Цаг үе
"Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудалд хүндэтгэл үзүүлэв
Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудал үйл ажиллагаагаа эхлүүлж буйтай холбогдуулан 65 жил ард иргэддээ үйлчилсэн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх онгоцны буудалд хүндэтгэл үзүүлэх ёслол болов.
Тус нисэх буудал нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун урд зүгт 14.7 километрын зайд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Буянт-Ухаад байрладаг. Баруунаас зүүн рүү бууж, зүүнээс баруун руу нисэх хатуу хучилттай нислэгийн нэг зурвастай. Монголын хамгийн том нисэх онгоцны буудал байв.
Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа нэгж болох “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал 2013 онд 1,1 сая зорчигч хүлээн авч байсан бол тус нисэх буудлаар үйлчлүүлсэн гадаад, дотоодын зорчигчдын тоо тасралтгүй өссөөр 2017 оны 12 дугаар сарын 15-нд 1,200,000 дахь зорчигчоо хүлээн авсан.

2017 онд түүхт 60 жилийн ой нь тохиож буй улсдаа хамгийн томд тооцогдох, хөх тэнгэрийн үүд хаалга гэдгээрээ онцлог тус байгуулагын түүхэн ололт, амжилтыг төр, засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал ”Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан юм.
“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяанд олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ болон онцгой байдал иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглагдана.

“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал Олон улсын нисэх буудлуудын зөвлөлөөс Эрүүл мэндийн магадлан итгэмжлэгдсэн гэрчилгээ хүлээн авч, Эрүүл мэндийн магадлан итгэмжлэгдсэн нисэх буудал болсноор зорчигч, жуулчид COVID-19 цар тахлын үед болон дараа нь “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын барилга байгууламжаар үйлчлүүлэхэд аюулгүй хэвээр байгаагийн баталгаа бөгөөд тэдний эрүүл мэндэд учрах эрсдэлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг олон улсын стандартын дагуу авч буй жуулчинд ээлтэй нисэх буудал болсон юм гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.


Цаг үе
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
“Илгээлт-2100” хөтөлбөр 2021 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд дэлхийн түвшний боловсрол эзэмшсэн, мэдлэг чадвартай, бүтээлч, манлайлагч ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой юм. 2026-2027 оны хичээлийн жилд тус хөтөлбөрийн хүрээнд нийт 1355 суралцагч гадаадын их, дээд сургуульд суралцаж байна. Үүнээс Улаанбаатар хотоос шалгарсан 70 суралцагчаас энэ онд 32 нь гадаадын их, дээд сургуулийг амжилттай төгсөж, эх орондоо ирээд байна. Тэдгээр төгсөгчдийн 18 төлөөлөл өнөөдрийн уулзалтад оролцлоо.

Уулзалтын үеэр төгсөгчид хаана, ямар сургуульд, ямар мэргэжлээр суралцсан туршлагаа хуваалцаж, эх орондоо ажиллах, мэргэжлээрээ хөгжих хүсэл зорилгоо илэрхийлэв. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагуудад ажиллах боломж, залуу боловсон хүчнийг дэмжих бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Төгсөгчдийн дунд төрийн болон нийслэлийн харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар мэргэжлээрээ ажиллаж буй залуус байна. Гадаадад эзэмшсэн мэдлэг, ур чадвараа төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь хөтөлбөрийн үр өгөөж бодитоор хэрэгжиж буйн илрэл гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан онцоллоо.
Тэрбээр “Та бүхэн гадаадад суралцах хугацаандаа дэлхийн боловсролын тогтолцоо, ажлын арга барил, шинэ технологи, соёлтой танилцаж, үнэ цэнтэй мэдлэг, туршлага хуримтлуулсан. Одоо түүнийгээ эх орондоо хэрэгжүүлж, бодит үр дүн гаргах чухал үе ирж байна. Ялангуяа Улаанбаатар хотын хөгжилд мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг, олон улсын харилцаа зэрэг олон чиглэлийн чадварлаг боловсон хүчин хэрэгтэй. Иймд нийслэлийн зүгээс та бүхний эзэмшсэн мэдлэг, ур чадварыг хотын салбаруудын хэрэгцээтэй уялдуулж, мэргэжлээрээ ажиллах, өсөн дэвших боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана” гэв.


Цаг үе
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Улаанбаатар хотын дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах хүрээнд ачаалалтай болон онцгой нөхцөлд туршилтуудыг үе шаттай хийж байна.
Тодруулбал, өнөөдрөөс эхлэн 750 кг хүртэлх ачаа байршуулсан кабины туршилтыг хийж, энэ үеэр системийн моторын тоормос болон аюулгүйн тоормоснуудыг зориудаар ажиллуулж, хэвийн бус нөхцөлд хэрхэн ажиллахыг шалгаж буй. Үүний улмаас кабинууд хүчтэй савлах, гэнэт түр зогсох зэрэг хөдөлгөөн ажиглагдах бөгөөд энэ нь системийн аюулгүй ажиллагааг баталгаажуулах туршилтын нэг хэсэг юм.

“Пома групп”-ийн барилгын инженер Жуан Муниер “Манай компани дэлхийн 90 орчим улсад энэхүү төслийг хэрэгжүүлсэн туршлагатай. Монголынхоос ч хүйтэн өвөлтэй, зуны улиралд хэт халдаг зэрэг эрс тэс уур амьсгалтай орнуудад системийг амжилттай нэвтрүүлсэн. Эдгээр улсад суурилуулсан системүүд өнөөдрийг хүртэл аюулгүй, хэвийн ажиллаж байна. Улаанбаатар хотод хийж буй дүүжин замын тээврийн төсөл стандартын дагуу, үе шаттай хэрэгжиж, эхний туршилтууд үргэлжилж байна. Тус 750 кг ачаатай кабины туршилтуудыг бүрэн дуусгаснаар төслийн ажил дуусах шатандаа орно. Иймд иргэд та бүхэн санаа зовох зүйлгүйгээр дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломжтой” гэв.
Мөн өвөл ган татлагад мөс тогтох эрсдэлийн талаар мэргэжилтнүүд тайлбарлалаа. Дүүжин тээврийн ган татлага нь системийн ажиллагааны явцад байнгын хөдөлгөөнтэй байдаг тул нэг цэгт удаан хугацаагаар тогтож хөлдөх, зузаан мөсөн бүрхүүл үүсэх нөхцөл харьцангуй бага аж. Түүнчлэн буудлын хэсэгт татлага дамраар эргэлдэх үед үүсэх үрэлтийн дулаан нь мөс тогтохоос сэргийлдэг байна.
Харин тээвэрлэлт явагдаж байх үед цахилгаан тасарсан тохиолдолд нөөц генератор автоматаар ажиллаж, кабинуудыг буудалд хүргэх боломжтой. Мөн бүх кабинд радио холбоо суурилуулсан бөгөөд шаардлагатай үед зорчигчдод шуурхай мэдээлэл, зааварчилгаа өгч, аюулгүй байдлыг хангах юм.

Ийнхүү дүүжин замын тээврийн системийг ашиглалтад оруулахын өмнө ачаалал, тоормос, цахилгаан хангамж болон онцгой нөхцөл дэх ажиллагааг нарийвчлан шалгаж, аюулгүй, найдвартай үйлчилгээнд бэлтгэж байна.
Цаг үе
Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ
Улаанбаатар хотын авто зогсоолын хүртээмж, ашиглалт, менежментийг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн II хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд авто зогсоолд тавих ерөнхий шаардлага, журмын хэрэгжилт, эрх зүйн орчин, олон улсын жишиг, сайн туршлагын талаар танилцууллаа.

Ажлын хэсэг авто зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээний стандартыг олон улсын жишиг, сайн туршлагад нийцүүлэн шинэчлэх, зогсоолын байршил, бүсчлэлд үндэслэн төлбөрийн ялгаатай тариф тогтоох, нийтийн эзэмшлийн авто зогсоолын төлбөр хураах журам болон холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв.
Мөн Дэлхийн банкны дэмжлэгтэй хэрэгжүүлэх “Ухаалаг авто зогсоол” төслийн бэлтгэл ажил, санхүүжилтийн явцын талаар мэдээлэл солилцож, төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хөндлөө.

Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн, холимог эзэмшлийн бүх авто зогсоолыг хамруулан дахин тоолж, нэгдсэн бүртгэл үүсгэх, зогсоолын ашиглалт, эзэмшилтэй холбоотой гэрээ, хэлцэл, тэдгээрийн хэрэгжилтийг шалгаж судлах шаардлагатайг онцлов.
Түүнчлэн авто зогсоолын төлбөрийн шинэ тарифын талаар иргэдийн санал, байр суурийг судалж, цаашдын зохицуулалтыг бодит нөхцөл байдал, олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулахыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг болголоо.






-
Улстөр нийгэм2022/04/05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гар...
-
Үзэл бодол2020/06/30
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааныг нээж үг хэл...
-
Улстөр нийгэм2021/02/24
МОНГОЛБАНК: Урт хугацаат репо арилжаа зохион байгууллаа
-
Шударга мэдээ2021/06/07
Улсын хэмжээнд тариалалт 90 орчим хувьтай үргэлжилж байна
