Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ЗГ: 21 аймгийг халдваргүй бүс болголоо

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 12 дугаар сарын 30-ны лхагва гарагт болж, дараах асуудлыг хэлэлцлээ. Мэргэжлийн байгууллагууд коронавируст халдварын салбар дундын 18 дахь шатны эрсдлийн үнэлгээг хийж, коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахал хүн амын дунд тархах эрсдэл “өндөр” гэж үнэлжээ. Иймд хүн амыг халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр гамшгаас хамгаалах дараах дэглэмийг хэрэгжүүлэх саналыг УОК-оос гаргасныг Засгийн газраас дэмжин шийдвэрлэлээ.

Аймгуудын хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.

Орон нутагт Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ гэсэн 6 аймгийн 7 суманд халдвар бүртэгдсэнээс хойш 7-43 хүртэл хоногийн хугацаанд дахин халдвар гараагүй. Иймд ДЭМБ-ийн зөвлөмжийн дагуу дээрхи аймгуудыг халдваргүй, эрүүл ногоон бүсэд тооцож, хатуу хөл хорионы дэглэмүүдийг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж байна. Ингэснээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум,  Дорноговь аймгийн Замын-үүд сумаас бусад орон нутагт иргэд, аж ахуй нэгжүүдийг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд хэвийн амьдралын горим руу шилжүүлэх боломж бүрдэж байна. 

Монгол Улс гамшгаас хамгаалах арга хэмжээ авсан хугацаанд дэлхийн 93 улсаас 27,763 иргэнээ зохион байгуулалттайгаар татан аваад байгаагийн 21,126 нь тусгай үүргийн нислэгээр 6637 нь автозамын боомтоор нэвтрүүлжээ.

Цаашид хилийн боомтуудын хорио цээрийн дэглэмийг хэвээр мөрдөж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, ачаа тээвэр, тусгай үүргийн нислэгүүдийг үйлдэнэ.

Мөн өдөр коронавируст халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаатай холбогдон гарсан нэмэлт зардалд шаардагдах 1,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Уг төсөв  нийтийг хамарсан түргэвчилсэн болон PCR шинжилгээний зардал, тусгаарлах байранд ажиллаж байгаа ажилчид, халдвар хамгааллын хувцас хэрэглэл, ариутгал халдваргүйтгэл, 11 сар тасралтгүй идэвхи зүтгэл гарган ажилласан салбар бүрийн төлөөлөл албан хаагчид, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авч эмчлүүлж байгаа эмнэлгийн эмч, сувилагч ажилтнууд, илүү цагаар үүрэг гүйцэтгэн ажилласан албан хаагчид, нийтийн хэв журам сахиулах цагдаа, дотоодын цэргийн урамшуулал, дэмжлэгт  зарцуулагдана.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 3 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 841 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 812 хэрэг шалгагдаж байна.


Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо

Огноо:

,

УИХ-ын дарга Г.Занданшатар болон холбогдох Байнгын хороодын дарга нар 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж, энэ хуулийг улс орны нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад тулгуурлан, бодит амьдралд нийцүүлэн боловсруулж, батлах шаардлагатайг онцгойлон сануулав. Бид хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүд ярьж, хувийн хэвшлээ дэмжих бодлого баримталдаг хэдий ч үнэн хэрэгтээ ажиллах хүчин, мэдлэг, мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байна. Энэ бол боловсролын асуудалд онцгойлон анхаарах шаардлагатайг сануулж буй хэрэг юм гэлээ. Тэрбээр, Боловсролын ерөнхий хуулиар боловсрол, сургалтын бүхий л түвшин, ялгаатай байдлыг нягт уялдуулан зохицуулах учиртайг дурдаж, эдийн засаг, нийгэм, санхүүгийн бүхий л арга хэрэгслээр боловсролыг дэмжих эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөв.

Боловсролын багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх нийт долоон ажлын хэсэг байгуулагдаад байгаа юм. Эдгээр ажлын хэсгүүд 29 удаа, ажлын дэд хэсгүүд 58 удаа хуралдаж Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн сургуулийн өмнөх ба ерөнхий, дээд, хүмүүнлэгийн, мэргэжлийн боловсрол, судалгааны их сургуулийн зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаар УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг танилцууллаа. Тус Байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яамнаас нийт 26, УИХ-ын гишүүд 16 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Ажлын хэсгийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслөөр 75, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслөөр зургаан зарчмын зөрүүтэй санал хурааж, харилцан нийцлийг ханган боловсруулах ажил хийгдэж байна.

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан уулзалтад танилцуулга хийж, ерөнхий боловсролын сургалт академик мэдлэгт суурилсан хөтөлбөрөөр явагдаж байгаагаас сурагчдын сурах сонирхол анги ахих тусам буурч буйг мэдээллээ. Үүнээс болж дээд болон мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчид ихэнхдээ нийгмийн шинжлэх ухааны мэргэжлийг сонгож, улмаар ажилгүйчүүдийн эгнээнд шилжих явдал их байгаа юм. Иймд сургалтын бүх түвшний хөтөлбөрийг шинэчлэх, өөр хооронд нь уялдуулах асуудлыг хуулийн төсөлд тусгаад байна. Мөн боловсролын санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, үр өгөөжийг нарийвчлан тооцох, нэмэгдүүлэх, багшлах боловсон хүчний цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, үр дүнд чиглүүлж, чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийг чиглүүлж буйг дурдав. Түүнчлэн, багш бэлтгэх, тэдний хөдөлмөр, бүтээмжийг үнэлэхтэй холбоотой харилцааг шилжилтийн үед босоо удирдлагаар авч явах, цахим шилжилтийг цаг алдалгүй хийх зэрэг бодлогын зорилтуудыг дурдаж, Боловсролын ерөнхий хуулийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд оруулж буй зарчмын өөрчлөлт, шинэчлэлтийн үзэл баримтлалыг танилцуулсан юм.

УИХ-ын байнгын хорооны хуралдаануудаар ирэх долоо хоногт Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлоод байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун хилд үүрэг гүйцэтгэж буй хилийн цэргийн алба хаагчидтай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ажиллах үеэрээ Монгол Улсын баатар Д.Намнангийн нэрэмжит хилийн цэргийн 0165 дугаар ангийн алба хаагчидтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг тус ангийн байрлалд хүрэлцэн ирэхэд ангийн бие бүрэлдэхүүн жагсан угтаж, ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох ангийн үйл ажиллагааг танилцууллаа.

Ангийн бие бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч эх орны баруун хязгаарыг сахин хамгаалж буй хилийн цэргийн 0165 дугаар ангийн хилчин дайчид болон тэдний гэр бүлийнхэнд Монгол төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Төр, засгаас хил хамгаалах байгууллагын үүрэг гүйцэтгэх чадавх, боомтын хүчин чадал нэмэгдүүлэх талаар ихээхэн анхаарч байгаа бөгөөд “Цагааннуур” боомтын чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгохоор шийдвэрлэж, цаашид Даянгийн боомттой авто замаар холбохоор төлөвлөж байгааг дурдав.

Баян-Өлгий аймаг дахь Цагааннуур, Даян, Өлгий боомтууд нь Монгол-Орос, Монгол-Хятад, Монгол-Казакстан улсын эдийн засгийн холбоос, ард түмнүүдийн харилцааны гүүр болж байдаг улсын хил хамгаалалтын чухал хэсгүүд гэдгийг онцоллоо.

Тиймээс Монгол Улсын баруун хилийн халдашгүй дархан байдлыг найдвартай хамгаалахын зэрэгцээ хилийн боомтуудын аюулгүй байдлыг хангах, шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг нягт нямбай, түргэн шуурхай, соёлтой явуулахад анхаарч ажиллахыг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч үүрэг болгов.

Цэргийн хэргийн мэдлэг, мэргэжлийн болон гадаад хэлний ур чадвараа байнга дээшлүүлж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч эх орныхоо дархан хилийг хамгаалах үйл хэрэгт хүчин зүтгэж буй хилчин дайчид болон ажил, амьдралын бат бэх ар тал болсон гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөж, амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хилийн цэргийн 0165 дугаар ангид ажиллах үеэрээ тус ангид машин, техник гардуулах ёслолд оролцлоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох