Улстөр нийгэм
“ГАН ҮЗЭГ-2020” наадмын шилдгүүд тодорлоо
Ингээд “Ган үзэг-2020” наадмын шилдгүүдээ танилцуулья.
“Шилдэг телевиз” төрөлд NTV телевизэд шалгарлаа. Тус телевизийн цаг үеийн мэдээллийн хөтөлбөр болон бусад сэтгүүл зүйн ярилцлага, нийтлэлийн нэвтрүүлгүүд, сэтгүүлч, сурвалжлагчдын ур чадвар болон бусад уран бүтээлийн чанар чансаа, үзэлт хандалтын тоо, олон нийтийн үнэлэлт зэрэг үзүүлэлтүүдийг харгалзсан байна.
“Шилдэг радио” төрөлд “Дэлхийн монголчуудын MGLRADIO 88.3” радио шалгарлаа. Тус радио нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон 19 аймгийн төвд фм 88.3 долгионоор цацагдаж байна. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар радиогийн долоо хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 50-иас доошгүй хувь нь үндэсний нэвтрүүлэг байх, өдрийн эфирийн 35-аас багагүй хувийг хөтлөгчтэй эфир байхаар зохицуулсан байдаг. Тус радиогийн сэтгүүлч, найруулагч, мэргэжлийн баг хамт олон 100 хувь өөрсдийн бэлтгэсэн үндэсний контентыг нэвтрүүлж байгаа төдийгүй өдрийн эфирийн 87 хувийг хөтлөгчтэй эфир, 15 нэвтрүүлгийг сонсогч, үзэгчдэд хүргэн ажиллаж байна.
“Шилдэг мэдээллийн сайт” төрөлд zarig.mn мэдээллийн сайт шалгарлаа. Мэдээллийн шуурхай байдал, тухайн үйл явдал, сэдэв, баримтыг үргэлжлүүлэн тасралтгүй сурвалжилж үр нөлөөг нь нотлон харуулдаг ур чадвар, мэргэжлийн эр зориг, уншигч, үзэгчдийн эрэлт хүлээлт, хандалт хүртээмж зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн байна.
“Шилдэг сонин” төрөлд “Зууны мэдээ” сонин шалгарлаа. Үндэсний хэмжээний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин нь 2020 онд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Иргэдээ өмөөрч бичнэ” уриан дор сар бүр нийгэмд тулгамдаж буй тодорхой нэг асуудалд анхаарлаа хандуулан ярилцлага, сурвалжлагууд бэлтгэхийн зэрэгцээ “Нэгдүгээр хүн” булангаар тухайн сарын үйл явдал, асуудал, анхаарлын төвд байсан хүний байр суурь, тайлбар, үзэл бодлыг дамжуулан хүргэсэн. Төрийн өндөр албан тушаалтны оффшор дансны мэдээллийг анх хөндөн гаргаж, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал, ЖДҮ-ийг дэмжих сангийн хэргүүд зэрэг сэдвийг хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн сурвалжлан нийтэлж, төр, засгийн бодлого шийдвэрийг хянах, шүүмжлэх сөрөг хүчний үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа зэрэг үзүүлэлтийг үнэлэн үзсэн байна.
“Шилдэг сэтгүүл” төрөлд “Гэрэг” сэтгүүл шалгарлаа. Тус сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитэд медиа групп” нь 2019 оноос дэлхийн шилдэг хэвлэл “The New York Times” компанитай хамтран ажиллаж тус хэвлэлтэй хамтарсан “Гэрэг” сэтгүүлийн “The Turning points” (2020 оны II сар), “The Big Ideas” (2020 оны XII сар) дугаарыг эрхлэн гаргаж нийтэд хүргэсэн. Түүнчлэн дээрх хоёр дугаар нь дэлхийн шилдэг уран бүтээлч, судлаач, мэргэжилтнүүдийн 20 шахам эсээ, нийтлэлийг агуулсан бөгөөд Монгол талаас цаг үе, нийгэм эдийн засгийн асуудлуудыг хөндөн оруулснаараа өргөн хэмжээний, удаан настай материалыг уншигчдад хүргэсэн. Дэлхийн шилдэг хэвлэлтэй хамтран ажиллах хүрээнд “Гэрэг” сэтгүүл нь редакцын хамтын ажиллагааны соёлыг мөн өөрчлөх алхмыг хийж гүйцэтгэсэн зэрэг менежмэнтийн амжилт, сэтгүүлч, уран бүтээлчдийн ур чадвар зэрэг үзүүлэлтээр ийнхүү тэргүүлж байна.
“Орон нутгийн шилдэг мэдээллийн хэрэгсэл” төрөлд Дархан-Уул аймгийн “RGB” телевиз шалгарлаа. Монголын хөдөө орон нутгийн анхны чөлөөт телевиз болох тус телевиз 1995 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. “Дархан хотын мэдээ” мэдээллийн хөтөлбөр, “Ярилцах цаг” хөтөлбөр, “Ахлах ангийнхан”, “Кофе хаус”, “Дархан хөтөч” зэрэг нэвтрүүлгийг мэргэжлийн түвшинд тогтмол бэлтгэн хүргэж, үзэгчдийн талархлыг хүлээн ажиллаж байна.
“Телевизийн шилдэг сэтгүүлч” төрөлд ТВ8 телевизийн сэтгүүлч, ахлах редактор Ц.Гэрэлмаа шалгарлаа. Тэрбээр “Тавилан” нэвтрүүлгийг 2016 оноос хойш 45 дугаар бэлтгэн үзэгчдэд хүргээд байна. Үүний 39 дугаар нь эх орны өнцөг булан бүрээс, 6 дугаарыг хилийн чанадаас бэлтгэсэн байна. Дэлхий дахин цар тахалтай тэмцсэн, халдвар хамгааллын дэглэм бүхий нөхцөлд “Тавилан” нэвтрүүлгийн 9 дугаарыг бэлтгэн үзэгчдэд хүргэжээ. Тус нэвтрүүлгийг бэлтгэхэд олон цагийн судалгаа, эрэл хайгуул, эрэн сурвалжлага хийж, маш олон эх сурвалжийг тодруулан уулзаж мэргэжлийн ур чадвар, тэвчээр, ёс зүйг үзүүлэн ажилласныг үнэлэн шилдгээр шалгаруулж байна.
“Радиогийн шилдэг сэтгүүлч” төрөлд Гэр бүлийн радио FM 104.5-гийн сэтгүүлч Б.Баясгаланг шалгарууллаа. Тэрбээр “Амьдралын учиг” сэтгэл зүйн боловсрол олгох радио нэвтрүүлгийг бэлтгэн уншигчдад хүргэдэг. Мөн хүүхэд хүмүүжлийн “Охин мэндэллээ” цуврал нэвтрүүлэг, хүүхэд хөгжлийн “Нуугдсан эрдэнэ” цуврал нэвтрүүлэг, мэргэжил бүхэн сайхан- шууд болон бичлэгийн цуврал нэвтрүүлэг, нийгмийг асуудлыг хөндсөн “Ултай яриа” шууд нэвтрүүлэг, манлайллын “Тусгал” нэвтрүүлэг, байгууллагын удирдлагуудад зориулсан ”Нөлөө” зэрэг нэвтрүүлгийн бэлтгэн хүргэж, олон талт сэдвийг хамран мэргэжлийн түвшинд ажиллажээ.
“Сонины шилдэг сэтгүүлч” төрөлд “Өдрийн сонин-ы сэтгүүлч Д.Гансаруул шалгарлаа. Тэрбээр уншигчдын эрэлт хүлээлтийг мэдэрч, цаг үеийн чухал сэдвүүдээр эх сурвалжуудтай уулзан ярилцах, эрэн сурвалжлах чиглэлд амжилттай ажиллаж, олон ярилцлага, нийтлэл, сурвалжлагыг 2020 онд бэлтгэжээ. “Ямаа самнах гэдэг чинь бараг массаж юм шүү дээ, Номинжин минь”, “Гуяндаа нагаантай Ерөнхий сайд минь гурав мөргөж бөхөлзөх нь өрөвдөлтэй”, “Гэрэлт цохны булш”-ийн эмгэнэлт түүхийг монгол төр шинээр бүтээсэн нь”, “Дүрвэгч Эрдэмтсоёмбо: Өмнөд монголчууд маань удаан тэсэхгүй нь ээ”, “НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра: Өмнөд Монголд болж буй хөдөлгөөн бол олон улсын түвшний асуудал” зэрэг олон шилдэг нийтлэл, ярилцлагыг бэлтгэсэн байна.
“Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч” төрөлд livetv.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа шалгарлаа. Тэрбээр “Fact check” нэвтрүүлгийг тогтмол бэлтгэж, 2020 онд эрэн сурвалжилсан сэдвүүдээс хамгийн сүүлд “Монголд үйлдвэрлэв” буюу үндэсний үйлдвэрлэгчдийн нийтийн тээвэрт учруулсан хохирол, “Хавдар судлалын үндэсний төвд болсон жигүүрт хэрэг” буюу тус эмнэлгийн эмч нар өвчтөнөөс авилгал хээл хахууль авахыг оролдсон асуудлыг хөндсөн нэвтрүүлгүүд нь үзэгчдийн талархлыг хүлээсэн.
“Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч” төрөлд ТВ6 телевизийн гүйцэтгэх захирал, сэтгүүлч Ж.Баяржаргал шалгарлаа. Тэрбээр “Mining economy” сэтгүүлийг бие даан эрхлэн гаргаж, зөв уул уурхайн ойлголтыг нийгэмд бий болгох зорилготой, мэргэжлийн нийтлэлүүдээрээ анхаарал татаж байна. Сэтгүүлч Ж.Баяржаргал нь 1999 оноос сэтгүүлчээр ажиллаж байгаа бөгөөд “Өнөөдөр” сонин, “Таван цагираг” сонины сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлсэн.
“Гэрэл зургийн сэтгүүлч” төрөлд МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн ахлах сурвалжлагч Б.Чадраабал шалгарлаа. Тэрбээр 2020 онд “Цар тахлын үеийн УИХ-ын сонгууль”, “БНСУ-аас тусгай нислэгээр 266 иргэн эх орондоо ирлээ”, “Энэтхэг улсад шавилан суудаг ламхай нар эх орондоо ирлээ”, “Хээрийн түр эмнэлэг”, “Монгол Улс БНХАУ-д Ухань хотоос иргэдээ татлаа” зэрэг гэрэл зургийн сурвалжлагуудыг бэлтгэжээ. Мөн 7 хоног тутмын англи хэлээрх “Монгол мессенжер”, япон хэлээрх “Монгорү Цушин”, хятад хэлээрх “Мэнгү Шяоши Бао “, орос хэлээрх “Новости Монголии”, үндэсний монгол бичгээр хэвлэгдэн гардаг “Хүмүүн бичиг” сонин болон улирал тутмын “Mongolia today” сэтгүүлийн зургийг мэргэжлийн түвшинд чанарын өндөр үзүүлэлттэйгээр нийлүүлэн ажиллаж байна.
“Орон нутгийн шилдэг сэтгүүлч” төрөлд Төв аймгийн TBS телевизийн сэтгүүлч Т.Саранчимэг шалгарлаа. Хөдөө, орон нутгийн мэдээллийн хэрэгсэлд тогтмол мэдээ, мэдээлэл, үйл явдлын сурвалжлага зэрэг төрлүүдийг хөгжүүлэхэд мэргэжлийн ур чадвараа дайчлан амжилттай ажиллаж байна. Тэрбээр 2020 онд орон нутгийн амьдрал, аж байдал, асуудал хөндсөн цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн анхаарлын төвд үзэгчдийн хүртээл болгон ажилласан, мэргэжлийн ур чадвар зэрэг үзүүлэлтээр шалгарч байна.
“Шилдэг редактор” төрөлд “Өдрийн сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа, ТВ5 телевизийн Улс төрийн албаны дарга, редактор А.Болдсайхан, zindaa.mn мэдээллийн сайтын редактор Б.Бадамгарав нар шалгарлаа. Мэдээллийн хэрэгслүүдийн онцлогоос хамаарч, редакторлох үйл явц онцлогтойг харгалзан үзлээ.
“Өдрийн сонин”-ы редактор Д.Оюунтуяа 1999 оноос одоог хүртэл “Өдрийн сонин”д сэтгүүлч, албаны дарга, Хариуцлагатай нарийн бичгийн даргаар үр бүтээлтэй ажиллаж байна. Тэрбээр редакци, түүний зохион байгуулалт, сэтгүүлчдийн ур чадвар, эх бичвэрийг редакторлох үе шат, сонины хэл найруулгад чадварлаг сэтгүүлч, туршлагатай редактор, зохион байгуулагч юм.
Zindaa.mn мэдээллийн сайтын редактор Б.Бадамгарав 2004 оноос “Ардын эрх” сонинд сэтгүүлчээр ажиллан, хөдөлмөрийн гараагаа эхлүүлж, сэтгүүлзүйн салбарт тасралтгүй 17 дахь жилдээ ажиллаж байна. Тэр дундаа цахим сэтгүүлзүйн чиглэлээр 14 жил ажиллаж байна. Тэрбээр Zindaa.mn мэдээллийн сайтын өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий редакторын хувиар хариуцан ажиллаж байна. Б.Бадамгарав зөвхөн 2020 онд 20000 гаруй мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлага, нийтлэлийг редакторлон, сэтгүүлчдэд мэргэжил, ур чадварын зөвлөгөө өгөн 1700 мэдээллийг сэтгүүлчийн ур чадвар гарган бэлтгэжээ. Цахим сайтын мэдээний менежмэнт хийх ур чадвар, цаг үеийн мэдрэмж, сэтгүүлчийн мэргэжлийн чадвар зэргийг үнэлж байна.
ТВ5 телевизийн Улс төрийн албаны дарга, редактор А.Болдсайхан нь тус телевизэд 15 дахь жилдээ ажиллаж байна. Үүний 10 жилд нь Улс төр, мэдээллийн албаны дарга, редактороор ажиллаж байна. Телевизийн нийтлэлийн бодлого тодорхойлох болон мэдээллийн хөтөлбөрийг зангидах гол ажлыг гүйцэтгэдэг. Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага улс төрийн мэдээлэл, сонгуулийн үеийн үйл явц, эгзэгтэй цаг үеийн мэдээллийг хүргэхэд анхаарал, болгоомжтой ханддаг. Редактор А.Болдсайхан УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн хэд хэдэн сонгууль, коронавируст халдвар манай улсад бүртгэгдсэн үйл явц, хөл хорионы үеийн шийдвэр зэргийг сурвалжлан олон нийтэд хүргэх ажлыг удирдан зохион байгууллаа. Ингэхдээ мэдээллийн үнэн зөв байдал, гарах үр дагаврыг сайтар тооцон ажилласан зэргийг үнэлж байна.
“Хэвлэл мэдээллийн шилдэг менежер” төрөлд “Улстөрч” агентлагийн гүйцэтгэх захирал Г.Золбаяр шалгарлаа. Тэрбээр хэвлэл мэдээлэл, сургалт судалгаа, маркетинг гээд олон чиглэлд үйл ажиллагаа явуулж буй тус агентлагийг удирдан зохион байгуулах, тасралтгүй үйл ажиллагаа, мэргэжлийн удирдлагаар хангахад чухал үүрэг гүйцэтгэн манлайлал үзүүлэн ажиллаж байна. Тус агентлагаас 2020 онд сэтгүүл, сонин, сайт төслийн хүрээнд “Best of Mongolia” хэрэглэгч-олон нийтийн цахим санал асуулга, “Монголыг хөгжүүлэх 99 байгууллага” боть-1 зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлсэн зэрэг шалгуураар үнэлж байна.
“Шилдэг судлаач” төрөлд МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Амартүвшингийн “Сэтгүүл зүйн тухай” судлал, шүүмжийн бүтээлээр шалгарууллаа.
Тус бүтээл нь сэтгүүл зүйн салбарын өргөн хүрээг хамарч, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон шинэ хэрэгслийн тал бүрийн асуудлыг тусгасны зэрэгцээ шилдэг нийтлэл, нэвтрүүлэг, хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүтээлүүдийн алдаа дутагдал болон ололт амжилтыг онол-практикийн үндэслэлтэй хөндсөн байна. Эрдэм шинжилгээний өгүүллүүд нь сэтгүүл зүйн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замуудыг шинжлэх ухааны үндэслэл, онолын үзэл баримтлалтай даацтай тодорхойлон үнэлж дүгнэсэн зэрэг шалгуурыг гол болгож байна.
Сэтгүүл зүйн салбарын "ГАН ҮЗЭГ 2020" оны тэргүүн наадмын шилдгүүд:
ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА:
- Шилдэг телевиз - “NTV” телевиз

- Шилдэг радио- “MGL” радио 88.3

- Шилдэг мэдээллийн сайт – “Zarig.mn”

- Шилдэг сонин- “Зууны мэдээ” сонин

- Шилдэг сэтгүүл- “Гэрэг” сэтгүүл

- Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл- Дархан-Уул аймгийн “RGB” телевиз

ШИЛДЭГ РЕДАКТОР:
-Сонины шилдэг редактор – “Өдрийн сонин”-ы хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа

-Телевизийн шилдэг редактор – “ТВ5” телевизийн Улс төрийн албаны дарга, редактор А.Болдсайхан

-Мэдээллийн сайтын шилдэг редактор – “Zindaa.mn” сайтын Ерөнхий редактор Б.Бадамгарав

ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:
- Телевизийн шилдэг сэтгүүлч- “ТВ8” телевизийн сэтгүүлч Ц.Гэрэлмаа

- Радиогийн шилдэг сэтгүүлч- “Гэр бүлийн радио 104.5”-ын сэтгүүлч Б.Баясгалан

- Сонины шилдэг сэтгүүлч- “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Д.Гансаруул

- Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч- “livetv.mn” сайтын сэтгүүлч С.Будрагчаа

- Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч- “Mining&economic” сэтгүүлийн сэтгүүлч Ж.Баяржаргал

- Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч- “Монцамэ” агентлагийн гэрэл зургийн албаны дарга Б.Чадраабал

Орон нутгийн шилдэг сэтгүүлч - Төв аймгийн “TBS” телевизийн сэтгүүлч Т.Саранчимэг

ШИЛДЭГ МЕНЕЖЕР:
- “Улстөрч агентлаг”-ийн Гүйцэтгэх захирал Г.Золбаяр

ШИЛДЭГ СУДЛААЧ:
- МУБИС-ийн НХУС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор -С.Амартүвшин

Дэмжигч байгууллага: "Монголын Ипотекийн Корпораци ОССК" ХХК

Улстөр нийгэм
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
Улстөр нийгэм
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
Улстөр нийгэм
Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.
Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.
Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:
- БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
- "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
- Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
- Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
- Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
- Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
- Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.
Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
