Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулахыг дэмжлээ

Огноо:

,

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан юм. Нэгдсэн хуралдаанд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох бусад албан тушаалтнууд оролцлоо.

Улсын Их Хурлаас 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”, 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”, Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг 27 жилийн хугацаанд зохицуулж байгаа бөгөөд уг хуульд нэг удаа өөрчлөлт оруулсан. Гэвч уг хууль нь өнөөгийн нийслэл хотын эрэлт хэрэгцээ, цаг үеийн шаардлагыг хангахгүй байгаа тул Монгол Улсын нийслэлийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа онцлог нэгж болох Улаанбаатар хотод үйлчлэх нийт 150 гаруй хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан, нийслэл хотын онцлог, цаашдын хөгжпийн загвар, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, төрийн бусад байгууллагатай харилцах зэрэг асуудлаар бусад орны жишгийг судалж, нэвтрүүлэх талаар олон судалгаа, зөвлөмж гаргасан байна. Энэ бүхэн нь хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах гол үндэслэл болсныг хууль санаачлагч илтгэлдээ онцлов.

Хуулийн төслийн талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд 15 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд төсөлд иргэн, хуулийн этгээдийн саналыг авахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудсанд байршуулж, олон нийтээр хэлэлцүүлж, холбогдох саналыг тусгасан. Хуулийн төсөлтэй холбогдуулан нийт 16 хууль, УИХ-ын 1 тогтоолд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан талаар хуульч санаачлагч дурдлаа.

Хуулийн төсөл нь нийт 7 бүлэг, 51 зүйлтэй юм. Хуулийн төслийн зорилт нь нийслэл Улаанбаатар хотын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, үйл ажиллагааны зарчим, удирдлагын эрх хэмжээ, нийслэл хотын удирдлагаас төрийн дээд, төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон бусад этгээдтэй харилцах эрх зүйн үндсийг тодорхойлоход чиглэжээ. Нийслэл Улаанбаатар хотыг нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүрөг бий болгох, хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгож хөгжүүлэх, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгоход уг хуулийн төслийн үзэл баримтлал чиглэсэн байна.

Төсөлд нийслэл нь эдэлбэр газартай, эдэлбэр газар нь бүсчлэл, дүрэмтэй байх бөгөөд бүсчлэл, дүрмийг Засгийн газраас тогтоосон шалгуур үзүүлэлтийг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлах, нийслэл нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болохын хувьд Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд заасан чиг үүргээс гадна нийслэл хотын хувьд хэрэгжүүлэх тусгай болон хотын аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх бусад чиг үүргийг төсөлд тодорхойлсон байна. Мөн нийслэл хот өөрийн дүрэмтэй байх бөгөөд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, автозогсоол, автозамын арчлалт хамгаалалт, шашин, соёлын үйл ажиллагаа, аялал жуулчлалын байгууллага, зочид буудлын үйл ажилагааны бүртгэл, зэрэглэл тогтоох, мал, тэжээвэр амьтны зохицуулалт, такси, хүргэлтийн үйлчилгээ, нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроны ашиглалт зэргийг тусгасан уг дүрмийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар зохицуулжээ.

Нийслэл хот нь “эдийн засаг, нийгмийн цогцолбор”-ын хувьд тусгай болон хотын аж ахуйн асуудлаарх бусад чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит боломжийг бүрдүүлэх зохицуулалтуудыг төсөлд тусгажээ. Мөн нийслэлд хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх үүднээс нийслэл дэх хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих зохицуулалтыг нарийвчлан тусгасны зэрэгцээ нийслэл хот албан татвартай байх, хотын албан татварыг хуулиар тогтоох бөгөөд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Улсын Их Хурлаас баталсан татварын хууль тогтоомжоор эрх олгож, тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоохоор зохицуулсан байна.

Түүнчлэн нийслэл хотын дагуул хот болон эдийн засгийн тусгай бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг тусгажээ. Нийслэл хотын дагуул хот нь эдэлбэр газартай байж, хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, логистикийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, газар зүйн байрлал болон нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдолтой, дэд бүтэц бүхий төвлөрсөн суурин газар байхаар тодорхойлсны зэрэгцээ дагуул хотыг байгуулах, түүний чиг үүрэг,  удирдлага, зохион байгуулалтын талаар нарийвчлан тусгажээ.

Нийслэл нь хот болохын хувьд нийслэлийн Засаг дарга нь тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг онцлог субьект болох юм. Иймд тусгай чиг үүрэгтэй холбоотой асуудлаар хуулийн төсөл санаачлахаас бусад асуудлаар Засгийн газрын шийдвэрийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг байхаар тусгажээ. Түүнчлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил баталгаагаар хангагдахаар зохицуулсан байна.

Төсөлд тусгаснаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь хотын аж ахуйн чиг үүргийг хэрэгжүүлэх, нэгдмэл байдлыг хангах, холбогдох байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Улаанбаатар хотын Ерөнхий менежерийг томилох бөгөөд Ерөнхий менежер нь ажлаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнө хариуцах юм байна. Ийнхүү шилжүүлсэн нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар төсөлд тусгажээ.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Ганбат, Х.Ганхуяг, С.Чинзориг, С.Одонтуяа, Ч.Ундрам, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батжаргал, Т.Доржханд, Б.Саранчимэг нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, нийслэлийн дагуул хотыг засаг захиргааны бусад нэгжийн нутаг дэвсгэрт дамнан байгуулж болох бөгөөд дагуул хотыг Улсын Их Хурлаас байгуулахаар төсөлд тусгасан байгаа. Нийслэлийн Засаг даргыг хэрхэн томилох асуудал нь Үндсэн хуульд заагдсан асуудал. Засаг даргыг тухайн шатны иргэдийн Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилохоор заасан байдаг. Тиймээс нийслэлийн Засаг даргыг хотын иргэд сонгох боломжгүй юм. Энэ нь уг мөн чанараараа нэгдмэл улс байх хуулийн заалтаас урган гарч байгаа асуудал гэдгийг тодотгов.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэл Улаанбаатар хотыг орчин шалгуур, шаардлагад нийцсэн, дэлхийн жишигт хүрсэн, иргэдийнхээ эрүүл, аюулгүй, амар тайван байдлыг хангасан том хот болгож хөгжүүлэх эрх зүйн шинэ боломжийг энэ хуулиар тогтоож өгөхөд хуулийн гол зорилт чиглэж байгаа. Олон улсын нийтлэг жишгээр дагуул хотод эдийн засгийн тусгай бүсийг мэдээлэл технологи, инновацийн, аялал жуулчлал, соёл амралтын, хөнгөн үйлдвэрлэл, агаарын хөлгийн завсар үйлчилгээ, угсралтын, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр дагнаж болон  хослуулан байгуулж болохоор төсөлд тусгасан. Эдийн засгийн тусгай бүсийг байгуулах болон тусгай бүс байгуулах газар нутгийн хэмжээ, байршлыг тогтоох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр тусгасныг дурдаж байв.

Түүнчлэн төсөлд нийслэл нь таваас илүүгүй тусгай бүстэй байх, тусгай бүсэд согтууруулах ундаа болон тамхины үйлдвэрлэлээс бусад хуульд заасан чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжид татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалтуудыг бүрдүүлэхээр тусгасан. Мөн нийслэл хотын оршин суугчийн эрх, үүргийг хуульчилж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчноо тохижуулах, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засаж сайжруулах, орчны аюулгүй байдлыг хангах, замын түгжрэл, хог хаягдал, орчны бохирдол, тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэх зэрэг нийслэл хотыг хөгжүүлэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан иргэн, хуулийн этгээдийг урамшуулах зохицуулалтыг бий болгохоор тусгасан гэдгийг хэллээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын зөвлөх Р.Дагва нар гишүүдийн зарим асуултад нэмэлт тайлбар, мэдээлэл өгсөн юм.

Харин хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Чинбүрэн нар үг хэлж төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд ажлын хэсэг гарган хэлэлцүүлгийн шатанд төслийг нухацтай хэлэлцэж улам чамбайруулах шаардлагатай гэж үзэж буйгаа хэллээ.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.7 хувь нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоомжийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

УИХ: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг ирэх сард хоёр үе шаттайгаар явуулна

Огноо:

,

Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Б.Жаргалмаа нар 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийлээ.

“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулсан. Тус хянан шалгах түр хороо өнөөдрийн хуралдаанаараа “Хянан шалгах түр хорооны сонсголыг товлон зарлах тухай”, “Сонсголд гэрчээр дуудах тухай”, “Нотлох баримтыг шинжлэн судлах дараалал тогтоох тухай”, ““Нотлох баримтыг гаргуулах тухай” 2023 оны 11 сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолуудыг баталсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээллээ.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд дараах дөрвөн асуудлын хүрээнд болно. Тодруулбал, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа; “Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүсгэн байгуулагдсан цагаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа; 2011-2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, сонсголын эхний шатанд танилцана хэмээн Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээлэв. 

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болох юм байна. Энэ удаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин болон хараат компаниудад оруулсан хөрөнгө оруулалт, тэдгээрийн хэрэгжилт; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжүүлсэн бусад төслүүд; “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ; Хяналт, шалгалтаар илэрсэн бусад асуудал зэрэг 6 асуудлын хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол үргэлжлэх юм байна.   

Хэвлэлийн бага хурлын үеэр Б.Энхбаяр дарга тус Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаатай холбоотой ерөнхий мэдээллийг танилцуулав. Тэрбээр 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр тус Хянан шалгах түр хорооны даргаар сонгогдсон юм. Тухайн үед 5 хянан шалгагч ажиллаж байсан бөгөөд Хянан шалгах түр хороог Б.Энхбаяр гишүүн даргалах болсноос хойш 3 хянан шалгагч хүсэлтээрээ чөлөөлөгдсөн байна. 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрөөс хойш нэмж 15 хянан шалгах шинжээчийг томилсон бөгөөд нэг сар гаруй хугацаанд 17 хянан шалгах шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд нотлох баримт нэмж цуглуулахаар төрийн 30 байгууллага, төрийн өмчит 5 компани, 2 аж ахуй нэгж, нийт 37 байгууллагад нотлох баримт гаргуулахаар албан бичиг хүргүүлсэн байна. Түүнчлэн хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс 3 шалгалтын удирдамжийг баталж, газар дээр хяналт шалгалтын ажлыг хийсэн байна.  

Хяналт шалгалт хийгдэж буй нотлох баримтын цар хүрээний хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүсгэн байгуулснаас хойших үйл ажиллагаа болон санхүүгийн мэдээлэл; “Тавантолгой” ХК дээр байгаа үйл ажиллагаа болон санхүүгийн мэдээллийг авч шинжлэн судалж байгаа юм байна. Мөн Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 1.5 сая гаруй мэдүүлгийн дэлгэрэнгүй жагсаалт, пүүний программын 270 мянга гаруй бүртгэл, 630 гаруй нүүрс худалдах, худалдан авах гэрээ, 110 гаруй олборлолтын гэрээ болон тус компанийн сүүлийн 10 гаруй жилийн уулын ажлын тайлан, санхүүгийн программын датаг шинжлэн судалж байгаа аж. Гашуун сухайт дахь Гаалийн ерөнхий газраас Цагаанхадад байрлах 36 хяналтын бүсүүдээс давхардсан тоогоор 2.5 сая гаруй нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бичлэг; “Эрдэнэс Тавантолгой” ХК-нд 2023 оны аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны байдлаар нүүрс худалдах, худалдан авах 698 гэрээг (20.0 мянган хуудас бүхий) хянаж, борлуулалтын тайлангуудыг нягталж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн арилжааны банканд бүртгэлтэй 75 ширхэг дансны 10 мянга орчим хуудас бүхий гүйлгээг данс хөөх аргаар шалгаж байгаа болохыг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. Нотлох баримтыг шинжлэх судлах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой нийт 943 гэрээ, тэдгээртэй холбогдох 188 мянга гаруй материалтай нэгбүрчлэн танилцаж байгаа аж. Нийт давхардсан тоогоор 20272 хуулийн этгээд дээр бүртгэлтэй үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан болон ажиллаж байгаа 217.629 иргэн, аж ахуй нэгжийн мэдээллийг УБЕГ-аас гаргуулан авч, холбоо хамаарлыг тогтоох дүн шинжилгээг мөн хийж байгаа юм байна.

Дээрх цар хүрээнд хийж буй хяналт шалгалтын явцад үүсэж байгаа хүндрэлийн талаар Б.Энхбаяр дарга танилцуулав. Нэн тэргүүнд, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ, ЗДТГ, Цогтцэций сумын ИТХ, ЗДТГ, Хандогд сумын ЗДТГ албан бичигт тусгасан огнооны дагуу холбогдох ажиллаж байсан хүмүүсийн материалуудыг ирүүлээгүй байгаа аж. Хоёрдугаарт, Автотээврийн үндэсний төв олон улсын тээврийн “C” зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн бүртгэл, олгосон зөвшөөрлийн тоо, холбогдох шалгалтын ажлуудын тайлан зэрэг баримт, мэдээллийг Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороонд ирүүлээгүй, энэ нь нотлох баримтыг шинжлэн судлах үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгааг тэрбээр тэмдэглэв. Гуравдугаарт, хяналт шалгагч, шинжээч нар нотлох баримт бүрдүүлэх, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, тодруулга авах, тэмдэглэл үйлдэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-д таван өдөр томилолтоор ажилласан боловч анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус, архив болон цахим системд хадгалаагүй, ажлын хариуцлага сулаас баримт материалаа хүлээлцээгүй, холбогдох байгууллагуудаас шаардлагатай баримт материалыг шаардсан хугацаанд ирүүлэхгүй байгаа зэргээс үүдсэн хүндрэл үүсээд байгаа аж. Түүнчлэн хяналт хийх явцад тодорхой тооны гэрээнүүд олдохгүй байгаа тул “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас тайлбар авах ажлууд үргэлжилж байгаа юм байна.

Нийт 2011-2023 оны байдлаар 108 сая тн нүүрсний борлуулалтын 20 их наяд төгрөгийн борлуулалтын орлогыг дараах үзүүлэлтээр харьцуулан судалж байгаа гэлээ. Үүнд нүүрсний зах зээлийн үнэ, гэрээний үнэ, гаалийн бүрдүүлэлтийн үнэ, үнэ тооцоолсон аргачлал гэсэн хүрээнд 400 мянган хуудас бүхий мэдээллийг гаалийн программаас татаж авч тулгалт хийж байгаа гэлээ. Дээрх хэмжээний нотлох баримт, материал, цар хүрээнд хяналт шалгалтын ажил үргэлжилсээр байгааг Б.Энхбаяр дарга онцолсон.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд болох эхний үе шатанд нийтдээ 175 иргэнийг гэрчээр дуудахаар тогтсон болохыг тэрбээр мэдээлээд “Одоогоор энэ жагсаалтыг гаргасан. Гэхдээ хяналт, шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болох хүртэл гэрчийн жагсаалтад нэрс нэмэгдэх боломжтой. Тиймээс холбогдох тогтоолоор Хянан шалгах түр хорооны даргад гэрчийг дуудах эрхийг олгосон” гэдэг мэдээллийг өгөв. Үргэлжлүүлэн тэрбээр 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд болох эхний үе шатны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд оролцох гэрчүүдийн нэрсийг танилцууллаа.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд дуудсан гэрчүүдийг зөвхөн хянан шалгах шинжээчдийн хянан шалгах үйл ажиллагааны үр дүнд дуудаж байгаа гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Г.Ганболд хэлэв. Үүний зэрэгцээ нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд гэрчээр дуудагдаж буй нь гэмт хэрэгтэн, нүүрсний хулгайтай холбоотой буруутан гэсэн агуулгаар хандаж болохгүй гэдгийг онцоллоо. Тухайн иргэний эрхэлж байсан ажил, цаг хугацаатай нь холбоотойгоор тодруулах, мэдээлэл авах шаардлагаас үүдэн гэрчээр дууддаг болохыг тайлбарласан.

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, Г.Ганболд нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч, холбогдох мэдээлэл, тайлбарыг өгсөн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодын өнөөдрийн /2023.11.28/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

·      Агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох

09.30

“Их засаг”

2

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

·      Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал

10.00

“Үндсэн хууль”

3

Эдийн засгийн байнгын хороо

·      “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2023.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

·      Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал

11.30

“Их засаг”

5

Хууль зүйн байнгын хороо

·      “Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·      Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд  /Засгийн газар 2023.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

12.00

“Үндсэн хууль”

6

Төсвийн байнгын хороо

·      Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Уул уурхайн салбарын төсвийн орлогын бүрдүүлэлт, гүйцэтгэлийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан

·      Татварын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт,  түүний үр нөлөөний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан

14.00

“Их Эзэн Чингис хаан”

7

Төрийн байгуулалтын байнгын хороо

·      Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/

·      Бусад

14.30

“Жанжин Д.Сүхбаатар”

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2023.11.28/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Ажлын дэд хэсгийн хуралдаан

09.00-17.30

334 тоот

2

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

“Их засаг”

3

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

15.00

“Их засаг”

 

 
 
 
 
 
 
 
 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох