Үзэл бодол
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хэлээ бүрэн сурч, эзэмшихэд бүх шатанд анхаарч ажиллах ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Зөвлөлийн дарга С.Дулам болон Ажлын албаны дарга, гишүүд Зөвлөл, Улсын нэр томьёоны комисс, Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь, угсаатны бүлгийн хэл, аман аялгууны судалгаа, хээрийн шинжилгээ, нэр томьёо, бичгийн чулуун соёлын өвийг хамгаалах, монгол бичгийн олон улсын стандартын кодчилол, Монгол хэлний үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажил зэргийнхээ талаар товч танилцуулав.
Хүүхдүүдийн монгол хэлний сургалтад онцгой анхаарах, монгол хэл сурах хүсэлтэй гадаад оюутнууд, монгол судлаачид болон Монголд ажиллах гадаадын дипломат ажилтнуудын монгол хэлний сургалтыг дэмжих шаардлага байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв.

Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, чадварыг сайжруулах, тухайлбал Соёлын яаманд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг бусад яаманд хэрэгжүүлэх, цахим хөрвүүлгийн программ, алдаа шалгуур бүтээх, монгол бичгийн авиа зүйн загварын ЮНИКОД нэвтрүүлэхэд анхаарахыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлд үүрэг болголоо. Мөн бүх нийтээр үндэсний бичгээ сурах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч уриалга гаргаж, бүх шатны байгууллагад эрх бүхий байгууллагаар дамжуулан чиглэл өгөх боломжтойг хэлэв.
Цаашид Монгол орны газар зүйн мартагдсан, өөрчлөгдсөн нэрийг сэргээх, хамгаалах тухай зарлиг гаргаж, үндэсний хэмжээний дата сан хөмрөг үүсгэх нь үр дүнтэй гэж үзэж байгаагаа дурдав. Ерөнхийлөгч мөн нэр, хаягаа кирилл болон үндэсний бичигтэй хослуулан бичиж хэвшсэн аж ахуйн нэгж, байгууллагад татварын тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг байх шийдэл байгааг ч тэмдэглэлээ.
Хос хэлээр боловсрол эзэмшихийг хуульчлах, МУБИС-д монгол-казах, монгол-тува хэлний бага ангийн багш бэлтгэх анги нээх, гадаадад байгаа монгол хүүхдүүдийн монгол хэлний боловсролд анхаарах, Монгол хэлний их тайлбар толь, Монгол хэлний соёлын их тайлбар толь бүтээхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх нь зүйтэй гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл есөн зүйл, 74 зорилт бүхий Төрөөс хэлний талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж дууссан байна.
Өнөөдрийн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг нар оролцлоо.

Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
