Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

С.Батболд: Надаар зөндөө оролдлоо. Одоо болоо юм биш үү...

Огноо:

,

УИХ-ын гишүүн С.Батболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нью-Иорк хотын шүүх дээр МУ-ын ЗГ-ын нэхэмжлэлээр тантай холбоотой маргаан үүссэн гэсэн мэдээлэл гараад байна. Та энэ асуудалд тайлбар хийнэ үү?

-Өнгөрсөн хорин жил намайг элдвээр л гүтгэсэн. Элдэв янзын гүтгэлэгт зөндөө л өртлөө. Ирэх жилийн сонгуулийг угтаад өнөөдөр ээлжит нэг гүтгэлгийн ажил эхэлж байгаа юм болов уу. Монголын төрийн өмчит компаниуд намайг гадны шүүхэд өгсөн мэтээр бичсэн байна лээ. Гадны нэгэн хуулийн компани “Монголын Засгийн газар надад төлөөлөх эрх өгсөн” гээд Америкийн шүүхэд хандсан юм билээ. Монголын Засгийн газар өөрийн иргэнээ гадны шүүхэд өгөх үү, өгч байсан түүх бий юу? Улсынхаа хуулийн байгууллагаараа шалгадаг биз дээ. Би энэ асуудлаар Засгийн газарт хандаж нотолгоо авсан.

Энэ маргаанд дурдагдаад байгаа Эрдэнэт, Эрдэнэс Оюу толгой компани, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас миний эсрэг ямар нэгэн гомдол гадаадын болон дотоодын байгууллагад гаргаж өгөөгүй гэсэн. Тэгэхээр Засгийн газар намайг гадна дотнын шүүхэд өглөө гэдэг нь илт худал, гүжир гүтгэлэг юм.

-Шүүх дээр яг ямар асуудлаар маргаан үүсгэсэн юм бэ. Та тодорхой тайлбарлах хэрэгтэй байна шүү дээ?

-Детектив зохиол шиг зүйлээ дотоодоос явуулаад, дотоодын улс төрдөө ашиглах гэсэн гүжир гүтгэлэг л гэж харагдаж байна. Тэрэндээ гол нь Оюутолгойд татварын хөнгөлөлт өгсөн гэж намайг буруутгах гэж байгаа юм байна. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ олны нүдэн дээр ил тод, засаг, УИХ дээр протоколтой хэлэлцэгдэж байсан асуудал. Манай Засгийн газар хэзээ ч Оюутолгойн татварыг бууруулаагүй. Харин ч Оюутолгойн татварыг нэмэх асуудлыг УИХ-д оруулж шийдүүлсэн. Бас Монголын талын төлөх зээлийн хүүг бууруулах асуудлыг тухайн үед шийдэж байсан. Бүр итгэмээргүй нэг юм нь Монголын талын төлөх зээлийн хүүг бууруулсныг хүртэл Монголын талд ашиггүй нөгөө талд ашигтай байсан гээд намайг буруутгаад байгаа юм байна лээ. Тэгэхээр асуудлаа огт ойлгоогүй нэг гадны хөлсний байгууллага ашиг хонжоо олох сонирхолдоо хөтлөгдөн интернэтээс  хов жив ухаж байгаад детектив кино зохиогоод явуулж байна.

-Баянзүрх дүүргийн шүүх дээр уг асуудалтай холбоотой маргаан бүртгэгдсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар ямар хариулт өгөх вэ?  

-Улс төрийн зорилгоор Иргэний шүүхэд маргаан үүсгэсэн юм байна. Шүүхийн байгууллагад гаднаас ирсэн ор үндэсгүй мэдээллийн дагуу нийслэлийн прокурорын орлогч маргаан үүсгэжээ гэж анх сонсоод их гайхаж хүлээж авлаа. Харин одоо энэ асуудлыг хэн захиалаад, хэн удирдаад, ямар зорилготой хийж байгаа нь ч тодорхой боллоо. Лхүмбийн хэрэг, Амар сайдын хэрэг гэгч нь гаднаас ирсэн чиглэл бэлэн шийдвэртэй байсан гэсэн. Миний хувьд ийм хээрийн шүүх маягаар үйл ажиллагаа явуулах гэж байгаатай эвлэрэхгүй, тэмцэнэ. Дотоодын шүүхэд нөлөөлөх гэж гадны нэг блогчинд материал өгч бичүүлсэн юм болов уу гэж харагдаж байна.

-Сүүлийн үед гадны хэвлэлүүдэд улстөрчдийн талаар захиалгат нийтлэл бичүүлээд түүнийгээ Монголдоо орчуулан “гадны хэвлэлд ингэж бичжээ” гэж шуугиан тарьдаг арга барил газар аваад байгаа. Үүний нэг жишээ гэж хэлээд байна уу?

-Миний тухай гүтгэлгээ гадны нэг блог дээр гаргасан байна. Сонирхолтой нь, тухайн блогт нийтлэгдээд хэдэн минутын дараа Монголын сошиалд оруулсан байна лээ. Энэ нь анхнаасаа зохион байгуулалттай улс төрийн дайралт явж байгаагийн илрэл юм. Үнэнийг хэлэхэд, би ч энэ маргааны нарийн материалтай танилцаагүй, танилцах боломжгүй байхад гадны нэг үл таних блогчин олоод мэдсэн байгаа нь туйлын их эргэлзээ төрүүлж байгаа.

-Өөртэйгөө холбоотой шүүхийн маргаантай танилцаагүй, танилцах боломжгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Дээр дурдсан асуудлаараа үүсгэсэн иргэний маргаанаа дотооддоо болохоор “маш нууц” гэсэн зэрэглэлд оруулсан байгаа юм. Хэзээ иргэний маргаан манайд “маш нууц” ангилалд ордог байсан юм. Хэнээсээ юугаа нуугаад байгаа юм бэ? Маш нууц гэсэн атлаа миний олж үзэж чадахгүй байгаа тэр детектив зохиол, гүтгэлэг бүхий бичвэр нь яахаараа гадны нэг блогчинд очсон байдаг юм бэ? Дотоодын хэвлэлээр ч гараад байх шиг байна. Хэн ямар зорилгоор тараагаад байгаа юм бэ? Ер нь гадны хувийн, хөлсний, ашгийн төлөө байгууллагад мөнгө төлж иргэнээ мөрдөж тагнасан, гүтгэлэг зохиолгосон, хууль шүүхийн байгууллагад улс төрийн сонирхлоор нөлөөлсөн байж болзошгүй нь өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг юм. Би монгол хүний хувьд энэ асуудлыг Монголынхоо хуулийн байгууллагаар шалгуулна. Монголынхоо шүүхээр зөв буруугаа шүүлгэнэ. Би чинь тусгаар Монгол Улсын иргэн биз дээ.

Монгол Улсын түүхэнд хэдэн тэрбум доллараар нөөц нь үнэлэгдэх ордын лицензийг эзэмшиж байсан эрхээ улсдаа өгсөн өөр хүн, аж ахуйн нэгж байгаа юу

-Та хэвлэлээр гараад буй мэдээллийг худал гүтгэлэг гэлээ. Ер нь тантай холбоотой Тавантолгойгоос эхлээд үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв мэдээлэл өмнө нь ч гарч байсан. Эдгээр мэдээллүүдээ залруулаагүй, нээлттэй биш байдаг нь таны буруу биз дээ?

-Би төрөөс төрсөн тэрбумтан биш ээ. Улс төрд орж ирэхээсээ өмнө улсад томоохон татвар төлөгч бизнесийг босгосон байсан. Одоо бол хэдэн арван тэрбумаар татвар төлдөг, 3000 шахам хүнийг шууд болон шууд бусаар ажлын байраар хангаж байгаа олон нийтийн нүдэнд ил тод, шударга бизнестэй. Надад төрөөс тендер, концесс авч төрийн эсвэл ард түмний мөнгөөр бизнес хийх, төрөөс хулгай хийх шаардлага байхгүй. Миний хувьд Тавантолгойн ордын лицензийг төрдөө, ард түмэндээ буцааж өгсөн. Харин ч  надаас хэдэн зуун сая доллар, тэрбумаар нь авъя гэсэн гаднынхан ч байсан, үнэгүй өгчих гэсэн дотоодын улс төр бизнесийн олигархууд ч байсан. Харин би энэ ордын лицензийг эзэмших эрхээ төрдөө өгөөд дараа нь Ерөнхий сайд байхдаа 2012 онд ард түмэндээ иргэн бүртээ 1072 ширхэг хувьцаа тараах шийдвэр гаргасан. Энэ жил хувьцаа авсан иргэн бүр ногдол ашгаа авсан нь монголчууд эх орныхоо байгалийн баялгаас ашиг хувь шууд хүртсэн анхны тохиолдол болсон. Өмнө нь ч ахмадууд 1.5 сая төгрөг, оюутнууд хоёр жил дараалан сургалтын төлбөртөө 500 мянган төгрөг, иргэн бүр сар болгон хоёр жил гаруй 21 мянган төгрөг авч байсан. Үүний хөрөнгийг Тавантолгой ордын нүүрсний борлуулалтаас ч бас босгосон. Улаанбаатарчуудын өмнө тулгарсан томоохон асуудал болох утааны асуудлыг ч Тавантолгойн нүүрсээр л шийдвэрлэж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсан эмзэг үед ч Тавантолгой л улс орны эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байгаа. Жил гаруйхны өмнө тэрбум долларын босго давсан орлоготой Монголын цорын ганц компани боллоо гээд л Эрдэнэс Тавантолгойг өргөмжилцгөөгөөд байсан. Ийм ордын лицензийг эзэмших эрхээ гаднынханд биш, дотоодын томчууд олигархуудад ч биш төрдөө, ард түмэндээ өгч байсан. Ийм том төслөөс би өөрөө татгалзаж байсан байж төрөөс хумсална гэж юу байхав дээ. Надаар зөндөө оролдлоо. Өчнөөн олон удаа шалгуулсан. Тэгэхдээ бүгд л намайг бизнесийн орлогоороо амьдардаг гэдгийг эрх биш мэдэж байгаа. Энэ бүгд олны нүдэн дээр ил юм даа. Одоо болоо юм биш үү дээ.

-Саяхан таны тухай нэгэн нийтлэлд Тавантолгойн ордыг гадаад дотоодын бизнес бүлэглэлүүдэд  өгөөгүй нь өөртөө олон дайсан хураасан гэж бичсэн байсан. Энэ үнэн үү?

-Ер нь шинэ Монгол Улсын түүхэнд хэдэн тэрбум доллараар нөөц нь үнэлэгдэх ордын лицензийг эзэмшиж байсан эрхээ улсдаа өгсөн өөр хүн, аж ахуйн нэгж байгаа юу гэдгийг Та бүхэн бодоод үзээрэй. Ямар учраас эх орныхоо баялгийг төрдөө ард түмэндээ өгсөн хүн нь буруудаад, гаднынханд зарсан хэд нь баатар болоод байдаг юм бэ. Би энэ талаар нэг их яриад байдаггүй. Хааяа ярихаас өөр арга алга. Ийм үнэ цэнэтэй зүйлийг төрдөө буцааж өгсөн миний хувьд Оюу толгой ч байна уу, Эрдэнэт ч байна  уу өөр ямар ч төрийн байгууллагаас хулгай хийх байтугай тэд нартай бизнес хийх ч хэрэгцээ байхгүй. Хуулийн дагуу шударга хөдөлмөрлөж, амжилтад хүрчихээд хулгай хийхгүй нь ойлгомжтой шүү дээ.

Гадны ашгийн төлөө хувийн байгууллагад Монголын татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж гэрээ хийн мөрдөж тагнах ажиллагаа захиалсан явдлыг хуулийн дагуу шалгуулах нь зүй ёсны хэрэг

-Дээрх мэдээлэлд таныг гадаадын иргэдийн нэр дээр хөрөнгө мөнгө хамтран эзэмшдэг оффшортой гэж бичсэн байсан. Энэ асуудалд та ямар хариулт өгөх вэ? 

-Миний үүсгэн байгуулсан компаниуд дотоодын Голомт, Худалдаа хөгжил, Хас гээд банкуудаас 100 гаруй тэрбум төгрөгийн бизнесийн зээлтэй байгаа. Жилдээ хэдэн арван тэрбумаар зээл, зээлийн хүүгээ төлж байна. Тэд маань зээлээ цаг хугацаанд нь төлөх гэж бас л амаргүй байгаа. Тэр их мөнгө нь байсан бол уг нь ядаж энэ зээлүүдээ төлөхсөн. Надад оффшор бүсэд нэг ч төгрөг байхгүй.

-Таныг бичээд байгаа тэр блогд таныг Нью Йоркт үл хөдлөх хөрөнгөтэй гээд бичээд байна шүү дээ?

-Нью Йоркт надад үл хөдлөх хөрөнгө байхгүй ээ. Ер нь АНУ-д байгаа бүх үл хөдлөх хөрөнгө өмчлөлийн бүртгэлтэй. Тэдний холбоод байгаа хөрөнгө хэний өмч гэдгийг сэтгүүлчид та бүхэн хайгаад олох боломжтой, нээлттэй мэдээлэл шүү дээ. Надад хамаагүй юмыг надтай нялзааж байгаа нь дэндүү том гүтгэлэг юм аа. Энэ бол цэвэр дотоодын улс төр, гүжир гүтгэлэг. Надад бол тэр бичээд байгаа шиг нь 10 гаруй оронд зуу гаруй компани байхгүй ээ. Зах зээлд шилжээд 30-хан жил болж байгаа Монголд гадаад түншгүй, хамтрагчгүй нэг ч том бизнес байхгүй биз.

-Таныг Нью Йоркийн шүүх дээр яг шүүж байгаа юм уу, үгүй юм уу. Таны нэр дурдагдсан материалууд сошиалаар яваад байдаг. Гэтэл Та хамааралгүй гээд байх юм?

-Нью Йоркийн шүүхэд миний эсрэг гаргасан нэхэмжлэлээ татсан байна. Өөрөөр хэлбэл, надтай холбогдсон асуудал Нью-Йоркийн шүүхэд байхгүй болж байна гэж ойлгосон. Эндээс маш их сонирхол татаж буй зүйл болох гадны ашгийн төлөө хувийн байгууллагад Монголын татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж гэрээ хийн мөрдөж тагнах ажиллагаа захиалсан явдлыг хуулийн дагуу шалгуулах нь зүй ёсны хэрэг гэж бодож байна. Энэ асуудлыг би заавал шалгуулах болно.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Үзэл бодол

Баян-Өлгийчүүд шинэ засаг даргаа Улаанбаатараас хайж байна

Огноо:

,

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан  үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх болсноо зарласан. Тэрээр "Миний бие аймгийн Засаг дарга хэмээх нэн хариуцлагатай албан тушаалд 2020 онд томилогдож 25 сарын хугацаанд ажиллалаа.

Харин өнөөдөр тодорхой шалтгаануудын улмаас өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзаж байна" хэмээн мэдэгдсэн. Аймгийн Засаг дарга Д.Бауыржаныг Засгийн газартай хамтран ажиллаж дэмжлэг авч чаддаггүй, намын нөхдийнхөө дунд үл ойлголцол бий болгосон, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан хэмээн Өлгийчүүд буруутгаж байгаа. Харин энэ удаа Баян-Өлгийчүүд аймгийн Засаг даргыг Баян-Өлгий аймгаас биш Улаанбаатарт ажиллаж амьдарч байгаа, дов жалгын хор найруулгад ордоггүй, төрийн албаны туршлагатай, мэдлэг боловсролтой залуу хүн байх хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна.

Аймгийн засаг даргад яригдаж байгаа  залуучууд дундаас  нэгэн агентлагын газрын дарга залууг Баян-Өлгийн засаг даргаар томилогдох магадлал өндөртэй гэж зарим хүмүүс үзэж байна

 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Хөгжлийн банк: Төрийн өмчит компаниудын 909.7 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна

Огноо:

,

Монгол улсын Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл

Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 795.4 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Үүнээс 707.5 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгджээ.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 31.7 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 909.7 тэрбум төгрөгийн, 68.3 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна гэж Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээллээ.



Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Б.Гансүх: Галт зэвсгийн тооллого ирэх сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ

Огноо:

,

Иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшдэг галт зэвсгээ бүртгүүлэх, шилжүүлэх, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас “Зэвсэг-2022” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ талаар ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн Галт зэвсгийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, мэдээллийн нэгдсэн сан хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Гансүхээс тодрууллаа.

-Улсын хэмжээнд “Зэвсэг-2022” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 2-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Галт зэвсгийн тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллого 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн 36 хоногийн хугацаанд /2022.12.08-ны өдрийг хүртэл/ зохион байгуулагдана.

Энэхүү арга хэмжээ нь холбогдох хууль, журмуудын хэрэгжилтийг хангах, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж, алдагдсан, олдсон судалгааг шинэчлэх, нуугдмал, бүртгэлд хамрагдаагүй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой жил бүр зохион байгуулагддаг.

-Галт зэвсэг эзэмшдэг иргэн, хуулийн этгээд хэрхэн, хаана, ямар материал бүрдүүлэн очиж галт зэвсгээ тооллогод хамруулах вэ. Ингэхдээ юуг анхаарах вэ?

-Иргэн, хуулийн этгээд өөрийн нэр дээр бүртгэлтэй галт зэвсгээ гэрчилгээ болон иргэний үнэмлэхний хамт авч ирэх юм. Галт зэвсгээ биет байдлаар авч явах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол та өөрийн галт зэвсгийн зургийг авч очих шаардлагатай. Галт зэвсгийг авч явахдаа өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа иргэн галт зэвсгийн гох, эсхүл замгийг цоожилж, зориулалтын гэр, саванд хийж явахыг анхааруулъя.

-Галт зэвсэг эзэмшигч иргэн, хуулийн этгээдүүд энэхүү арга хэмжээнд хэр идэвхтэй хамрагдаж байгаа вэ?

-Улсын хэмжээнд 2018 онд 78.1 хувь, 2019 онд 94.0 хувь, 2020 онд 88.0 хувь, 2021 онд 93 хувь нь тооллогод хамрагдсан байдлыг харвал манай иргэд үүрэг, хариуцлагаа маш сайтар ухамсарлаж байгаа нь харагдахаар байгаа. Энэ оны галт зэвсгийн тооллого өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 79 хувьтай байна.

-Галт зэвсэг эзэмшихэд иргэн, хуулийн этгээд ямар шаардлага хангасан байх ёстой вэ. Мөн галт зэвсэг худалдан авах зөвшөөрөл авахын тулд хаана хандах вэ?

-Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно”, мөн “Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 10.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, 13 дугаар зүйлд заасан галт зэвсгийн гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх эрх үүснэ” гэж заасан байдаг.

Иргэн, хуулийн этгээд Монгол Улсад албан ёсны үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй газраас болон гадаад улс орноос галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан авахаар бол Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүсэлтээ холбогдох материалын хамт ирүүлж, зөвшөөрөл авдаг. Мөн иргэний зориулалттай галт зэвсэг худалдаж авсан, улсын хилээр оруулсан нийслэлд оршин суудаг иргэн ажлын арван өдрийн дотор галт зэвсгээ Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд, харин орон нутагт буюу хөдөө оршин суудаг иргэн тухайн нутаг дэвсгэрийн буюу аймгийн цагдаагийн газар, хэлтэст бүртгүүлнэ.

Харин иргэн өөрийн өмчид байгаа галт зэвсгийг энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнд худалдаж болно. Гагцхүү та галт зэвсгээ бусдад шилжүүлсэн, бусдаас ямар нэгэн байдлаар худалдаж авсан юм уу бэлгэнд авсан бол Галт зэвсгийн тухай хуульд заасанчлан холбогдох материалыг бүрдүүлэн тус төвд хүсэлтээ ирүүлж, албан ёсоор шилжилт хийлгэхийг анхаарах хэрэгтэй. Иргэд хоорондоо галт зэвсгээ аман хэлэлцээр болон бичгэн гэрээ хийж цагдаагийн байгууллагад мэдэгдэн шилжилт хийлгүүлээгүй нэгэндээ шууд хэлбэрээр өгч явуулах буюу шилжүүлэх тохиолдол цөөнгүй бий. Ингэснээр галт зэвсгийн албан татвар тухайн иргэн дээр гарах, жил бүр галт зэвсгийн тооллогодоо хамрагдахгүй байх зэрэг асуудлууд гардаг. Тиймээс галт зэвсэг шилжүүлсэн даруйдаа цагдаагийн байгууллагад холбогдох материалыг ирүүлж, бүртгүүлэх хэрэгтэй.

-Та түрүүн галт зэвсэг эзэмшихийн тулд иргэдийг сургалтад хамрагддаг гэж хэллээ. Тухайн сургалтыг цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг уу?

-Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах, аюулгүй ажиллагааны сургалтыг Засгийн газрын Хууль зүйн асуудал эрхэлсэн гишүүний баталсан журмын дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хөтөлбөр, төлөвлөгөө батлан Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулдаг. Сургалтаар галт зэвсэг эзэмшиж байгаа иргэд ямар эрх зүйн зохицуулалтын хүрээнд ашиглах, эзэмших, аюулгүй байдлаа хэрхэн хангаж хадгалах, галт зэвсгээр хэрхэн буудлага хийх, буудлага хийхдээ хэрхэн аюулгүйн ажиллагааны дүрэм баримтлах, суралцагчдад буудлагын шагайвар хийх, буудлага үйлдэх аргачлал, галт зэвсгийн аюулгүй ажиллагааг хангах, сургалтын буудлага үйлдэх дадлагыг явуулан шалгалт авч тэнцсэн иргэдэд гэрчилгээ олгодог.

Иргэд энэ сургалтад хамрагдах хүсэлтэй бол Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн 70190092 дугаарын утсаар бүртгүүлж, хамрагдах боломжтой.

-Галт зэвсэг эзэмшиж, ашиглаж, өмчилж буй иргэн хуулийн этгээд жил бүрийн тооллогод хамрагдаагүй бол ямар хариуцлага хүлээх вэ?

-Галт зэвсгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасанчлан жил бүрийн тооллогод хамрагдаагүй иргэнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эрх зүйн зохицуулалттай. Иймд иргэд, олон нийт та бүхэн галт зэвсгийн тооллогод идэвхтэй хамрагдаж, өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг уриалж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох