Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Огноо:

,

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2021.06.23) хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хийв.

Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хороо 2021 оны 9 дүгээр тогтоолоороо “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, С.Бямбацогт, Х.Ганхуяг, Б.Дэлгэрсайхан, М.Оюунчимэг, Ц.Сэргэлэн, Г.Тэмүүлэн  нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Ажлын хэсэг хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу тогтоолын төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлсэн болохыг С.Чинзориг гишүүн танилцуулгадаа дурдсан. Тодруулбал, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10.1-д “Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, …, Засгийн газрын … үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулсан байх;” гэж, 6.10.2-т заасан “санхүүжилтийн баталгаат эх үүсвэртэй, хариуцах эзэнтэй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нь батлагдсан тухайн жилд хэрэгжих төсөл, арга хэмжээний задаргаа байх” гэж тус тус заасантай нийцүүлсэн байна.

Төслийн хавсралтад эшлэсэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, холбогдох зорилтууд болон “Засгийн газрын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний холбогдох заалтуудыг төслөөс хасч, “Засгийн газрын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн холбогдох зорилтуудыг эшлэх өөрчлөлтийг хийсэн байна. Төслийн хавсралтын “Зорилт, арга хэмжээ” гэсэн 3 дугаар баганыг хуульд нийцүүлэн “Төсөл, арга хэмжээ” гэж өөрчилж, түүний хүрээнд дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичигт заасан тэр хэвээр тавьсныг тухайн зорилтод хүрэхийн тулд 2022 онд хэрэгжүүлэх тодорхой төсөл, арга хэмжээ болгон өөрчилжээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Тогтоолын төслийн хавсралтын ““Ковид-19” цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого” гэсэн Нэгдүгээр бүлгийг “1.1.1 Монгол Улсад тархаж буй коронавируст халдварын геномын дараалал, бүтцийг тодорхойлох, вакцинжуулалтын дараах дархлаа тогтцын байдлыг үнэлж дархлаа тогтох хугацааг тодорхойлох: 1.1.3 Зоонозын өвчин судлалын төвийг 2 аймагт байгуулах; - хил дагуух 10 боомтод тандалтын нэгж байгуулах; 1.1.4 Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн эм эмнэлэгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийн агуулах шинэчлэн барих барилгын ажлын явцыг эхлүүлж, 30 хувьд хүргэх; 1.1.5 Таван аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвийг полимеразын гинжин урвалын шинжилгээ хийх төхөөрөмжөөр хангаж, ашиглалтад оруулах; 1.1.6 Ерөнхий боловсролын 100 сургуульд сургалтын удирдлагын системийг нэвтрүүлж, цахим хичээлийн санг сонголттойгоор бүрдүүлэх.” гэж өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжив.

Төслийн хавсралтын “Хүний хөгжлийн бодлого” гэсэн Хоёрдугаар бүлгийн төсөл, арга хэмжээг “2.1.1 Зүрх судасны төвийн барилгын ажлыг эхлүүлэх; 2.1.2 -Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг эхлүүлэх; -Төв ашиглалтад ороход шаардлагатай нөөцийн тооцоолол хийх; 2.1.3 Сүрьеэгийн эмнэлэгийн барилгын ажлыг эхлүүлэх; 2.1.4 Геронтологийн төвийн барилгын ажлын явцыг 70 хувьд хүргэх; 2.1.5  Орон нутагт яаралтай тусламжийн 10 цэг байгуулах; 2.1.6 Баянзүрх дүүрэгт барих 300 ортой эмнэлэгийн барилгын зураг төсвийг хийж, барилгын ажлыг эхлүүлэх; 2.1.8 Эрүүл мэндийн салбарын 26 байгууллагад мэдээллийн сүлжээний дэд бүтэц бий болгох; 2.1.9 Эрүүл мэндийн байгууллагын 50 хувьд мэдээлэл солилцооны платформ нэвтрүүлэх; 2.1.10 Лавлагаа шатлалын 4 эрүүл мэндийн байгууллага, 15 аймгийн А зэрэглэлийн сумын эрүүл мэндийн төвд телемедицин нэвтрүүлэх; 2.1.13 Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн хамрагдалтыг нэмэгдүүлэх; 2.1.15 Эм ханган нийлүүлэх байгууллагуудад эмийн аюулгүй байдлын цахим бүртгэл, хяналтын нэгдсэн програм хангамж нэвтрүүлэх; 2.1.16 Нянгийн тэсвэржилтийн сүлжээнд бүх аймгийн нэгдсэн эмнэлэгийг холбож, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх; 2.1.17 Эм, эмнэлэгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслийг эх орондоо үйлдвэрлэдэг болоход түүхий эдийг татвараас чөлөөлөх эрх зүйн орчин бүрдүүлэх; 2.1.18 Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын сүлжээг бий болгон, чадавх бэхжүүлэх; 2.1.22 “Хавдрын эсрэг” арга хэмжээг эхлүүлж, хүн амын дунд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээ зохион байгуулах; 2.1.23 “Элэг бүтэн Монгол” арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж элэгний делта /Д/ вирустэй иргэдийг эмчилгээнд хамруулах; 2.1.25 Лавлагаа шатлалын 11 эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн чадавхыг сайжруулж, техник, тоног төхөөрөмжөөр хангах.” хэмээн тус тус өөрчлөн найруулахаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Төслийн хавсралтын “Бүлэг 2”-ын “Зорилго 2.3”-ын “Төсөл, арга хэмжээ” баганад харгалзах төсөл, арга хэмжээг “2.3.1 Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хөдөөгийн 113 цэцэрлэг, 176 сургууль, 121 дотуур байрыг шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангах; 2.3.3 Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлж, гэр бүлэг 50-ийг нийлүүлж, хувилбарт сургалтад 500 хүүхэд нэмж хамруулж, 24 цагийн 10 бүлэг нээж 250 хүүхдийг нэмж хамруулах; 2.3.7 Бага, дунд боловсролын чанарын болон суралцагчийн сургалтын ахиц, дэвшлийн үнэлгээг тогтмол хийж, хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах; 2.3.13 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийг ялгаатай хэрэгцээт боловсролын чиглэлээр мэргэшүүлж, цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулах; 2.3.14 Ялгаатай хэрэгцээтэй суралцагчийн онцлогт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж, сургалтын орчныг бүрдүүлэхэд бүх шатны байгууллагад дэмжлэг үзүүлэх; 2.3.15 Сонгинохайрхан дүүрэгт сувиллын цэцэрлэг, сургуулийн барилгын ажлыг шинээр, 25, 63 дугаар тусгай сургуулийн барилгыг өргөтгөх ажлыг эхлүүлэх; 2.3.17 Боловсролын цахим шилжилтийн хүрээнд боловсролын салбарын мэдээллийн систем, тоног төхөөрөмж, дэд бүтцийг үе шаттай сайжруулж, цахим сургалтын нэгдсэн сургалтын платформыг хөгжүүлэх; 2.3.23 Дээд боловсролын чанарын тогтолцоо, судалгааны чадавхыг олон улсын жишиг, туршлагад үндэслэн сайжруулж, эрх зүйн орчныг шинэчлэх.” гэж өөрчлөн найруулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Төслийн хавсралтын “Бүлэг 3”-ын “Зорилго 3.4”-ийн “Төсөл, арга хэмжээ” баганад харгалзах төсөл, арга хэмжээг “3.4.3 Аялал жуулчлалын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын ажлыг эхлүүлж, ажлын явцыг 80 хувьд хүргэх; 3.4.4 Олон улс, улсын чанартай авто замын дагуу түр зогсох талбайг 100 км тутамд барьж байгуулах ажлыг эхлүүлэх.” хэмээн  өөрчлөн найруулахаар болов. Төслийн хавсралтын “Бүлэг 3”-ын “Зорилго 3.5”-ын “3.5.4 Дулааны хоёрдугаар цахилгаан станцын дэд бүтцийг түшиглэн хийн цахилгаан станц барих суурь судалгаа хийх; 3.5.5 Чойр-Сайншанд чиглэлийн 230 км урттай 220 кВ-ын хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих ажлыг эхлүүлж, ажлын явцыг 50 хувьд хүргэх; 3.5.6 Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл (салхины цахилгаан станцын 2 төсөл 15 МВт, нарны цахилгаан станцын 4 төсөл 35 МВт) хэрэгжүүлнэ; 3.5.11 Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийг эхлүүлэх.” хэмээн өөрчлөн найруулах нь зүйтэй хэмээн Эдийн засгийн байнгын хорооны гишүүд шийдвэрлэсэн.

Ийнхүү ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй 81 саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсний дараа хуралдаанд оролцсон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ийнхүү “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Огноо:

,

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр “Вилла Борсиг” цогцолборт албан ёсоор угтан авлаа.

Холбооны Гадаад хэргийн яамны “Вилла Борсиг” цогцолборт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүрэлцэн ирэхэд Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр угтан мэндчилэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нар дурсгалын зураг татуулж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурлаа.

Угтах ёслолын үеэр Хүндэт харуулын цэргүүд жагсаж, харуулын захирагч айлтгал өргөв.

Монгол Улс, ХБНГУ-ын төрийн дуулал үлээвэр найрал хөгжимд эгшиглэсний дараа Ерөнхийлөгч нар Хүндэт харуулын цэргүүдийн өмнүүр алхаж, харуулын тугийн өмнө хүндэтгэл үзүүлэв.

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс үүрэгт ажилдаа орсон.

Холбооны Ерөнхийлөгчийг Бундестагийн нийт гишүүд болон муж улсуудын парламентуудаас сонгогдсон Бундестагийн гишүүдийн тоотой тэнцүү тооны төлөөлөгчөөс бүрдэх Холбооны хурлаар 5 жилийн хугацаагаар сонгодог.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 2008 онд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоож, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Монгол Улсаас ХБНГУ-д төрийн тэргүүний түвшинд 1995, 2000, 2012, 2015 онд тус тус айлчлал хийсэн. ХБНГУ-аас Монгол Улсад төрийн тэргүүний түвшинд 1998, 2008, 2015, 2024 онд тус тус айлчилжээ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Огноо:

,

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.

Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

Огноо:

,

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт /2026.10.18/ Ховд аймагт болов. Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орсноор Евразийн зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох үүд нээгдэнэ.

Экспортыг дэмжих логистикийн төвийг Ховд аймагт байгуулна. Эрдэнэбүрэнгийн УЦС баруун бүсийн эрчим хүчний тусгаар тогтнолыг хангах том төсөл гэдгийг хүн бүр ойлгож, дэмжих нь чухал гэлээ. Мөн "Ховд эко цемент" үйлдвэрийн бүтээн байгуулалтаар бахархаж буйгаа Ерөнхий сайд хэлээд Засгийн газар хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэн бүрээ дэмжинэ гэв.

Засгийн газар 2026 оны улсын төсвийн тодотголыг өргөн мэдүүлж, төрийн зардлаас 1.4 их наяд төгрөг танаж батлуулсныг танилцуулав. Хэмнэсэн зардлыг иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх, өрхийн бодит орлогыг хамгаалахад зориулна гэдгийг онцлов. Тухайлбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 01-нээс ахмадууд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр 26 хувиар нэмэгдэж 600 мянган төгрөг, асран хамгаалагчдын тэтгэмжийг мөн 12 хувиар нэмсэн. Эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг жигд 50 хувиар нэмнэ. Багш, боловсролын салбарын ажилтны цалинг бүтэн жилээр нь олгоход дутагдаж байсан 674.5 тэрбум төгрөгийг батлуулсан. Мах, гурил, хүнсний ногооны нөөц бүрдүүлнэ. Цахилгааны үнэ нэмэхгүй. Шатахууны импортын татварыг тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ гэлээ.

Мөн 2027 оны төсвийн төслийн онцлох есөн шийдвэрийг танилцуулав. Монгол Улс анх удаа Оюу толгойгоос хүртэх ногдол ашиг гурван их наяд төгрөгийн өгөөжийг ард түмэндээ хүргэнэ. 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, өвлүүлэх, бэлэглэх, арилжих нөхцөл бүрдүүлнэ. Татварын реформ хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжийг 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлнө. Тэтгэврийн реформоо үргэлжүүлж дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүргэнэ. Ахмадуудыг эмийн үнийн дарамтаас чөлөөлнө, иргэдийн эмэнд төлөх 79 тэрбум төгрөгийг халаасанд нь үлдээнэ. 16 мянган өрхийг орон сууцтай болгоно. Төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувь нэмнэ. Эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулж “Ногоон сургууль”-ийн тоог нэмнэ зэрэг иргэн, бизнес эрхлэгчдээ дэмжих төсвийн төслөө дэлгэрэнгүй тайлбарлалаа. 

Мөн Засгийн газрын хэрэгжүүлж буй Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо танилцуулсан. Төсвийн орлогод эзлэх татварын орлогын хэмжээг үе шаттайгаар бууруулж иргэд, аж ахуй нэгжийг дэмжинэ. Засгийн газар төрийн өмчит компаниудыг татан буулгаж байна. ТӨК-иудын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Баялгийн сангаас иргэн бүр тэгш өгөөж хүртэх боломжийг нээнэ. Баялгаа олборлох бус боловсруулж, нэмүү өртөг бий болгох хүрээнд Ган, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс-пиролизын үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийн төслийг эхлүүлсэн. Эдгээр төслийн үр дүнд 2030 он гэхэд  41 мянган шинэ ажлын байр бий болно. Үйлдвэрүүдэд ажиллах хүний нөөцийн суралцах зардлыг Боловсролын зээлийн сангаас шийдвэрлэнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулж, түлш, шатахууны хэрэглээнийхээ 50 хувийг хангана. 2030 он гэхэд 3199 МВт хүчин чадалтай болж эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлнэ. Хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнэ тогтворжуулах бодлого баримтална. 50 мянган яндан буулгаж, 100 мянган айлыг орон сууцанд хамруулна. Авлигатай ил тод тэмцэнэ. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Одоо 27 хувьтай байгаа ядуурлын түвшинг 15 хувь хүртэл бууруулна гэлээ. 

Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмж, тэтгэврийн шударга тогтолцооны суурийг тавьж, эмийн үнийн дарамтыг багасгаж буйд Ховд аймгийн иргэд талархал илэрхийлэв. 

Улсын хэмжээнд 1600 гаруй цаг уурч байдаг. Нарийн мэргэжлийн энэ хүмүүсийн цалин хөлс, нийгмийн асуудал орхигдсон байсныг Засгийн газар шийдвэрлэж, анхаарч буйд тэд баяртай байгаагаа хэллээ. 

Мөн Халзанбүрэгтэй төслийн хүрээнд орон нутгийнхны санал хүсэлтийг бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2 цаг 7 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоо...

Цаг үе2 цаг 13 минут

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Цаг үе2 цаг 18 минут

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Улстөр нийгэм2 цаг 24 минут

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьта...

Урлаг спорт2 цаг 28 минут

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Улстөр нийгэм2026/10/19

“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг ...

Шударга мэдээ2026/10/19

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэ...

Цаг үе2026/10/19

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 9...

Цаг үе2026/10/19

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч...

Цаг үе2026/10/19

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Санал болгох