Урлаг спорт
Бийск хүрсэн тэмээн жин кино болно
Монгол хүмүүний омогшил бахархлыг огшоох нэгэн сонирхолтой сэдвээр түүхэн уран сайхны кино бүтээхээр болжээ. “BAYAR ENTERTAINENT”-ийн захиалгаар VAST Mongolia продакшн энэхүү киног хийх юм байна.
Энэ бүтээлийн тухай тус кинонд зохиолчоор ажиллаж буй Д.Нацагдоржийн шагналт зохиолч Бидэрийн Баярсайхан, найруулагчаар ажиллаж буй Соёлын тэргүүний ажилтан Дэнзэнгийн Батбаяр нартай ярилцлаа.
Сур: Та бүхнийг сонирхолтой уран бүтээл хийх гэж байгаа гэж сонслоо. Дэлхийн хоёрдугаар дайнд тэмээн жингээр тусламж хүргэсэн тухай…
Б.Баярсайхан: Үнэхээр сонирхолтой биз, тийм үү. Яг үнэндээ би ч бас энэ түүхийг сайн мэддэггүй байлаа. Bayar entertainment санал тавьсан юм. Монгол хүний үнэ цэнийг өргөх маш гоё сэдэв байна. Кино зохиол бичээч. Монгол хүн дэлхийн дайнд яаж мах цус, хүч хөлсөө цутган хувь нэмэр оруулсныг дэлхий нийт биш юмаа гэхэд дэлхий дахины нэг хэсэг үзэж ойлгож, үнэлж цэгнэх ёстой. Бидэнд тийм омог бардам юм хийх хүсэл байна гэж. Эхэндээ ч би эргэлзэж л байсан л даа. Ашиг хонжооны арилжааны бүтээл биш. Аар саархан гар хурууны үзүүрээр хийчих юм биш. Санасан чинээндээ тултал бичиж чадах болуу энэ тэр гэж.
Сур: Таны хувьд жин нэгэнт хөдөлчихсөн юм биш үү?
Б.Баярсайхан: Харин тийм. Зохиолч хүний хувьд ийм санал хүлээж авах нь нэр төрийн хэрэг. Ховорхон олдох завшаан юм даа. Ийм саналаас татгалзвал заяа хаях байх даа, тийм үү. Чи юу гэж бодож байна.
Сур: Тэгэх байх. Том амбийц юм биш үү
Б.Баярсайхан: Урьд өмнө гарсан эх сурвалж, аялалын тэмдэглэл, албан баримт сэлтийг шүүж үзээд үнэхээр гайхсан. Бахархсан. Омогшсон. Тэгээд юу гэж бодсон гээч. Би монгол хүн. Чингис хаан дэлхийн талыг эзэлсэн гэж хий хоосон цээжээ дэлдэх яах вэ. Бид чинь ийм өвөг дээдсийн үр хойч гэдгээ мартах учиргүй юм даа гэж бодож зориг шулуудсан. Үнэндээ бол би том хэмжээний түүхэн уран сайхны кино зохиол бичиж байсангүй. Тиймээс зохиолч дүү Сааюугийн Баттулгадаа санал тавиад хамтарч бичиж байна. Манай Тулгаа бол өмнө нь хэд хэдэн кино зохиол бичсэн. Улиастайн цэргийн бослогын тухай “2000” гэдэг түүхэн уран сайхны киноны зохиолчоор хамтарч ажилласан.
Сур: Эх сурвалжийг уншиж байхад сэтгэлд хамгийн тод үлдсэн юм юу байв?
Баярсайхан: Тэр жил зуд болсон юм байна. Энэ бол 1942 он. Мөн оныхоо 9 дүгээр сарын дундуур хөдөлсөн 1200 тэмээтэй жингийн цуваа 240 тонн бэлгийн бараа ачаалж, хөр цасны хайруу, хүйтэн жаврын сөргүүд гурван сар явж байж Бийск хот орсон байгаа юм. Буцаад гурван сар явж эх нутагтаа иржээ. Хоёр талдаа хагас жил. Тэр жил маш их эрт цас унаж, зам даваа боогджээ. Ачаатай тэмээ уулын налууд тогтсон мөсөн дээр тэшин хальтирч, унаж үхэж байсан байна. Байгалийн ийм хүнд хүчирт зүтгэсэн жинчин эрс шантарч, халширч буцмаар цаг гарч л байж. Энэ үед тэд өөрсдийгөө яаж зоригжуулж, зорьсон хэргээ чухалчилж байсан гээч. Бодохоос ч өрөвдмөөр, бас бахархмаар юм билээ. ““Гитлерийн фашизм сөнөтүгэй” гэж хашгиралдан хүч тэнхээ орж явсан” гэж тухайн үед 18 настайдаа жин ахалж явсан хөдөлмөрийн баатар Лувсан гэдэг хүний дурсамжид өгүүлсэн байна.
Сур: Дэнзэнгийн Батбаяр та найруулагчаар нь ажиллах юм байна. Их том зориг, их том боломж биз.
Д.Батбаяр: Миний хувьд анхны дэлгэцийн бүтээл болох юм. Өмнө нь олон радио жүжиг, телевизийн бүтээлд найруулагчаар ажиллаж байсан. Энэ киноны сэдэв их сонирхолтой. Олон хүн энэ сэдвийг барьж авахсан, кино хийхсэн гэж бодсон байх. Уран бүтээлч хүн бүрийн л барьж авахыг хүсдэг сэдэв. Тийм учраас Bayar entertainment.аас тавьсан саналыг дуртайяа хүлээж авсан. Энэ бол хуучин юм шиг атлаа шинэ, тодорхой юм шиг атлаа бүдэгхэн тийм түүх юм. Баримтад хэт баригдахгүй, тэгэхдээ хэт фантаазлах боломжгүй. Энэ хил хязгаар дотор чөлөөөтэй хөрвөх боломжтой гэж харж байгаа. Зохиолчийн хувьд Бидэр Баяраа бид хоёр Монголын радиод олон жүжиг хамтран хийж байсан. Бие биенээ их сайн ойлгож, гар нийлдэг учир найзыгаа санал болгосон юм.
Сур: Монгол жинчид Алшаа, Бар хөл, Цонж зэрэг газар руу жин тээж байсан түүх их юм билээ. Харин дэлхийн дайнд тусламж хүргэхээр Горны Алтайг давж, алдарт Чуйн хөндийг туулж, цас мөс, хахир хүйтэн, шуурга шамарга сөрж явсан түүх бараг л байхгүй болов уу. Кинонд яг юуг чухал болгож үзүүлэх вэ. Тусламж уу….?
Д.Батбаяр: Мэдээж тусламж хүргэсэн түүхэн үнэнийг харуулна. Үүний үнэ цэнийг товойлгон тодруулах нь манай киноны нэг гол үзэл санаа. Өөр нэг сонирхолтой өнцөг бол монгол тэмээний хүч чадал, монгол хүний чөмөг, монгол хүний сэтгэлийн хат, монгол хүн малтайгаа, байгальтайгаа яаж харьцаж, дасан зохицож, бэрхшээлийг даван туулдаг вэ гэдгийг тод томруун зурах зорилго бий. Нүүдэлчдийн философи гэх үү дээ.
Сур: Бүхнийг фронтод. Бүхнийг ялалтанд бүхнийг гэдэг уриа байж дээ. Энэ үгний үнэ цэн сүүлийн үед бүдгэрч байна гэж та боддог уу
Д.Батбаяр: Мартах ёсгүй түүх, мартах учиргүй хүмүүс гэж байна. Энэ сэдвээр том хэмжээний бүтээл хийх санаачлага гаргасан Bayar entertainment энэ үйл явдлын үнэ цэнийг илүү харж мэдэрсэн гэж ойлгож байгаа. Оросуудыг хар л даа. Дэлхийн дайнд оросын ард түмний баатарлаг гавьяа, түүхийг улам тодотгосон олон сайхан шинэ кино хийж байна. Төрөөс нь бодлогоор дэмжиж санхүүжүүлж байна. Гэтэл бид өөрсдийгөө бага буурай орон гэж бодож, чамлаж болохгүй. Бидний өвөг дээдсийн гавьяа бага биш. Үнэхээр энэ киног дэлхийд гарах хэмжээнд хийж чадвал монгол хүнийг харах дэлхийн үнэлэмж өөрчлөгдөх ёстой. Би бол ингэж харж байгаа.
Сур: Киноны гол дүр хэн байх вэ? Ямар жүжигчид тоглох вэ гэдэг нь үзэгчдийн дунд яах аргагүй хүлээлт үүсгэх асуулт мөн дөө.
Д.Батбаяр: Одоохондоо дүрийн судалгаа хийж байна. Тэгээд ч зохиол бүрэн гарч дууссан хойно энэ талаар илүү тодорхой болно.
Сур: Киноны зургийг Орос Монгол хоёрт авах уу. Тийм бол цар хүрээ нь илүү өргөжинө гэж харж байна.
Б.Баярсайхан: Энэ бол захиалагч Bayar entertainment хариулах асуулт байна. Амжилттай болгохын тулд олон улсын хэмжээний төсөл болгох талаар захиалагчид төлөвлөж байгаа байх аа. Ямар ч байсан кино зохиолын оюуны өмчийн эрхийг ойрын үед баталгаажуулж авах юм.
Киноны уран бүтээлчдээс товчхон мэдээлэл авахад ийм байна. Энэ уран бүтээл нь ач холбогдол, даац далайцын хувьд үнэхээр өргөн хүрээг хамрах юм байна гэж ойлголоо. Дэлхий дахин тэр чигээрээ татагдан орсон аугаа эх орны дайнд монголын ард түмэн “Бүхнийг фронтод. Бүхнийг ялалтын төлөө” гэсэн сэтгэлээр ажилчин хүн нормоо давуулан биелүүлснээ улаан армид барьж буй бэлэг гэж ойлгож байлаа. Малчид, ардын аж ахуйтнууд агт морь, амбан шар, дах дэгтий, шар, цагаан тос гээд өөрт байсан өнгөтэй, амттай бүхнээ харамгүй илгээж байсан. Энэ бүхний ард бүдгэрэн үлдсэн нэгэн түүх бол дүн өвлийн цагаар мянга гаруй тэмээтэй жингээр Алтайн уулсыг давж орос хүмүүст, оросын ард түмэнд монголын ард түмний сэтгэлийн бэлгийг хүргэсэн юм. Алсран бүдгэрч буй энэ түүхээр түүхэн уран сайхны кино хийх “Уран бүтээлийн жин” нэгэнт хөдөлжээ. Энэ тухайд эргэн сурвалжлах болно.
Урлаг спорт
АНУ Европын авлигатай тэмцэх байгууллагаас гарлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа олон улсын болон олон талт байгууллагуудаас татгалзах бодлогоо эрчимжүүлж буй энэ үед АНУ-ын Европын зөвлөлийн авлигатай тэмцэх тэргүүлэх байгууллага болох Авлигатай тэмцэх улсуудын бүлэг (GRECO)-ээс гарчээ. АНУ-ын Төрийн департамент уг шийдвэрийг баталгаажуулж, GRECO-ийн гишүүнчлэлийг хадгалахын тулд жил бүр санхүүгийн хувь нэмэр оруулах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь “АНУ-ын үндэсний аюулгүй байдалд бодитой үр өгөөж үзүүлэхгүй” гэж мэдэгджээ.
2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр АНУ тус байгууллагаас гарах тухай шийдвэрийн талаар албан ёсоор мэдэгдсэн байна. Өмнө нь ОХУ, Беларусь улс гарч байсан түүхтэй. АНУ өмнө нь НҮБ-ын олон талт хэд хэдэн байгууллагаас, тухайлбал ДЭМБ болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарсан бөгөөд цаашид ижил төстэй арга хэмжээ авах эсэхийг мөн авч үзэж байна.
GRECO-ийн Европын зөвлөл 1999 онд авлигатай тэмцэх стандартын хэрэгжилтийг хянах зорилгоор байгуулагдсан. Байгууллагын гишүүнчлэл нь Европын холбооны гишүүн орнуудаар хязгаарлагддаггүй бөгөөд АНУ 2000 онд GRECO-д нэгдэж байжээ.
Урлаг спорт
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол болж, “Нийслэлийн бахархал” шагнал гардууллаа. Нийслэлийн хөгжил, дэвшилд бодит хувь нэмэр оруулж, иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан үр бүтээлтэй ажилласан иргэний амжилт, санаачилгыг үнэлэн алдаршуулав.

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслолыг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлчүүд та бидний эрүүл мэнд, амар тайван амьдрал, аюулгүй байдлын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл чимээгүй хөдөлмөрлөдөг баатрууд бол онцгой байдал, эрүүл мэнд, хот тохижилт, цагдаа бусад үйлчилгээний салбарт зүтгэж буй мянга мянган ажилтан албан хаагчид билээ. Түүхт ойн энэ өдөр есөн салбарын шилдэг төлөөлөл "Улаанбаатарын бахархал" цомыг хүртлээ. Энэ бол та бүхний мэдлэг, ур чадвараа зориулж, хамт олныхоо итгэлийг дааж ирсэн олон жилийн хөдөлмөр зүтгэлийн үнэлгээ” хэмээн тодотголоо.
“Нийслэлийн бахархал” шагналын эзэд

- “Хотын авран хамгаалагч бахархал” номинаци
Дэмбэрэлсүрэнгийн Анхбаатар - Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч
2009 оноос 17 жил онцгой байдлын салбарт ажилласан.
- 1465 орчим гал түймрийн болон гамшиг ослын дуудлагаар гарч,
- 1265 удаа гал түймэрт байлдааны тархалт хийж,
- 7 тэрбум төгрөгийн төр, аж ахуй, нэгж, байгууллага, иргэдийн өмч хөрөнгө
- 497 хүний амь насыг авран хамгаалж,
- 68 удаа үер усны дуудлагаар үүрэг гүйцэтгэж,
- 194 үерт өртсөн иргэнийг авран хамгаалж,
- 7 иргэний автомашиныг уснаас гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллаж,
- 598 удаа айл өрхийн галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж,
- 9787 урьдчилан сэргийлэх тараах материалыг иргэдэд хүргүүлэн ажилласан.
- “Аюулгүй зорчилтын бахархал” номинаци
Лувсаннямын Ганзангиа - “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч
Нийтийн тээврийн салбарт 1995 оноос эхлэн 32 жил ажилласан. Зөвхөн 2026 онд:
- 17 зорчигч тээврийн чиглэлд
- 206 хоног зорчигчдод үйлчилж,
- 1568 цаг нийтийн тээврийн шугам замд ажиллаж,
- 1 жилийн хугацаанд 731 рейс гүйцэтгэж,
- 1 өдөрт 1158 зорчигч тээвэрлэжээ.
- “Хот, нийтийн аж ахуйн бахархал” номинаци
Батмөнхийн Мөнххишиг - “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер. Орон сууц нийтийн аж ахуйн салбарт 2013 оноос хойш тасралтгүй 13 жил ажилласан. Хэрэглэгч, оршин суугчдаас ирүүлсэн хүсэлт, өргөдлийн шийдвэрлэлтэд байнга хяналт тавьж, үйлчлүүлэгчтэй зөв боловсон харьцаж ирсэн үлгэр жишээ шилдэг ажилтнуудын нэг юм.

- “Эерэг өөрчлөлтийн бахархал” номинаци
Баатарчулууны Нандинцэцэг - Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн ахлах нийгмийн ажилтан. 2010 оноос нийгмийн хамгааллын чиглэлээр 16 жил ажилласан. Нийгмийн салбарт, тэр дундаа гэр оронгүй иргэдэд үйлчлэх үйлсэд тасралтгүй 16 жил ажиллах хугацаандаа иргэн нэг бүртэй ажиллаж, тэдний амьдралын чанарыг сайжруулж, зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байна.
- “Эрүүл мэндийн бахархал” номинаци
Алтангэрэлийн Нямсүрэн - Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгийн гэмтэл, согогийн тасгийн эрхлэгч, мэс заслын эмч. 2014 оноос эрүүл мэндийн салбарт 12 жил ажилласан.
А.Нямсүрэн нь сүүлийн 5 жилийн хугацаанд:
- 64,796 амбулаторийн үзлэг
- 12,087 урьдчилан сэргийлэх үзлэг
- 5,846 хүнд мэс заслын ажиллагааг багаа ахлан хийж, хүндрэлгүй тусламж үйлчилгээ үзүүлэн ажилласан байна.
- “Хотын үзэмж бахархал” номинаци
Сарангэрэлийн Цэдэвдорж - Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК-д хог тээвэрлэлтийн ачигч, зам талбайн үйлчлэгчээр 2004 оноос хойш өнөөг хүртэл 22 жил тасралтгүй ажиллаж байна. Авто зам болон явган замын цэвэрлэгээг технологийн дагуу чанартай гүйцэтгэж, зам талбайгаа өдөр бүр 3 удаагийн давтамжтайгаар цэвэрлэж, өдөр бүр тогтоосон төлөвлөгөөг давуулан биелүүлэн ажилладаг.

- “Эрдмийн бахархал” номинаци
Начингийн Оюунчимэг - Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн физикийн багш. 1987 оноос боловсролын салбарт 39 жил ажиллаж байна. Физикийн хичээлийн заах арга зүйг сайн эзэмшиж, сурагч бүрийн авьяас чадварыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж ирсэн. Түүний шавь нарын гаргасан амжилтаас дурдвал:
Аймаг, нийслэлийн физикийн олимпиадаас: 44 алт, 40 мөнгө, 59 хүрэл
Улсын физикийн олимпиадаас: 17 алт медаль буюу 17 удаа улсын аварга, 29 мөнгө, 35 хүрэл
Олон улсын физикийн олимпиадаас: 3 мөнгө, 9 хүрэл
Ази тивийн физикийн олимпиадаас: 1 мөнгө, 5 хүрэл медаль тус тус хүртэж нийтдээ олон улсын 24 медаль хүртсэн байна.
- “Аюулгүй хотын бахархал” номинаци
Таупихын Ардабек - Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа, жолооч, цагдаагийн дэд ахлагч. Т.Ардабек нь 2026 онд:
- 28 удаа авто эргүүлийн чиглэлд
- 672 цагийн үүрэг гүйцэтгэж,
- 314 дуудлага мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.
Мөн 2026 оны 10-р сарын 06-ны өдрийн 09:00 цагт эргүүлийн үүргээ гүйцэтгэж дуусаад гэртээ харих замдаа СХД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцанд гал түймэр гарч байгааг мэдэн галын голомтод байсан 13 настай 1 охиныг аврахын зэрэгцээ 7 айлын 9 иргэнийг болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлсэн юм.
- “Сайн үйлсийн бахархал” номинаци
Цэвээний Энхбаатар - Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор. 2002 оноос байгаль орчинд ээлтэй сайн үйлсийн олон ажил хийж гүйцэтгэж ирсэн.
- Тужийн нарсны мод үржүүлгийн газар нарсны тарьц тарьж, ургуулж ойжуулалт хийсэн. Чингэлтэйн дээд Салхитад 4 га газарт ойжуулалт хийсэн.
- Сүхбаатар дүүргийн 20-р хорооны Сэлхийн Гүнжийн булгийг тохижуулахад оюутан, сонирхогчдыг уриалан 5 жил дараалан 5000 орчим улиас, хайлаас, бургас тарьж, услах, хамгаалах ажлыг сайн дураараа хийж байгаа.
- 2023 оноос Хамрын хийдэд 200 гаруй монос, бүйлс тарьж ургуулсан.
- 2023 оноос Сэлхийн зуслангийн ууланд ойжуулах ажлыг эхлүүлж, 2 га газар хашаажуулан, улиас, монос, хайлаас, чацаргана, шинэс, гацуур зэрэг 3000 гаруй мод тарьсан бөгөөд өнөөдөр 90 хувийн ургалттай байна.






Урлаг спорт
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ
Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ой болон “Улаанбаатар театр” ОНӨТҮГ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан бүтээсэн “Улаанбаатар” пянзны нээлтийн ёслол боллоо. Нийслэлийн соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэх, хотын түүх, онцлог, өнгө төрхийг илэрхийлсэн бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, “Улаанбаатар” соёлын брэндийг бий болгох зорилгоор уг пянзыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр бүтээжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар” пянз нь нийслэлийн түүх, соёл, урлагийн өвийг хадгалан үлдээж, хойч үедээ өвлүүлэн таниулахын зэрэгцээ хотын соёлын онцлогийг олон улсад сурталчлах ач холбогдолтойг онцоллоо. Мөн нийслэлээс соёл, урлагийн салбарыг дэмжих, уран бүтээлчдийн туурвих үйл ажиллагааг өргөжүүлэх, Улаанбаатар хотын соёлын брэндийг бий болгох чиглэлээр цаашид анхааран ажиллахаа илэрхийлэв.

“Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ариунбаатар хэлэхдээ, “Авьяасаар бүтээсэн 20 жил” уриан дор бүтээсэн энэхүү пянз нь нийслэл хотынхоо соёл, урлагийн өвийг дуу хөгжмөөр дамжуулан мөнхөлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготойг онцоллоо.

“Улаанбаатар” пянзанд нийслэлийн түүх, үндэсний өв соёл, хотын өнгө төрхийг илэрхийлсэн “Миний Улаанбаатар”, “Дөрвөн уул”, “Хангарьдын дуулал”, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Улаанбаатарын тухай дуу”, “Улаанбаатарын үдэш”, “Хангарьд”, “Модун”, “1963”, “Ай наанаа”, “Айсуй хүлгийн төвөргөөн” зэрэг хөгжмийн бүтээл багтжээ. Түүнчлэн Үндэсний хөгжмийн “Хангарди” найрал хөгжим, удирдаач Соёлын тэргүүний ажилтан Б.Эрхэмбаярын удирдлага дор хөгжимдсөн, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын “Хангарьд”, С.Мөнхбатын “Модун”, О.Чинбатын “1963”, Х.Алтангэрэлийн “Тусгаар Монгол Улс” удиртгал, Р.Бат-Эрдэнийн “Айсуй хүлгийн төвөргөөн” зэрэг бүтээлийг багтаасан нь онцлог юм.

Мөн “Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын 20 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн дээд шагнал Хангарди одон хүртээж, удирдлага, уран бүтээлчдэд ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.


Нийслэлийн Улаанбаатар театр үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Нийслэл хотын 387 жилийн ойд зориулан бүтээсэн “Улаанбаатар” пянзны нээлтийн ёслол 2026 оны 10 дугаар сарын 30-ны 11:40 цагт Улаанбаатар театрын "Үзэсгэлэнгийн танхимд" болно.




