Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо

Огноо:

,

Улсын Онцгой комиссын хуралдаан энэ сарын 19-ний өдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсч, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг даалгавар өглөө.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан  “2019 онд Улсын хэмжээнд 502 мянган га-д үр тариалалт хийсэн. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Сэлэнгэ аймгийн зарим бүс нутгаар ургац хураалт олон жилийн дундаж буюу хэвийн. Харин Төв, Хэнтий, Дархан-Уул, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ аймгийн зарим сумдад ургац бага байх төлөв ажиглагдаж байна гэлээ.

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар “Өвлийн бэлтгэл ажил зам тээврийн хөгжлийн яамны хэмжээнд 34.28 хувийн биелэлттэй байна. Энэ эрчээрээ ажиллавал ирэх арваннэгдүгээр сарын 20 гэхэд өвлийн бэлтгэл ажлаа бүрэн хангаж дуусна” хэмээн мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “2019-2020 онд нийслэлд нийт 1,311 ажил төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 67 хувьтай байна. Үүнийг 2018 оны мөн үетэй харьцуулбал 2.3 хувиар давуу биелүүлжээ.  Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийн хангахад анхаарч байгаа гол асуудал нь сайжруулсан түлшийг нийлүүлэх тээвэрлэх, иргэдэд хүргэх асуудал юм. Үүнээс гадна шаардлагатай хяналтуудыг тавих хэрэгтэй учраас энэхүү ажлыг нийслэлийн хэмжээнд ажил хариуцсан байгууллагуудын оролцоотойгоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” гэв.

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин “2019 оны долдугаар  сарын сүүлийн хагас, наймдугаар сарын эхний 10 хоногт нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орлоо. Тунадасны нийлбэр хэмжээг авч үзвэл, хамгийн их тунадас Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Булганы хойд, Хөвсгөлийн зүүн хойд, Архангай Өвөрхангайн зааг нутгаар, Дорнодын зарим сумдад 105-181 мм хур тунадас орсон. Энэ хугацаанд ихэнх нутгийг хамарсан 14 удаагийн мөндөр орсон байна.  Наймдугаар сарын 24-26 болон 28-31-нд ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байна. Энэ сарын эцсээр уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр агаар хөрсөнд цочир хүйтрэх төлөвтэй байна. Есдүгээр сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг олон жилийн дунджаас сэрүүн, Дорнодын өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим температуртай байна” хэмээн мэдээлсэн юм.

Харин Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар “Он гарсаар улсын хэмжээнд долдугаар сарын байдлаар нийт 3692 удаагийн аюулт үзэгдлэ тохиолдож, нийт 160 хүн амь насаа алдаж, 54 хүн бэртэж гэмтэн, 26.050 толгой мал, амьтан хоргодож, 30,8 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд зориулж Засгийн газрын гурван удаагийн хуралдаанаар нийт 11,1 тэрбум төгрөгийн шийдвэрлүүлсэн. Харин аймаг, нийслэлийн Засаг даргын нөөц сангаас нийт 2,6 тэрбум төгрөгийг зарцуулсан байна” хэмээн танилцууллаа.

 Мэдээллийн дараа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн юм.

 Үүнд:

Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт:

-Орон нутгийн хүч бололцоогоо бүрэн дайчлан, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулж, нийслэл, аймаг, сум, дүүргийн авбал зохих хадлан тэжээлийг заасан хэмжээнд бэлтгэх, Засгийн газрын “Маш нууц” тогтоолоор улсын нөөцөд өвс худалдан авах, зарцуулах асуудалд өөрчлөлт оруулсан тул  энэ жилээс эхлэн аймаг, сумдын аюулгүйн нөөцөд өвс бэлтгэх ажлыг өөрсдийн хөрөнгөөр зохион  байгуулах;

- Намрын ургац хураалтын ажлыг сайтар зохион байгуулж, тариаланчдад дэмжлэг үзүүлэх;

-Аймгуудын  төвлөрсөн дулаан хангамж болон барилга байгууламжийн цахилгаан, сантехник, уурын зуух, дулаан хангамжийн  бэлэн байдлыг хангах;

- Аймаг, сумдын барилга байгууламжийн цахилгаан, сантехник, уурын зуух, дулаан хангамжийн  бэлэн байдлыг хангах;

- Авто замын аюулгүй байдлыг хангах үүднээс Авто зам засвар, арчлалтын компаниудад давс, үнс, хайрга, дайргыг зардал багатай, шуурхай татан нөөцлөх ажилд дэмжлэг үзүүлэх;

-Усан замаар зорчиж буй тээврийн хэрэгсэл, ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах;

- Аймаг, сумдын хэмжээнд мал мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх;

-Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ, малын дархлаажуулалт, угаалга, боловсруулалт, туулгалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийг далайцтай явуулах;

-Малчдыг малаа даатгалд хамруулах ажлыг идэвхтэй зохион байгуулах;

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд:

-Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл, мах, гурил зэрэг өргөн хэрэглээний барааны үнийн тогтвортой байдлыг хангах, орон нутагт мал, махны бэлтгэл, экспорт,  ургац хураалтын ажлын явцыг шалган туслах ажил зохион байгуулах Ажлын хэсгийг томилон ажиллуулах;

  -2019-2020 оны өвөл, хавар отор нүүдэл хийх малчдын судалгаа, оторлох малын тоо, толгойг аймаг, орон нутгаар нэгтгэж гаргах;

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд:

- Эрчим хүчний эх үүсвэр, нэгдсэн сүлжээний тасралтгүй, найдвартай байдлыг ханган ажиллуулах, гамшгийн үед хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тодотгол хийх;

-Дулааны цахилгаан станцуудын шугам сүлжээний шинэчлэл, их болон урсгал засварыг тогтоосон хугацаанд горимын дагуу хийж дуусгах;

-Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, түгээлтийн явцад байнгын хяналт тавих;

-Сум бүрийг дизель станцтай болгох ажлыг эрчимжүүлж, шаардагдах хөрөнгийн асуудлыг холбогдох сайдын багц болон орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлэх;

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод:

-Шаардлагатай тохиолдолд намрын ургац хураалтын ажилд цэргийн алба хаагчдыг дайчлан оролцуулах бэлтгэлийг хангах;  

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд:

-Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөт хугацаанд чанартай хийж гүйцэтгэх;   

-Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайхын чиглэлийн авто замын ажлын гүйцэтгэлд онцгой анхаарч, удирдлагаар хангаж ажиллах;

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд:

-Эмнэлгийн барилга байгууламжуудын засварыг яаралтай дуусгах;  

-Гэнэтийн осол аваарын үед ажиллуулах цахилгааны нөөц эх үүсвэрийг бэлэн байлгаж, онцгой байдлын үед ажиллах эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг томилгоожуулан дадлагажуулах;

-Томуу, томуу төст өвчний дархлаажуулалтад шаардагдах хөрөнгийг Сангийн яамтай хамтран шийдвэрлэж, вакцинжуулалтыг 2019 оны 10 дугаар сарын 15-нд эхлүүлэх,

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт:

 -Боловсролын салбарын сургууль, цэцэрлэгүүдийн их засварын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө төлөвлөсөн хугацаанд чанартай хийж гүйцэтгэх;

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад:

-Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч урьдчилан сэрэмжлүүлэх болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг ард иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлыг зохион байгуулах;

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд:

-Засгийн газрын 2019 оны 270, 285 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын хэмжээнд зохион байгуулж буй ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахыг тус тус үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Монголын Ардчилсан Холбоо Ардчилсан хувьсгалын 34 жилийн ойг тохиолдуулан мэдэгдэл гаргалаа

Огноо:

,

Монголын Ардчилсан Холбооноос ард түмэндээ хандан мэдэгдэл гаргаж, ардчилсан хувьсгалын 34 жилийн болж байгаа ч энэ ойг тэмдэглэж баярлах шалтгаан алга, бид ийм улс орныг хүсээгүй хэмээн онцоллоо. 

Тэртээ 1989 оны 12-р сарын 10-нд ардчиллын анхны цуглаан тухайн үеийн  Хүүхэд залуучуудын Соёлын төв /одоогийн Улаанбаатар чуулга / -ын гадаа болж байсан юм. Өнөөдөр тус газарт Монголын Ардчилсан холбооны дэд дарга П.Нүрзэд, Бодлого, үйл ажиллагааны хэлтсийн дарга Ж.Цэсэн болон  Ардчилсан холбооны үе үеийн төлөөлөл болсон гишүүд хэвлэл мэдээллээр дамжуулан мэдэгдлийг олон нийтэд хүргэлээ.

Мэдэгдлийг уншиж олон нийтэд сонордуулах үеэр 1989 оны 12 дугаар сарын 10-нд яг энэ газарт өргөж жагсаж байсан лоозонгууд хэвээр байгааг сануулж, хуучин лоозонгуудыг барьж гарч ирсэн байна. Ардчилсан хувьсгалын 34 жилийн ой тохиож байгаа хэдий ч баярлахаас илүүтэй харуусан алдаа оноогоо дэнслэх учиртай түүхэн цаг үетэй нүүр тулсныг санууллаа.

Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.



МЭДЭГДЭЛ
 
 МоАХ-ны үе үеийн гишүүд, дэмжигчид ээ!

Нийт Монголчууд аа! 

Ардчилсан хувьсгалын 34 жилийн ой тохиож байгаа хэдий ч баярлахаас илүүтэй харуусан алдаа оноогоо дэнслэх учиртай түүхэн цаг үетэй нүүр туллаа. Цагаан морин жилийн хөр цаснаар хөх туган дор эхлүүлсэн Монголын ардчилал, ард түмний хүсэн мөрөөдөж  зүтгэсэн  тэр нийгэм хаачив аа? 

Монголчууд бид:
-Амьд явах эрхээ алдсан
-Авлигачдын өлмийд бөхийсөн
-Өдөр ирэх тутам үгүйрэн ядуурч, өвчин, өрөндөө баригдсан 
-Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ боомилуулсан
-Бүтээмжит бизнесийн боломжоо хясуулж, нэг улсаас хэт хараатжсан
-Газар, газрын хэвлийн баялгаа гадныханд алдсан 
-Алдагдалтай төсвөөс тэрбумтнууд  төрсөн
-Төрийн сонгуулиа ч шударга явуулж чадахгүй МОНГОЛ УЛСЫГ ХҮСЭЭГҮЙ.

Өнгөрсөн хугацаанд тогтсон олигархи дэглэм Монгол  үндэстний оршин тогтнохуйд  заналхийлээд удсаныг бүрэн ухамсарлах ёстой.  Монгол Улс  авлигын индексээрээ  дэлхийд  2017 онд  103- т орсон бол 2022 оны байдлаар   116-р байранд   бичигдэж сүүлийн таван жилийн дотор авлига нь  хурдтай өсөж буй арван орны нэгээр тодорлоо.   Мөн ардчиллын индекс 2021 онд 61- т байсан бол  2023 онд 77-р байранд ортлоо ухарч дэлхийн хуурамч ардчилалтай улсын тоонд багтсан төдийгүй ардчиллын үнэт зүйл - хэвлэлийн эрх чөлөөний  индексээрээ  88  дугаарт шигджээ.  Дэлхий нийтийн бидэнд өгсөн бодит үнэнтэй нүүр тулж яг одоо шийдвэрлэх алхам хийхгүй  бол цаг үлдсэнгүй. Алгуурлаваас ирээдүй үгүй юм. 
 
Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн нам нэрийн доорх гэмт бүлэглэлүүд өөрсдөдөө зориулж хууль батлах замаар улс орноо, ард түмнээ тонон дээрэмдэж байна. Ийм дээрэмтэй МоАХ хэзээ ч эвлэрч чадахгүй!

Сөрөг хүчингүй шахам өнгөрсөн найман жилийн дотор улс орноо авлигад бүрэн автуулж, үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилж, тусдаа авлигын шүүх байгуулахаар зүтгэж, эх орныхоо газар шороог гадныханд 100  жилээр эзэмшүүлэх хууль санаачлан батлуулах гэсэн МАН-ын олон гэмт үйлдлийг МоАХ хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй! 

1992 оноос хойшхи 8 сонгуульд 5 удаа ялсан МАН  Монгол Улсын Үндсэн хуульд заасан  иргэдийн үзэл бодлын сайн дурын  нэгдлийн мөн чанараа аль хэдийнээ гээж, бохир мөнгөөрөө сонгуулийн үр дүнг өөрчлөн, ардчиллын нэр хүндийг гутааж жигшүүлэх зорилгоор сөрөг хүчнээ худалдан авч удирдлагад нь гэмт хэрэгтнүүд  томилж, ёс суртахуунаа уландаа дэвслээ. МАН эцэстээ  тоглоомын улс төрийн хүчин захиалж,  ард түмнээ хуурч мэргэшжээ.  
Монгол Улс өдөр ирэх тусам доройтож, үнэнийг илчилсэн бүхэн адлагдан шоронгийн хаалга татаж, шударга ёс гудамжинд суугаа өнчин хүүхэд мэт цурхиран уйлж, эцэг өвгөдийн ариун голомт үнсээ хийсгэсэн мэт хөсөр хаягдахыг ардчиллын эцэг, Монгол Улсын баатар - МоАХ хэрхэвч  хүсэхгүй!

Эртний их түүхтэй, эрхэт төртэй Монгол Улсын маань мандан буурах мөч бүртээ  үндэсний үзэлд зангилагдан  нэгдэж ирснийг бид мартаагүй. Тиймээс эх орон, элгэн түмнээрээ уруудан доройтож яваа энэ цаг дор алтан соёмбот хөх туган дороо нэгдэж эх орноо олигархиудаас  хамгаалахыг  үе үеийн ардчилагч нартаа, ард түмэндээ  хандан  уриалж байна.  Олигархи дэглэмийг халж улс орноо өөд нь татахаар сэрж нэгдэцгээе!  “Олны хүч оломгүй далай ” гэсэн ардынхаа мэргэн үгийг санахтун. 

Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.    
 
УДИРДАХ ЗӨВЛӨЛ”
 
Мөн 1989 оны 12 дугаар сарын 10-нд тавьж байсан  14 шаардлагууд өнөөдрийг хүртэл ихэнхи нь хэрэгжээгүй байгааг санууллаа. Энэхүү 13 шаардлагыг эргэн сануулахад :
 
Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монголын Ардчилсан холбооны гишүүдийн цуглаанд оролцогчдоос МАХН-ын төв хорооны VII  бүгд хурал, БНМАУ-ын Ардын Их Хурлын VIII чуулганд өргөн барих бичиг
Улаанбаатар                                                             1989 оны12 сарын 10

Цуглаанд оролцогчид бид МАХН-аас дэвшүүлсэн  өөрчлөн байгуулалтыг бүрэн дүүрэн дэмжиж энэ үйлсэд чин сэтгэлээсээ мэдлэг чадварынхаа хэрээр хүчин зүтгэхийг илэрхийлэхийн хамт өөрчлөн байгуулалт шинэчлэлийн явц, тус улсын нийгэм, улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал, цаг үеийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх шаардлагыг хангахгүй байгаад сэтгэл гүнээ зовниж буй учир дор дурдсан зүйлүүдийг Монголын Ардчилсан холбооны улс төрийн шаардлага болгон дэвшүүлж байна. Үүнд:

А. БНМАУ-ын Үндсэн хуулинд дараахь өөрчлөлтийг оруулах,

1. Намаас төр засгийн үйл ажиллагааг шууд удирдан чиглүүлэх замаар нөлөө үзүүлэх явдлыг зогсоож  тус улсын улс төрийн амьдралыг олон намын системийн үндсэн дээр зохицуулах зарчмыг хууль эрхийн баталгаатай болгож АИХ-аас намын тухай хууль боловсруулан гаргах.
2. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тодорхойлсон хүн ард иргэдийн дархан эрхийг төр, засаг намын үйл ажиллагаанд дээдлэн хүндлэх зарчмыг хатуу мөрдүүлэх.
3. БНМАУ-ын АИХ-ыг байнгын ажиллагаатай парламентын хэлбэрт оруулж түүний дэргэд хүний эрхийг хамгаалах ардын сонгуульт зөвлөл байгуулах
4. Үндэсний эрх ашгийг хөндсөн нийгэм, улс төр, эдийн засгийн асуудлыг бүх ард түмнээр ил тод хэлэлцүүлэх, орон нутгийн эрх ашгийг хөндсөн асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдын саналыг авах замаар шийдвэрлэж байх зарчмыг АДХ-ын ажлын мөрдлөг болгох.

B. Өөрчлөн байгуулалт шинэчлэлийг хэрэгжүүлэх үйлсэд дараах арга хэмжээг даруй авах.
1. БНМАУ-ын сонгуулийн системийг үндсэнд нь шинэчлэн АИХ-ын  депутатуудыг сонгох бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагас жилд багтаан явуулах

2.Эдийн засгийн механизмыг хөдөлгөгч гол хүчин зүйл болох социалист зах зээлийн концепцийг боловсруулан бүх нийтээр хэлэлцүүлэх.

3. Банкны сүлжээг өргөтгөн, түүнийг БНМАУ-ын Сн3-ийн мэдлээс  гаргаж, АИХ-д ажлаа тайлагнадаг эрх бүхий байгууллагын статус бий болгох.

4. Хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох

5.Тусгай хангамжийг устгах.

B. БНМАУ-ын социалист хөгжлийн замыг дүгнэн цэгнэхэд дараах тодотгол хийх,

1. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын үйл ажиллагаа, тэдгээрийн дур зоргоороо авирлах бодлогыг дуулгавартай гүйцэтгэн ирснээрээ алдаа дутагдлыг нь дэвэргэн гааруулсан тодорхой нэр бүхий эздийг илрүүлж ард түмнээр шүүн хэлэлцүүлэх зорилгоор олон нийтийн комисс байгуулах

2. БНМАУ-ын түүхийн явцад хэлмэгдсэн үй олон эх оронч зүтгэлтэн, жирийн иргэд, ардын эмч домч, лам мэргэдийг нэр устай нь нэг бүрчлэн тогтоож түүхэнд гэгээн дурсгалыг нь мөнхжүүлэн хэлмэгсдийн өмнө МАХН алдаагаа хүлээж тэдний ар гэрт зохих хохирлыг нөхөн олгох.

3. БНМАУ-ын  болон МАХН-ын түүхийг үнэн бодитой шинэчлэн боловсруулах явцад ард түмний нэгдэлжих хөдөлгөөнийг дээрээс албадан тулгасан,  700 гаруй сүм хийд, түүх соёлын дурсгалт зүйл, ном судрыг устгасан,1956 онд  БНУУ, 1968 онд  БНСЧСУ-ын дотоод хэрэгт зэвсэгт хүчээр хөндлөнгөөс оролцсон явдлыг сайшаан дэмжсэн зэрэг үйл ажиллагаандаа МАХН-аас улс төрийн зохих дүгнэлт хийх.

4. Монголын Ардчилсан холбооноос дэвшүүлэн тавьж буй эдгээр шаардлагуудад албан ёсны нухацтай хариу өгөхийг МАХН-ын төв хорооноос хүсч байна. Олон улсын хүний эрхийн өдрийг бүх ард түмний ардчиллын баяр болгон тэмдэглэж байхыг цуглаанаас санал болгож байна.
                                
Монголын Ардчилсан Холбоо
 
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн асуудлыг яаралтай шалгахыг Засгийн газарт чиглэл болгов

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлогын үндсэн цөмд улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл байдгийг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр хэлэв.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг илт зөрчин Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил болсон.  Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцгой анхаарал хандуулж, энэ асуудлыг яаралтай шалган, үр дүнг ард иргэдэд нээлттэй, ил тод мэдээлэхийг Засгийн газарт чиглэл болгосныг тодотгов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал,  “Монгол Улсын иргэн өмчилсөн газраа гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд шилжүүлж болохгүй. Төрийн байгууллагын эрх бүхий зөвшөөрөлгүйгээр эзэмшүүлж, ашиглуулж болохгүй гэж Үндсэн хуульд заасан” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлд,

“Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаа

Газар эзэмшилт, ашиглалтыг шалгах тухай

Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байж, нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны хувьд хуваагдахаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан.

Монгол Улсын газар нутгийн халдашгүй дархан байдал, түүнийг сахин хамгаалах нь монгол төрийн үндсэн үүрэг, үндэсний аюулгүй байдлын нэн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн.

Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр улсын үндэс, тусгаар тогтнолын баталгаа болсон Монгол Улсын газрыг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчиж гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн талаарх баримт, мэдээллийг гаргаж тавилаа.

Иймд Монгол Улсын Засгийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшилт, ашиглалт, бүртгэл, түүний хяналтын асуудлаар холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж, энэ талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээллийг шуурхай танилцуулж ажиллахыг чиглэл болгож байна” гэжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав

Огноо:

,

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттаг эх орондоо бүр мөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зэрэг нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Италийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв.

Элчин сайд Лаура Ботта түүнийг Монгол Улсад ажиллах хугацаанд хоёр талын харилцааг урагшлуулах хамтын зорилтыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэн, нягт хамтран ажилласан төр, засгийн байгууллагад талархал илэрхийлэв.

Элчин сайд Лаура Ботта нь 2019 оноос хойш манай улсад ажиллахдаа хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд хамтын ажиллагааг дэмжих, “Монгол-Италийн нэхмэлийн технологийн төв”-ийг Улаанбаатар хотноо байгуулсан зэргээр хоёр талын харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит үр дүн гарган ажилласан.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд Лаура Боттагийн цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэж, Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгав. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2023/12/08

Монголын Ардчилсан Холбоо Ардчилсан хувьсгалын 34 жилийн ойг тохиол...

Улстөр нийгэм2023/12/08

Газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн асуудлыг яаралтай...

Улстөр нийгэм2023/12/08

Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав...

Цаг үе2023/12/08

Томоохон зам, даваануудад хүчтэй цасан шуурга шуурч үзэгдэх орчин хя...

Цаг үе2023/12/08

Аюулгүй байдлаа хангаагүй 3928 зөрчил илрүүлэн, 545 зөрчлийг арилгуу...

Улстөр нийгэм2023/12/08

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоов

Улстөр нийгэм2023/12/08

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хороол...

Улстөр нийгэм2023/12/08

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хууль”-и...

Шударга мэдээ2023/12/08

“Ахмад настны тухай” хууль тогтоомжид ямар агуулгатай зү...

Цаг үе2023/12/08

Монгол Улсад боловсролын чанарын ялгаа хаана хамгийн их байна вэ

Санал болгох