Улстөр нийгэм
Г.Занданшатар: Улаанбаатарын хөгжлийн тушаа болж буй өнгөрсөн 30 жилийн гажуудлыг залруулахаар хийж буй ажлыг УИХ дэмжинэ
Түр хорооны гишүүд болон Улаанбаатар хотын удирдлагуудтай хийсэн уулзалтаар УИХ-ын дарга гурван чиглэлээр үүрэг, даалгавар өгөв.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.08.18) Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны гишүүд, Улаанбаатар хотын удирдлагуудтай 2021 оны долоодугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хурлаар баталсан Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилт болон ирэх намрын чуулганаар батлах Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах хүрээнд уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо нь Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, түүнчлэн Улаанбаатар хотод тулгамдсан “Таван Т-гийн асуудал” буюу төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах, төсөв, татварын шинэчлэл хийх, талцлыг эцэс болгох зэрэг ажил хэрэг явуулах учиртай. Тиймээс эдгээр асуудлын чиглэл тус бүрээр дэд ажлын хэсэг байгуулах чиглэлээр өнөөдөр ярилцана хэмээн тэмдэглэв.

Мөн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг дагасан шинэ суурьшлын бүсэд дагуул хот байгуулах эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, санал солилцсон талаараа тэмдэглэж, татвар, санхүүгийн хөнгөлөлттэй эдийн засгийн чөлөөт бүс бүхий дагуул хот бий болсноор Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл зэрэг хүндрэл зохих хэмжээгээр шийдэгдэнэ гэж үзэж буйгаа илэрхийлээд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.
УИХ-ын гишүүн, тус Түр хорооны дарга Э.Бат-Амгалан Улсын Их Хурлаар хэлэлцэх аливаа хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдэд Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын асуудлыг тусгаж, нэгдсэн санал, дүгнэлт гаргаж байх, хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хоттой холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төсөлд Түр хорооны гишүүдийн саналыг тусгаж, батлуулсан. Ойрын хугацаанд хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй мэдээллийг Түр хороон дээр сонсох төлөвлөгөөтэй байгаа. Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлт бүрэн дүүрэн хэрэгжих үндсийг бүрдүүлэх газрын хууль тогтоомжийн шинэчлэл, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга гээд анхаарч ажиллах олон асуудал бий хэмээв.

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлийн дүрмийг зөвлөлдөх санал асуулгын үндсэн дээр нийслэлийн иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор хэлэлцэн, батлах ажлыг энэ ондоо багтаахаар яаравчлах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад онцгой ач холбогдолтой эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хот байгуулах асуудлаар Эдийн засгийн байнгын хороо, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо, Улаанбаатар хот хамтран ажиллаж, ажлаа нэг бодлогоор зангидаж явуулах, Улаанбаатар хотын хөгжилд нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг 2022 оны улсын төсвийн төсөлд тусгах саналаа Сангийн яамтай нэгтгэн оруулж ирэх гэсэн гурван чиглэлээр үүрэг даалгавар өглөө.
УИХ-ын даргаас чиглэл болгосон дээрх асуудлууд болон уулзалтын сэдэвтэй холбогдуулж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн товч мэдээлэл хийхдээ Улсын Их Хуралтай нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн бол УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-ын даргын нэр дээр Улаанбаатар хотын иргэдээс түгжрэл болон корона вирусийн нөхцөл байдалтай холбоотой асуудлын талаар ихэвчлэн санал, хүсэлт ирүүлж буйг дурьдаад, иргэдийн тавьж буй асуудлуудыг шийдвэрлэхэд Түр хорооны гишүүдийг анхаарч ажиллахыг хүслээ.
УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн С.Одонтуяа, Б.Саранчимэг, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ж.Чинбүрэн, П.Анужин нар уулзалтад оролцож, Хотын удирдлагуудаас асуулт асууж, хариулт авав. Тухайлбал гишүүд нийслэлийн хилийн цэс, байшин барилга барих, газар олгох стандарт тогтоох, газар чөлөөлөхөд шаардагдах хөрөнгө мөнгийг Нийслэлийн төсөвт тусгах, улсын төсвөөр болон Нийслэлийн төсвөөр хийх хөрөнгө оруулалтын зааг ялгааг гаргах, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд бодит хяналт тавих зэрэг өргөн хүрээнд асуудлыг тодруулсанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хариулт өгөхийн зэрэгцээ зарим асуудлаар эцсийн шийдвэр гаргахад УИХ-ын түвшинд дэмжлэг үзүүлэх хүсэлт тавив.
УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга Э.Бат-Амгалан УИХ-ын даргын өгсөн тодорхой гурван чиглэлийн дагуу Түр хорооноос ажлын хэсэг гарч, Улаанбаатар хоттой нягт хамтран ажиллах төдийгүй ирэх аравдугаар сард эхлэх намрын ээлжит чуулганд зарим асуудлыг оруулж, шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотын хөгжилд чөдөр тушаа болж буй өнгөрсөн 30 жилийн гажуудлыг засаж, залруулахын төлөө хичээж буй Улаанбаатар хотын ажлыг Улсын Их Хурал дэмжиж ажиллана. Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Түр хорооны гишүүн бүр нэг ажил хариуцаж аваад, ард нь гарах хэрэгтэй. Дэлхий нийтийг сөхрүүлж буй цар тахлын хүнд үед Засгийн газар ч чадлаараа ажиллаж байна. Засгийн газрын ажлыг ч Улсын Их Хурал дэмжиж, цар тахлыг даван туулахын төлөө ажиллана. УИХ-ын гишүүд ч том өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхэд нэг санаатай ажиллаж буй гэдэгт итгэж байна. Одоо бол бүгд нийлээд ажил л хийх цаг. Засаг төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, хаа хаанаа хариуцлагатай, сахилга баттай, нягт холбоотой ажиллахыг анхааруулж байна хэмээв. Уулзалтад УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг даргын зөвлөх Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатар, З.Төмөртөөмөө болон албаны бусад хүмүүс оролцов.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Улстөр нийгэм2020/01/24
Л.Оюун-Эрдэнэ: Хаана хүрэхээ харахгүй бол тэнд хэзээ ч очихгүй
-
Улстөр нийгэм2021/01/07
УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан өнөөдөр болно
-
Улстөр нийгэм2024/09/17
“Найрамдал” зуслангийн авто замыг шинэчилж эхэллээ
-
Цаг үе2023/01/03
“Үндсэн хууль ба нийгмийн харилцаа” мэтгэлцээний үндэсний аварга шал...
