Шударга мэдээ
УОК: "Нарантуул"-д худалдаа эрхэлдэг 4700 иргэнийг вакцинжуулна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан задгай талбайд худалдаа эрхлэгчдийг хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэж үзэн вакцинжуулах хүсэлтийг холбогдох газруудад уламжилж, "Нарантуул", "Баялаг ундраа", "Дүнжингарав" зэрэг томоохон худалдааны төвүүдэд худалдаа эрхэлдэг хүмүүсийг нэн даруй буюу энэ сарын 30-ны өдрөөс вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
“Нарантуул" олон улсын худалдааны төвд 8000 орчим түрээслэгч худалдаа, үйлчилгээ эрхлэн, иргэдэд үйлчилдгээс задгай талбайд худалдаа эрхлэгч 4700 орчим иргэн вакцинжуулалтад хамрагдах хүсэлтээ ирүүлсэн байна.
Шударга мэдээ
Дүүрэг бүрт тандалт, хариу арга хэмжээний багийг байгуулна
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг түргэн шуурхай илрүүлж, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор дүүрэг бүрт тандалт, хариу арга хэмжээний багийг байгуулж Эрүүл мэндийн нэгдсэн төвүүд хариуцахаар боллоо.
Тандалт, хариу арга хэмжээний багийг дүүргүүдэд байгуулснаар ХӨСҮТ-ийн ачаалал буурч, тухайн дүүргийн хэмжээнд халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдэд цаг алдалгүй арга хэмжээ авах нөхцөл бүрдэж байгаа юм.
Өмнө нь ХӨСҮТ дүүрэг бүрээс дуудлага хүлээн авч, иргэдэд хүрч ажиллахад ачаалалтай байсан бол өнөөдрөөс дүүрэг бүрт хариу арга хэмжээний баг ажиллаж иргэн бүрт хүрч ажиллах боломжтой болж буй юм. Энэ хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Л.Энхболдын хамт Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хариу арга хэмжээний бэлэн байдал, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг сонсч, шийдвэрлэв.
Cүхбаатар дүүргийн хувьд 230 гаруй иргэд гэрээр тусгаарлагдсан бөгөөд Өрхийн Эрүүл мэндийн төв хяналт тавин ажиллаж байна. Цар тахлын үед эрүүл мэндийн салбарынхан өдөр шөнөгүй зүтгэж байгааг Шадар сайд онцлоод, нийт эмч, ажилчид, өрхийн эмч нар, резидентүүдэд илүү цагийн цалин урамшуулал болон утас, унааны зардлыг онцгой үед нэмж олгох шийдвэр гаргахаар судалгаа тооцоо хийж байгаа талаар мэдэгдлээ. Мөн тус дүүрэгт эмч ажилчдын нөөц бололцоог нэмэгдүүлэх чиглэлийг нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгөв.
Ойрын болон дам хавьтал болсон иргэдэд эмнэлгийн үйлчилгээ түргэн шуурхай хүрч, тухайн иргэний эмнэлзүйн шинжээс нь хамаарч тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлаж ажиллах юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
Шударга мэдээ
Хилээр нэвтрэх ачаа эргэлтийг түргэсгэхэд анхаарна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа. БНХАУ-ын Эрээн хот руу орох, гарах автотээврийн хөдөлгөөнийг БНХАУ-ын тал түр хугацаагаар хязгаарласнаас хүнс, ачаа тээврийн эргэлт саатаж байгааг хэвийн болгох талаар ярилцлаа.
Цар тахалтай холбогдуулан тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлж байгаа нь эргэлт саатах шалтгаан болж байгааг Элчин сайд хэлээд, үүнд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх, ялангуяа гэрээний дагуу вакцин худалдан авах, худалдаа, эдийн засгийн харилцааг аль болох хэвийн явуулахаар тохиролцов гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Шударга мэдээ
Халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн асуудлыг ХЭҮК шалгана
Иргэн С нь нэр бүхий Улсын Их Хурлын гишүүн халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээллийг 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цахим орчинд мэдээлжээ. Энэ мэдээллээс үүдэлтэй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын удирдаж байсан байгууллагуудад алба хашиж байсан эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулдаг, бэлгийн хүчирхийлэл үйлддэг, заналхийлдэг гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж байна.
Монгол Улсын хууль тогтоомжинд заасны дагуу тодорхой хувь хүн, эрх бүхий байгууллагад албан ёсоор гомдол, мэдээлэл ирүүлсний дараа хэргийг мөрдөн шалгах, гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа хийгддэг. Иймд хохирсон гэх иргэд Хүний эрхийг Үндэсний Комисс болон цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл ирүүлэхийг, хамтран ажиллахыг уриалж байна.
Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд гарсан эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, бэлгийн дарамт учруулсан, заналхийлсэн гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг шуурхай шалгаж, үр дүнг Хүний эрхийн Үндэсний Комисс, олон нийтэд танилцуулахыг цагдаа, прокурорын байгууллагаас шаардаж байна. Эдгээр гомдол, мэдээллийг шалгах, гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангаж буй байдалд Хүний эрхийн Үндэсний Комисс хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд идэвхтэй хяналт тавьж ажиллах бөгөөд эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаарх саналаа холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах болно.
Цахим орчинд гарч байгаа гомдол мэдээллийн талаар байр сууриа илэрхийлэх, тайлбар хийхийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Танд зөвлөж байна.
УИХ-ын гишүүний холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн талаарх иргэдийн мэдээллийг хууль тогтоомж, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд заасны дагуу нээлттэй хэлэлцэж, мэдээлэл үндэслэлтэй нь тогтоогдсон тохиолдолд хохирогчдыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, буруутай этгээдэд хариуцлага тооцохыг УИХ-ын Ёс зүй, сахилга, хариуцлагын хорооноос хүсч байна.
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС
2021 оны 04 дүгээр сарын 14
-
Чөлөөт цаг2020/10/30
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
-
Чөлөөт цаг2020/07/29
Швейцарын Холбооны Улс дахь Монгол иргэдийн анхааралд!
-
Чөлөөт цаг2020/11/05
Өмнөговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо
-
Улстөр нийгэм2019/11/15
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн батлав