Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Монголын тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” марк шуудангийн үйлчилгээнд нэвтэрлээ

Огноо:

,

“Монголын тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт маркийн анхны өдрийн нээлт Соёлын яаманд боллоо.

Нээлтэд, Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, доктор профессор Д.Эрдэнэбаатар, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, профессор А.Пунсаг нар оролцож, маркийг олон нийтэд дэлгэн үзүүллээ.

Мөн Соёлын сайд Ч.Номин, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар гарын үсэг зурж, тамга даран анхны өдрийн дугтуйг баталгаажуулснаар 1077, 1078 дахь сэдэвт маркууд Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд нэвтэрлээ.

Энэ үеэр Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин: Энэ жил Монголын тулгар төрийн 2230, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ой тохиож байна. Ардын хувьсгалын энэхүү түүхэн ой нь олон салбарын хөгжил дэвшлийн эхлэл байсан бөгөөд тухайн үеэс эхлэн Монгол Улсын шуудангийн анхны маркийг нийтийн хэрэгцээнд гаргаж олон улс оронд ашигласан нь Монгол Улс бие даасан тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгээ бататган харуулахад чухал алхам болж байжээ.

Түүнээс хойш бид Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоо тэмдэглэж, тулгар төр, ардын хувьсгалын түүхээ марк болгон дахин дэлхий дахинаа тунхаглаж байна.

Түүхэн ойд зориулсан “Монгол тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт хэлхээ марк нь монголын түүхийг ирээдүй хойч үед мөнхлөн үлдээж буй үнэт зүйл бөгөөд төрт ёс, тусгаар тогтнол, нүүдэлчин соёл иргэншил, зан заншлын түүхэн уламлалыг хослуулсан бүтээл болж чаджээ.

Энэхүү маркийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Монгол шуудан” компани, эрдэмтэн судлаачид, уран бүтээлч Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.

Улаанбаатар Их Сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, Доктор (PhD), профессор Д.Эрдэнэбаатар:  “Хэдийгээр бид албан ёсоор 2230 жил гэж байгаа ч бидний түүх цаашид лавширч, 3500 жилийн өмнө анхны төрт улсаа байгуулсан сүүлийн үеийн баримт сэлт гарч ирж, илэрч олдож байна. Тиймд дараагийн маркан дээр байх Монголын төрт ёсны он цаг дахин урагшлах ирээдүй байгаа гэдгийг хэлэхэд таатай байна” гэлээ.

Мөн ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, профессор А.Пунсаг: “Ямарваа нэг ойг тэмдэглэх нь найр наадам хийнэ гэсэн үг биш. Агуу түүхт хүмүүсийнхээ ач гавьяаг дурсан тэмдэглэж, өөрийнхөө өв соёлоор бахархах учиртай юм. Энэ удаад бид Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан марканд Анхны-7, ардын журамт цэрэг Нийслэл хүрээг эзэлж, монголчууд өөрсдийнхөө тусгаар тогтнолоо зарлаж байсан тэр түүхэн үйл явдлыг дурсахаар дүрсэлсэн. Алгын чинээ цаасан дээр Ардын хувьсгалыг багтаана гэдэг их хөдөлмөр. Үүнд, судлаач, эрдэмтэд гар бие оролцсон” гэлээ.

"Монгол тулгар төр-2230 жил" маркийн тайлбар

Хэлхээ маркийн хэмжээ: 40х40, 60х40, 40х40 мм

Маркийн нүүрний үнэ: 1000₮, 1000₮, 1000₮

Маркийн хэвлэсэн тоо: 11,000 ш

Анхны өдрийн дугтуйны хэвлэсэн тоо: 1200ш

Зөвлөгөө өгсөн: Д.Эрдэнэбаатар Доктор (PhD), профессор

Маркийн зураач: Г.Баттөр,

Маркийн дизайнер: Ж.Ганхуяг

“Монголын тулгар төр - 2230” сэдэвт хэлхээ марканд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын талын Гол мод-2 гэдэг газар малтан шинжилсэн Хүн улсын 1-р язгууртны булшнаас олдсон хосгүй үнэт археологийн олдворуудыг оруулжээ.

Хэлхээний эхний марканд 2011 онд археологийн малтлага судалгаагаар Хүн улсын хаан Шаньюйн хэрэглэж байсан сүйх тэргэнд хөллөж байсан морины чимэглэл болох нарны бэлгэдэл бүхий дугуй хэлбэртэй, 13 см голчтой нэг эвэрт бэрсийн дүрс бүхий алтан чимэглэл, хоёрдугаар марканд 2019 онд малтан шинжилсэн 189-р булшнаас илэрч олдсон хос мөнгөн луу, гуравдугаар марканд сарны бэлгэдэл бүхий дугуй хэлбэртэй, 13 см голчтой нэг эвэрт бэлгэт гөрөөсний дүрс бүхий мөнгөн чимэглэл, эдгээр олдворуудын арын дэвсгэр хэсэгт Хүн улсын үеийн алт, мөнгөн гоёл чимэглэл дээрх хээ угалзуудыг суурь болгон үзүүлсэн.

Чимэглэл зурагт Ховд аймгийн Үенч сумын нутаг дахь Ямаан усны хавцлын хадны зургийг /Хүн улсын үеийн НТӨ-III зууны үед хамаарах/ гурвалсан болон хоёр моринд хөтөлсөн сүйх тэрэгтэй Хүн улсын хаан Шаньюй болон хатад, сүлд барьж нум саадаг агссан баатар, араас нь дагаж буй хамгаалагч, Хүн улсын хаад, язгууртны нутаглаж байсан одоогийн Хангайн бүс нутгийн Эрдэнэ хайрхан уулыг уран зургийн аргаар сэргээн зурж, хэлхээний хүрээг Хүн улсын үеийн түүхэнд холбогдох археологийн олдворуудын жижиг хэсгүүдээр нэмж баяжуулан зохиомжлон дүрсэлсэн болно.

Маркийг бүтээхэд Улаанбаатарын Их сургуулийн Түүх-Археологийн тэнхимийн эрхлэгч, Доктор (PhD), профессор Д.Эрдэнэбаатар, зураач Б.Хонгорзул нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг, холбогдох материалын туслалцаа үзүүлж хамтран ажиллалаа.

“Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт маркийн тайлбар

Блок маркийн хэмжээ: 45х33 мм

Маркийн нүүрний үнэ: 2000₮

Анхны өдрийн дугтуйны хэвлэсэн тоо: 1200ш

Зөвлөгөө өгсөн: Н.Хишигт Доктор (PhD), профессор

Маркийн зураач: Г.Баттөр,

Маркийн дизайнер: Ж.Ганхуяг нар ажилласан

Монгол шуудангийн түүхэнд анх 1943 онд “Ардын хувьсгалын үе шатууд” сэдэвт 8 нэрийн марк гаргаж, Ардын хувьсгалын 25, 30, 35, 37, 40, 45, 50, 60, 65, 70, 90, 95 жилийн ойд зориулсан нэг нэрийн, сери, блок, хэлхээ, засвартай шуудангийн маркууд олныг гаргаж байсан арвин түүхтэй.

“Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт блок марканд 1921 оны Ардын хувьсгалын удирдагч Ардын засгийн газрын тэргүүн Д.Бодоо, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар, МАН-ын Төв Хорооны дарга С.Данзан нарыг морьтойгоор дүрсэлсэн. Блокны чимэглэл хэсэгт Ардын журамт цэргүүд хүрээнд орж ирсэн үе, Монгол Ардын намын журамт цэргийн жанжин туг, Ардын журамт цэргийн туг, дун үлээж буй морьт цэрэг, Богд хааны төрийн Шар ордон, Мэгжид Жанрайсиг бурханы сүм, Өндөр хоршоо, МАН-ын төв хороо, Ардын Түр Засгийн газар, Бүх цэргийн штаб байрлаж, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байсан байр /одоогийн Улаанбаатар хотын музей/ зэргийг тус тус дүрслэн харуулсан.

Маркийг бүтээхэд Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Доктор (PhD), профессор Н.Хишигт, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, Доктор (PhD), профессор А.Пунсаг, Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг, материалын туслалцаа үзүүлж хамтран ажиллалаа.

Соёлын яам

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав

Огноо:

,

АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмиотой айлын талын хүсэлтээр хоёр талын уулзалт хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын дүнгээр талууд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий хоёр улсын Стратегийн түншлэлийг шат ахиулж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохирсныг сайшаан тэмдэглэв.

Тэрбээр уг түншлэлийн ирэх арван жилийн “замын зураглал” болох үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад Монгол, Японы төр, Засгийн газар нягт хамтран ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Хоёр улсын бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд бодит илрэлээ олж, гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Монгол Улс тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг зорьж буйг онцолж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаарх хамтын ажиллагааг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэв.

Талууд харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын нөхцөл байдал зэргийн талаар ярилцан,  “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” үзэл санааны хүрээнд бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хувь нэмрээ оруулж, дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх нэгэн санаа зорилгын дор хамтдаа хүчин зүтгэхийн төлөө буйгаа нотлов.

Уулзалтын дараа Японы Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдийн зоог барилаа.

Тэд 2021 онд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Глазгоу хотод, 2022 онд Токио хотноо уулзаж байсан юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Серби улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Гадаад Харилцааны сайд Ивица Дачичтай уулзав

Огноо:

,

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ есдүгээр сарын 20-ны өдөр Серби Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Ивица Дачичтай НҮБ-ын Төв байранд уулзлаа.

Энэхүү уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бэхжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэж, харилцан ашигтай салбаруудад харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэхийг эрмэлзэж байгааг илэрхийлэв.

Өнгөрсөн оны есдүгээр сард Монгол, Сербийн Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт Белград хотноо амжилттай болсонд сэтгэл ханамжтай байгаагаа мөн илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газраас урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байгааг танилцуулж, энэхүү бодлогын хүрээнд экспортын чиг баримжаатай эдийн засгийг төлөвшүүлэх, улмаар гуравдагч улсын зах зээлд бараа бүтээгдэхүүний гаргахад онцгой анхаарч байна гэв.

Монгол, Сербийн худалдааны нийт эргэлтийн хэмжээ боломжит түвшнээс харьцангуй бага байгааг онцолж, худалдааны харилцааг идэвхжүүлэх чиглэлээр хамтын зорилго тавьж, хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Түүнчлэн манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлж, “Дэлхийн тусгай экспо 2027/28” арга хэмжээг Белград хотноо зохион байгуулах болсонд баяр хүргээд Серби Улс уг экспог амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэрбээр дулааны станц болон шинэ суурьшлын бүс дэх мах, хүнсний ногооны зоорь болон ингэний сүү боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Баянхонгор суманд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийг хэрэгжүүлж буй бөгөөд энэ оны тавдугаар сард ажил нь эхэлсэн, 2024 оны зургадугаар сард ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна.

Хүрээлэн буй орчинд бохирдол бага ялгаруулах 30 Гкал/цаг хүчин чадалтай дулааны станцын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан Инженеринг” компани, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “МЭЗ” ХХК ажиллаж байна.
Ерөнхий сайд дараа нь Баянхонгор сумын шинэ суурьшлын бүсэд байгуулж буй зарим бүтээн байгуулалттай танилцлаа. Мах, ногооны зоорийн барилгын ажил энэ оны арванхоёрдугаар сард дуусна.
Хөдөө аж ахуйн кластер байгуулах зорилготой мах, ногооны 1000 тн-ын зоорь ашиглалтад орсноор Баянхонгор аймгийн газар тариалан эрхлэгч болон малчид зориулалтын стандарт агуулахтай болж тарьсан ногоо, малын мах, түүхий эдээ удаан хугацаанд хадгалах нөхцөл бүрдэн шинэ, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангана.
Баянхонгор аймаг 2022 оны мал тооллогоор 45529 тэмээ тоолуулжээ. Үүнээс 17457 нь ингэ байна. Нийт ингэний 50 хувийг нэг ээлжийн саальд хамруулан тооцоход өдөрт найман тонн шингэн сүүний нөөц бүрдэх боломжтой. Энэ нөөцдөө түшиглэн олон улсын стандартад нийцсэн шингэн сүү боловсруулан хатаах үйлдвэр байгуулах гэж байна. Аймгийн хэмжээнд ингэний 30-40 ферм байгуулахад тус аймгийн удирдлага Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ.
Цагт 500 литр шингэн сүү хатаах хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийг “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ хариуцаж байна. Үйлдвэрийн барилгын ажил 80 хувьтай байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе16 цаг 53 минут

Татварын хялбаршуулсан горим ашиглах хүсэлтээ III улиралд багтаан ил...

Цаг үе16 цаг 55 минут

О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг дэмжиж, у...

Улстөр нийгэм16 цаг 57 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав

Цаг үе16 цаг 59 минут

“Эрдэнэс Тавантолгой” ХК 47 удаагийн биржийн арилжаагаар...

Цаг үе17 цаг 1 минут

Дорнод аймагт авто замын трассд хамаарах ойн сангийн асуудлаар хамта...

Улстөр нийгэм17 цаг 2 минут

Серби улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Гадаад Харилцааны сайд Ивица Д...

Шударга мэдээ17 цаг 4 минут

Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авна

Цаг үе17 цаг 6 минут

“Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалт ...

Улстөр нийгэм17 цаг 8 минут

Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэм...

Цаг үе17 цаг 10 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Санал болгох