Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Covid-19: Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зөвлөж байна!

Огноо:

,

Онцгой байдалд редакцын баримтлах ёс зүйн зарчим

COVID-19 онцгой нөхцөл байдлын үед иргэдэд худал мэдээлэл тарахаас сэргийлэх, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагыг хэвлэлийн эрх чөлөөнд халгүйгээр үйл ажиллагаагаа саадгүй явуулахыг дэмжих зорилгоор Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс дараах зөвлөмжийг хүргэж байна.

Онцгой нөхцөлд хэвлэл мэдээллийн редакцууд мэргэжлийн түвшинд, ёс зүйн зарчмаа баримтлан ажиллаж, бодит мэдээлэл түгээснээр олон нийтийг зөв үйлдэлд чиглүүлнэ. “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг өдөр тутмын сэтгүүл зүйн үйл ажиллагаандаа чанд сахин мөрдөхөөс гадна дараах ёс зүйн зарчмуудад онцгойлон анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.

  • Үнэн бодит байдлыг эрхэмлэх: Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийн үнэн зөвийг таних эхний алхам нь мэдээллийг түгээгч нь найдвартай, баталгаатай эх сурвалж мөн эсэхийг нягтал. Мэдээллийг түгээхдээ хүнлэг байх, олон нийтийг айдас, хүйдэс, эрсдэлт таагүй нөхцөл байдал руу хөтлөхөөс болгоомжилж, зөвхөн үнэнд нийцсэн мэдээллийг түгээхэд анхаарна.
  • Олон ургальч мэдээллээр хангах: Албан ёсны эх сурвалжийн мэдээллээс гадна эрүүл мэндийн чиглэлийн эрдэмтэн судлаачдын байр суурь, халдвар судлалын шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл зэрэг баримт бичгүүд, халдварт өвчин нь нийгмийн бусад салбарт хэрхэн нөлөөлж буй талаарх судлаачдын ажиглалт, тандалтыг олон нийтэд түгээж, тэдний шийдвэр гаргалтад зөвөөр туслахыг хичээнэ.
  • Мэдээллийг дахин дахин нягтлах: Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Баталгаатай, найдвартай эх сурвалжаас мэдээлэл авч, уг мэдээллийг үнэн бодитой эсэхийг ердийн үеэс ч илүү давтан нягтал. Мэдээллийг нягталж шалгахдаа олон талын эх сурвалжаар харилцан баталгаажуулах, тохирох гол эх сурвалжийг сонгоход онцгой анхаар.
  • Ялгаварлан гадуурхахгүй, доромжлохгүй байх: Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, эрүүл мэнд, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгож болохгүй. Ялангуяа коронавируст халдварыг хэн ч тусах эрсдэлтэй нөхцөл байдалд халдвар туссан, сэжигтэй, эмчлэгдсэн тохиолдлууд болон гадны иргэд, гадаадаас ирсэн Монгол иргэдийн талаар мэдээлэхдээ ялгаварлан гадуурхсан, гутаан доромжилсон, үзэн ядсан, буруутгасан өнгө аяс, үг хэллэгийг ашиглахгүй байхыг эрмэлзэнэ.
  • Хувийн нууцад хүндэтгэлтэй хандах: Бие болон сэтгэл санааны эмгэг, эрүүл мэндийн тухай мэдээлэл нь хувийн нууцад хамаарах тул тухайн хүний болон асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхийг цээрлэнэ. Ялангуяа коронавируст халдвараар өвчилсөн, сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн хүмүүсийн овог нэр, гэрийн хаяг, сургууль, ажлын газрын байршил, гэр бүл зэрэг тухайн хүнийг таниулах мэдээллийг олон нийтэд түгээхээс түдгэлзэнэ.
  • Залруулга хийх, уучлал гуйх: Өдөр тутмын мэдээлэл тогтмол шинэчлэгдэж, олон нийтийн анхаарал нэг асуудалд чиглэсэн онцгой нөхцөлд сэтгүүлчид ажиллаж буй тул мэдээ, сурвалжилгадаа баримтын ямар нэг алдаа гарсан бол тэр даруйд нь шуурхай засч, залруулгыг нийтэлж нэвтрүүлэх, хэн нэгний нэр төрд санамсар болгоомжгүйн улмаас халдсан, буруу ташаа мэдээлэл түгээсэн бол уучлал гуйх нь урьд урьдынхаас ч илүү чухал болоод байна.

Ёс зүйн зарчмаа баримталцгаая!

Хэвлэл мэдээллийн зөвлөл

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Үзэл бодол

Хороо, эрүүл мэндийн төвийн цогцолбор ашиглалтад орлоо

Огноо:

,

Төрийн анхан шатны үйлчилгээ болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэг дороос хүргэх, яаралтай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, төрийн албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд анхан шатны төрийн үйлчилгээний цогцолборыг барьж, ашиглалтад орууллаа.

Тус цогцолбор нь эмчилгээ, төрийн үйлчилгээний 18 өрөө тасалгаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилт бүхий хоёр ариун цэврийн өрөө, энгийн хоёр ариун цэврийн өрөө, авто зогсоол, зоорь бүхий хоёр давхар барилга юм. Уг цогцолбор барилга ашиглалтад орсноор 21 дүгээр хорооны 9553 хүн нийтийн хэв журам, эрүүл мэндийн анхан шатны тусламж, төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор авах боломжтой.

Барилга угсралтын ажлыг Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Жигүүр эрдэнэ” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан юм.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Б.Бат-Эрдэнэ: Ой модоо алдвал бид усаа алдана, ан амьтан, амьсгалах агаараа хүртэл алдах болно

Огноо:

,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: Ой модоо алдвал бид усаа алдана, ан амьтан, амьсгалах агаараа хүртэл алдах болно

-Ойн өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Дэлхий дээр уур амьсгалын өөрчлөлт маш хурдацтай явагдаж байна. Тэр дундаа манай улс анхаарлын тэмдэг авах хэмжээнд очсон. Бидний үр хүүхдүүд цаашид ямар орчинд, ямар нийгэмд үлдэх вэ гэдгийг бид өнөөдөр нухацтай бодох ёстой.

Өнгөрсөн 80жилийн хугацаанд Монгол улс 2,25 хэмээр дулаарчээ. Энэ үйл явц зогсохгүй үргэлжилбэл 2100 он гэхэд 4-4,5 хэм хүртлээ дулаарах тооцоо гарсан.
Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх хамгийн чухал салбар бол ой. Жилдээ ганцхан өдөр бид ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Гэтэл өнөөдөр бидэнд өдөр бүрийг ойн өдөр болгох шаардлага тулгарсан байна. Ялангуяа энэ ойн өдрөөр бид сайн сайхныг гэхээсээ илүү болж бүтэхгүй байгаа тулгамдсан асуудлуудаа ярилцах хэрэгтэй.

Тулгамдаж байгаа асуудлууд дээрээ гарц, шийдэл олоод үлдсэн 364 өдөртөө хэрэгжүүлдэг байхын төлөө ажиллах ёстой. МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн  санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарих асуудал биш, дэлхий нийтийн анхаарлыг уур амьсгалын өөрчлөлтөд хандуулах.
2022 оны тавдугаар сард хийсэн судалгаагаар 737 мянган га газар ойн хөнөөлт шавжид идэгдсэн гэх харамсалтай тоо гарсан.  
Бид нэг талд тэрбум мод тарих тухай асуудлыг хөндөн ярьж байхад нөгөө талд тэрбум залуу мод үхэж, үгүй болох асуудал хөндөгдөж байна.

Үүнийг бид нуух хэрэггүй. Хөнөөлт шавжаас гадна хушин ой, самрын бизнестэй холбоотой ой мод сүйдэж байгаа маш том асуудал бий. Ой модоо алдвал бид усаа алдана, ан амьтан, амьсгалах агаараа хүртэл алдах болно гэдгийг анхааруулъя.
Байгаль орчны асуудлуудыг тус тусад нь авч үзэх ямар ч боломжгүй. Бүгд хоорондоо харилцан шүтэлцээтэй. Тийм учраас та бүхнийг ойн зөвлөгөөн дээрээ маш үр дүнтэй санал, шийдлүүд гаргах байх гэж хүлээж байна.

Хот суурин дахь ногоон байгууламжийн асуудлыг ч орхигдуулж болохгүй. Бид амьдарч байгаа орчноо ногооруулахгүй бол хэн ч бидний орчныг өөрчлөхгүй шүү.
Модгүй бол усгүй. Усгүй бол хөрсгүй. Хөрсгүй бол хүнсгүй. Хүнсгүй бол амьдрал үгүй. Харангадаж, ангаж, өлсөж үхэхгүйн тулд бүгдээрээ ойгоо аварцгаая гэж Ойн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ч.Сугармаа: Жолооч, тээвэрчид ээ, амьдрал залгуулдаг авто замаа хайрлая

Огноо:

,

Зам,тээврийн хөгжлийн яамны АЗБХЗГ-ын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Ч.Сугармаагаас тодрууллаа.

-Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын засвар, арчлалтад ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Замын засвар арчлалтад шинээр зам барихаас илүү анхаарах ёстой байдаг. Замын эвдрэл, хагаралд даац хэтрэлт хамгийн их үр нөлөө үзүүлдэг. Яамны зүгээс авто замд нэмж эвдрэл гаргахгүй байх чиглэлээр анхаарч ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд дээрх чиглэлийн замуудад даац хэтрэлтийг хянаж, стандартын дагуу тээвэрлэлтийг явуулах шаардлагатай. Мөн хяналт, шалгалтын ажил тогтмол хийгдэж байгаа төдийгүй цаашид урсгал засвар арчлалтаа тогтмол чанартай гүйцэтгүүлэхэд анхаарч ажиллаж байна. Тээвэрчид, аж ахуйн нэгж, ачаа илгээгч, хүлээн авагч нар ч хариуцлагатай байж, даац хэтрүүлэлгүй зорчин авто замаа хайрлахыг уриалж байна.

-Улсын чанартай авто замын засвар, арчлалт хийх төсөв, санхүүжилт хэрхэн шийдэгддэг вэ. Энэ талаар тодруулбал?

-Улсын чанартай авто замын засвар, арчлалыг улсын авто замын сангаас санхүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл, авто замын сангийн нэг эх үүсвэр нь Улсын төсөв юм. Замын засвар арчлалтад жил бүр улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө төсөвлөдөг ч нийт улсын чанартай авто замаа засварлахад хангалттай хэмжээнд хүрэлцдэггүй. Тэгэхэд заагдсан хэмжээнээс хэтрүүлэн тээвэрлэж, авто замаа эвдэж байгаа нь эргээд төсвийн мөнгөө л салхинд хийсгэж байгаатай ялгаагүй юм.

-Дундговь аймгийн замын эвдрэл гэмтэлд нийт хэчнээн төгрөг зарцуулсан бэ? 2023 онд хэчнээр төгрөгийн санхүүжилтээр засварлахаар байгаа бол?

-Тухайн замд эвдрэл гарсан шалтгаан нь мөн л дээр хэлсэнчлэн даац хэтрэлт шүү дээ. Ихэвчлэн миддлинг буюу шахмал түлш тээвэрлэхдээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлж замаа эвдсэн. 2023 онд улсын төсөвт тусгагдсан хэсэгчилсэн их засварын ажилд А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замд 7.1 тэрбум төгрөг, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн замд 3.4 тэрбум сая төгрөг төсөвлөсөн.

Урсгал засвар арчлалтаа сайн хийж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан ажиллана. Замын эвдрэлтэй хэсгүүдийг засварлахаар 2022 онд “Эм Ай Эл” ХХК-иар их засварын хэсэгчилсэн нийт 90 км авто замын зураг төслийг боловсруулсан.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох