Цаг үе
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Цаг үе
“Эрүүл мэндийн үзүүлэлт-2022”-ыг танилцууллаа
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жил бүрийн Эрүүл мэндийн салбарын статистик мэдээллийг нэгтгэн “Эрүүл мэндийн үзүүлэлт”-ийг эмхэтгэн монгол, англи хэлээр хэвлэмэл болон цахим хэлбэрээр түгээж хэрэглэгчдийг мэдээллээр хангадаг.
Тус төв эрүүл мэндийн салбарын албан ёсны статистик мэдээ тайланд тулгуурлан 2022 оны эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдийг олон улсын аргачлалын дагуу тооцон, дүгнэлт хийж эмхэтгэсэн “Эрүүл мэндийн үзүүлэлт-2022” номыг танилцуулах уулзалт өчигдөр ЭМЯ-нд боллоо.
Уулзалтад ЭМЯ, ЭМХТ, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, төсийн нэгж, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төвүүд, ЭМЯ-ны харьяа газруудын төлөөлөл, эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд танхимаар, 21 аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийнхэн цахимаар нийт 300 гаруй хүн оролцов.
Хэрэглэгчдийн гарт очиход бэлэн болсон “Эрүүл мэндийн үзүүлэлт-2022” эмхэтгэлийн танилцуулгыг ЭМХТ-ийн захирал, анагаах ухааны доктор Б.Нарантуяа хийлээ. Тэрбээр энэхүү эмхэтгэл нийт 14 бүлгээс бүрдэж байгаа ба эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулан салбарын үндсэн үзүүлэлтүүдийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлалаар, хүн амын өвчлөл болон нас баралтын тэргүүлэх шалтгаануудыг бүс нутгаар тооцон харуулсан нийт 76 хүснэгт, 187 зураг, 50 газарзүйн байршлын дүрслэлээр илэрхийлснийг танилцуулсан.
Монгол Улсын хүн ам 2022 онд 3 сая 457.5 мянга болж, өмнөх оныхоос 47.6 мянган хүн буюу 1.4 хувиар өссөн. Хүн амын 69.1 хувь нь хот суурин газар, 30.9 хувь нь хөдөө амьдардаг, нийт хүн амын 49.1 хувь нь эрэгтэй, 50.9 хувь нь эмэгтэйчүүд байгаа ба хүйсийн харьцаа буюу 100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоо 96 байна.
Төрөлтөөс тооцсон дундаж наслалт 2022 онд улсын хэмжээнд 71.0 болж сүүлийн 10 жилийн дунджаас 1, өмнөх оноос 0.3 жилээр тус тус нэмэгдсэн байна. Хүйсээр харуулбал эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.5, эрэгтэйчүүдийнх 67.1 жил байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.4 жил байна.
2022 онд статистик тайлан ирүүлсэн 4 652 эрүүл мэндийн байгууллагаас хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг 14, тусгай мэргэжлийн төв 3, бүсийн оношлогоо эмчилгээний төв 5, аймгийн нэгдсэн эмнэлэг 16, дүүргийн нэгдсэн эмнэлэг 4, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төв 10, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 6, сумын эрүүл мэндийн төв 308, өрхийн эрүүл мэндийн төв 207, хувийн ортой эмнэлэг 215, хувийн клиник 1458 байна.
Улсын хэмжээнд 2022 онд хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний 29 629 эмнэлгийн ор ашигласан бөгөөд сүүлийн 10 жилийн дунджаас 4 471-ээр нэмэгдсэн байна. Үүнээс 75.2 хувь нь төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудад, 24.8 хувь нь хувийн хэвшлийн эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний ор байна.
2022 оны байдлаар эрүүл мэндийн салбарт нийт 63.3 мянган хүн ажиллаж хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэ байна. Манай улсад эмч, сувилагчийн харьцаа улсын түвшинд 1:1.0, Улаанбаатар хотод 1:0.8, аймгийн түвшинд 1:1.3 байгаа нь өмнөх онтой харьцуулахад улсын дүнгээр 0.1-ээр буурсан үзүүлэлттэй байна. Эмч, сувилагчийн харьцаа аймаг бүсүүдээр ялгаатай байгаа ба хангай, баруун, зүүн бүсийн аймгуудад 1:1.4 байгаа бол төвийн бүсийн аймгуудад 1:1.2 байна.
Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 29 төрлийн 325.3 мянган халдварт өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн нь 10 000 хүн ам тутамд 973.9 байна. Коронавируст халдвар (КОВИД-19)-ийн 302 018 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчлөлийн дотор 92.8 хувийг эзэлж байна.
Монгол Улсын хүн амын дунд 2022 онд 6885 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн ба зонхилон байрлалын хорт хавдрын өвчлөлийн бүтцэд элэгний хорт хавдар 33.2, ходоодны хорт хавдар 17.1, уушги гуурсан хоолойн хорт хавдар 7.6, улаан хоолойн 5.0, умайн хүзүүний хорт хавдар 4.6 хувийг эзэлж байна.
Манай улсад эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бөөр, элэг, ясны чөмөг үүдэл эс, судас, шөрмөс, Хавдар судлалын үндэсний төвд элэг шилжүүлэн суулгах мэс засал, “Гэгээн мэлмий” эмнэлэгт нүдний эвэрлэг мөн үр шилжүүлэн суулгах эмчилгээг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, CLWH, RMC, “Өжинмед”, “Юнимед” эмнэлгүүд амжилттай хийж байна.
2022 оны жилийн эцсийн байдлаар бөөр шилжүүлэн суулгах мэс засал 292, элэг шилжүүлэн суулгах мэс засал 260, ясны чөмөг үүдэл эс 31, нүдний эвэрлэг 24, арьс шилжүүлэн суулгах мэс засал 800, шөрмөс шилжүүлэн суулгах мэс засал нийт 150-ийг хийсэн зэргээр “Эрүүл мэндийн үзүүлэлт-2022” эмхэтгэлд салбарын олон чухал мэдээлэл багтсаныг Б.Нарантуяа захирал танилцуулсан.
ЭМХТ-өөс нэгтгэн гаргадаг мэдээллийг үндэслэн эрүүл мэндийн салбарын бодлогын судалгаа, шинжилгээ, нийгэм, эдийн засгийн тооцоолол, төсөв хийгддэг ба урт болон богино хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, дотоодын хяналт-шинжилгээ, үнэлгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төлөвлөх, сайжруулах, бодлого боловсруулах зэрэгт өргөнөөр ашигладаг юм. Тиймээс тус төв хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн статистик мэдээллийг нэгжийн түвшинд гаргах, түгээх, өргөжүүлэхийг эрмэлзэж буй бөгөөд энэхүү эмхэтгэлд тусгагдсан мэдээллүүдийг цаашид дэлгэрүүлэн, задаргаа байдлаар цахимаар авах www.1313.mn цахим хуудсыг ажиллуулж байгаа билээ.
Цаг үе
УИХ: Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы 2023 оны тавдугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Засгийн газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы 2023 оны тавдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Засгийн газрын өрийн нийт хэмжээг хуулийн дээд хязгаарт төлөвлөсөн болон төсвийн үр дүнгийн үзүүлэлтүүдийн холбогдох тооцоог бодит байдалд үндэслэж тооцоолон гаргаж, мэдээлж байх талаар асуулт асууж, тодруулга авсан байна. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Оюутолгойн далд уурхайн олборлолт, зэсийн баяжмал дахь алтны агууламж нэмэгдэж байгаа тул орлогын тооцооллыг бодитой нягтлах, мөн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан цалин, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэн тэгшитгэх арга хэмжээг авах, цаашид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөрдөж 2024 оны төсвийн төсөлд одоо батлагдах төсвийн хүрээний мэдэгдлийн тооцооллыг хатуу мөрдөж ажиллахыг онцгой анхаарах саналыг хэлсэн байна.
Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Төсвийн хүрээний мэдэгдэл дэх тооцоололд Монгол Улсад байгаа боломжуудаа бүрэн дайчилж, төлөвлөхгүй байгаа талаар шүүмжилж, өнгөрсөн 2021, 2022 оны төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийг харьцуулсан мэдээллийг дурдсан юм. Монгол Улсын хувьд байгалийн баялгаа зөв менежментээр ашиглаж чадвал өндөр үр дүнд хүрэх, орлогыг бүрэн дайчилж бүтээн байгуулалтууд хийх боломжийг ашиглахтай холбоотой санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ажлын хэсгээс хариулахдаа, төсөлд эдийн засгийн өсөлтийг 6.5 хувь хэмээн тооцсон. ДНБ 65.4 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцсон бөгөөд энэ тооцооллыг 2022, 2023 оны гүйцэтгэл дээр суурилж тооцсон байна. 2022 онд 46.5 их наяд төгрөг хэмээн батлуулсан бол гүйцэтгэлээрээ 52.8 их наяд төгрөг буюу 6 их наяд төгрөгийн өсөлттэй байсан аж. 2023 оны төсвийг батлуулахдаа 56 их наяд төгрөгөөр тооцсон, үүнд суурилан ирэх онд ДНБ 10 орчим их наяд төгрөгөөр тэлж 65 их наяд төгрөгт хүрэх боломжтой хэмээн тооцоолж, төсөлд тусгасан байна. 2023 онд нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрсэн гэдгийг ажлын хэсгээс онцлоод ирэх онд энэ үзүүлэлтийг ахиулах, ханшийн нөлөөллөөс хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлж чадвал бодит өсөлт болох боломжтой гэдэг тооцооллыг хийснээ тайлбарласан. Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг төлөвлөхдөө гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг харгалзан тооцсон байна.
Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсний дараа эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Цаг үе
"Худалдаа хөгжлийн банк"-ны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлнэ
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2/2195 тоот албан бичгийн дагуу “Худалдаа хөгжлийн банк”-ны нийтэд санал болгон арилжаалсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "TDB" үсгэн кодтойгоор эхлүүлэхээр боллоо.
Хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх өнөөдрөөс эхлэн үүссэн болно.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
-
Цаг үе2020/12/25
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна
-
Цаг үе2022/05/20
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулс...
-
Цаг үе2023/01/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
-
Үзэл бодол2022/03/15
У.Хүрэлсүх: Монгол эрчүүд хүчирхэг байвал монгол үндэстэн хүчирхэг байна...
Сэтгэгдэл