Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.Пүрэвсүрэн: Угаарын хийн эрсдэлүүдийн 95 хувь нь хайхрамжгүй байдлаас үүссэн

Огноо:

,

Өвөлжилтийн бэлтгэл ажил болон угаарын хийн эрсдэлээс иргэдийг урьдчилан чиглэлээр ямар ажлууд хийж байгаа талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-“Өнтэй өвөлжье” өдөрлөгийг энэ сарын 11, 12-нд зохион байгуулна-

-Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?

-2021-2022 оны галлагааны улирал буюу өвөлжилтөд зориулан өвөлжилтийн бэлтгэл ажлын багц үнэлгээ гарган, ажлаа эхлүүлсэн. Одоогоор 80 орчим хувийн биелэлттэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэн хэд хэдэн дэд сэдвийг агуулдаг.

Сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, аюулгүй байдлыг хангах асуудал буюу иргэдэд хүртээмжтэй байлгах, өмнөх жилүүдэд гарсан алдаа дутагдлыг давтахгүй байх ёстой.

Иргэд галлах явцдаа угаарын хийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх явдал.

Иргэдийн агаарын бохирдолтой холбоотой мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, хувь хүний оролцоог сайжруулах.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дэд төслүүдтэй хамтран айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулахад чиглэсэн бусад төрлийн ахуйн цахилгаан халаагуурын технологийн шийдлүүдийг санал болгох багц ажлууд ордог.

-Өвөлжилтийн бэлтгэл ажлын багц үнэлгээ гарган, ажлаа эхлүүлсэн гэлээ. Багц тус бүрээр нь задлан танилцуулахгүй юу?

-Түлшний нөөцийн хувьд “Таван толгой түлш” ХХК үйлдвэрлэлээ явуулж байна. Нийслэлийн зүгээс агуулах, тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулан, гүйцэтгэдэг. Есдүгээр сарын 2-ний байдлаар 29.180 тонн сайжруулсан түлшний нөөц агуулахад байгаа гэсэн мэдээ бий. Нийслэлийн Засаг даргын захирамжаар 60 мянган тонн сайжруулсан түлшний нөөцийг бүрдүүлж байж өвөлжилтөд бэлэн болсон гэж үздэг. Есдүгээр сарын 15 гэхэд 53 мянган тонн, 20-ны дотор 60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгэхээр төлөвлөгөөний дагуу түлш нөөцлөлтийн ажил хэвийн явагдаж байгаа гэсэн үг.

Хоёрдугаарт, өнгөрсөн жилийн тав болон зургадугаар сарын угаарын хийн эрсдэл их өндөр байсан. Угаартсан хүн болгоноос судалгаа авч, нөхцөл байдал, шалтгааныг нь тодруулсан. Уг судалгаагаар 2019, 2020 онд гарсан угаарын хийн эрсдэлүүд мэдлэг, мэдээлэл хангалтгүй байснаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, сайжруулсан түлшээ зөв зохистой түлэх, угаар мэдрэгчээ ажиллуулах, амьдралын хэв маягаа сайжруулсан түлшний хэрэглээнд уялдуулан өөрчлөх зэрэг мэдлэг дутмаг байснаас угаарын хийд хордох тохиолдол их гарсан. Харин хоёр жил сайжруулсан түлшээ хэрэглэсний дараа буюу өнгөрсөн хавар гарсан угаарын хийн эрсдэлүүдийн 95 хувь нь хайхрамжгүй хандсанаас үүссэн байдаг. Хамгийн энгийн жишээ бол “Бороо ороод байхаар нь яндангаа аваад өрхөө бүтээсэн” гэх шалтгаанаас үүдэн угаартах эрсдэл үүссэн. Ийм шалтгаан маш өндөр хувийг эзэлж байгаа. Эсвэл насанд хүрээгүй хүүхдүүд галаа түлээд, яндангаа аваад өрхөө бүтээчихсэн гэх мэтийн хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас угаарын хийн эрсдэлд орох тохиолдол нэлээдгүй байлаа. Тэгэхээр иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас үүссэн эрсдэлийг сургалт, нөлөөллийн ажлаар бууруулна. Нийслэлийн агаарын чанарын бүсэд зургаан дүүргийн орон тооны бус 4500 ажилтан ажилладаг. Тус ажилтнууд нийслэлийн гэр хорооллын айлуудын өвөлжилтийн бэлтгэл ажилд оролцохоос гадна орчны бохирдолтой холбоотой ажлуудыг хийдэг. Тиймээс 4500 ажилтнаа зургаан дүүрэгт нэгж болгон багцалж, зургаан өдрийн сургалтад хамруулж байгаа. Тодруулбал, айл бүрээр орон өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах сургалт байгаа. Нэг орон тооны бус ажилтанд 40 хүртэлх айл ногддог. 40 өрх гэдэг нь 2-3 гудамжны айлууд гэсэн үг. Тэгэхээр 4500 орон тооны бус ажилтнуудыг есдүгээр сарын 15-наас өмнө бүх айл өрхөөр орж, сайжруулсан түлшний хэрэглээ, галлагааны аюулгүй байдлын тухай мэдлэг, мэдээллийг олгосон байх сургалтад хамруулж байгаа юм. Өнөөдрийн хувьд тав дахь дүүрэг буюу Баянзүрх дүүрэгт 14:00 цагаас сургалт орсон бөгөөд амжилттай үргэлжилж байна. 4500 ажилтнууд дээр бүх хорооны дарга, хэсгийн ахлагч нар нэмэгдээд 5000 гаруй хүн сургалтад хамрагдана. Халдвар хамгааллын дэглэм мөрдөх үүднээс тодорхой хэсгийг танхимаар, дийлэнх хувийг нь цахимаар сургалтад хамруулж байгаа.

-Иргэдийн агаарын бохирдолтой холбоотой мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр өөр ямар ажлууд төлөвлөсөн бэ?

-Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн анхаарлыг татах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах үүднээс есдүгээр сарын 11, 12-нд Сүхбаатарын талбайд “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Уг өдөрлөг маань хэд хэдэн дэд хэсгээс бүтнэ. Тухайлбал, нэг талдаа агаарын бохирдолтой холбоотой төрийн үйлчилгээг үзүүлэх юм. Үүнд, “Таван толгой түлш” ХХК-ийн түлшний гэрээ, “Сайн” карт, угаар мэдрэгчийг нөхөн авах, олгох зэрэгтэй холбоотой үйлчилгээ, мэдээллийг хүргэнэ. Нөгөө талд нь шинэлэг техник, технологи, агаарын бохирдлыг бууруулахад чиглэдэг бизнес, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сурталчилна. Мөн төрийн байгууллагаас гаргасан стандарт, норм, норматив болоод хангах ёстой бусад хэм хэмжээг хангуулах, тэдгээрийг тайлбарлах, ойлгуулах юм. Түүнчлэн стандартын зуух болоод стандартын бус зууханд түлш түлэхэд шаталтын ялгаа ямар байдаг вэ? Утаа их хаядаг, бага хаядаг тээврийн хэрэгслийн хооронд агаар бохирдуулах ямар хэмжээний ялгаа гардаг вэ гэдгийг газар дээр нь хэмжиж, иргэдэд сонирхуулна. Үүнээс үүдэлтэй технологийн шийдлүүдийг иргэдэд санал болгохоор ажиллаж байна.  Дэлхийн банкны “Цэвэр агаар” төсөлтэй хамтран гэрийн дулаалгын талаар танилцуулга, төслүүдийг иргэдэд мэдээлэхээр төлөвлөсөн. Гэрээ дулаалсан айлын түлшний хэрэглээ болоод гэрээ дулаалаагүй айлын түлшний хэрэглээнд ямар зөрүү гарч байгааг иргэдэд таниулан, сурталчилна гэсэн үг.

Монгол Улсын Засгийн газар болоод Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулна, чанар хяналтыг сайжруулна” гэсэн байдаг. Үүнийг бодит байдал дээр хэрэгжүүлье гэж үзвэл жилд ойролцоогоор 10 орчим хувиар агаарын бохирдлыг бууруулах шаардлага үүсэж байна. Үүнийг хэрэгжүүлэхээр тархалтын загварчлал гарган, дүн шинжилгээ хийхэд айл өрхүүдийн зуухны стандарт болоод автомашинаас ялгарч буй бохирдол хамгийн их болоод байгаа юм. Ер нь яндангүй л бол бохирдолгүй байна гэж ойлгоход буруудахгүй. Тиймээс өрхийн цахилгаан, дулааны хэрэглээг агаар бохирдуулдаггүй эх үүсвэрээр солих боломжийн талаар суурь судалгаа хийн, иргэдэд сурталчлан таниулах ажлыг хийдэг. Энэ мэтчилэн өвөлжилтийн бэлтгэл ажилд зориулан таван төрлийн цогц төлөвлөгөө гарган бэлдэж байгаа.

-Сайжруулсан түлш борлуулах цэгүүд нэмэгдэж байгаа юу. Мөн үнийн хувьд өөрчлөлт орсон уу?

-Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны галлагааны улиралд 446 мянган тонн түлш түлсэн байдаг. Харин 2020-2021 оны галлагааны улиралд 708 мянган тонн түлш түлсэн. Энэ нь түлшний хэрэглээ нэмэгдсэн гэсэн үг. Тус 708 мянган тонн түлшний 504 мянган тонн түлшийг 75 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд худалдаалсан. 54 мянган тонн түлшийг 50 хувийн хөнгөлөлттэй үнийн дүнгээр мөн иргэд худалдаж авсан. Энэ дагуу өнгөрсөн тавдугаар сард судалгаа авахад хэрэглэгчид “Түлшний үнийг хөнгөлсөн  нь  цар тахлын үед маш их дэм болсон” гэх дүгнэлтийг өгсөн. Энэ жилийн хувьд Засгийн газраас сайжруулсан түлшний үнийг 50 хувиар хямдруулан худалдаалахаар болсон. Нэг шуудай түлшийг 1875 төгрөгөөр худалдаалах бөгөөд зургаан шуудай түлшийг 11.250 төгрөгөөр худалдан авч, нэг айл долоо хоногийн хэрэгцээгээ хангана гэсэн үг. Борлуулалтын цэгийн тоог 2019 оноос хойш тасралтгүй нэмсэн. Хамгийн сүүлд цар тахлын үед настай хүмүүс, алслагдмал хол газар амьдардаг иргэддээ ойртох зорилгоор 67 “Өндөр цэг”-ийг нэмсэн. Ингэснээр нийт 686 түлш борлуулах цэгтэй болсон байгаа. Өмнө нь түлш тээврийн 22 компани тээвэрлэлт хийдэг байсан бол энэ жилээс 35 болгосон. Ингэснээр тээвэрлэлт удах, хоног хугацаа алдах зэрэг асуудлууд үндсэндээ байхгүй болсон. Төрийн үйлчилгээг ойртуулж, хүртээмжээ нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

-Зарим айлын угаар мэдрэгч ажиллагаагүй болсон гэх гомдлууд ирдэг. Ер нь угаар мэдрэгчийг хэр удаан хэрэглэж байж сольдог вэ?

-Төрөөс 198 мянган угаар мэдрэгчийг нэг удаадаа үнэгүй тарааж, айл өрхүүдэд байрлуулсан. Эхэн үедээ хэрэглээний мэдлэггүйгээс болоод угаар мэдрэгчийг хэрэглэхгүй орхих тохиолдол нэлээд гарсан. Жишээ нь, зай нь дууслаа, муухай дуугараад байна гээд унтраачихдаг зэргээр орхигдуулсан байдаг. Өнгөрсөн жилээс айлууд угаар мэдрэгчийг сайн хэрэглэж байна. Угаарын онцлог нь нүдэнд харагдаж, гарт баригдаж, үнэртэхгүй байсаар хүний амьсгалын түвшинд хүрдэг. Тиймээс угаар мэдрэгч бол зайлшгүй шаардлагатай зүйл. Орон тооны бус 4500 ажилтнуудыг айл өрхөөр явуулан, ажиллагаатай болоод ажиллагаагүй угаар мэдрэгчийн судалгааг хийлгэсэн. Жишээ нь, Чингэлтэй дүүрэгт 3300, Баянгол дүүрэгт 386, Сүхбаатар дүүрэгт 1072 угаар мэдрэгчийн хэрэгцээ байгаа гэсэн тоо гарсан. Өөрөөр хэлбэл, 10 мянга орчим айлууд угаар мэдрэгчээ хаясан, гээсэн, эвдэлсэн байна. Эдгээр шаардлагатай угаар мэдрэгчийн санхүүжилтийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болоод “Таван толгой түлш” ХХК-иас шийдэн, энэ долоо хоногоос нэмж 20 мянган угаар мэдрэгчийг оруулж ирэхээр ажиллаж байна. Ерөнхийдөө есдүгээр сарын 11, 12-нд болох өдөрлөгөөс өмнө угаар мэдрэгчээ бэлэн болгоно. Галлагаа эхэлсэн үед угаар мэдрэгч нь давхар ажиллаад явах ёстой. Намрын улирлын нэг эрсдэлтэй тал нь зунжин орсон борооны улмаас яндан битүүрдэг. Яндангаа хөөлж амжаагүй байхад гэнэт хүйтрээд гал түлэх болдог. Үүнээс болж шаталт дутуу явагдах, угаартах эрсдэл бий болдог. Иймээс сайжруулсан түлш, галлагаа, угаарын эрсдэлтэй холбоотой бүх талын мэдээллийг иргэдэд хүргэх үүднээс тус өдөрлөгийг зохион байгуулахын сацуу орон тооны бус ажилчдыг дайчлахаар төлөвлөөд байгаа юм. Яндан хөөлөхөд хүндрэлтэй байгаа айлууд буюу өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй тулж ажиллана.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох