Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Д.Сумъяабазар: Өглөөний жишиг гудамжийг дүүрэг бүрд үе шаттай байгуулна

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хотод, тодруулбал Жуулчны гудамж буюу Гутлын 22-т “Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж байгуулагдаж, өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулж байгаа юм. “Өглөөний Улаанбаатар” гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп, үсчин зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой цэсээр иргэдэд үйлчилнэ. Мөн долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулах юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай энэ талаар ярилцлаа.

-Өглөөний жишиг гудамж өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Энэ гудамжийг яагаад байгуулах болсон бэ?

-Улаанбаатар хотын өглөөний нөхцөл байдлыг олон улсын хотуудын жишигт хүрээсэй гэж бодож энэ ажлыг эхлүүлсэн. Иргэд үүнд ам сайтай байна. Цаашид ийм гудамж, газруудыг дүүрэг бүрд үе шаттай байгуулна. Дэлхийн олон хотод ийм үйлчилгээний газрууд байдаг. Улаанбаатар хотын нүүр царай болсон газар байгаасай гэж бодож, “Өглөөний Улаанбаатар” гудамжийг байгуулсан. Ковидын нөхцөл байдал, хил гааль дээр ачаа бараа саатсанаас шалтгаалж ажил удааширсан тал бий. Иргэд хүлээлттэй, найрсаг хандаж байгаад Хотын даргын хувьд баяртай байна. Өнөөдөр гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэн, гар урлалын бүтээлүүд дэлгэгдсэн. Энэ мэтчилэн хувийн хэвшлээ дэмжиж ажиллана. Цаашид гаднын жуулчид ирэх үеэр үйлчилгээ үзүүлж, гар урлал, үндэсний онцлогийг харуулсан бүтээлүүдийг Монголд зочилж байгаа жуулчдад зарж, борлуулна. Хот  бол бизнес гээд байгаагийн учир энэ. Жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр ажиллана. Тэрнээс Хотын дарга бизнес хийх гээд байгаа юм биш. 150 мянган аж ахуйн нэгж, 1.5 сая иргэн бүгд орлоготой болж, орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ суурийг л бий болгох гээд байгаа юм.

-Хотын төвийн зургаан дүүргийн удирдлагад өглөөний жишиг гудамж байгуулах үүрэг, чиглэл өгсөн гэсэн?

-Өглөөний гудамжийг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн хариуцаж байгаа. Цаашид Жамъян гүний гудамж, Амарын гудамж зэрэг гурван байршилд ийм гудамж байгуулахаар төлөвлөж байна. Хүмүүсийн хэлээд байгаа шиг нэг байршилд 1.8 тэрбум төгрөг зарцуулаагүй. Энэ бол худал мэдээлэл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тохижилтод 300 сая орчим төгрөг зарцуулсан. Гүйцэтгэлээрээ тайлан, тооцоо нь гараад ирнэ. Зургаан дүүрэгт өөр өөрийн онцлогт тохирсон, эртэч “Өглөөний Улаанбаатар” гудамжийг нээх чиглэл өгч, судалгаа хийж байгаа. Хамгийн боломжтой байршил хаана байх вэ гэдгийг дүүргийн удирдлагууд судалж, төлөвлөгөө гаргаж танилцуулна.

-Энэ гудамж иргэдийг эртэч болгоход тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулах болов уу?

-Өглөө эрт ажил амжуулах гэхээр Улаанбаатар хотод онгорхой газар байдаггүй. Улаанбаатарчууд эртэч байх хэрэгтэй. Үйлчилгээний газрууд нь эрт нээгддэг, иргэд өглөөний цайгаа уунгаа ажлаа амжуулдаг нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Дэлхийн хотуудын жишиг ч ийм байдаг. Энэ жишигт хүргэхийн тулд өглөөний гудамжийг үе шаттай бий болгоно.

-Хотын стандарт байхгүй болсон талаар иргэд шүүмжилдэг шүү дээ. Энэ чиглэлд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Хот нэг стандарттай байх ёстой. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Энэ хуульд Улаанбаатар хот өөрийн дүрэмтэй, стандарттай байна гэж заасан. Тиймээс хотын ойлгомжгүй, тодорхойгүй байдлуудыг стандартаар нь, дүрмээр нь зохицуулж, хотынхоо тулгамдсан асуудлыг шийднэ. Улаанбаатар хотын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал эрс сайжрах, эрх зүйн чадамж нэмэгдэх, ажлын байр, хөдөлмөрийн нөхцөлүүдийг сайжруулах сууриа энэ хуулиар тавьсан. Үйлчилгээ үзүүлж, үүнээсээ ашиг, орлогоо олдог хот байгаасай гэж хүсэж байна. Ийм хот байхын төлөө хуулийг оруулж, дутаж, үгүйлэгдэж байгаа зүйлүүдийг нөхөх, олон улсын жишигт хүрсэн хот байх суурийг тавилаа. Цаашдаа Улаанбаатар хот өргөжин тэлж, хотын өнгө үзэмж сайжирна. Түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх, нийтийн тээврийг сайжруулах, гэр хорооллын төлөвлөлтийг дэмжих бодлогыг хүчтэй явуулахаар бэлдэж байгаа.  Хот эдийн засгаа сайжруулж, хуримтлал бий болгоод эхэлбэл тулгамдаж байгаа асуудлаа шийдэх боломжтой. Ер нь санхүү, эдийн засгийн эх үүсвэр дээр очоод ажил гацдаг. Үүнээс болж мөнгөндөө тааруулж ажил хийдэг, тэр нь чанар, стандартын шаардлага хангадаггүй, иргэдийн шүүмжлэл хүртдэг. Үүнийг засах ёстой.

-Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, тэднийг дэмжих чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь өнөөдрийн энэ гудамж болов уу гэж харж байна. Цаашид залуучуудад чиглэсэн ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Манай Улаанбаатар бол залуусын хот. Тиймээс бид ажил хийж байгаа, хөдөлмөр эрхэлж байгаа залуусаа дэмжинэ. Залуучууд зөв, хөдөлмөрч, боловсролтой, хотоо гэсэн элэгтэй байвал хотын өнгө үзэмж сайжирч, хот маань өргөжин тэлнэ. Тиймээс хотынхоо залуучуудыг хөдөлмөр эрхлэлт, өөрийн сонирхлоор нь дэмжих тийм нөхцөлийг бодитоор бий болгож өгөх ёстой. Хотын даргын хувьд залууст үргэлж нээлттэй ажиллана. Улаанбаатар хотод аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа улам тэлж, ажлын байр бий болгож, орлогоо нэмэгдүүлэх ёстой. Хотын иргэд мөнгөтэй, орлоготой, баян болох хэрэгтэй. Үүнийг бий болгохын тулд бидний зүгээс гол зохицуулалтыг хийж өгөх ёстой. Боломжийг нээж өгч, нөхцөлөөр нь  хангаж өгөхийн төлөө Хотын дарга ажиллана. Хөдөлмөрч залуус олноор бий болоосой гэж хүсэж байна.  Өөрсдийн сонирхож байгаа зүйлээ хийж, түүгээрээ орлого олдог залуусын хотыг бий болгохын төлөө бид хүч, оюунаа дайчлан ажиллана. Нийгэм хэдий бухимдалтай байгаа хэдий ч залуучууд маань ухамсартай, хүлээцтэй, аливаа болохгүй, бүтэхгүйг зөв шүүмжилдэг болсон. Эрүүл шүүмжлэлийг ямар ч удирдлага хүлээж авах ёстой. Болохгүй, бүтэхгүй байгаа зүйл хотод олон бий. Нэг өдөр, нэг сарын дотор бүгдийг засах боломжгүй. Заавал тодорхой хугацаа, хүн хүчний  бодлого, хөрөнгө санхүү шаардлагатай. Бид тэдгээрийг үе шаттай засаж, янзалж, сайжруулж явах төлөвлөгөөтэй ажиллаж, тэр ч дагуу үүрэг, чиглэл өгч байгаа. Хот тэр тусмаа хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Үзэл бодол

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Масктай цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэхээр ярилцлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургаадугаар сарын 06-ны өдөр  АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд “Tesla” компанийн салбарыг Монгол Улсад байгуулбал татвар болон эрх зүйн орчноор дэмжихээ илэрхийллээ.

Дэлхий дахинд цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэх түүний үйлсийг дэмжиж буйгаа онцлов. Иргэдээ цахилгаан машины хэрэглээнд уриалж Ерөнхий сайдын хувиар хувь нэмрээ оруулахаа илэрхийллээ. Мөн “Тesla” компанийн бүтээгдэхүүний гол түүхий эд болох зэс болон газрын ховор элементийг хамтарч ашиглах судалгааны ажлыг эхлүүлэх, уул уурхайн том оврын авто машиныг цахилгаан хөдөлгүүртэй болгоход дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын шилдэг IT инженерүүдийг сургах тэтгэлэгт хөтөлбөр санаачлахыг Илон Маскаас хүслээ.

Илон Маск Монгол Улсын Ерөнхий сайдтай цахимаар анх удаа уулзаж буйд талархал илэрхийлээд баялаг түүхтэй Монгол орныг сонирхдог, боломжтой цагтаа Монголд зочилно. Монголд цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлж, хамтарч ажиллахдаа таатай байх болно гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны долдугаар сард Улаанбаатар хотод болох Монголын Эдийн засгийн форумд ноён Илон Маскийг хүрэлцэн ирэхийг урилаа.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт Улаанбаатар хотод болно

Огноо:

,

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 2030 хүртэлх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих,  хүрэх явцыг түргэвчлэх ажилд хувь нэмэр үзүүлэх зорилгын дагуу АНУ-ын Стэнфордын Их сургууль болон Бан Ги Мүн сангаас жил бүр Азийн бүс нутагт  “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг зохион байгуулж иржээ. 

Өнгөрсөн жилийн  БНСУ-д болсон чуулга уулзалтад  Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар   үндсэн илтгэгчээр оролцож байв. 

Энэ жил Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтыг 2023 оны 6 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж байна. 

Чуулга уулзалтад  БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн захирал Жи Вүк Шин болон БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн Их сургуулийн ерөнхийлөгч Юн Ми Ким, Түрэг улс орнуудын парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр нарын нийт 10 орны 52 нэр хүндтэй зочид хүрэлцэн ирэхээр болжээ. 

Мөн Стэнфордын Их сургуулийн Боловсролын дэд профессор, “Боловсролын олон улсын харьцуулсан судлал”, “Олон улсын боловсролын бодлогын шинжилгээ” магистрын хөтөлбөрийн захирал Кристин Мин Вотипка, Япон Улсын Шига мужийн Отсу хотын дарга асан, OnBoard компанийн үүсгэн байгуулагч Наоми Коши, Тайланд Улсын Таммасат Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны профессор Чалидапорн Сангамфан, Стэнфордын Их сургуулийн Ази, Номхон далайн Судалгааны төвийн дэд захирал, Япон судлалын хөтөлбөрийн захирал Киёотерү Цүцуй, Бүгд Найрамдах Филиппин Улсын Конгрессын гишүүн, Филиппиний Эмэгтэйчүүдийн Их сургуулийн үүсгэн байгуулагч Хосе Ф.Б.Бенитес, Индонезийн Их сургуулийн Жендэр судлалын сургуулийн профессор Миа Сискавати, Эва Их сургуулийн Эмэгтэйчүүд судлалын төвийн профессор Юун-Шил Ким нарын  эрдэмтэн, судлаачид тус чуулга уулзалтад илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцоно. 

Тухайлбал, Стэнфордын Их сургуулийн Боловсролын дэд профессор, магистрын хөтөлбөрийн захирал Кристин Мин Вотипка боловсролын салбар дахь жендерийн тэгш байдал сэдэвт хэлэлцүүлэгт оролцож илтгэл тавина. Мөн Эва Их сургуулийн Эмэгтэйчүүд судлалын төвийн профессор Юун Шил Ким тогтвортой хөгжил, жендерийн тэгш байдал хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллана. Чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн Стэнфордын Их сургуулийн нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид болон бусад улс орнуудын эрдэмтэд Жендерт суурилсан хүчирхийлэл, Хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш байдал сэдэвт хэлэлцүүлгүүдэд оролцож илтгэгч, чиглүүлэгчээр оролцох юм. 

Монгол Улс энэхүү чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байна.  Монгол Улс нь Тогтвортой хөгжлийн зорилтыг 2016 оноос эхлэн бодлогын баримт бичгүүддээ тусгаж, хүний амьдралын тав тух, хөгжлийн боломжийг хангасан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн ногоон хөгжлийн цогц бодлогыг баримтлан ажиллаж ирсэн юм.

 Тогтвортой нийгэм, ирээдүйг бүтээхэд жендерийн эрх тэгш байдлыг хангах нь хөгжлийн ахиц дэвшлийн хөдөлгөгч хүч гэж үздэг ч жендерт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт байсаар байна. Улс орнууд тогтвортой хөгжлийг эрэлхийлж байгаа бол эмэгтэйчүүдийн манлайллын замналд ахиц дэвшил гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Тиймээс олон улсын төвшинд нэр хүндтэй нөлөө бүхий илтгэгчид дээд боловсролын салбар болон төрийн түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангахад тулгараад буй саад бэрхшээл, охид, эмэгтэйчүүдийг дэмжих ажлыг түргэвчлэх бодлогын шийдлүүдийг судлан ярилцана.

Мөн энэ үеэр Алтай судлалын олон улсын чиг хандлагын талаар салбар хуралдаан болж, Алтай дамнасан орнуудын соёл, түүх, уламжлал, тогтвортой хамтын ажиллагаа, түншлэлийн талаар хэлэлцэх ажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Саудын Арабын хаант улсын Гадаад хэргийн сайд ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай уулзав

Огноо:

,

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд, Эрхэм дээд Ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай тавдугаар сарын 25-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагааны болон улс төрийн зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, анхны улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.

Сайд Б.Батцэцэг Монгол Улс Булангийн орнуудтай хөгжүүлж буй гадаад бодлогын хүрээнд Саудын Арабын Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр улсын хөгжлийн бодлогыг уялдуулан хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.

Энэ хүрээнд уул уурхай, эрчим хүч, хөдөө, аж ахуйн салбарт Саудын Арабын хөрөнгө оруулалтыг татах, манай улсаас мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх, аялал жуулчлалыг харилцан дэмжих, оюутан солилцох сонирхолтой байгааг илэрхийлээд ногоон хөгжлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг тавив.

Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дээрх салбаруудад идэвхижүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлоод, хоёр улсын ГХЯ-д хоорондын цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг ийнхүү тавьж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох