Улстөр нийгэм
Өнөөдрөөс 50 автобус нэмж үйлчилгээнд гаргана
Хичээлийн шинэ жил эхлэн, хөдөлгөөний эрчим нэмэгдэхтэй холбогдуулан нийслэлийн нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгал, хүрэлцээ хэр байгааг сурвалжиллаа.
Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу МУБИС-ийн автобусны буудал ямагт хөл хөдөлгөөн ихтэй, завгүй хүмүүсийн цугларал гэлтэй байдаг. Автобуснууд ч зай завсаргүй ээлжлэн ирж, явах агаад зорчигч олонтой байгаа нь харагдана. “Ковид 19” халдварын үед зорчигч хоорондын зай болоод суудал хоорондын зайг барих үүднээс автобусан дотор тусгаарлах тэмдэг байршуулж өгсөн ч энэ нь төдий л мөрдөгдөхгүй байв.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээний 100 чиглэлд 935 автобус иргэдэд үйлчилж байна. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан хүн хоорондын зайг барих үүднээс автобуснуудын тоог нэмэгдүүлэн ажиллахаар төлөвлөжээ. Тодруулбал, есдүгээр сарын 1-нээс буюу өнөөдрөөс нэмж 50 автобус үйлчилгээнд гарган, нийт 980 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ гэдгийг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа ярив.

Иргэдээс нийтийн тээврийн хүрэлцээ болоод ариутгал, цэвэрлэгээний тухай асуухад “Нийтийн тээврийн үйлчилгээнд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа ч түгжрэлийн улмаас автобус удаан хүлээлгэж ирж байна. Зуслан орчмын буюу Хандгайт зүг рүү 20 хүний жижиг автобус явдаг. Тэгэхээр хүрэлцээ маш муу гэсэн үг. Аль болохоор богинын эргэлт хийлгээд, хот руу оруулахгүй байх арга хэмжээ авах ёстой болов уу. Жишээ нь, Зуслангуудаас Долоон буудал хүртэл явдаг байхаар зохицуулахгүй бол зуслангийн автобус хотод орж ирээд түгжирчихдэг. Үүнээс үүдэн автобус маш удаан хүлээж байна. Мөн автобусны буудлууд дээр суудлын машинууд зогссоноос болж иргэдэд хүндрэлтэй байна” хэмээн нэгэн өндөр настан ярилаа.
Автобусны буудлууд дээр хяналтын байцаагч нар тодорхой хуваарийн дагуу ажиллаж байна. МУБИС-ийн автобусны буудал дээр ажиллаж байсан Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Бэхболд “Байцаагч нар хуваарийн дагуу ажлын таван өдөр ажилладаг. Хяналтын байцаагч нар автобусны ариутгал, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт болоод зорчигч хоорондын зай барилтад хяналт тавьж байгаа. Гэвч бодит байдал дээр зорчигч хооронд зай барих заалт хэрэгжихгүй байна. Манай байгууллагын зүгээс аль болохоор автобусныхаа тоог нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаа. Мөн коронавирус илэрснээс хойш ариутгал, цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийдэг. Өөрөөр хэлбэл, өглөө үйлчилгээнд гарахаас нь өмнө болоод орой нийтийн тээвэр зогссоны дараа заавал цэвэрлэгээ, угаалга хийлгэдэг” хэмээсэн юм.

Автобус хүлээн зогсох иргэдийн төлөөлөл “Иргэдийн хотын соёл үнэхээр муу байна. Автобусны цахим картаар үйлчлүүлэхгүй, жолооч нарт бэлэн мөнгө өгдөг хүмүүс их харагддаг. Цаашид үүнд анхаарч, хяналт тавиасай. Бас автобусны жолооч нар буудал дээрээ удаан зогсдоггүй. Хальт хаалгаа онгойлгоод л хөдөлчихдөг. Хөгшин настай хүмүүс амжиж сууж чадахгүй, хоцрох тохиолдол олон байна. Автобус болоод буудлын ариун цэвэрт дан ганц жолооч, ТҮК-ийн ажилчдын үүргээс гадна иргэдийн ухамсар дутагдаж байгаа санагддаг. Татаж байгаа тамхиныхаа ишийг шууд шидчихнэ, эсвэл зажилсан бохио энд тэнд наана, шүлсээ хаяна. Тэгэхээр иргэдийн ухамсар, соёл маш муу байна даа” хэмээн ярьж байв.

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас үйлчилгээнд гарч буй автобусны тоог нэмэгдүүлэх, ариутгал, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийхэд анхаарч байгаагаа онцолж байлаа. Иргэд ч мөн адил халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, амын хаалтаа сайтар зүүх, цахим төлбөрийн картаар үйлчлүүлэн, бэлэн мөнгөөр зорчихгүй байх хэрэгтэй юм. “Боломжтой бол дараагийн автобусыг хүлээж байгаад үйлчлүүлэх буюу нэг автобусанд бөөгнөрөн, шахалдахаас зайлсхийгээрэй” хэмээн үүрэг гүйцэтгэж байсан Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Бэхболд иргэдэд уриалж байлаа.
Улстөр нийгэм
Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд...
БНХАУ-ын хилээр нэвтрэх үед авч яваа бэлэн мөнгөний хэмжээ тогтоосон дүнгээс давсан бол гаалийн мэдүүлэгт үнэн зөв тусгах шаардлагатайг иргэдэд анхааруулж байна.
Тухайлбал, иргэн Та хилээр нэвтрэхдээ /орох, гарахдаа/
• 20,000 юаниас дээш бэлэн юань;
• 5,000 ам. доллартой тэнцэх хэмжээний болон түүнээс дээш гадаад валютын бэлэн мөнгө авч яваа бол гаальд мэдүүлэх шаардлагатай.
Бэлэн мөнгөө мэдүүлэхгүй нуух, бусдын нэр дээр хувааж авч явах, худал мэдүүлэх, эсхүл мөнгөний эх үүсвэрийг тодорхой тайлбарлаж чадахгүй байх тохиолдолд гаалийн шалгалтад саатах, мөнгийг түр хураалгах, торгууль ногдуулах, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад шалгагдах эрсдэлтэй.
Дээрх зөрчлийг БНХАУ-ын Гаалийн тухай хууль, Гаалийн захиргааны зөрчлийн журам, мөн бэлэн юань болон гадаад валют хилээр нэвтрүүлэхтэй холбоотой холбогдох журмын дагуу шалган шийдвэрлэдэг. Харин санаатайгаар нуух, хуурамч мэдүүлэг өгөх, хууль бус эх үүсвэртэй мөнгө авч явах зэрэг ноцтой нөхцөл байдал илэрвэл эрүүгийн шинжтэй эсэхийг тогтоохоор холбогдох хууль хяналтын байгууллагаас шалгадаг.
Иймд иргэд Та бүхэн:
- Их хэмжээний бэлэн мөнгө авч явахаас аль болох зайлсхийх,
- Боломжтой бол банкны шилжүүлэг, төлбөрийн карт, цахим төлбөр ашиглах,
- Бэлэн мөнгө авч явах шаардлагатай бол дүн хэмжээгээ урьдчилан нягтлах,
- Гаалийн мэдүүлгийг үнэн зөв бөглөх,
- Мөнгөний эх үүсвэрийг нотлох банкны хуулга, төлбөрийн баримт зэрэг баримтыг биедээ авч явах,
- Бусдын мөнгө, дайвар ачаа, эд зүйл авч хил нэвтрэхгүй байхыг зөвлөж байна.
Хил, гаалийн журам зөрчсөн тохиолдолд зорчих хөдөлгөөн саатах, санхүүгийн хохирол учрах, хууль эрх зүйн хүндрэл үүсэх эрсдэлтэй тул иргэн Та суугаа улсын хууль тогтоомжийг хүндэтгэн, анхаарал болгоомжтой зорчино уу.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ЭРЭЭН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР
Улстөр нийгэм
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Гэр хорооллыг орон сууцжуулах “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт 113 блок орон сууц барих юм. Үүнээс 93 блок орон сууц есөн давхар, 20 блок орон сууцыг 12 давхар барина. Өнөөдрийн байдлаар зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг гүйцэтгэж байна.









Улстөр нийгэм
Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн төслүүдийг яаралтай өргөн мэдүүлэх үүрэг өгөв
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эдийн засгийн чөлөөлөлт”, “Эрх зүйн чөлөөлөлт”, “Авлигын эсрэг чөлөөлөлт”, “Ногоон хөгжлийн чөлөөлөлт” бодлогын хүрээнд 2026 оны зургаадугаар сард ажлуудыг нарийвчлан төлөвлөн хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг эрчимжүүлэх, шаардлагатай хууль тогтоомжийн төслүүдийг шуурхай боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх чиглэлээр холбогдох газрын дарга нарт үүрэг өгөв.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр бизнесийн орчны шинэчлэлийг нэн тэргүүний зорилт хэмээн онцолж, Бизнесийн эрх чөлөөний тухай хууль болон Төр, хувийн хэвшлийн хяналтын тухай хуулийн төслүүдийг яаралтай Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганы хугацаанд хэлэлцүүлэн батлуулах шаардлагатайг тэмдэглэлээ.
Эдгээр хууль батлагдсанаар бизнес эрхлэх эрх зүйн орчин сайжирч, төрийн хүнд суртал, олон шат дамжлага буурч, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээлийг бодитойгоор арилгах боломж бүрдэнэ хэмээн мэдэгдсэн юм.

Түүнчлэн дараах ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтийг шуурхай хангах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө. Үүнд:
- Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганаар батлуулах;
- Төр, хувийн хэвшлийн хяналтын тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганаар батлуулах;
- Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж бэлтгэх;
- ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийн Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажлыг бүрэн хангах;
- Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах;
- Экспортын ажлын хэсгийн хүрээнд эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх;
- Эрчим хүчний салбарын стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг эхлүүлэх, гэрээг үзэглэх;
- Засгийн газрын байгууллагуудын бүтэц, орон тоо, чиг үүргийн давхардлын талаар нэгдсэн тооцоо, судалгааг яаралтай гаргах.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон хөгжлийн бодлогын зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр Эдийн засаг, хөгжлийн яам онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолсон юм.
