумын иргэн, 74 настай Дугаржавын Санжмятав, өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Матад сумын иргэн Баярсайханы Уугантуяа нар байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга одон гардуулсныхаа дараа:

“Элбэрэлт эхчүүд ээ, монголын сайхан ээжүүд ээ,

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгаж, монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрүүл саруул, сэтгэл тэнүүн, хайр дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Монголчууд “мөнхийн рашаан байдаг бол хайртай ээждээ өгөх юм сан” хэмээн дуулж ирсэн ард түмэн. Учир нь бусдыг хайрлах, эх орон ард түмнээ хайрлан дээдлэхийн эх ундарга нь ЭХ хүн байдаг. Хорвоод анх ирж буй бяцхан үрсдээ хэмжээлшгүй хайрыг мэдрүүлж, амсуулдаг хамгийн эхний хүн бол ээжүүд Та нар юм.

Ээжийнхээ ачийг хариулахсан хэмээн санаж явдаг хүн бүхний талархлын үг, илэрхийлж амжаагүй нандин сэтгэлийг монголын төр эвлүүлэн нэгтгэж, жилдээ нэг удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонг гардуулж, ээжүүддээ хүндэтгэл үзүүлдэг юм.

2020 онд улсын хэмжээнд 10,677 ээжид “Эхийн алдар” одон хүртээх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг цаг хугацаандаа гарсан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлогдож, сарын  өмнөөс  үе шаттайгаар гардуулж байна.

Дорнод аймаг  2018 онд 80 мянга дахь иргэнээ угтан авч өнөр өтгөн болж байгаа юм байна. Тун удахгүй 100 мянга дахь иргэн мэндлэх биз ээ. Дорнод аймгаас энэ жил 308 ээж “Эхийн алдар” одон хүртсэнээс Нэгдүгээр зэргийн одонг 21, Хоёрдугаар зэргийн одонг 387 ээж хүртлээ.

Эдгээр ээжүүдийн дотроос 74 настай, Баянтүмэн сумын иргэн Дугаржавын Санжмятав, өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа Матад сумын иргэн Баярсайханы Уугантуяа нарт баяр хүргэе!

Цөөн хүн амтай Монгол Улсын хувьд хүүхэд хамгааллын асуудал төрийн бодлогын нэн тэргүүнд тавигдах учиртай. Нийгмийн хамгийн үнэт баялаг болох хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулахад нь, монгол хүний ёс зүй, уламжлал, үнэт зүйлсийг хүүхдэд анхлан таниулан мэдүүлж, сурган хүмүүжүүлэхэд нь эхчүүдэд монголын төр чадах бүхнээрээ, байгаа боломжоороо туслах ёстой юм.

Тийм учраас миний бие төрийн тэргүүний хувьд энэ чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлаа үргэлжлүүлж, Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардсан Та бүхэнд болон Дорнод аймгийн бүх эхчүүд, бүсгүйчүүддээ төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун баяр хүргэж, эрүүл саруул, эрч хүчтэй байхын өлзийт ерөөлийг өргөн барья.

Мөнх тэнгэрийн хүчин дор ээж бүхэн үр хүүхдийнхээ хамтаар аз жаргал, цог золбоо дүүрэн аж төрөх болтугай” гэв.


Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

Улмаар одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийн дагуу үе шаттайгаар зохион байгуулах шийдвэр гарсны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг орон нутагт ажиллах үеэр ийнхүү зохион байгуулж байна.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээнэ. Нийслэлийн есөн дүүргээс гадна Дорноговь, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт амьдардаг ээжүүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” одонгоо гардан аваад байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Огноо:

,

Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж буй. 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс эрүүл мэндийн салбарын эмч, ажилтны үндсэн цалинг 30 хувиар, боловсролын салбарын багш, ажилтны үндсэн цалинг 50 хувиар, шинжлэх ухааны ажилтны үндсэн цалинг 15 хувиар тус тус нэмэгдүүлсэн. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ онд цалин нэмэгдээгүй соёл, спорт, цаг уур, орчны шинжилгээ, стандарт, хэмжил зүй зэрэг төрийн мэргэжлийн үйлчилгээний болон жолооч, манаач, цахилгаанчин зэрэг төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо. Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.

Энэ арга хэмжээний хүрээнд эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл, спорт болон төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 2025 оны түвшинтэй харьцуулахад 50 хувиар нэмэгдүүллээ. 

Ингэснээр эрүүл мэндийн салбарын 28,142 эмч, ажилтан, соёл, урлаг, спортын салбарын 5,707 албан хаагч, шинжлэх ухааны салбарын 1,610 ажилтан, бусад салбарын төрийн үйлчилгээний 16,395 албан хаагч, нийт 52 мянган төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин дунджаар 477.0-903.0 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Үүнд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд тусган батлуулсан. 

Төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагчдын үндсэн цалинг 2027 оны II улирлаас 20хувиар, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгаад байна. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Шуурхай штаб байгуулж, наймдугаар сарын 10-наас ажиллаж эхэлсэн.

Өнгөрсөн даваа гарагт шатахууны хомсдолоос үүдэн хотын төвийн 18 шатахуун түгээх станцад оочер үүсэж, замын хөдөлгөөний дундаж хурд 3 км/цаг хүртэл багассан.

Түгжрэлийг бууруулахаар нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан дээрх шуурхай штаб ажиллаж, мягмар гарагт дундаж хурдыг нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгслийн дундаж хурд 15 км/цаг болсон байна.

Өнөөдөр Замын хөдөлгөөний удирдлагын төвд хотын дарга Б.Пүрэвдагва болон Шуурхай штабын бүрэлдэхүүн, нийтийн тээвэр, авто зам, тээврийн цагдаагийн албанынхан хуралдлаа. Хотын дарга Б.Пүрэвдагва замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах, түгжрэлийг бууруулах, иргэдийн замд зарцуулах цагийг хэмнэх чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

Хотын дарга Б.Пүрэвдагва “Нийслэлийн хэмжээнд шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа, шатахуун түгээлтийн үеийн автомашины оочероос үүдэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Иймд түгжрэлийг нэмэгдүүлж буй хүчин зүйлсийн нэг болох шатахуун түгээлтийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор нийслэлээс хяналтын ажлын хэсэг байгуулан, маргааш ажлыг эхлүүл. Нийт 264 шатахуун түгээх станцад хяналт тавина. Шатахуун түгээх станцууд шатахууны нөөц, түгээлтийн нөхцөл байдлын талаар иргэдэд мэдээлэл өгөх, нөөц хангалттай үед түгээлтийг саатуулахгүй, олон түгээгүүрээр шуурхай үйлчлэх, зохиомол түгжрэл үүсгэхгүй байх шаардлагатай” гэдгийг онцлов.

Шатахуун түгээх станцуудыг төрийн болон нийслэлийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриаллаа.

Хотын дарга Б.Пүрэвдагва шатахууны нөөцтэй атлаа борлуулалтаа хязгаарлаж, зохиомол дараалал үүсгэсэн зөрчил тогтоогдвол тухайн шатахуун түгээх станцын газар эзэмших эрх болон үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл захиргааны арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэв. Хуралдааны төгсгөлд нийслэлээс түгжрэлийг багасгах зорилгоор нийтийн тээвэр, сургууль, авто зам, дугуйн замын хүртээмжтэй байдал, ухаалаг гэрлэн дохио, их багтаамжийн тээвэр гэсэн зургаан чиглэлээр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байгааг танилцууллаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

Огноо:

,

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь арьс шир, ноос, ноолуур, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, мах боловсруулах үйлдвэр болон хүнсний агуулах гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нийт 539 га талбайг хамарна. Тус парк нь жилд 7.5 сая ширхэг арьс шир, 25.5 мянган тонн мах, 3.0 мянган тонн ноолуур, 5.8 мянган тонн ноос болон бусад түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн Ерөнхий инженер Т.Батдондог: “Одоогийн байдлаар паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт-ын дулааны цахилгаан станцын зуух, турбин генераторын барилга, оффисын барилга болон яндангийн суурийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын хүрээнд зуух, турбины туслах тоноглолын аяган суурийн эхний үеийн бетон цутгалт, аяган суурийн хэв хашмал угсралт, босоо баганан суурийн арматур угсралт, зуухны яндангийн суурийн арматур угсралт болон оффисын барилгын суурийн хөрс нягтруулалтын ажлыг гүйцэтгэж байна. 2026 оны аравдугаар сарын эцэс гэхэд барилга байгууламжуудын суурийн ажлыг бүрэн дуусгаж, бетон цутгалтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн. Төслийн хүрээнд Эрчим хүчний үндэсний төв болон паркийн инженер техникийн албаны ажилтнууд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байна” гэв.

Аж үйлдвэрийн паркийн нутаг дэвсгэрт хамгаалалтын бүсийн хашаа барих, бизнес инкубатор болон сургалтын төв байгуулж, үйлдвэрлэл эрхлэгчдийг хүлээн авах суурь нөхцөлийг бүрдүүлжээ. Үйлдвэрлэлийн нэгжүүдийг үе шаттайгаар паркийн талбайд төвлөрүүлэхийн зэрэгцээ цахилгаан, ус хангамж, цэвэрлэх байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээ зэрэг үндсэн дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэх юм.

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь үндсэн хоёр зорилгыг хэрэгжүүлэх төсөл юм. Нэгдүгээрт: Арьс шир, дайвар бүтээгдэхүүнийг хаягдалгүй боловсруулж, түүхий эдийн ашиглалтыг нэмэгдүүлнэ. Ингэснээр хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд суурилсан кластер үйлдвэрлэлийг нэг дор цогцоор нь хөгжүүлэх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт: Улаанбаатар хотын суурьшлын бүс буюу Хан-Уул дүүргийн 20 дугаар хороон дахь арьс ширний үйлдвэрүүдийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн талбайд нүүлгэн шилжүүлснээр үйлдвэрлэлийг төвлөрүүлж, малын гаралтай түүхий эдийг бүрэн ашиглах нөхцөл бүрдэх юм.

Төсөл бүрэн хэрэгжсэнээр 5,600 гаруй тогтвортой ажлын байр бий болж, оруулсан хөрөнгө оруулалтыг 6–7 жилийн хугацаанд нөхөхөөр тооцоолжээ.

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе22 цаг 55 минут

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургу...

Шударга мэдээ22 цаг 57 минут

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

Шударга мэдээ23 цагын өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Улстөр нийгэм23 цаг 5 минут

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүл...

Шударга мэдээ23 цаг 10 минут

Хөх хот, Улаанбаатар хотын ААН байгууллагууд 20 орчим тэрбум төгрөги...

Урлаг спорт23 цаг 15 минут

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянз...

Урлаг спорт23 цаг 20 минут

Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт боллоо

Улстөр нийгэм23 цаг 25 минут

Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахы...

Цаг үе2026/10/28

АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээ...

Шударга мэдээ2026/10/28

АВСТРАЛИ: Тэрбумтнуудын хөрөнгө ардчилсан улс төрийн тогтолцоог гажу...

Санал болгох