Улстөр нийгэм
Цар тахлын нөхцөл байдалд банк, санхүүгийн салбарын төлбөр тооцооны хэвийн үйл ажиллагааг хангах хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, С.Бямбацогт, Б.Баттөмөр, Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
УИХ-аас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байгаа. Гэвч Монгол Улсад дотоодын халдвар тархаж, эрх бүхий байгууллагаас гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр санхүүгийн зуучлал тасалдах, банкны активын чанарын үзүүлэлт буурах, цаашлаад банк, санхүүгийн тогтвортой байдал алдагдах бодитой эрсдэл тулгарч байна.
Иймд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан банк, санхүүгийн салбарын төлбөр тооцооны хэвийн үйл ажиллагааг хангах, Монголбанкнаас авч хэрэгжүүлж арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулснаа төсөл санаачлагчид хэллээ.
Тодруулбал,
- Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох зорилгоор шинээр үйлдвэрлэсэн мөнгөн тэмдэгтийг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх, тээвэрлэлтийн хэвийн нөхцөлийг хангах талаар шаардлагатай арга хэмжээ авах төрийн бусад байгууллагын эрх хэмжээг хуульд тусгах, цар тахлын үед аж ахуйн нэгж, төрийн байгууллага хамтран ажиллах;
- Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг дахин сунгах тохиолдолд зээлдэгчийн саналыг харгалзах, ипотекийн зээлийн гэрээнд энэ талаар нэмэлт, өөрчлөлт оруулах, ингэснээр гэрээ хүчин төгөлдөр болох;
- Банканд данстай, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн этгээд цар тахлын үед тухайн банкнаас нууцлал аюулгүй байдлыг хангасан цахим хэлбэрээр үйлчилгээ авах боломжтой байх, банкнаас цахим хэлбэрээр ипотекийн зээл болон бусад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах журмыг батлах эрх хэмжээг хуулиар Монголбанканд олгох;
- Цар тахлын үед банк, санхүүгийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбогдуулан Цахим гарын үсгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан гэрчилгээ олгох үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг Монголбанк олгох;
- Гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамаарахгүй, хуульд заасан нөхөн төлбөрийг олгохгүй байх гадаад валютын хадгаламжийг тодорхой болгох, банкийг хадгаламжийн даатгалын улирлын хураамж төлөх үүргээс цар тахлын үед чөлөөлөх, хойшлуулах, хугацааг сунгах;
- Цар тахлын үед хадгаламжийн хүү, хадгаламжийн гэрээнд тавих шаардлага тогтоосон (хүүний хэмжээ) зохицуулалтыг тусгах;
- Зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулахтай холбогдуулан банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй байх, иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг гадаад валютаар хийхийг хориглох зохицуулалтыг тусгай зөвшөөрөлтэй санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай уялдуулах;
-Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслэх, хөлслөх байдлаар өмчлөлд шилжүүлэх ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргахад санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг зохицуулалтуудыг төсөлд тусгажээ.
Улстөр нийгэм
УИХ: Засгийн газрын хөгжлийн баримт бичгүүдийн тайлантай танилцлаа
УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан дунд болон богино хугацааны хөгжлийн баримт бичгүүдийн хэрэгжилт, гүйцэтгэлийн тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуултаар нэгдсэн хуралдаан үргэлжилэв.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Засгийн газрын тусгай 13 сан бий. Экспортыг дэмжих, импортын бараа, бүтээгдэхүүнийг өрсөлдөхүйц чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс бусад сангуудыг багасгах бодлого байгаа эсэх, төрийн өмчийн компаниудын хяналт тавих иргэдийн оролцоог сайжруулах талаар ямар арга хэмжээ авах вэ, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хэрхэн ажиллаж байгаа талаар асуулаа.
Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын тусгай сангуудад тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг өгч, шалгалт орж цэгцэлсэн. Сангуудын талаар төсвийн гүйцэтгэл орж ирэх үед аудит хийгддэг учраас тодруулж асууж болно. Засгийн газрын санхүүгийн тайланг хэлэлцэх үед, эсвэл төсөв өргөн мэдүүлэх үед эдгээр санд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай эсэх талаар ярилцахад сангийн талаар тодорхой хариулт авах боломжтой.
Төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох чиглэлд ажиллах нь зөв байх гэж бодож байна. Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хариуцлага тооцож, хянаж ажиллаж эхэлсэн гэв.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Дарханы замын бүтээн байгуулалтад 90 мянган тонн цемент орсон. Гэтэл цемент үйлдвэрлэгчдээс 126 мянган тонныг авсан байна. Өөрөөр хэлбэл, 36 мянган тонн цемент хаашаа явсан бэ, хоёрдугаарт, Дарханы арьс ширний үйлдвэрийн бүтээн байгуулалт ямархуу шатанд явж байна вэ, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлд төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангана гэж заасан. Ерөнхий сайд Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллах үеэрээ өвлийн хүлэмж, зоорь шийдвэрлэж өгнө гэсэн. Энэ ажил хэзээ хэрэгжих вэ гэж асуув.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С. Батболд, 90.2 тонн цемент авч ашигласан. Гэвч 126 мянган тонн цементын асуудал өчигдөр ажлын хэсгийн хуралдааны үеэр яригдсан. Бид хянаж, шалгаж байна. Эргээд асуудлыг тодруулья гэв.
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун, Дарханы арьс, ширний цогцолборыг хувийн хэвшлийн компани барьж байгуулж байгаад зогссон. Тус компани Хөгжлийн банкнаас зээл авч хууль бусаар зарцуулсан, мөн туслан гүйцэтгэгч компаниудын дунд маргаан үүссэн зэрэг нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа юм байна. Холбогдох 3 яамны сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна. Ямар ч байсан төр дэд бүтцийг гүйцэтгээд үлдсэн бүтээн байгуулалтыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ гэсэн чиглэлтэй явж байна. Орхон суманд зоорийг улсаас барьж өгөх боломжгүй. Харин Хүнс, хөдөө, аж ахуйн яамнаас зоорь барьж байгуулахад хөнгөлттэй зээл олгож байгаа гэв.
УИХ-ын гишүүн Н.Сарангэрэл, өнгөрсөн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн нэлээн хэдэн төсөл хэрэгжсэн. Тэгэхээр хичнээн хүнийг ажлын байраар хангав, хичнээн хүнийг ядуурлаас гаргасан бэ, гэр хорооллыг дахин төлөвлөлтийн ажил сайн явахгүй байна. Яармагт гэхэд 268 га газрыг чөлөөлсөн. Гэвч иргэд нь орон сууцаа хүлээгээд удаж байна. Энэ ажлыг хэрхэн ургашуулах вэ зэрэг асуултыг асуув.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхэд 28 байршилд 18843 нэгж талбайд газар чөлөөлөлт хийж, 148 мянган айлын орон сууц баригдахаар баталсан юм билээ. Өнөөдрийн байдлаар 18 байршилд 45 төсөл хэрэгжүүлж байна. Инженерийн дэд бүтэц тэр дундаа дулааны асуудал бэрхшээл учирсан учраас цаашдаа орон сууц барих хүнд болсон. Тиймээс эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх шинэ үүсвэрийг бүтээн босгохгүйгээр орон сууц барих боломж хязгаарлагдаж байна гэв.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г. Өнөрбаяр, 2022 онд 111 тэрбум төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 85 мянган иргэн хамрагдаж, 40 орчим мянган иргэний ажлын байр хадгалагдсан. 30 мянган иргэнийг ажилд зуучилсан гэсэн юм. Ийнхүү Засгийн газрын гүйцэтгэлийн хэрэгжилт, тайлантай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
Улстөр нийгэм
УИХ: Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө
УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан. Тэрбээр, УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасны дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлснийг Байнгын хороо 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас ирүүлсэн УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн гэв.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ш.Адьшаа нар асуулт асууж, хариулт авлаа.
Ингээд "УИХ-ын Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авсан иргэдийн мэдээллийг ил болгов
Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг өнөөдөр зарлав.
Энэ хүрээнд:
- Дотоодын тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52698 иргэн,
- Буцалтгүй тусламжид хамрагдсан 154662 иргэн,
- Гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалавр 421суралцагч, магистр докторын 1950 суралцагч,
- Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдсан 23 иргэн,
- Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдсан 244 хүүхдийн мэдээллийг ил болгож байна.
Гадаадад суралцаж төгссөн оюутнуудыг 3 ангилж болно.
- Суралцаад, эх орондоо ирж 5 ба түүнээс дээш жил ажиллан зээлээс чөлөөлөгдсөн 921 иргэн,
- Гэрээний үүргийн хугацаа дуусаагүй буюу одоо ажиллаж байгаа 700 иргэн,
- Гэрээний үүргээ биелүүлээгүй 230 суралцагч байна.
230 иргэний мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна. Мөн Боловсролын зээлийн сангаас зээл авсан иргэдийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд байршуулахаар бэлтгэл хангаж байна.
Иргэдийн мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу. Мэдээллийн санд хандах>>>
-
Урлаг спорт2020/01/29
1900-аад оны үеийн монголчуудын тухай түүхэн гэрэл зургийг дэлгэн үзүүлэв
-
Цаг үе2021/06/24
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
-
Улстөр нийгэм2022/08/31
Зарим Байнгын хороодын дарга нарыг сонгож, УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулган өн...
-
Улстөр нийгэм2020/07/16
Тусгай үүргийн онгоц газардлаа
Сэтгэгдэл