Цаг үе
Ховд аймагт "Ковид-19" халдварын зөөвөрлөгдсөн 2 тохиолдол бүртгэгдлээ
Коронавирусний халдвартай 2 иргэн, автобусны жолооч, хамт ирсэн зорчигчид нийт 41 иргэнийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хот руу тээвэрлэнэ.
Ковид-19 цар тахлын дотоодын халдварын улмаас манай аймгийн цөөнгүй иргэд Улаанбаатар хотод түр саатаад байсан. Тэдгээр иргэдийн хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эхний ээлжийн иргэдээ хүлээн авсан. Нийтийн тээврийн 5 автобусаар ирсэн иргэдээс Дарви сумын хяналтын пост дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлсэн.
Нэг гэрт амьдарч байсан 3 иргэний /эгч дүүс/ шинжилгээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарч сорьцыг БОЭТ-ийн лабораторит авчран PCR-ийн шинжилгээ хийхэд мөн эерэг гарсан байна. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу дахин баталгаажуулалт хийснээр хоёр нь эерэг, нэг нь сөрөг гарч Ховд аймагт Коронавирусний халдварын зөөвөрлөгдсөн 2 тохиолдол бүртгэгдлээ.
Уг иргэд 01 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод шинжилгээ өгч 25-нд автобусанд суусан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Эхний ээлжинд сорьц шинжилгээний хариу, БОЭТ, Халдвартын тасгийн бэлэн байдал, эм тарианы нөөц ямар байгаа талаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонслоо.
Дараагаар нь хязгаарлалтын дэглэм тогтоох тухай Засаг даргын захирамж гарган баталлаа. Хуулийн дагуу болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс 01 дүгээр сарын 26-ны 20 цагаас 29-ны 00 цаг хүртэл Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.
Халдвартай болон хавьтагч иргэд /автобусын жолооч, зорчигчид/ нийт 41 хүнийг Дарви суман дээр тусгаарлалтад байлгасан ба тэдгээр иргэдийг 01 дүгээр сарын 27-ны өглөө Дарви сумаас тусгай машинаар гаргасан маршрутын дагуу Нисэх онгоцны буудал руу авч ирж мөн өдрийн өглөө Улаанбаатар хот ХӨСҮТ-рүү тусгай үүргийн онгоцоор журмын дагуу тээвэрлэхээр бэлтгэл ажлаа бүрэн хангаж, ажлын хэсэг байгууллаа.
Хот хоорондын нийтийн тээврээр зорчиж буй иргэдээс халдвар илэрч байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хаагаад байна. Өөрөөр хэлбэл аймгуудын иргэдээ татан авах ажлыг бүрэн зогсоолоо.
Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тасралтгүй хяналт тавих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллахыг сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо.
Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


-
Шударга мэдээ2023/04/10
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэлтийг эхлүүллээ
-
Цаг үе2020/05/08
Фронт Цэгмид гуайд Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалийг гардуул...
-
Шударга мэдээ2020/08/05
Амралтын газар, жуулчны баазуудад хамтарсан үзлэг шалгалт хийж байна
-
Цаг үе2024/12/10
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын 30 автомашин хүлээлгэн өглө...
