Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2019 оны 07 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, Алтайн өвөр говь, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 32-37 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 хэм дулаан байна.
2019 оны 07 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 28-нд нутгийн хойд хагаст, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр үргэлжилсэн бороо орно. Салхи 27,28-нд нутгийн зарим газраар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Хугацааны сүүлээр нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
Цаг үе
Наймдугаар сарын 15-наас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын XVII бага хурал (COP17)-ын үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ.
Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд Улаанбаатар хотын хэмжээнд бүсчлэлгүйгээр улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна.
Үүнд:
- Наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо (0, 2, 4, 6, 8)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
- Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.
Харин есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор бүх тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулжээ.
Цаг үе
Оманы эргийн ойролцоо гацсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс тос алдагдаж эхэлжээ
Оманы эргийн ойролцоо гацсан, олон улсын хоригт багтсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс түүхий газрын тос алдагдаж, далайн хамгаалалттай бүсэд тархаж эхэлснийг хиймэл дагуулын зургууд харуулжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Оманы Дофар мужийн Киблия арал орчмын усанд газрын тосны толбо ойролцоогоор 20 ам дөрвөлжин километр талбайг хамарч, эрэг дагуу тархаад байна.
Байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сүүлийн өдрүүдэд газрын тосны алдагдал нэмэгдэж байгаа бөгөөд муссоны хүчтэй салхи, өндөр давалгаа хөлгийн их биеийг улам гэмтээж, их хэмжээний асгаралт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Камеруны далбаатай "Каролин Безенги" хөлөг нь Их Британи, Европын Холбоо, Канад, Швейцарын хоригийн жагсаалтад багтдаг бөгөөд бүртгэлийн мэдээллээр ОХУ-ын Хар тэнгисийн Новороссийск боомтоос түүхий газрын тос ачсан нь тогтоогджээ.
Тус хөлөг зургаадугаар сараас хойш Оманы эргийн ойролцоо гацсан бөгөөд тухайн үед хөлөг дээр дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарсан ч албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Шинжээчдийн тооцоолсноор хөлөгт 800 мянга гаруй баррель түүхий газрын тос байгаа бөгөөд их бие нь цуурсан байх магадлалтай аж. Хэрэв хөлөг хоёр хуваагдах эсвэл их хэмжээний газрын тос асгарвал Оманы хамгаалалттай далайн экосистем, шүрэн хад болон ховор амьтдын амьдрах орчинд ноцтой хохирол учруулж болзошгүйг байгаль орчны байгууллагууд анхааруулжээ.
Цаг үе
АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визийн журмыг чангатгана
АНУ-ын Засгийн газар гадаад оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогчид болон олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог визийн журамд томоохон өөрчлөлт орууллаа. Шүүхээс хэрэгжилтийг түдгэлзүүлэх шийдвэр гарахгүй бол шинэ журам 2026 оны есдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.
Шинэ журмаар F ангиллын оюутны виз, J ангиллын солилцооны хөтөлбөрийн виз эзэмшигчид өмнөхийн адил хөтөлбөрөө дуустал хугацаагүй оршин суух боломжгүй болж, АНУ-д байх хугацааг хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа эсвэл дээд тал нь дөрвөн жилээр хязгаарлахаар болсон байна. Хэрэв суралцах хугацаагаа сунгах шаардлагатай бол АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, зохих журмаар зөвшөөрөл авах шаардлагатай болно.
Мөн F-1 визтэй оюутнууд сургуулиа төгссөний дараа АНУ-аас гарах хугацааг 60 хоногоос 30 хоног болгон богиносгожээ. Түүнчлэн хугацаа сунгуулах хүсэлт гаргах бүрдээ холбогдох хураамж төлөхөөр журамд тусгасан байна.
Шинэ зохицуулалтаар бакалаврын түвшний гадаад оюутнууд эхний жилдээ сургууль, мэргэжлээ өөрчлөх боломжгүй болж, зөвхөн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам онцгой нөхцөл гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөхөөр болжээ. Мөн ижил түвшний өөр зэрэг эзэмшихийн тулд АНУ-д үргэлжлүүлэн оршин суух боломжгүй бөгөөд зөвхөн ахисан түвшний сургалтад элссэн тохиолдолд үлдэх эрхтэй байхаар зохицуулсан байна.
Харин олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог I ангиллын визийг ердийн тохиолдолд 240 хүртэл хоногоор, БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад 90 хүртэл хоногоор олгохоор өөрчилжээ.
-
Улстөр нийгэм2022/09/22
Төрийн банк нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авлаа
-
Улстөр нийгэм2022/10/26
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Бундестаг дахь Социал демократ намын бүлгийн...
-
Шударга мэдээ2022/10/17
“Шар дарцаг” аян өнөөдрөөс эхэлнэ
-
Шударга мэдээ2024/03/15
Зам, даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна
