Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Төрийн банкны үйлчилгээ иргэдэд ойртлоо /Төрийн банк киоск машинтай болно/

Огноо:

,

Төрийн банкны Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Г.Энхтамиртай ярилцлаа.

-Манай улсын банк, санхүүгийн байгууллагууд технологийн шийдлээрээ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж чадаж байгаа болов уу. Бусад улстай харьцуулахад ямар түвшинд явж байна вэ?

-Манай банкууд технологийн шийдлээрээ дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаа гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд бэлэн бус төлбөр тооцоог чухалчилсан цахим шилжилтийн үйл явц дэлхий дахинд хурдацтай өрнөх боллоо. Ирээдүйд банкны үйлчилгээ улам ойртоно. Одоо ч гэсэн банкинд ирэхгүйгээр асуудлаа шийдчихдэг харилцагчдын тоо олширсоор байна.  Тийм ч учраас банк, санхүүгийн байгууллагууд харилцагчаа мэдэрч, шинэлэг цахим бүтээгдэхүүн гаргах тал дээр цаг ямагт анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, харилцагчдынхаа нийтлэг эрх ашгийг бодолцож, хөгшин, залуу ямарч насны хүн ашиглаж болохоор энгийн, ойлгомжтой бас орчин үеийн шийдэл нэвтрүүлэх нь өнөөгийн хэрэгцээ, шаардлага болоод байна. Гэхдээ энгийн гээд нууцлал, аюулгүй байдлыг орхигдуулж болохгүй л дээ. Ялангуяа “банкны тархи” гэж тодорхойлж болох бүртгэлийн суурь систем сайн байх тусмаа банкны үйл ажиллагаа өргөжин хөгжиж байдаг. Тийм ч учраас бид өнгөрсөн гуравдугаар сард системийн шинэчлэл хийж, харилцагчиддаа олон шинэ боломж нээж өглөө. Өндөр хөгжилтэй улсын банк, санхүүгийн байгууллагуудтай ч эн зэрэгцэх боломж бүрдлээ.

-Төрийн банк одоогоор хэчнээн харилцагчтай вэ. Банкны суурь системээ үндсээр нь шинэчилснээр харилцагчдад ямар боломж нээгдэв?

-Манай банк 2.2 сая гаруй харилцагчтай. Орон сууц буюу хэрэглээний төлбөрийн 90 гаруй хувийн гүйлгээ манай банкаар дамжиж байна. Мөн тэтгэврийн тал хувийг,  халамжийн дийлэнх хэсгийг Төрийн банкаар олгодог. Тиймээс бид энэ олон харилцагчийнхаа мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зорилгоор системээ шинэчилсэн. Ингэснээр харилцагчийн бүртгэлийг илүү дэлгэрэнгүй бүртгэх нөхцөл бүрдсэн. Харилцагч ямар нэг гүйлгээ хийхдээ эхлээд ХУР системээр хурууны хээгээ баталгаажуулдаг боллоо. Энэ бол аюулгүй байдал сайжирсны нэг том илрэл. Түүнчлэн шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх боломж бүрдээд байна. Тухайлбал, Төрийн банк киоск машинтай болж байна. Ингэснээр иргэд банкинд урт дараалал үүсгэх шаардлагагүй болно. Манай банкны 2011 оноос хөгжүүлсэн Гялс банкин дээр л гэхэд маш олон шинэ бүтээгдэхүүн нэмэгдэнэ. Гялс банк бол манай гол брэнд шүү дээ. Мөн өмнө нь бусад системийн өндөрлөгөөг хүлээж, 00:00 цагаас гүйлгээ саатдаг байсан. Энэ байдал өөрчлөгдлөө. Бид суурь системээ шинэчилснээр системүүдийн өндөрлөгөө зэрэг хийгддэг болсон. Хамгийн гол нь теллер, харилцааны менежерүүдийн гар ажиллагааг автоматжуулснаар банкны үйл ажиллагаа хурдан шуурхай болж байгаа юм. Бид шинэ системийнхээ хөгжүүлэлтийг байнга л хийж явна.

-Системээ шинэчилснээр хадгаламж, зээлийн үйлчилгээний бүртгэл илүү хурдан шуурхай болж, энэ хэрээр банкны үйлчилгээ хурдан шуурхай болно гэсэн байсан. Энэ талаар тодорхой тайлбарлахгүй юу?

-Системийн шинэчлэл хийснээр хадгаламж, харилцах дансны бүртгэлийг олон улсын стандартын дагуу хөтөлдөг болсон. Хадгаламж, харилцах, зээлийн дансны үлдэгдэл хөтлөлт, хүүний сан хөтлөлт илүү дэлгэрэнгүй, тодорхой болж ирсэн. Мөн ковер данс хөтлөх боломжтой болсон. Жишээ нь, 1111 гэсэн харилцах данс дээр 2222 гэсэн ковер данс холболоо гэж бодьё. Хэрэв 1111 дансны үлдэгдэл гүйлгээ хийж, төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол 2222 гэсэн ковер данснаасаа автоматаар гүйлгээ хийх боломж бүрдсэн гэсэн үг. Энэ мэт маш олон давуу тал бий болсон.

-Уншигчид маань санаж байгаа бол гуравдугаар сард Төрийн банкны АТМ болон интернэтийн гүйлгээ гурван өдрийн турш зогссон. Тэр үед банкны систем яг шилжиж байсан байх. Цаашид тийм байдал давтагдах уу? Ер нь шилжилт бүрэн дууссан гэж ойлгож болох уу?

-Банкны суурь бүртгэлийн системийг шинэчлэн солино гэдэг бол маш нарийн төвөгтэй ажил. Хүнээр бол нэг үе дуусаад дахин шинэ залуу, эрч хүчтэй үе төрж байгаатай адил. Гэхдээ харилцагчийн мэдээлэл, датанд ямарч өөрчлөлт орохгүй. Төрийн банкны хуучин ашиглаж байсан систем технологийн хувьд хуучирч, шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх боломжгүй болоод байсан юм. Харин Төрийн банкны 3000 гаруй ажилтан, тэр дундаа мэдээллийн технологийн ажилтнуудаар ахлуулсан 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн нөр их хөдөлмөрөөр энэ ажил биелэлээ оллоо. Бид ГрейпСити Монголия компанитай хамтран нэг жил гаруйн хугацаанд системээ хөгжүүлж, туршиж байж энэ том ажлын ард гарсан. Монгол инженерүүдийн ур ухаанаар дэлхийн хэмжээний систем хөгжүүлж, нэвтрүүлж болдгийн тод жишээ энэ байлаа. Мэдээж ийм том хэмжээний төсөл  хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний саатал, бэрхшээл, доголдол, тооцоолж чадаагүй эрсдэл гарсан. Үүнийг манай хамт олон шуурхай шийдвэрлэж, шинээр нэвтрүүлсэн систем маань долоон хоногийн дотор л тогтворжсон. Тиймээс цаашид үйл ажиллагаагаа түр зогсоох шаардлага гарахгүй. Мөн ямар нэг доголдол үүсч, харилцагчдаа бухимдуулахгүй гэдэгт итгэлтэй байна. Энэ завшааныг ашиглан систем шилжих үед хүндрэл учруулсандаа харилцагч та бүхнээсээ хүлцэл өчье. Бид цаашид улам хичээх болно оо.

-Монголын томоохон арилжааны банкуудаас хамгийн түрүүнд Төрийн банк олон улсын банк, санхүүгийн байгууллагад ашигладаг IBAN дансны дугаарлалт руу шилжлээ. Энэ дугаарлалтын давуу тал нь юу вэ?

-IBAN (International Bank Account Number) дансны дугаарлалт нь олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой 20 орон бүхий дугаарлалт юм. Манай банк ISO13616-1, 2 стандартаар үүсгэсэн харилцагчийн дансны дугаарлалтыг улсын хэмжээнд бүрэн нэвтрүүсэн анхны банк боллоо. Ингэснээр манай харилцагчид дэлхий нийтэд хүлээн зөвшөөрсөн дансны дугаараар олон улсын гүйлгээ хийх боломж бүрдэж байна. Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалын дагуу ирэх он гэхэд бүх банк IBAN дугаарлалт ашиглаж эхэлнэ.

-Төрийн банк үйлчилгээндээ киоск машин нэвтрүүлэхээр туршилт хийж байна. Хэзээнээс хэрэглээнд нэвтрэх вэ?

- Бид системийн шинэчлэлээс гадна технологийн шинэчлэлд ч анхаарч байна. Хэрэглээний төлбөр төлөх, халамжийн мэдээлэл авах зэрэг шалтгаанаар иргэд банкинд дараалал үүсгэдэг. Энэ байдал өөрчлөгдөнө. Манай банкны хувьд цахим шилжилтийн хүрээнд нэлээн олон бүтээгдэхүүн үйлчилгээг тусгаад явж байна. Харамсалтай нь дэлхий нийтийг хамарсан цар тахал биднийг тойрсонгүй, ажилд багагүй төвөг учрууллаа. Гэхдээ бид хойш суусангүй, зарим салбартаа нэвтрүүлээд туршилтын хэмжээнд явж байна. Бид энэ сардаа багтаад банкны салбарууд дээрээ 40-өөд киоск машин байрлуулна. Харилцагчдаа хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөө өгнө. Мөн эхний ээлжинд Дархан, Эрдэнэт гэх мэт хүн ам ихтэй хотуудад  байршуулна. Цаашлаад улс орон даяар хүртээмжийг нь шат дараатай нэмэх төлөвлөгөөтэй байна.

- Киоск машинаар ямар үйлчилгээ үзүүлэх боломжтой вэ?

- Иргэд банкинд урт дараалалд зогсож, багагүй бухимддаг шүү дээ. Ялангуяа манайх шиг ачаалалтай банк энэ асуудлыг бага ч болов шийдэх хэрэгтэй юм байна гэж үзсэн. Шинээр нэвтрүүлж буй киоск төхөөрөмжөөр дамжуулан харилцагч банкны бэлэн бус төлбөр тооцооны бүх үйлчилгээг авах боломжтой. Гэхдээ үйлчилгээний нэр төрлийг үе шаттайгаар нэмнэ. Манай банкны харилцагчдын хувьд хурууны хээгээрээ ХУР системд өөрийгөө баталгаажуулаад бүхий л төлбөр тооцоо, гуйвуулгаа хийж болно. Мөн дурын банкны харилцагч Төрийн банкны киоск машиныг ашиглан байрны төлбөрөө карт болон QPay ашиглан төлөх боломжтой. Ер нь ашиглахад аль болох ойлгомжтой байхаар хөгжүүлсэн гэж бодож байна.

Энэ дашрамд Төрийн банкны нийт харилцагчиддаа хамт олныхоо өмнөөс Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ойн мэндийг хүргэе. Та бүхэн цахим бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой санал, зөвлөгөөгөө бидэнд харамгүй өгч байгаарай. Төрийн банк харилцагч та бүхнийхээ санал санаачилгыг үйл ажиллагаандаа тусгаж, хурдан шуурхай үйлчлэхийн төлөө зүтгэх болно оо.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

Огноо:

,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.

Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа. 

150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Огноо:

,

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. 

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.

2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.

Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.

Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ

Огноо:

,

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.

Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.

Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.

Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох