Үзэл бодол
Н.Баярчимэг: Миний боловсрол Монголд хэрэгтэй

Эгэл жирийн амьдралаас өөрийн хичээл зүтгэл, тууштай шаргуу хөдөлмөрөөр амжилтаа ахиулсаар яваа шилдэг залуу боловсон хүчин Н.Баярчимэгтэй ярилцлаа.
“Миний боловсрол Монголд хэрэгтэй” гэсэн түүний зоримог үг өөрийн эрхгүй сэтгүүлч миний анхаарлыг татав. АНУ-д магистр хамгаалж, Люксембургийн хамтын ажиллагааны нийгэмлэг болон Харвардад мэргэжил дээшлүүлж, хууль эрх зүй, олон улсын бизнесийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж, томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн удирдлагын багт ажиллаж ирсэн түүний ажлын туршлага, тэмүүлэл зорилгыг уншигч танд хүргэхийг зорилоо.
-Нэгэнт ажил хэрэгч бүсгүйтэй уулзаж байгаа болохоор ярилцлагаа таны боловсрол эзэмшсэн байдлаас эхэлье гэж бодлоо.
-Төв аймгаас МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцах хуваарь аваад Улаанбаатар хотод анх орж ирэхдээ л ганц биеэр гурван хүүхдээ өсгөсөн ээжийнхээ ачийг хариулна, эх орондоо ихийг хийж бүтээх сайн боловсон хүчин болно гэсэн том зорилго өвөртөлсөн. Ингээд оюутан байхдаа бага ангийн хүүхдүүдэд Англи хэл, Математикийн хичээл зааж, хэрэглээний мөнгөө олдог байлаа. Бас янз бүрийн төсөл, хөтөлбөрт хамрагдаж, иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгдөг гэх мэтчилэн нийгмийн идэвхтэй оюутан байсан.
АНУ-д суралцах завшаан олдсон минь миний хувьд нүдийг минь нээсэн амьдралын том туршлага болсон. Гадаадад сурч буй оюутнууд сургалтын төлбөр, амьдрах өртгөө өөрөө хариуцна гэхээр мэдээж амаргүй. Таван жил мэрийн суралцсаны эцэст АНУ-ын Калифорни муж дахь Пэсифик Стэйтс Их Сургуулийг “Онцлох оюутан” гэдэг сертификаттай төгсөж, тус сургуульдаа ажиллах санал авсан. Үнэхээр их баярлаж байсан боловч таван жил уулзаагүй ээжийгээ бодоод шууд л Монголоо зорьсон. Үнэндээ ээжийнхээ дэргэд байхын зэрэгцээ эх орондоо очиж ажиллаж, өөрийн олж авсан мэдлэг туршлагаа Монголынхоо төлөө зориулах юмсан гэсэн чин хүсэл намайг ёстой л эзэмдэж байсан гэх үү дээ./инээв/
-Дэлхийн боловсролыг эзэмшээд хамгийн түрүүнд юу хийж бүтээмээр санагдсан бэ?
-Эх орондоо ирээд, анх банкинд хөрөнгө оруулалтын банкны асуудал хариуцсан хуульчаар ажилд орсон. Үүнтэй холбоотойгоор, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулах, түүний эрх зүйн орчныг сайжруулах гэх мэт ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх ажилд голлох үүрэгтэй оролцсон. Улмаар Үндэсний хөгжлийн газарт ажиллах хугацаандаа сурсан зүйлсээ бусадтайгаа хуваалцаж, улсын хөгжлийн цогц бодлого, урт, дунд хугацааны хөгжлийн төлөвлөлт, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн бодлого гэх зэрэг бусад олон чиглэлээр мэргэшсэн. Энэ нь цаашдаа эх орондоо илүү ихийг хийж бүтээх алсын харааг надад өгсөн гэж хэлж болно.

-Уул уурхайн салбарт ажиллаж байсан байна. Энэ хугацаанд хийж байсан ажил, туршлагаасаа хуваалцаач?
-Товчхондоо, эрдэс баялгийн салбар дахь гэрээний мэдээллийн цахим сангийн үр нөлөө, тогтвортой ажиллагааг дэмжих хүрээнд ашигт малтмалын газар болон нутгийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээнүүдийг ил тод болгох, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр /2017-2021/-ийг хэрэгжүүлэх хүрээнд Эрдэс баялгийн салбарын жендерийн бодлогын баримт бичиг боловсруулах, Эрдэс баялгийн салбарт хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжуудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах үүднээс холбогдох хууль тогтоомжуудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах зэрэгт голлох чиг үүрэгтэй оролцож байсан. Мөн Канад улсын Торонто хотноо жил бүр зохиогддог, дэлхийн хайгуул, уул уурхайн чиглэлийн хамгийн томд тооцогдох PDAC /Канадын хайгуулч, олборлогчдын холбооны чуулга уулзалт/ - 2018-д оролцож, уг арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан Монголын форум дээр “Монголын уул уурхайн салбарын хууль, эрх зүйн орчин” сэдвээр илтгэл, танилцуулга хийж байсан.
-Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Монголчууд анх удаа 1072 хувьцааны ногдол ашиг гэж мөнгө авлаа. Эрдэнэс-Тавантолгой ТӨХК-д та Хууль зүйн асуудал эрхэлсэн Дэд захирлаар ажиллаж байсны хувьд асуухад энэ ногдол ашгийн мөнгө цаашид нэмэгдэх боломжтой юу?
-Ногдол ашиг гэдэг нь компанийн ашгийн хуваарилалт. Эрдэнэс-Тавантолгой ХК урт удаан хугацаанд ашигтай ажиллах нэг шийдэл нь дотоод, гадаадын хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргах юм. Үүнтэй холбоотойгоор гарсан УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоол гэж бий. Тодруулбал, энэ нь Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх замаар цогцоор нь хөгжүүлэх, ордын үнэ цэнийг өсөх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, насжилтыг уртасгах, мөн компанийн засаглалыг сайжруулах руу чиглэн гарсан тогтоол юм. Уг тогтоолыг хэрэгжүүлвэл иргэдийн эзэмшиж буй хувьцааны өгөөж мэдээж нэмэгдэнэ.
-Сайхан хэрэг байна. Ер нь ажил хэрэгч хүн бүрт өөрийн гэсэн ажлын арга барил байдаг. Таны ажлын арга барилын гол онцлог юу вэ? Хуульчийн мэргэжлийг зарим хүмүүс уйтгартай гэхийг ч олонтаа сонсож байлаа.
-Би энэ мэргэжилдээ үнэхээр хайртай. Хуулийн салбар их сонирхолтой, их цаг, нарийн мэдрэмж шаарддаг амаргүй ажил. Гэвч “ухах” тусам улам бүр судлах хүсэл эрмэлзэл төрүүлдэг тийм л увидастай ажил мэргэжил. Нөгөөтэйгүүр бас буянтай ажил. Хүмүүс бид өдөр бүр эрх зүйн харилцаанд оролцож, хуулийн хүрээнд, хуулинд захирагдаж амьдардаг. Гэвч хуулийн мэдлэг дутмагаас болж нийгмийн харилцаанд эвгүй байдалд орох, алдаа гаргах нь элбэг байдаг. Тийм ч учраас оюутан байхаасаа Хууль зүйн клиник сургалтын төвөөр дамжуулан иргэдэд хууль зүйн боловсрол олгоход чиглэсэн “Хуулийн цаг” телевизийн нэвтрүүлэгт оролцож байлаа. Мөн төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа, зөвлөгөө өгдөг байсан.

-“Миний боловсрол Монголд хэрэгтэй” гэж ихэд зоригтой хэлжээ. Энэ үгийг тодруулмаар байна. Чухам яаж энэ туршлага, мэдлэг боловсролоо эх орондоо зориулъя гэж бодож байгаа вэ?
-Дээр дурдсанчлан МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорни муж дахь Пэсифик Стэйтс Их Сургуулийг дүүргээд, Люксембургийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Харвард, Кеннидигийн их сургууль зэрэгт төр, хувийн хэвшлийн түншлэл, төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын сан, кастодиан банк, азийн орнуудын аж үйлдвэрийн паркийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, менежмент чиглэлээр мэргэжил дээшлүүллээ. Энэ бүх мэдлэг мэдээлэл, ажлын туршлага, сурсан эзэмшсэнээ Монголдоо хэрэгжүүлж, Монголынхоо хөрсөнд буулгаж, сайн жишээ, туршлага бүрийг нэвтрүүлэхийг зорьдог. Ер нь тэгээд хэрэгжүүлэхгүй бол энэ бүгдэд сурч боловсорч, мэргэжил дээшлүүлж, тасралтгүй суралцсаны хэргийг юунд гаргах гэж? Өнөөдөр төрийн байгууллагад ажиллаж байгаа минь ч дээрх үгтэй, хэлсэн үгэндээ эзэн байхыг хичээж яваатай минь холбоотой.
-Өнөөдөр та Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хариуцсан орлогчоор ажиллаж байна. Дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаад ямар ажлууд амжуулаад байна?
-Ажлаа хүлээж аваад удаагүй байгаа. Ажилтайгаа, дүүрэгт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн биелэлт, үр өгөөжтэй танилцаж байна. Нөгөө талаар дүүргийнхээ иргэд, албан байгууллага, сургууль, цэцэрлэг гээд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хүмүүстэй санал бодлоо нээлттэй хуваалцаж байна. Манай дүүрэгт харьцангуй олон төсөл хөтөлбөр хэрэгждэг, үр өгөөж ч сайн байгаа. Гэхдээ илүү сайжруулах, бас гадаад болон дотоод хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байна. Сонгинохайрхан дүүрэг бол том дүүрэг. Шилжин ирэгсэд ихтэй, жил бүр хүн ам, өрхийн тоо нэмэгдэж байдаг. Үүнийг дагаад хэт төвлөрсөн, гэр хороолол ихтэй, амьдрах орчин нөхцөл тааруу, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар хангалтгүй, ажилгүйдэл ихтэй гээд тоочоод байвал түмэн асуудал бий. Энэ бүхнийг шийдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хийхээр төлөвлөсөн нилээд ажлууд бий.

-Та гэр бүлийнхээ талаар яриач. Үргэлж ажил ихтэй байна гэдэг ар гэрийнхэнд нь тийм ч сайхан биш байдаг байх. “Амжилттай яваа эрэгтэйн ард сайн гэргий байдаг” гэдэг шиг амжилттай яваа эмэгтэйн ард?
-Би АНУ-аас гучин настай ирсэн. Ирээд л шууд ажилд орсон. Банкны ажил их, өдөр шөнөгүй ажилладаг байж. Аз гэх юм уу даа, Бурхны бэлэг ч гэх юм уу, би их сайн хүнтэй учирч, гэр бүлийн амьдралаа зохиосон. Бид гурван хүүхэдтэй. Нөхөр маань эрчим хүчний салбарт ажилладаг, эрх зүйч мэргэжилтэй хүн бий. Ийм завгүй ажилладагт маань дургүйцэж үзээгүй, харин ч дэмжиж, миний баттай ар тал болдог ханьдаа их баярлаж явдаг.
-Ярилцлагынхаа төгсгөлд залуу хүний цаашдын зорилгыг асуух ёстой. СХД-т юу хийх таны төлөвлөж буй ажлуудын талаар. Мөн хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн хүн учраас дүүрэгтээ ямар чиглэлийн хөрөнгө оруулалтыг татах вэ?
-Нийслэлийн хамгийн их хүн амтай, гэр хороолол хэт төвлөрсөн гээд асуудал ихтэй учраас хүрч ажиллах хүрээ өргөн. Юуны түрүүнд хүүхдэд аюулгүй, ээлтэй орчныг бүрдүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, чанарыг нэмэгдүүлэх, залуучуудын боловсролыг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр илүү хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх зорилго, чиглэлтэй ажиллаж байна. Мэдээж эмэгтэй хүн, эх хүний хувьд хүүхэд, эмэгтэйчүүдийнхээ асуудлыг мөн шийдвэрлэхийн төлөө ажиллана. Энд бас нэг хөндөх ёстой асуудал бол төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах. Төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгаж, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах гээд хийх ажлууд ар араасаа эгнэн байна.
Мөн хуульч хүний хувьд, аливаа асуудал бүр дээр боломжит шийдэлтэй байж, хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжилтийг ханган ажиллахыг эрмэлзэж байна даа.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын их хийж бүтээх хүсэлд амжилт хүсье
Үзэл бодол
Саудын Арабын хаант улсын Гадаад хэргийн сайд ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд, Эрхэм дээд Ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай тавдугаар сарын 25-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагааны болон улс төрийн зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, анхны улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.
Сайд Б.Батцэцэг Монгол Улс Булангийн орнуудтай хөгжүүлж буй гадаад бодлогын хүрээнд Саудын Арабын Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр улсын хөгжлийн бодлогыг уялдуулан хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.
Энэ хүрээнд уул уурхай, эрчим хүч, хөдөө, аж ахуйн салбарт Саудын Арабын хөрөнгө оруулалтыг татах, манай улсаас мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх, аялал жуулчлалыг харилцан дэмжих, оюутан солилцох сонирхолтой байгааг илэрхийлээд ногоон хөгжлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг тавив.
Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дээрх салбаруудад идэвхижүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлоод, хоёр улсын ГХЯ-д хоорондын цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг ийнхүү тавьж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Үзэл бодол
Манай улсын парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17.1 байна

Үзэл бодол
Дотооддоо 3 сая гутал үйлдвэрлэх боломжийг эрэлхийлэв
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо” ТББ, Зээлийн батлан даалтын сан, BEST, “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран "Гутал үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа.
Уг зөвлөгөөнөөр дотоодын зах зээлийг хамгаалах, 3 сая гутал үйлдвэрлэх боломж, импортыг орлох гарц, шийдлийг үйлдвэрлэгчид эрэлхийлэв. Монгол Улсад арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд анх удаа гутал сэдвийн хүрээнд хэлэлцсэнээрээ онцлог байлаа.
Зөвлөгөөнд Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагааг явуулдаг үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд оролцсоноос гадна төрийн байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцон, байр сууриа илэрхийлэв.
Хүн төрөлхтөн эрт дээр үеэс амьтны арьсыг байгаль орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор ашиглаж ирсэн бөгөөд арьс ширний үйлдвэрлэлийн салбар нь эртний салбаруудын нэг юм. Тодруулж хэлбэл, арьс ширийг авах зорилгоор малаа нядалдаггүй, арьс шир нь хүнсний үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн юм.
Монгол Улсад 1934 оноос “Аж үйлдвэрийн комбинатын цогцолбор” байгуулагдсанаар арьс ширний салбарын үндэс суурь тавигдсан гэж үздэг. Өнөөдрийн байдлаар манай улсад арьс шир, завод ноос, ноолуур боловсруулах 34 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас орон нутагт 3 үйлдвэр байна. Үүний зэрэгцээ арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 120 гаруй жижиг, дунд үйлдвэрүүд нийслэл, орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байна. Арьс, ширний салбарт нийт 4200 гаруй хүн ажилладаг.
Арьс шир бол олон зуун жилийн турш өргөн хүрээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглаж ирсэн уян хатан, удаан эдэлгээтэй, санхүүгийн хэмнэлттэй, үнэ цэнтэй материал юм. Өнгөрсөн онд үндэсний боловсруулах үйлдвэрүүд 140 тэрбум төгрөгийн 7.5 сая арьс шир худалдан авч боловсруулсан, 1 сая хос гутал, 1 сая гаруй савхин бүтээгдэхүүн үйлдвэрлэж 150 орчим тэрбум нийтдээ салбарын хэмжээнд 290 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулжээ.
Хөлийг гадны нөлөөллөөс хамгаалах, тухтай алхаж явахад зориулагдсан бүтээгдэхүүн бол гутал юм. Дэлхийн зарим судлаачдын үзэж буйгаар хүн амын дунд хөлийн өвчлөлийг үүсгэх нэг гол хүчин зүйл нь мөн гутал байна.
Нүүдлийн мал аж ахуйн онцлогтой, түүхий эдийн дундаршгүй нөөцтэй, жилийн дөрвөн улирал, эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд гутлын үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх нь ДНБ-ийг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлого, төрлийг нэмэгдүүлэх зэрэг нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой байна.
Арьс ширний салбар тэр дундаа гутал үйлдвэрлэгчид Монгол хүний хөлийн онцлогт тохируулан олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Үйлдвэрлэлийн кластер системийг нэвтрүүлэн, чанар стандартыг хэрэгжүүлэх, Туслах материалын дагалдах жижиг үйлдвэрүүдийг бий болгож, хөгжүүлэх зэрэг томоохон зорилтуудыг тавьж ажиллахад бэлэн болсон байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
-
Цаг үе2020/01/24
Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх сургалт хийлээ
-
Улстөр нийгэм2021/05/03
Д.Сумъяабазар: Хүчирхэг сэтгүүл зүйн төлөөх үйлсэд амжилт хүсье
-
Цаг үе2021/11/12
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
-
Шударга мэдээ2019/06/27
Ерөнхийлөгч зарлиг гаргаж зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түд...
Сэтгэгдэл