Улстөр нийгэм
УИХ-ын байнгын болон түр хорооны хуралдаан болно
Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын 2021 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дараалалыг танилцуулж байна.
НЭГ. ТҮР ХОРОО
1. Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/ 10.30 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын вакцины хангалт, нийлүүлэлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний танилцуулга;
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний арга тактик, цар тахлын голомтыг хумих талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний танилцуулга;
- Цар тахлын үед гадаадад байгаа иргэдийн татан авалтын талаарх танилцуулга мэдээлэл.
ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлт;
- Бусад.
2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Бусад.
3. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
- Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020.08.20-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
- Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр (Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.
4. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 13.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүн 2020.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
5.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлт;
- Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Бусад.
6.Төсвийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2021.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр (Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.
Улстөр нийгэм
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж буй. 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс эрүүл мэндийн салбарын эмч, ажилтны үндсэн цалинг 30 хувиар, боловсролын салбарын багш, ажилтны үндсэн цалинг 50 хувиар, шинжлэх ухааны ажилтны үндсэн цалинг 15 хувиар тус тус нэмэгдүүлсэн.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ онд цалин нэмэгдээгүй соёл, спорт, цаг уур, орчны шинжилгээ, стандарт, хэмжил зүй зэрэг төрийн мэргэжлийн үйлчилгээний болон жолооч, манаач, цахилгаанчин зэрэг төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо. Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
Энэ арга хэмжээний хүрээнд эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл, спорт болон төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 2025 оны түвшинтэй харьцуулахад 50 хувиар нэмэгдүүллээ.
Ингэснээр эрүүл мэндийн салбарын 28,142 эмч, ажилтан, соёл, урлаг, спортын салбарын 5,707 албан хаагч, шинжлэх ухааны салбарын 1,610 ажилтан, бусад салбарын төрийн үйлчилгээний 16,395 албан хаагч, нийт 52 мянган төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин дунджаар 477.0-903.0 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Үүнд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд тусган батлуулсан.
Төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагчдын үндсэн цалинг 2027 оны II улирлаас 20хувиар, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгаад байна.
Улстөр нийгэм
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Шуурхай штаб байгуулж, наймдугаар сарын 10-наас ажиллаж эхэлсэн.
Өнгөрсөн даваа гарагт шатахууны хомсдолоос үүдэн хотын төвийн 18 шатахуун түгээх станцад оочер үүсэж, замын хөдөлгөөний дундаж хурд 3 км/цаг хүртэл багассан.
Түгжрэлийг бууруулахаар нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан дээрх шуурхай штаб ажиллаж, мягмар гарагт дундаж хурдыг нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгслийн дундаж хурд 15 км/цаг болсон байна.

Өнөөдөр Замын хөдөлгөөний удирдлагын төвд хотын дарга Б.Пүрэвдагва болон Шуурхай штабын бүрэлдэхүүн, нийтийн тээвэр, авто зам, тээврийн цагдаагийн албанынхан хуралдлаа. Хотын дарга Б.Пүрэвдагва замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах, түгжрэлийг бууруулах, иргэдийн замд зарцуулах цагийг хэмнэх чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

Хотын дарга Б.Пүрэвдагва “Нийслэлийн хэмжээнд шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа, шатахуун түгээлтийн үеийн автомашины оочероос үүдэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Иймд түгжрэлийг нэмэгдүүлж буй хүчин зүйлсийн нэг болох шатахуун түгээлтийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор нийслэлээс хяналтын ажлын хэсэг байгуулан, маргааш ажлыг эхлүүл. Нийт 264 шатахуун түгээх станцад хяналт тавина. Шатахуун түгээх станцууд шатахууны нөөц, түгээлтийн нөхцөл байдлын талаар иргэдэд мэдээлэл өгөх, нөөц хангалттай үед түгээлтийг саатуулахгүй, олон түгээгүүрээр шуурхай үйлчлэх, зохиомол түгжрэл үүсгэхгүй байх шаардлагатай” гэдгийг онцлов.
Шатахуун түгээх станцуудыг төрийн болон нийслэлийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриаллаа.

Хотын дарга Б.Пүрэвдагва шатахууны нөөцтэй атлаа борлуулалтаа хязгаарлаж, зохиомол дараалал үүсгэсэн зөрчил тогтоогдвол тухайн шатахуун түгээх станцын газар эзэмших эрх болон үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл захиргааны арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэв. Хуралдааны төгсгөлд нийслэлээс түгжрэлийг багасгах зорилгоор нийтийн тээвэр, сургууль, авто зам, дугуйн замын хүртээмжтэй байдал, ухаалаг гэрлэн дохио, их багтаамжийн тээвэр гэсэн зургаан чиглэлээр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байгааг танилцууллаа.








Улстөр нийгэм
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь арьс шир, ноос, ноолуур, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, мах боловсруулах үйлдвэр болон хүнсний агуулах гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нийт 539 га талбайг хамарна. Тус парк нь жилд 7.5 сая ширхэг арьс шир, 25.5 мянган тонн мах, 3.0 мянган тонн ноолуур, 5.8 мянган тонн ноос болон бусад түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн Ерөнхий инженер Т.Батдондог: “Одоогийн байдлаар паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт-ын дулааны цахилгаан станцын зуух, турбин генераторын барилга, оффисын барилга болон яндангийн суурийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын хүрээнд зуух, турбины туслах тоноглолын аяган суурийн эхний үеийн бетон цутгалт, аяган суурийн хэв хашмал угсралт, босоо баганан суурийн арматур угсралт, зуухны яндангийн суурийн арматур угсралт болон оффисын барилгын суурийн хөрс нягтруулалтын ажлыг гүйцэтгэж байна. 2026 оны аравдугаар сарын эцэс гэхэд барилга байгууламжуудын суурийн ажлыг бүрэн дуусгаж, бетон цутгалтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн. Төслийн хүрээнд Эрчим хүчний үндэсний төв болон паркийн инженер техникийн албаны ажилтнууд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байна” гэв.


Аж үйлдвэрийн паркийн нутаг дэвсгэрт хамгаалалтын бүсийн хашаа барих, бизнес инкубатор болон сургалтын төв байгуулж, үйлдвэрлэл эрхлэгчдийг хүлээн авах суурь нөхцөлийг бүрдүүлжээ. Үйлдвэрлэлийн нэгжүүдийг үе шаттайгаар паркийн талбайд төвлөрүүлэхийн зэрэгцээ цахилгаан, ус хангамж, цэвэрлэх байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээ зэрэг үндсэн дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэх юм.



“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь үндсэн хоёр зорилгыг хэрэгжүүлэх төсөл юм. Нэгдүгээрт: Арьс шир, дайвар бүтээгдэхүүнийг хаягдалгүй боловсруулж, түүхий эдийн ашиглалтыг нэмэгдүүлнэ. Ингэснээр хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд суурилсан кластер үйлдвэрлэлийг нэг дор цогцоор нь хөгжүүлэх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт: Улаанбаатар хотын суурьшлын бүс буюу Хан-Уул дүүргийн 20 дугаар хороон дахь арьс ширний үйлдвэрүүдийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн талбайд нүүлгэн шилжүүлснээр үйлдвэрлэлийг төвлөрүүлж, малын гаралтай түүхий эдийг бүрэн ашиглах нөхцөл бүрдэх юм.


Төсөл бүрэн хэрэгжсэнээр 5,600 гаруй тогтвортой ажлын байр бий болж, оруулсан хөрөнгө оруулалтыг 6–7 жилийн хугацаанд нөхөхөөр тооцоолжээ.


-
Цаг үе2024/09/12
Монгол Улсын Далайн захиргаа, БНСУ-ын Далайн институт хооронд санамж бичиг байгу...
-
Улстөр нийгэм2020/03/13
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзав
-
Улстөр нийгэм2020/07/23
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт д...
-
Цаг үе2025/02/12
Эмгэнэл
